Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 589

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 09-13 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОГ64070102, Борлууд овогт Довдонгийн Батсүхийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч Д.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1964 онд төрсөн, 52 настай. Би Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 16 настайгаасаа буюу 1980 оноос эхлэн адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа маллаж эхэлсэн ба 1989 оныг дуустал тус нэгдэлд ажилласан. Одоо нас өндөр болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд нийгмийн даатгалын хэлтсээс хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй байна гэсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар 1980 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байсныг сэргээж тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан З.Норов, Е.Цэвэлмаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.Батсүх нь 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

      Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Довдонгийн Батсүхийн 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

     Д.Батсүхийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Наранбулаг сумын Хужирт багт малчнаар авч ажиллуулав” гэжээ.

     Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч З.Норов, Е.Цэвэлмаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч З.Норовын “Миний бие 1976 оноос 1980 оны хооронд Увс аймгийн  Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Д.Батсүх нь 1980 оноос 1989 оныг дуустал Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Батсүх нь голдуу бог мал малладаг байсан. Д.Батсүх нь бага наснаасаа эхлэн аав ээжийнхээ хамтаар мал малласан бөгөөд бид нар айл хошой, нэгдэлд хамт мал малладаг байсан учраас Д.Батсүхийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаар Доржсүрэн, Орших гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Е.Цэвэлмаагийн “Миний бие нь 1971-1990 оны хооронд Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Тунгалаг нь бага наснаасаа аав ээжийн хамт мал маллаж эхэлсэн бөгөөд 1982-1989 оныг дуустал Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Б.Тунгалаг нь дандаа бог мал малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

   Д.Батсүхэд олгосон хөдөлмөрийн дэвтрийг түүнд ямар байгууллагаас хэзээ олгосон эсэх нь тодорхойгүй, дэвтэр эзэмшигчийн зураг байхгүй байх тул түүний хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.  

      Харин нэхэмжлэгч Д.Батсүх нь 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрч З.Норов, Е.Цэвэлмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

     Иймд нэхэмжлэгч Д.Батсүхийн хүсэлтийг хангаж, түүний 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар 10 /арав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.               

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Борлууд овогт Довдонгийн Батсүхийн 1980 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар 10 /арав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.       

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Д.Батсүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ