| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00583/И |
| Дугаар | 590 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 590
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО66081105, Борлууд овогт Төрбатын Отгонгэрэлийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Отгонгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Отгонгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1981 оны 7 дугаар сараас Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн ба нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн 3 дугаар бригадад 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Намайг тус нэгдэлд ажиллаж байсныг сайн мэдэх бригадын дарга Д.Бадарч, малын эмч Д.Доноров нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Отгонгэрэл нь 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Төрбатын Отгонгэрэлийн 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Бадарч, Д.Доноров нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Бадарчийн “Миний бие нь 1977 оноос 1987 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд бригадын даргаар ажиллаж байсан. Намайг Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байхад Т.Отгонгэрэл нь 1981 оноос эхлэн Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Т.Отгонгэрэл нь саалийн үхэр малладаг байсан. Миний бие 1987 онд Намын дээд сургуульд суралцахаар явахад Т.Отгонгэрэл нь тус нэгдэлд малчнаар ажиллаад үлдсэн. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар Гомбосүрэн, Б.Норов, Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Д.Доноровын “Миний бие нь 1972 оноос 1995 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэл болон Тэс сумын Мал эмнэлэгт малын эмчээр ажиллаж байсан. Намайг Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байхад Т.Отгонгэрэл нь 7 дугаар ангиа төгсөөд 1981 оноос эхлэн илгээлтээр Лениний зам нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж эхэлсэн. Т.Отгонгэрэл нь саалийн үхэр малладаг байсан. Т.Отгонгэрэл нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1989 оныг дуустал малчнаар ажилласан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Т.Отгонгэрэл нь 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Д.Бадарч, Д.Доноров нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Отгонгэрэлийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 8 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Борлууд овогт Төрбатын Отгонгэрэлийн 1981 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 8 /найм/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Отгонгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ