| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00567/И |
| Дугаар | 588 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 588
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ66092609, Зөөд овогт Буянжаргалын Тунгалагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1986 онд төрсөн, 50 настай. Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд хонь, ямаа маллаж эхэлсэн ба нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо миний бие нь тэтгэвэрт орох болсон ба Цог нэгдэл тарсан тул хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болоод байна. Иймд Өмнөговь сумын Цог нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Р.Пүрвээ, Д.Явуун нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тунгалаг нь 1982 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Буянжаргалын Тунгалагийн 1982 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р.Пүрвээ, Д.Явуун нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.Пүрвээгийн “Миний бие нь 1974-1992 оны хооронд Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. Б.Тунгалаг нь 1982 оноос 1989 оныг дуустал Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Тунгалаг нь дандаа бог мал малладаг байсан. Тухайн үед миний бие нь нэгдлийн малчдыг нүүлгэж, хадлан өвсийг хүргэж өгч, өтөг бууцыг нь хатгаж бэлтгэх ажлуудыг хийдэг байсан. Иймд Б.Тунгалагийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Намайг ажиллаж байх үед Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Юнгэр, Дүүдэй гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Д.Явууны “Миний бие нь 1971-1990 оны хооронд Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Тунгалаг нь бага наснаасаа аав ээжийн хамт мал маллаж эхэлсэн бөгөөд 1982 оноос 1989 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Тунгалаг нь дандаа бог мал малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Тунгалаг нь 1982 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Р.Пүрвээ, Д.Явуун нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Тунгалагийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 7 жил 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Зөөд овогт Буянжаргалын Тунгалагийн 1982 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар 7 /долоо/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ