Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 0905

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: А.Сайнбаяр

хохирогч  : А.Алтанзаяа, Д.Ичинноров

шүүгдэгч: С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт А овогт С Ц   холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906026911025  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт С Ц, 19  оны 3 дугаар  сарын 01-ний өдөр Хэнтий  аймгийн Хэрлэн суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          С.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр урьд нь хамт ажиллаж байсан итгэлийг урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Миний зах сүлжээ дэлгүүрийн худалдагч А.А, кассчин Д.И нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад утсаар чинь яриад өгье гэж хуурч А.А 345.600 төгрөгийн үнэ бүхий Huawei Y6 Plns загварын гар утас, Д.И 75.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг S-3 загварын гар утаснуудыг залилж бусдад нийт 420.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч С.Ц  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2019 оны 4 дүгээр 10-ны өдөр цэргийн зарлан ирсэн. 4 дүгээр сарын 29-ний өдөр цэргийн шалгалтад орсон. Би яаралтай Хэнтий аймаг явах хэрэгтэй байсан тул зардлын мөнгө хэрэгтэй байсан. Тэгээд хуучин ажиллаж байсан газраа очоод тийм шийдвэр гаргасан. Би хохирогч нарын гар утсыг нь аваад ойр байрлах ломбарданд тавиад Хэнтий аймаг руу 17.00 цагийн үед явсан. Хэнтий аймагт очоод орой  нь А руу чат бичсэн. Би утсыг нь авсан. Миний буруу. Тэгж байгаад утсыг нь аваад өгнө гэж хэлсэн. 5 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатарт орж ирээд гар утсыг нь авч өгсөн. И утсыг мөн адил аваад ломбарданд тавьсан гэв.

          Шүүгдэгч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах миний дэлгүүрт 2018 оны 12 дугаар сараас касс болон хяналтын ажилтнаар ажиллаж байгаад 3 дугаар сард ажлаасаа гарсан юм. 2019 оны 4 дүгээр сард надад цэргийн зарлан ирсэн бөгөөд Хэнтий аймаг руу явж комиссоор орох шаардлага гарсан. Тэгээд би 4 дүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ очоод худалдагч А Huawei Y-6 маркийн цэнхэр өнгийн гар утсыг ярьчихаад өгий гэж хэлээд авсан. Мөн ажлыхаа газрын касс дээр суудаг И Самсунг Эс-3 маркийн гар утсыг нь ярьчихаад өгий гээд авсан. Хоёр утсыг аваад нэг утсыг нь ломбарданд тавьж 110.000 төгрөг авсан. Нэг утсыг нь танихгүй хүнд 30.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд мөнгөөрөө зардлын мөнгө хийгээд Хэнтий аймаг явсан гэжээ. /хх-ийн 20/

         Хохирогч Д.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би миний сүлжээ дэлгүүрт анх 2018 оны 2 дугаар сарын 12-нд ажилд орсон. Ц надаас сүүлд  ажилд орсон юм. Ц хотод байх айл байхгүй гэхээр нь би түрээслэдэг нийтийн байрандаа сар гаран хамт байсан. 2019 оны 4 дүгээр сарын 2-нд миний түрээсийн хугацаа дуусаад бид байрнаасаа гарсан. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ц манай ажил дээр ирээд утсаа өгч байгаач гээд амралтын өрөө рүү орсон. Удалгүй над дээр буцаж ирээд дансны дугаараа өгчих гэхээр нь би мэдэхгүй гэхэд би очиж хувцасаа авах гэсийн гэж хэлээд яваад өгсөн. Би тухайн үед кассан дээр сууж байсан юм. Тэгээд байж байтал А ирээд Ц чам руу ярьсан уу миний утсыг аваад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө утас руу залгахад авахгүй байсан гэжээ.  /хх-н 10-13/          

         Насанд  хүрээгүй хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах Миний сүлжээ дэлгүүрт худалдагч хийдэг юм. Би 2019 оны 3 дугаар сард орсон юм. Манай дэлгүүрт өмнө нь ажиллаж байсан Ц гэдэг залуу дэлгүүрт байнга ирдэг байсан. Тэгээд л би зүс таньдаг болсон. 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр би ажил дээрээ байж байхад 14.00 цагийн орчимд Ц гаднаас ганцаараа орж ирээд утсаа өгөөч ярьчихаад өгий гэсэн. Тухайн үед бараа ирсэн байсан болохоор бараагаа аваад завгүй байсан. Гэтэл Ц үзэгдэхгүй байсан. Тэгэхээр нь би кассан дээр байсан И очиж уулзаад Ц харсан уу миний утсыг аваад явчихлаа гэхэд И миний утсыг мөн аваад явсан ш дээ гэсэн. Тэгээд бид хоёр утаснууд руугаа залгахад холбогдохгүй байсан. Өөр утаснаас залгахад удахгүй очно автобусны буудал дээр явж байна гээд байсан. Би утсаа 2018 оны 11 дүгээр сард 1.300.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Ц миний утсыг аваад шууд ломбарданд тавьсан юм байлаа. Тэгээд миний утсыг бүрэн бүтэн эргүүлж өгсөн  гэжээ. /хх-н 14-19/

         Huawei Y6Plns загварын гар тусыг хохирогч А.А хүлээлгэн өгсөн баримт /хх-н 21-23/

         Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 24/

          Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: хоёр гар утсыг нийт 420.600 төгрөгөр үнэлсэн байна. Huawei Y6 Plns-345.000 төгрөг,самсунг с3 загварын гар утсыг 75.000 төгрөг гэж үнэлжээ./ хх-н 26-27/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 28-29/         

          С.Ц  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 31 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 30/,

          С.Ц   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 38-39/

          С.Ц  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 32/, прокурорын тогтоол /хх-н 33-34/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 36-37/ зэрэг болно.

         С.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр урьд нь хамт ажиллаж байсан итгэлийг урвуулан ашиглаж Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Миний зах сүлжээ дэлгүүрийн худалдагч А.А, кассчин Д.И нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад утсаар чинь яриад өгье гэж хуурч А.А 345.600 төгрөгийн үнэ бүхий Huawei Y6 Plns загварын гар утас, Д.И 75.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг S-3 загварын гар утаснуудыг залилж авч бусдад нийт 420.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ...Хохирогч Д.И мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. Ц манай ажил дээр ирээд утсаа өгч байгаач гээд амралтын өрөө рүү орсон. Удалгүй над дээр буцаж ирээд дансны дугаараа өгчих гэхээр нь би мэдэхгүй гэхэд би очиж хувцасаа авах гэсийн гэж хэлээд яваад өгсөн. Би тухайн үед кассан дээр сууж байсан юм. Тэгээд байж байтал А ирээд Ц чам руу ярьсан уу миний утсыг аваад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө утас руу залгахад авахгүй байсан гэсэсн мэдүүлэг.  /хх-н 10-13/, насанд  хүрээгүй хохирогч А.А  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Ц гаднаас ганцаараа орж ирээд утсаа өгөөч ярьчихаад өгий гэсэн. Тухайн үед бараа ирсэн байсан болохоор бараагаа аваад завгүй байсан. Гэтэл Ц үзэгдэхгүй байсан. Тэгэхээр нь би кассан дээр байсан И очиж уулзаад Ц харсан уу миний утсыг аваад явчихлаа гэхэд И миний утсыг мөн аваад явсан ш дээ гэсэн. Ц миний утсыг аваад шууд ломбарданд тавьсан юм байлаа. Тэгээд миний утсыг бүрэн бүтэн эргүүлж өгсөн  гэсэн мэдүүлэг. /хх-н 14-19/ шүүгдэгч С.Ц  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... худалдагч А Huawei Y-6 маркийн цэнхэр өнгийн гар утсыг ярьчихаад өгий гэж хэлээд авсан. Мөн ажлыхаа газрын касс дээр суудаг И Самсунг Эс-3 маркийн гар утсыг нь ярьчихаад өгий гээд авсан. Хоёр утсыг аваад нэг утсыг нь ломбарданд тавьж 110.000 төгрөг авсан. Нэг утсыг нь танихгүй хүнд 30.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд мөнгөөрөө зардлын мөнгө хийгээд Хэнтий аймаг явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          С.Ц  холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хуурч мэхлэн эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                

        С.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. А овогт С Ц  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хуурч мэхлэн эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  С.Ц 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар                             С.Ц нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг белүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. С.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Ц нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН