Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 207/ма2016/0008

 

****************нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган, Орхон, **************** аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэгшүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

**************** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1026 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ****************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****************т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ****************

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал

Хариуцагч ****************

Хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунжаргал

Нарийн бичгийн дарга Ц.Батцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч **************** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1992 оноос **************** тасагт эх баригч эмчээр томилогдон ажиллаж эхэлснээс хойш нийт 22 гаруй жил хөдөлмөрийн гэрээний дагуу чин сэтгэлээсээ ажиллаж байсан. Гэтэл ****************эмнэлгийн дарга **************** нь гэнэт 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 6/133 тоот тушаалаар намайг төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эх баригч, бага эмчийн ажлаас чөлөөлсөн бөгөөд уг тушаалыг би 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээж авсан. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж байгаа бололтой. 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ээлжийн амралт дуусаж ажилдаа орохыг хүсэхэд ажилд ч оруулаагүй, чөлөө ч олгоогүй юм

2014 оны 9 дугээр сарын 8-ны өдрөөс ажилдаа орох ёстой байсан боловч миний биеийн эрүүл мэнд муудаж, тархины судас нарийсал /тархины архаг цусан хангамжийн дутагдал/-тай, зүүн хөлний венийн судасны өргөсөлтэйн улмаас мэс заслын хагалгаанд орох, эмчилгээ хийлгэх шаардлагатай болоод **************** даргаас жилийн чөлөө олгохыг хүссэн өргөдлөө бичгээр гаргаж өгсөн. **************** дарга миний хүсэлтийг хүлээн авч надад 2 сарын цалингүй чөлөө олгохыг зөвшөөрч шийдвэрлэсэн. Миний хувьд чөлөөний хугацаанд судасны хагалгаанд орох бэлтгэл хангаж гам хийн биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг гэрээрээ хийлгэж байсан. Цалингүй чөлөөтэй байсан учир банкны зээлийн төлбөрөө ч хийж чадахгүй хүнд нөхцөлд байж байтал хадам ээжийн маань бие гэнэт муудаж тархины хавдар гэх шинж тэмдэг илэрсний улмаас **************** хот руу яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай болж мөнгөний маш их хэрэгцээ шаардлага гарч миний эмчилгээ хойшлогдсон. Даргаас олгосон 2 сарын чөлөөний хугацаа нэгэнт дуусгавар болох гээд байсан учир 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн боловсон хүчинд ажилдаа орох хүсэлтээ гаргасан бөгөөд намайг ажилдаа орохыг зөвшөөрснөөр би ажлын ээлжээ тохируулаад ажилдаа орох гэтэл Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн дарга **************** ирж уулз гэж утсаар мэдэгдсэн. ****************тай уулзахад даргатай уулз гэхээр нь **************** даргатай уулзахад чи ажлаа хаяж явсан учраас хөдөлмөрийн гэрээг чинь цуцална, хурлаар шийдвэрлэнэ, тэр болтол ажил хийлгэхгүй, байж бай гэж мэдэгдсэн. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Удирдлагын багийн хурлаар орсон боловч намайг ажлаас халах талаар ямар ч шийдвэр гараагүй байхад 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан тушаал гаргасан байсан. Намайг ажлаас халсан 6/133 дугаартай тушаалд зурагдсан гарын үсэг **************** даргынх биш, Л.****************гэж нэр буруу бичсэн байгаа болохоор намайг ажлаас халсан тушаал биш харин өөр хүний тушаал гэж ойлгож байгаа. Би жилийн чөлөө хүссэн өргөдлөө **************** дарга дээр үлдээсэн бөгөөд **************** дарга надад 1 сарын чөлөө олголоо гэсэн юм. Би цалинтай чөлөө олгогддог гэж сонсоод 1 сарын цалинтай, 2 сарын цалингүй чөлөө авъя гэж дахин 10 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл нөхөн гаргасан. Би 22 жил нэгдсэн эмнэлэгт ажилласан учраас 1 сарын цалинтай чөлөө олгогдож магадгүй гэсэн үүднээс цалинтай чөлөө хүссэн. Намайг листээ авчир гэж хууль бус зүйл хэлсэн, би хууль бус баримт бичиг аваачиж өгье гэж хэлээгүй. Нэгдсэн эмнэлгийн дарга **************** намайг ажлаас халсан тул Нэгдсэн эмнэлэг болон дарга ****************ийг хариуцагч гэж үзэж байна. Надад мөнгө төгрөгийн хэрэгцээ байсан учир Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбарт түр хугацаагаар ажиллаж байсан бөгөөд одоо ажлаасаа гарсан. Энэ бол хориотой зүйл биш. Байгууллагын дотоод журамтай танилцаж байгаагүй. Намайг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэхгүйгээр ажилд эргэж орж болно гэж байгаа боловч би сэтгэл санаа болон нэр төрөөрөө маш их хохирсон тул эвлэрэх боломж байхгүй. Эцэст нь ажлаас чөлөөлсөн тушаалд миний нэр байхгүй учраас миний тушаал гэж үзэхгүй байгаа төдийгүй ажлаас халах гэсэн үг байхгүй, ажлаач чөлөөлөх гэж бичсэн байдаг. Иймд **************** намайг урьд ажиллаж байсан **************** эмэгтэйчүүдийн тасгийн эх баригч, бага эмчийн ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч **************** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ****************чөлөө хүссэн өргөдөл 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр манай байгууллагын бичиг хэрэгт ирсэн байдаг бөгөөд ****************ээлжийн амралтын хугацаа дуусч 2014 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ажилдаа орох байсан юм. Тэгэхээр 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны ажлыг тасалсан гэж үзэж байна. Уг өргөдөлд биеийн эрүүл мэндийн шалтгаанаас 1 жилийн чөлөө олгоно уу гэж бичсэн байсан. Ийнхүү чөлөө хүсэх үедээ өөр байгууллагад ажилладаг байсан бөгөөд уг өргөдлийг нэг жилийн хугацаанд өөр байгууллагад ажиллах зорилгоор өгсөн байна гэж ойлгож байгаа. ****************эмнэлгийн ажлыг хүлээж авсан өдрөөсөө хойш би жилийн чөлөө өгөх асуудлыг зөвшөөрөхгүй бөгөөд хуульд зохицуулсан зүйл байдаггүй. Түүнчлэн жилийн чөлөө олгосноос байгууллагын ажилд хүндрэл учирдаг. Ийм учраас би жилийн чөлөө өгөх боломжгүй, үнэхээр өвчин зовлонтой байвал 13А маягтыг өргөдөлдөө хавсарга гэж ****************д хэлэхийг бичиг хэргийн ажилтандаа даалгасан юм. Уг өдрөөс хойш би Л****************хараагүй бөгөөд надад хадам ээжийнхээ өвчтэй тухай хэлж байсан удаа байхгүй. Мөн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бичиг хэрэгт **************** өргөдөл өгсөн ба уг өргөдөлд 9 дүгээр сарын 1-ний өдрөөс нэг сарын цалинтай чөлөө, 12 дугаар сарын 8-ны өдрийг дуустал хугацааны 2 сарын цалингүй чөлөө олгооч гэсэн утга бүхий өргөдөл байсан юм. Уг өргөдөлд 13А маягтыг хавсаргасан байсан тул эмчид үзүүлсэн хуудсаар тооцъё гэсэн хариуг өгсөн. Тэгээд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр над дээр орж ирэхээр нь 2 сар ажлаа тасаллаа, листээ авчирвал асуудалгүй гэхэд би эмчид үзүүлээгүй, хадам ээжийн бие муудсан, би Шараваа эмчээр бичүүлээд аваад ирье гэхээр нь чи эмнэлгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж болохгүй шүү дээ, тэгсэн ч листээ аваад ирвэл тооцоод өгье гэж хэлсэн юм. Ингэж манай өрөөнөөс гараад 10 дугаар сарын 27-ны өдөр надтай уулзаад 11 дүгээр сарын 1-ний өдөр ээлж таарч байна, би ажилдаа оръё гэсэн. **************** нь 2014 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажил тасалсан ба 9 дүгээр сард 128 цаг, 10 дугаар сард 136 цаг, нийт 32 хоногийн 264 цагийн ажил тасалсан учраас хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн юм. Би 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журмыг бүх хүмүүстэйгээ хамт хэлэлцэн баталсан. Түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар цаг ашиглалтын журам баталж, чөлөө олгох хуудас хэрэглэх болсон. **************** байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, цаг ашиглалтын журамтай танилцаагүй гэж байгаа боловч манай байгууллагын хуулийн зөвлөх бүх ажилчдад танилцуулсан байгаа. Харин энэ талаар баримтжуулаагүй. Би 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл аймгийн Засаг даргын бүрэлдэхүүнд оролцож Солонгос улс явах болсон учир Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Эрдэнэбаатарт тушаалд гарын үсэг зурах эрхтэй учир түүнд даалгаад явсан. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Удирдпагын багийн хурал хийхэд Л****************ажлаас халах эсэх талаар санал тэнцсэн ч нэгэнт хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учир ажлаас халах шийдвэрийг би гаргасан. Тасгийн эрхлэгч нь залуу эмч нарын үгэнд ордоггүй, шөнө дуудахаар босдоггүй, биеэ тоосон гэх зэрэг зүйлийг хэлж байсан. Мөн **************** сургагч багшийн сургалтанд сууж эрх авсан учир жилийн чөлөө өгөх боломжгүй байсан. Би Л****************ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинг олгохгүйгээр эвлэрэх санал тавьсан боловч хүлээж авахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

**************** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1026 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч ****************т холбогдох урьд ажиллаж байсан **************** эмэгтэйчүүдийн тасгийн эх баригч, бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч ****************нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч **************** давж заалдах гомдолдоо: Би өмнө нь шүүхэд өгсөн тайлбартаа ч бичсэн байдаг. Миний эрх ашиг хөндөгдөж, хурлаа хийж чадахгүй, шийдвэр гараагүй, надад хуулийн хугацаанд гарсан шийдвэрээ өгөөгүй учраас эрх ашгаа хамгаалж, шат шатны байгууллагад хуулийн хугацаанд хандсан. Би ЭМГ-т өргөдөл өгөхөд хариу тоот ирсэн, ЭМГ-ын тоот асуудлыг нэг мөр шийдсэн тоот биш учраас, **************** аймгийн Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах газарт хуулийн дагуу өргөдөл өгөхөд шийдэгдээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 127-р зүйлд зааснаар шүүхээр маргаан шийдвэрлүүлэхээр **************** аймгийн Мөрөн сумын Сум дундын 27-р шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Сум дундын 27 дугаар шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авч хөөн хэлэлцэж, шүүх хуралдаан 2015 оны 04 сарын 23-ны өдөр болж, 155/шш2015/00411 дугаартай шүүхийн захирамж гарсан. Шүүгч ****************шийдвэр гаргахдаа хэт нэг талд /албан тушаалтанд / үйлчилсэн бөгөөд удаа дараа гаргасан хүсэлтийг маань хангаагүй, шүүхийн шийдвэрт үг өгүүлбэрийг танаж хасан гаргаж, хариуцагчийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн.

Миний бие гомдлоо аймгийн давж заалдах шатны шүүхэд гаргахад 2015 оны 06 сарын 03 өдрийн 16 дугаартай Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн магадлал гарснаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Анхан шатны шүүхээр нотлох баримтуудыг нэмж бүрдүүлэн 2015 оны 08 сарын 25-ны өдөр 2337 дугаартай шүүхийн шүүгчийн захирамж гарсан. Тус шүүхийн шүүгч ****************нь хариуцагчийг зөв тодорхойлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн зарим хүсэлтүүдийг минь хангаагүй.

Би захирамжид гомдлоо гаргахад **************** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дутуу гэх үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн гомдлыг хэлэлцүүлэхэд, 2015 оны 10 сарын 19- ны өдөр 125 дугаартай Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гарч, **************** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, миний гомдлыг ханган шийдвэрлэсэн.

**************** даргыг байхгүй үед ажлаас халсан гэх тушаалыг хууль зөрчиж, орлогчтой хамтран үйлдэж, бичиг хэргээр яаралтай гэрт нь аваачиж өг гэж явуулсан, Нэгдсэн эмнэлгийн хүний нөөц хариуцсан мэргэжилтэн М.**************** нь **************** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч ****************ын эхнэр юм. Тийм болохоор энэ гэр бүлийн хүмүүсийг нөлөөлж байна гэж үзэж, мөн ****************шүүгчийн тайлбараас харахад өмнөх шийдвэрээ дахин гаргах магадлалтай учир хуулийн дагуу **************** аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхээс татгалзах хүсэлтээ өгөхөд бас л хүсэлт хангаагүй. Нотлох баримтгүй хүн гүтгэвэл хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн сүрдүүлсэн захирамж гарч, Иргэний хэргийн ерөнхий шүүгч **************** нь санаатайгаар дахин ****************шүүгчид хэргийг өгөн **************** дарга бид хоёрыг эвлэрүүлэх нэрийдлээр даргын талд ашигтайгаар шийдвэрлүүлэх гэж шүүх хурал хийсэн нь шүүх хурлын тэмдэглэл, бичлэг, шүүгч нарын надад хандсан хандлага, удаа дараалан хүсэлтүүдийг минь хангаагүй, намайг ****************шүүгч **************** туслахаараа дамжуулан өрөөндөө дуудаж уулзсан зэрэг нь хангалттай нотлох баримт болж, албан тушаалтан, танил талдаа үйлчилж байгаа нь харагдаж байна. Шүүгч нараас би өөр нотлох баримт олж чадахгүй шүү дээ. **************** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 27 өдрийн 1026 дугаартай шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна

2.Хөдөлмөрийн хуулийн 128-р зүйлд Шүүхээр хянан шийдвэрлэх маргаан 128.1-д дараах маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заагаад 11 заалт байдаг. Хуулиас харахад миний нэхэмжлэлийг хүлээн авч, хөөн хэлэлцэж, бүхэл бүтэн 12 сар хянаж, янз бүрийн шүүхийн шийдвэр, захирамж, тогтоол гаргачихаад одоо болохоор хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна гэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамж гаргасан нь хуулийн ямарч үндэслэлгүй хуульд нийцэхгүй, хууль хоорондоо уялдаа авцалдаагүй мэт, хэт нэг талд албан тушаалтанд үйлчилсэн шийдвэр гарчээ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол нэхэмжлэлийг хүлээн авч хөөн хэлэлцэхгүй, улмаар шүүх хянаж, шүүхийн шийдвэр, захирамж, тогтоол гарахгүй, нэхэмжлэгч, хариуцагчийг цаг хугацаагаар хохироохгүй гэсэн үг юм. Тийм болохоор сум дундын шүүгч нар өөрсдийнхөө гаргаж хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, захирамж, тогтоолыг хэрэгсэхгүй болгож байгаа мэт харагдаж байна.

Эрх ашгаа хамгаалуулах гэж шийдвэр гаргах түвшний байгууллагад зэрэг зэрэг нэг утгатай өргөдөл өгч шийдвэрлүүлнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Ямарч хүн асуудлаа аль болохоор боломжтой гэсэн удирдах шатны шийдвэр гаргагч байгууллагадаа хуулийн дагуу хандаж таараа. Тийм болохоор би 3 зэрэг нэг утгатай өргөдөл өгөх ёсгүй, хөөн хэлэлцэх хугацаа ч хэтрээгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн бол миний гомдолыг хүлээн авч хөөн хэлэлцэхгүй. Өөрөөр хэлбэл би цаг хугацаагаар хохирч шүүхээр явахгүй гэсэн үг. Мөн хамгийн анхны зөвлөгөө өгч, 10 мянган төгрөгөөр өргөдөл бичиж өгдөг өмгөөлөгч /хуулийн мэдлэгтэй, хуульч хүн байж таараа/ хүртэл өргөдөл бичиж шүүхээр явах шаардлагагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэх байсан бизээ.

3.Би ажил таслаагүй, ажлын байран дээр ч байгаагүй. Дарга нар нэг сарын цалингүй чөлөө олголоо гээд дараагийн 2 сарын чөлөөг, листээр тооц гэсэн чөлөөг гарын үсэг, тамга тэмдэгээ дарж олгосон. Эмчилгээндээ явах гэж байтал, гэнэт ар гэрт гачигдал гарч эмчилгээ хойшлогдлоо гээд ажилдаа 10 сарын 17-ноос эхэлж саналаа тавьж эхлэхэд ажилд маань оруулаагүй.

Хөдөлмөрийн гэрээ: **************** дарга анхнаасаа л хуулиа зөрчиж эхэлсэн. Хөдөлмөрийн хуульд зааснаар чөлөө авах эрх хязгаарлагдсан, хөдөлмөрийн гэрээний 2.1.6 зааснаар ажилтанд хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах нөхцлийг бүрдүүлнэ гэх заалт, дотоод журмын 11.3.5 зэрэг заалтаа зөрчиж өвчнөө хүндрэхээс нь өмнө эмчлүүлэх эрхгүй болсон. Мөн хөдөлмөрийн хуулийн 43.3-т заалтыг зөрчиж, тушаал шийдвэрээ цаг хугацаанд нь өгөөгүй. /хөдөлмрийн гэрээ, хөдөлмөрийн хуулиа, дарга өөрөө болохоор зөрчиж болоод байдаг/ Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан, ажил олгогч нар гэрээнд гарын үсэг зурж баталгаажих ёстой байтал, ажил олгогч ****************ийн гарын үсэггүй, хөдөлмөрийн гэрээний 4.4.3 заалтыг надад тулган шаардаж байгаа нь хуулийн үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан заалт шаардах эрх ч үүсэхгүй юм.

2014 оны 11-р сарын 14-ний Удирдлагын багийн хуралдааны тэмдэглэл нь: Том албан газрын протокол гэхэд хэцүүхэн, хурал хийсэн өдрөө гараагүй, хуралд оролцоогүй нягтлан хүртэл гарын үсгээ зурсан байх жишээтэй, Хурал дуусаад оролцсон бүх хүмүүс баталгаажуулж гарын үсгээ зурдаг ёстой. Хурлын тэмдэглэлийг өөрт ашигтайгаар дутуу дулимаг бичсэн. Миний тухай учраас хурлын тэмдэглэл үнэн зөв гэж зөвшөөрсөн миний гарын үсэг байх ёстой.

Ажлаас чөлөөлөх тухай Б/133 тоот тушаал нь: Ажлаас чөлөөлсөн тухай, ажлаас чөлөөлсүгэй гэж бичсэн байгаа нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа хүний тушаал, хөдөлмөрийн хуулийн заалтуудтай таарахгүй, даргын халсан гэх үгтэй нийцэхгүй байна. Мөн миний нэр **************** гэж цахим үнэмлэх дээр байдаг. Миний эрх зүйн баримт бичгүүд бүгд цахим үнэмлэхийн нэрээр бичигдсэн байдаг. Энэ тушаалд дугаар зөрсөн, ажил олгогч ****************ийн гарын үсэг биш, ****************гэж 1-2 удаа бичсэн нь миний нэр биш ажлаас халагдсан биш чөлөөлөгдсөн хүний тушаал юм. Өөрөөр хэлбэл дарга намайг ажлаас халсан гэх тушаал гаргахдаа хөдөлмөрийн хуультайгаа нийцүүлэн гаргаагүй, хууль эрх зүйн акт баримт хөтлөх стандарт хуулиа мөрдөж хэрэгжүүлээгүй, төрийн албан хаагч, албан тушаалтны тамга тэмдэг барих түших тусгайлан заасан хууль дүрмээ мөрдөөгүй, визээр оруулж хянаагүй, хөдөлмөрийн хууль баримтлаагүй хугацаандаа гаргаагүй, тушаалыг 2014 оны 12 сарын 12-нд надад өгсөн гэх боловч өгсөн авсанг баталгаажуулсан зүйлгүй.

Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбарын зөвлөмж: Энэ хуралд 9 хүн оролцсон. Энэ салбарын дарга **************** гэдэг хүн нь **************** даргатай нэг нутаг, хамаатан садан, найз нөхөд бололтой байсан, тийм ч гэж сонссон. Тийм болохоор хурал дээр **************** даргын зөв гэж ганцаараа өмгөөлж байсан. Бусад нь маш их маргаантай асуудал байна шүүх шийдвэрлэнэ гэж зөвлөсөн.

ЭМГ-ын тоот нь: Хөдөлмөрийн маргаанаа дотооддоо шийдвэрлэж сур, Л****************өөрийг нь байлцуулж хурал хий, хамт олны саналыг нь харгалзан үз гэсэн утгатай тоот болохоос, **************** ажлаа тасалсан нь нотлогдлоо гэсэн тоот биш юм. Дарга намайг ажлыг минь хийлгэхгүй болохоор, манай хамт олон **************** нь алдаа дутагдал гаргаж байгаагүй ажилд нь оруулж өгнө үү? гэсэн хүсэлт өгсөн болохоос ажил тасалсан нь нотлогдлоо гэж байгаагүй.

Би цагийн бүртгэлээ канондож авах гэтэл 11 сарыг чөлөөтэй гэж бүртгэсэн мөртлөө өмнөх сарын бичилт хийгээгүй байсан. Цаг бүртгэгч Энхцэцэгээс асуухад **************** дарга таныг чөлөөтэй гэж хэлж байсан, угаасаа чөлөөтэй байсан юм чинь, би цалингүй чөлөөтэй хүмүүсээ бүртгэлд бичээгүй юм гээд өөрөө нөхөн бичилт хийж өгсөн болохоос, энэ хүн ажил тасалсан гэж бичилт хийгээгүй.

****************шүүгч дээрх тоот, хөдөлмөрийн гэрээ, мэдүүлэг, хүсэлт, тушаал, хурлын тэмдэглэл, зөвлөмж зэргийг ажил тасалсан нь нотлогдлоо гэсэн байх юм. Би маш их гайхаж байна, намайг л яаж буруутгаж энэ хүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгодог юм гээд байхаас, яагаад энэ хүнийг ингэж хохироогоод байгаа юм бол, ямар ямар хуулийн заалт зөрчсөн хүн нь хэн бэ гэж шүүхгүй байгаа нь шүүх ч мэдлэг ур чадвараа гаргахгүй байна уу?, үнэхээр мэдлэг нь хүрэхгүй байгаа юм уу?, албан тушаалтанд үйлчилээд байгаа юм уу?, ёс зүйн алдаа гэх үү? шүүгчийн тангарагаасаа няцаж байгаад маш их харамсаж байна.

4.Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-сарын 27-ны шүүх хуралдаанаас дурьдахад: Шүүх хурал эхлэх үед эвлэрэх, эвлэрэхгүйг асуугаад эвлэрэхгүй байна гээд шүүх хурал үргэлжилсэн. Гэтэл шүүх хурлын дунд дахиад л эвлэрүүлэх юм болоод л Шүүгч: Чи даргаасаа уучилт гуйж яагаад болохгүй гэж, уучилна гэдэг ухаантай хүний чанар гэх мэт ярьсан. Хууль зөрчиж буруу зүйл хийсэн дарга яагаад уучилж болохгүй гэж, Дарга гэхээрээл хүнээс уучлалт гуйж болдоггүй юм уу?,

Шүүгчээс эвлэрсэний үр дүн юу вэ? гэж асуухад та ажилдаа орно гэсэн, хохирлыг минь яах уу? нийгмийн даатгал тасарсан эд материал, нэр хүндээрээ хохирсон гэж асуухад дарга тань л мэдэх байх гэсэн, Дарга болохоор ажилд чинь оруулна харин хохирлыг чинь барагдуулж чадахгүй энэ хямралтай үед гэж хэлсэн. Би ийм сонин эвлэрүүлэх дүрэм журам байдаг юм байхдаа гэж бодсон. Тэгээд би бодох хугацаа өгч болох уу? гэхэд надад бараг 5 минутын завсарлага, утсаар ярихыг хүртэл зөвшөөрсөн. Би өмгөөлөгчөөсөө би шийдвэр гарсны дараа давж болох уу? гэхэд болно гэсэн, 00-д орж нөхөртэйгөө хурлын тухай: Хурал болохоос өмнө яриад тохиролцсон байдаг юм байна гэж ярьж байтал хаалга тогшсон хуралдаа орсон. Би нэр хүнд, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон гээд зөвшөөрөөгүй учраас хурал үргэлжилсэн шийдвэр ойлгомжтой болсон.

Хууль бол хууль л баймаардаа, хэлэх ч үг олдохгүй юм, би маш их цөхөрч гомдож, Сум дундын Иргэний хэргийн шүүгч нарт итгэх итгэл минь алдарлаа, хуульд нийцэхгүй шийдвэр, захирамж гаргаж байгаад маш их гомдолтой байна. Миний нэхэмжлэлтэй хэргийн материалтай дахин танилцаж, дахин хянан үзэж хуульд нийцүүлэн шийдвэрлэж, өмнө эрхэлж байсан ажилд томилон, нэр хүндийг минь сэргээж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг минь олгож, гомдлыг минь барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч **************** нь тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эх баригч бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ажил олгогч нь нэхэмжлэгчийг 2014 оны 11 сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан эх баригч бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажилтан нь ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор буюу хуулиар тогтоосон богиносгосон хугацаанд шүүхэд гомдлоо гаргахаар хуульд зохицуулагдсан ба энэ хугацаа нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан үеэс тоологдох юм.

Нэхэмжлэгч **************** нь ажил олгогчийн гаргасан тушаалыг 2014 оны 12 дугаар сарын 12 -ны өдөр хүлээн авсан ба тэрээр хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 9 хоног хэтрүүлж ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан болох нь зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийг өөрийн гаргасан тушаалаа бичиг хүргэгчээр гэрт хүргүүлсэн, хүлээлгэн өгсөн тухайгаа албан ёсоор баталгаажуулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэж заасны дагуу тушаалыг ажилтанд гардуулах үүргээ биелүүлсэн өөрөөр хэлбэл хариуцагч нь тушаалыг бичиг хүргэгчээр нэхэмжлэгчийн гэрт хүргүүлсэнг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч**************** нь ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо шүүхэд гаргахдаа тодорхой нөхцөл байдлын улмаас хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэдгээ нотолж чадаагүй, уг гомдлоо Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбарт гаргасан нь шүүхэд гомдлоо гаргах хугацаанд хамаарах үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болох тул ажил олгогчийн гаргасан тушаал хуульд нийцсэн эсэх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл тогтоогдсон эсэх асуудлыг дүгнэх боломжгүй тул анхан шатны шүүхээс ажил олгогчийн гаргасан тушаалд дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Нэхэмжлэгч **************** нь 2014 оны 11 дүгээр сарын 26 -ны өдөр гаргасан тушаалыг хүлээн авснаас хойш 9 хоногийн дараа 2015 оны 1 дүгээр сарын 21-нд шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн учраас түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Дээрх үндэслэлээр надад хуулийн хугацаанд гарсан шийдвэрээ өгөөгүй, өгсөн авсанг баталгаажуулаагүй, ...би гурван зэрэг нэг утгатай өргөдөл гаргах ёсгүй, ...шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан, хуулийн ямар ч үндэслэлгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна... гэх нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүх нэхэмжлэгчийн гаргасан эх баригч бага эмчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. **************** аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1026 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Т.ГАНБАТ