Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 207/ма2016/0009

 

****************ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1019 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: ****************ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****************од холбогдох

 

295.000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ****************,

Нарийн бичгийн дарга Ц.Батцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч **************** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи ****************оор анх машинаа унагаачихаад хаалга, мотор зэргийг 70.000 төгрөгөөр солиулж байсан. Дараа нь Хонда пит ****************улсын дугаартай автомашины автомат хропыг механик хроп болгон сольж тавихаар 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ярьж тохирсон. Засварын хөлсийг 250.000 төгрөг өгөхөөр болж, урьдчилгаа 100.000 төгрөг өгсөн. Дараа нь 50.000 төгрөгийг 2 удаа өгч, үлдэгдэл 50.000 төгрөгийг 6 сард өгөхөөр тохирсон юм. Би 6 дугаар сарын 03-ны өдөр машинаа авах гэтэл машины түлхүүр байхгүй болсон байсан ба асуухад чи аваа биз дээ гэсэн. Маргааш нь очиж радиатор луу нь ус хийхэд гуурс цоорсон, ус нь доошоо гоожиж байсан. Ус яагаад гоожив гэхэд мэдэхгүй гэсэн. Маргааш нь утсаар ярихад би **************** явж байна, радиаторыг чинь янзалчихсан, машинаа очоод аваарай гэсэн бөгөөд машинаа асааж унаад явахад нэг зүйл түг түг гээд дуугараад байсан. **************** гэдэг туслах залуу нь хэсэг яваад зүгээр болно гэсэн. Тэгээд би гэртээ ирээд өөрөө радиатор, гэрлийг нь засаад хашаанаас гарах гээд ухартал гагнаж тавьсан моторын лап нь салаад уначихсан. ****************той ярихад хохь чинь, заргалдаарай гээд хэл амаар доромжилж байсан. Би машинаа дахин **************** гэх хүнээр 200.000 төгрөг өгч засуулсан. Дахиж нэмж сэлбэг ч авсан. Үүнд: лап 2 ширхэг 20.000 төгрөг, гагнуур хийлгэхэд нийт 15.000 төгрөг, гэрэл 15.000 төгрөг, перда диск 45.000 төгрөг, бүгд нийлээд 295.000 төгрөгийн зарлага гарсан учир уг мөнгийг ****************оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч **************** шүүхэд гаргасан тайлбартаа: **************** нь Хонда пит маркийн ****************дугаартай машины автомат хропыг механик хроп болгон сольж тавиулсан. 2015 оны мөсний баярын дараа машинаа унагаачихсан 2 хаалга солих, мотор янзлуулахаар анх надтай уулзаж, би 350.000 төгрөгөөр засна гэхэд өөрөө гуйсаар байж 250.000 төгрөгөөр засуулсан. Гэхдээ би 350.000 төгрөгийн засварыг 250.000 төгрөгт хийж өгсөн. Дараа нь 4 сард хроп янзлуулъя гэж өөрөө над дээр ирсэн. Би 400.000-500.0000 төгрөг болно гэхэд эхлээд 100.000 төгрөг өгсөн. Тэгээд машин засаж дууссан. Ганхуяг өөрөө манай туслах ****************гаас /Мөнх-Эрдэнэ/ машинаа унаж үзээд аваад явсан байсан. Радиатор нь угаасаа цоорчихсон ирсэн, үүнийг өөрөө ч мэдэж байгаа. Сав тосож тосол, хропны нь тосыг гоожуулж Ганхуяг нь өөрөө уг тосол, тосыг аваад явсан. Зөвхөн хроп засах байсан учир би радиаторыг засаагүй. Урд гэрэл нь алга болсныг мэдэхгүй, хариуцахгүй. Хэрэгтэй бол хаа газар 1.500 төгрөг гээд байж байгаа. Ингээд намайг эзгүйд үлдэгдэл 150.000 төгрөгийг ч өгөлгүй, машинаа унаж үзээд аваад явсан байсан. Сүүлд нь над руу залгаад мотор салчихлаа гэсэн. Би юу гэж салдаг юм бэ, өгөөгүй мөнгөөрөө өөр юм байвал нэмж засуулж аваарай гэсэн. Би Ганхуягаас 150.000 төгрөгөө нэхээгүй, нэг нутгийн хүн гээд машин тэргийг нь 2 удаа засаж өгсөн. Иймд би ****************т 295.000 төгрөг төлөх ямар ч үндэслэлгүй. Надаар засвар хийлгүүлснээс хойшхи засварын мөнгө юм байлгүй. Би энэ зардлыг хариуцах үндэслэлгүй. Би хийж өгнө гэсэн засварын ажлыг бүрэн хийж, **************** нь машинаа унаж үзээд аваад явсан байхад хэзээ хойно ийм нэхэмжлэл гаргасан нь энэ хүн бусдаас үндэслэлгүй мөнгө нэхэж бэлэн мөнгө олж авах гэсэн санаа байна. Би ****************аас засвар хийсэн төлбөрийн үлдэгдэл 150.000 төгрөг, сэлбэг авч ирүүлсэн зардал 90.000 төгрөг, нийт 240.000 төгрөг авах ёстой. Иймд ****************ийн нэхэмжилсэн 295.000 төгрөгийг би төлөх үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо машины хроп засуулахаар тохирсон бөгөөд машиныг буцааж авахдаа хүлээлцээгүй байх ба хэрэв засвар хийгдээгүй бол авч явах шаардлага байхгүй. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Баримтаар өгсөн падаан шаардлага хангахгүй байна. **************** нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1019 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ****************од холбогдох машины сэлбэг, засварын үнэ, нийт 295.000 /хоёр зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай ****************ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ****************ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч **************** давж заалдах гомдолдоо: ****************ийн нэхэмжлэлтэй ****************од холбогдох машины сэлбэг, засварын үнэ нийт 295.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа **************** нь маш их худал тайлбар өгсөн байсан. Энхболдын худал өгсөн тайлбарыг залруулж, 295.000 төгрөгийг авах нь үнэн учир гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх ****************ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч **************** нь автомашины сэлбэгийн үнэ 95.000 төгрөг, ажлын хөлс 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч төлөх үндэслэл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг дараах байдлаар зөрчсөн байна.

 

1. Шүүх иргэний хэрэг үүсгэсний дараа нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаварын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлан баталгаажуулах ба хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдоржид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөлөөллийн мэдүүлгийг танилцуулаагүй, мөн зохигчдод нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан тухай баримтанд гуравдагч этгээдэд,түүний өмгөөлөгчид танилцуулсан боловч хэнд танилцуулсан нь тодорхойгүй /нэр бичигдээгүй хх-7 тал/ байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасныг,

 

2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч **************** нь хэрэгт хамааралтай нотлох баримт болох зарлагын баримт, автомашинд засвар болон гагнуур хийсэн Г.Цогбадрах, Мөнх-Эрдэнэ нарын бичсэн тодорхойлолт зэрэг 3 хуудас баримт гаргаж өгснийг хариуцагчийн өмгөөлөгчид танилцуулаагүй, дээрх баримтыг шинжлэн судлаагүйгээс гадна нэхэмжлэгч ... Мөнх-Эрдэнэ, Цогбадрах нарыг гэрчээр байцааж болно.. гэж тайлбарласан нь тэрээр хуульд заасны дагуу гэрч асуулгах тухай хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй эсэхийг тодруулаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэх үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.. гэж заасныг тус тус зөрчсөн байна.

 

3. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарт хэргийн материалыг шүүх хуралдаан хийх өдөр буюу 11 дүгээр сарын 25 ны өдөр танилцуулсан, мөн хариуцагч З.Энхболдод хэргийн материалыг танилцуулсан огноо 12 дугаар сарын 23 ны өдөр /хх-ийн 22 тал/ гэж бичигдсэн байх ба хариуцагчид шүүх хуралдааны товыг 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн гар утсаар мэдэгдэх үед тэрээр хэргийн материалаас уншиж танилцах юм байхгүй гэж тэмдэглэл хийгдсэн тул хариуцагч хэргийн материалтай хэзээ танилцсан нь тодорхойгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д ...захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх... гэж заасныг зөрчиж улмаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч **************** зарлагын баримт, засвар болон гагнуур хийсэн этгээдийн бичсэн тодорхойлолт зэрэг 3 хуудас баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгснийг шүүх хүлээн авч хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, нотариатаар гэрчлэгдээгүй гэсэн дүгнэлт хийж нотлох баримтанд үнэлээгүй атлаа нэхэмжлэгчийг сэлбэгийн үнэ болон дахин засуулахад гарсан зардал 295000 төгрөгийг ****************оос гаргуулж авна гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд нэхэмжлэгч ****************ийн гаргасан автомашины сэлбэгийн үнэ 95000 төгрөг, засвар болон гагнуурын хөлс 200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах өөрөөр хэлбэл худалдаж авсан гэх автомашины сэлбэг машинд тавигдсан эсэх, автомашинд дахин засвар болон гагнуур хийсэн эсэхийг тодруулсны эцэст нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээрх зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар 162.4-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.999 төгрөгийг / есөн мянга есөн зуун ерэн ес/ шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

 

Б.ОЮУНЦЭЦЭГ