Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 596

 

                                                          Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                        баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 07-10 тоотод оршин суух, 1954 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ54021006, Шангас овогт Хийрэвийн Оршихын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, Огзомын эх гэх газар оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО76081914, Борлууд овогт Даваагийн Баттулга,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, Огзомын эх гэх газар оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО77042811, Борлууд овогт Паламын Пүрэвдорж нарт холбогдох,

       Гэм хорын хохирол 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч Х.Орших шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 64 настай, хүүтэйгээ хоёулаа амьдардаг. Арсайд байрлах 10 га хадлангийн талбайгаа усалж байтал 7 дугаар сарын 18-ны шөнө 02:00 цагт Д.Баттулга, Б.Пүрэвдорж нарын 60 гаруй адуу талбайг талхдаж сүйтгэсэн болно. Иймд хариуцагч Д.Баттулга, П.Пүрэвдорж нараас 1.000.000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж зэргийг гаргуулж өгнө үү” гэжээ.

        Нэхэмжлэгч Х.Орших шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баттулга, Пүрэвдорж нараас 1.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба одоо миний бие тааруу байгаа бөгөөд Улаанбаатар хот руу эмчилгээнд явах болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

      Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Х.Орших нь хариуцагч Д.Баттулга, П.Пүрэвдорж нараас гэм хорын хохирол 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Орших нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.500 төгрөгөөс 14.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 150000941 тоот данснаас 14.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Оршиход олгох нь зүйтэй байна.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

             1. Нэхэмжлэгч Х.Орших нь хариуцагч Д.Баттулга, П.Пүрэвдорж нараас гэм хорын хохирол 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 14.250 /арван дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Оршиход олгож, 14.250 /арван дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ