| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 904 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 18.7.2., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 904
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч О.А , түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.А д холбогдох эрүүгийн 1906 02575 0964 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, О.А .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.А нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Зв хэсэг 644ө тоотод үйл ажиллагаа явуулах “Тэнгэр” 8 нэрийн хүнсний дэлгүүрээс Монгол улсын мөнгөн тэмдэгт болох 20.000 төгрөгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж 8500 төгрөгийн худалдан авалт хийж, 11.500 төгрөгийг хариултаар буцаан авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас эд мөрийн
баримтаар тооцох тогтоол /хх-3-4/, хохирогч Х.Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-7-8, 10/, гэрч Ч.Шоовдорын өгсөн мэдүүлэг /хх-16/, гэрч Э.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /хх-17-18/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 2416 дугаартай дүгнэлт /хх-26-28/, О.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-37-38/, шүүгдэгч О.А ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-46/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.А нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Зв хэсэг 644ө тоотод үйл ажиллагаа явуулах “Тэнгэр” 8 нэрийн хүнсний дэлгүүрээс Монгол улсын мөнгөн тэмдэгт болох 20.000 төгрөгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж 8500 төгрөгийн худалдан авалт хийж, 11.500 төгрөгийг хариултаар буцаан авч завшсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Оюунчимэгийн өгсөн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө 08 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн хашаанд 8 нэрийн хүнсний дэлгүүрээ онгойлгоод байж байхад 05 цаг 20 минутын орчим 30 гаруй насны 178 см орчим өндөр нуруутэй туранхай залуу ганцаараа орж ирээд нэг шил 0.75 граммын Сэржим нэртэй архи, гоёын ундаа аваад 8.500 төгрөг болсон. Тэгээд нөгөө залуу нэг ширхэг 20.000 төгрөг өгсөн. Би 11.500 төгрөг хариулж өгөөд нөгөө залуу гараад явсан. Би өвгөнийгөө бараанд явуулах гээд мөнгөө үзэхэд нөгөө архи худалдаж авсан залуугийн өгсөн 20.000 төгрөг хуурамч байсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна.” /хх-7-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Шоовдорын өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн хуучин эцэст танил Амка гэх залуутай таарсан. Тэгээд миний машинд суугаад Аамка “би голын эрэгт айлд очих гэж явна хүргээд өг” гэхээр нь би хүргэж өгөхөөр явж байхад голын хайрцаг онгойлгоод 400 төгрөг авч өгөх гэж байтал Амка цаана нь байсан 20.000 төгрөгийг харсан. Тэгэхээр нь би “наадах чинь хуурамч мөнгө” гэтэл Амка надаас “би түрийвчиндээ хийх гэж байгаа юм” гэж гуйсаар байгаад авсан. Тэгээд Улиастай голын эрэг дагуу ногоон дэлгүүрээс тамхи авахаар зогсоод Амка хуурамч 20.000 төгрөг, задгай 400 төгрөг аваад дэлгүүр рүү орсон. Дэлгүүрээс гарч ирэхдээ нэг ундаа аваад гараад ирсэн. Би “тамхи авсан уу” гэхэд “энэ дэлгүүр тамхи зарахгүй” гэж байна гэсэн. Тэгээд Амка бид 2 Цэндээ гэх ахынд очсон. Би Цэндээ ахын гэрт орж Цэндээ ахтай гар барьчихаад гараад явсан. Би хамт ажилладаг байсан Отгонбаяр гэдэг залуугаас хуурамч 20.000, 5.000 дэвсгэртүүдийг түрийвчиндээ хийх гээд авсан байсан. Би Амка гэх залууг дэлгүүр ороход нь хуурамч гэдгийг хэлсэн. Амка “би түрийвчиндээ хадгална” гээд надаас авсан. Амка надад хуурамч мөнгөөр худалдаа талаар хэлээгүй, би ч асуугаагүй. Би тэр мөнгийг ямар ч зорилго байхгүй зүгээр түрийвчиндээ хийх санаатай хадгалж байсан юм.” /хх-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Отгонбаярын өгсөн: “...Би Ч.Шоовдор ахыг танина. Би өмнө нь “Эх орон” телевизид ажилладаг байсан юм. Одоо өөр газар ажиллаж байгаа. Тухайн үед Ч.Шоовдор ах манай телевизид жолоочоор ажиллаж байсан. Би ажлаасаа гараад өөр газар ажиллаж байгаа. Би Ч.Шоовдор ахыг 2019 оны 1 дүгээр сараас хойш мэддэг болсон. Би 2019 оны 4 дүгээр сарын 24-нд хуучин ажлаасаа гарсан түүнээс хойш Ч.Шоовдор ахтай уулзаагүй бас холбоогүй байгаа. 2019 оны 3 дугаар сарын сүүлээр манай телевиз зураг авалтанд хэрэглэж байсан канондсан мөнгөн дэвсгэртийг шүүгээ рүү хийх гээд явж байтал Ч.Шоовдор ах таараад надаас юу авч явж байгааг асуухаар нь би “канондсан мөнгө” гэхэд “надад ганц хоёр ширхэг өгчих би түрийвчиндээ хиймээр байна” гэхээр нь би 1000, 5000, 20.000 төгрөгийн дэвсгэртийг тус бүр нэг нэгийг өгсөн. Ч.Шоовдор ах надаас авсан мөнгөн дэвсгэртийг хуурамч гэдгийг мэдэж байсан. Надад дахин хуурамч мөнгөн дэвсгэрт байхгүй, хуучин ажил дээр үлдсэн. Дахиж би хараагүй.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 2416 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн АН2832612 сери дугаартай 20.000 гэж нэрлэсэн дүн бүхий хуурамч мөнгөн тэмдэгт гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн хуурамч мөнгөн тэмдэгт нь цаас, хэвлэлийн нууцлал, хамгаалалт зэргээрээ жинхэнэ мөнгөн тэмдэгтийн шинж тэмдгүүдээс ялгаатай байна.
З. Шинжилгээний явцад ач холбогдол бүхий өөр зүйл илрээгүй болно.”/ хх-26-28/ гэх дүгнэлт,
Хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.А өгсөн: “...Би тэр 20.000 төгрөгийг хуурамч гэдгйиг мэдсэн хэргээ өмнөх өдөр нь архи уусан, архи гүйцэд гараагүй шартаад дахин архи уух гээд дэлгүүрт орж худалдаа хийсэн. Хуурамч мөнгөн дэвсгэртээр худалдаа хийх нь хууль бус гэдгийг нь мэдэж байсан. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Бас гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би хохирлоо барагдуулсан. Шүүхээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна.” /хх-37-38/ гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-3-4/,
Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-21-24/,
Шүүгдэгч О.А ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-46/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч О.А нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Зв хэсэг 644ө тоотод үйл ажиллагаа явуулах “Тэнгэр” 8 нэрийн хүнсний дэлгүүрээс Монгол улсын мөнгөн тэмдэгт болох 20.000 төгрөгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж 8500 төгрөгийн худалдан авалт хийж, 11.500 төгрөгийг хариултаар буцаан авч завшсан болох нь хохирогч Х.Оюунчимэг, гэрч Ч.Шоовдор, Э.Отгонбаяр нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2416 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шүүгдэгч О.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэргийн ойлголт, нийгмийн хор аюул нь үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримт, үндэсний болон гадаадын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан, нийгэмд аюултай, гэм буруутай, үйлдэл, эс үйлдэл юм.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд гэмт хэргийн ангиллын хувьд хүнд гэмт хэрэгт хамаарна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.А Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Х.Оюунчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгч О.А д эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2-д заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, АН2832612 сери дугаартай 20.000 төгрөгийн хуурамч мөнгөн тэмдэгтийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.А мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. О.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар О.А д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, АН2832612 сери дугаартай 20.000 төгрөгийн хуурамч мөнгөн тэмдэгтийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, О.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, О.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС