| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00501/И |
| Дугаар | 586 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 586
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Хархираа багт оршин суух, 1966 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ДЮ66010216, Баян овогт Сайнжаргалын Алтанхуягийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 1.827.917 төгрөг, нотариатын хураамж 40.000 төгрөг, нийт 1.867.917 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Алтанхуяг, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг Хархираа багийн эмчээр ажиллаж байтал бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Хархираа багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоосон. Миний бие 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй байсан ба ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, удаан жилийн нэмэгдэл бусад нэмэгдэл зэргийг тооцож ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгнө үү. Үүнд: 5 дугаар сард 352.756 төгрөг, 6 дугаар сард 705.512 төгрөг, 7 дугаар сард 705.512 төгрөг, 8 дугаар сард 64.137 төгрөг, нотариатын хураамж 40.000 төгрөг, бүгд 1.867.917 төгрөг болно. Иймд дээрх мөнгийг Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаагаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хархираа багийн эмнэлгийн цалин сумын эмнэлгийн цалингаас тусдаа батлагдаж ирдэг бөгөөд батлагдаж ирсэн төсөв сарын цалингийн сан 1.900.300 төгрөг байдаг. Хархираа багийн эмнэлэг одоо 3 ажилтантай бөгөөд сард бүгд цалин 1.696.709 төгрөг байдаг. Үүнээс үзэхэд цалингийн сангаас сар бүр 203.591 төгрөг үлдэж байна. Ингээд 9-12 сар хүртэлх хугацаанд нийт 814.364 төгрөг олгож өгч болж байна. Тариалан сумын эмнэлгийн цалингийн төсвөөс гаргах гэхэд тус эмнэлэг цалингийн 2.500.000 төгрөгийн өртэй явж байгаа бөгөөд энэ нь Хархираа багийн ажилчдын төсвөөс тусдаа батлагдаж явдаг. Иймд одоогоор 2017 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд дээр хэлснээр 814.364 төгрөг олгож өгөх боломжтой байна. Цаашид дараа оны төсвийн цалингийн хуваарилалтыг тооцон үзэж байж болно” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Алтанхуяг нь хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин 1.827.917 төгрөг, нотариатын хураамж 40.000 төгрөг, нийт 1.867.917 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаа нь “2017 оны 1 сар хүртэлх хугацаанд 814.364 төгрөг өгөх боломжтой байна. Цаашид дараа оны төсвийн цалингийн хуваарилалтыг тооцож байж болно” хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч С.Алтанхуягийг Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 440 дугаар шийдвэрээр Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч талууд давж заалдах гомдол гаргаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж хариуцагч байгууллага нь С.Алтанхуягийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Тариалан сумын Хархираа багийн бага эмчийн ажилд эгүүлэн томилж, ажлын байраар хангасан болох нь зохигчдын тайлбар болон Тариалан сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/16 дугаар “Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалаар нотлогдож байна.
Иймд Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзэхэд түүний 1 сард авсан дундаж цалинг тооцож үзэхэд 705.512 төгрөг бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 07-ноос 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1.827.917 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулан нэхэмжлэгч С.Алтанхуягт олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч С.Алтанхуягийн 2016 оны 5 дугаар сарын 07-ноос 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд даалгах нь зүйтэй байна.
Мөн С.Алтанхуяг нь нотариатын хураамж 40.00 төгрөгийг Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй бөгөөд уг эрхээ эдэлснийхээ төлөө гарсан зардлыг өөрөө хариуцах учиртай болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ буюу 1.827.917 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 44.197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Алтанхуягт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс 2016 оны 5 дугаар сарын 07-ноос 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1.827.917 /нэг сая найман зуун хорин долоон мянга есөн зуун арван долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Алтанхуягт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нотариатын хураамж 40.000 /дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч С.Алтанхуягийн ажилгүй байсан 2016 оны 5 дугаар сарын 07-ноос 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.837 /дөчин дөрвөн мянга найман зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 44.197 /дөчин дөрвөн мянга нэг зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Алтанхуягт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ