| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00569/И |
| Дугаар | 595 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 595
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Түргэн сумын 3 дугаар баг, 02-16 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОН85070869, Иш овогт Магсаржавын Дээшингийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 4.366.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Дээшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2011 оноос 2015 оны 1 дүгээр сар хүртэл Түргэн сум дахь сум дундын ойн ангийн даргын ажил эрхэлж байгаад, 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Б/02 тоот шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 24 дүгээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 128 дугаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн захирамжаар Түргэн сум дахь сум дундын ойн ангийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон юм. Улмаар Увс аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Б/02 тоот захирамжаар Түргэн сум дахь сум дундын ойн ангийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Иймд ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 6 сар 2 хоногийн нийт цалин 4.366.080 төгрөгийг Увс аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар М.Дээшинг ажлаас үндэслэлгүй халсан болох нь гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох нь зүйтэй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Дээшин нь хариуцагч Увс аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 4.366.080 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь нэхэмжлэгч М.Дээшингийн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 4.366.080 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь нэхэмжлэгч М.Дээшингийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч М.Дээшингийн нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 4.366.080 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84.807 төгрөгийн тал хувь болох 42.404 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 42.404 төгрөг, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 42.404 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Дээшинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Дээшингийн ажилгүй байсан хугацааны цалин 4.366.080 /дөрвөн сая гурван зуун жаран зургаан мянга ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 42.404 /дөчин хоёр мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөг, хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 42.404 /дөчин хоёр мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Дээшинд олгож, 42.404 /дөчин хоёр мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ