Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 0931

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Б.Ганбулган

шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэболор

шүүгдэгч: Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  заасан гэмт хэрэгт Т овогт Б М  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906027141099  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны   өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Б М, 19 оны 5 дугаар  сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын  хамт Баянзүрх  дүүргийн  дугаар хороо хангамжийн   тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2002 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 651 дугаартай таслан  шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн  шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо   дүгээр хэсэг Хангамжийн тоотод  буюу өөрийн гэртээ Д.О агсам согтуу тавьсан үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд байнга харгис хэрцгий харьцаж  догшин авирлан, тарчлаасан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч   Б.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ээжтэйгээ хэрэлдээд, ээж хашираах гэж байна  гэж цагдаа дуудсан. Намайг Солонгос улсад ажиллаж байхад манай эхнэр хүүхдийг хөөгөөд явуулсан байсан. Одоо эхнэр  маань өөр хүнтэй суусан байгаа. Би согтохоороо ээждээ гомдоод ийм асуудал гаргадаг байх. Би эрүүл байхдаа ийм асуудал  гаргадаггүй. Би жоншны уурхайд ажиллаад 4 сард ирээд амарч байх хугацаандаа найзуудтайгаа жаахан уусан байсан. Бид хоёр нэг нэгэндээ гар хүрсэн асуудал байхгүй. Хууль мэдэхгүй тул хашираана гээд байнга цагдаа дуудчихдаг. Сүүлд 5 сард ээжтэйгээ муудалцаад ээж төмс арилгаж байсан хутгаараа намайг хутгалсан. Тэгээд цагдаа дуудаад тэндээсээ би эмнэлэгт явахад миний элэг зүсэгдсэн, дотуур цус алдалттай байсан тул яаралтай хагалгаанд орсон. Одоо боолт хийлгэж, эмчилгээ хийлгэж байгаа. Энэ хэрэг цагдаа дээр шалгагдаж байгаа. Миний буруу гэв.

        Шүүгдэгч  Б.М  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би хааяа архи уудаг бөгөөд архи уугаад согтчихоороо ээж О маргалддаг юм. Би 2013-2017 онд БНСУ-д ажиллаж амьдарч байгаад ирсэн юм. Солонгос явахдаа эхнэр 2 хүүхдээ аав, ээжтэйгээ нэг хашаанд үлдээгээд явсан юм. Тэгээд Солонгосоос иртэл эхнэр хүүхэд маань надаас салаад явчихсан байсан. Эхнэр хүүхдээ яагаад салаад явчихсан талаар сураглахад ээж О эхнэр хүүхдийг маань гадуурхсаар байгаад явуулчихсан байсан. Тэгээд би архи уусан үедээ ээжид агсам тавиад байдаг юм. Би ээжийг зодож цохиогүй зөвхөн маргалдсан гэжээ. /хх-ийн 24/

         Хохирогч Д.О өрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны  5 дугаар сарын 2-ны өдрийн 16.00 цагийн орчимд гэртээ ороход манай хүү болох Б М согтуу хэвтэж байснаа босож ирээд миний утас хаана байна залгаад өг гэхэд утас нь холбогдохгүй байсан. Гэтэл манайд байсан миний дүү С рүү танай нөхөр хулгай хийсэн байна гээд барьцалдаад авсан. Тэгэхээр нь би М хацар луу нэг удаа алгадаад авсан чинь чи муу пязда намайг цагдаад өгдөг хэн юм чи цагдаа дуудаад үзээрэй гээд байсан. Тэгэхээр нь би халуун дээрээ цагдаа дуудий гэсэн чинь миний өмсөж байсан дээлний захаас гараараа татаад хоолой боосон. Энэ үед миний хүзүүг урчихсан. Тэгээд орилж хашгираад утас хаана байна гээд байхаар нь би цагдаа дуудчихсан юм. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би олон жил энэ хүний дарамтанд байна гэжээ. /хх-н 10-12/     

          Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт: дунд зэрэг гарсан байна. /хх-н 5/   

          Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр би эхнэрийнхээ хамт Гандан орчихоод гэртээ ирсэн. Бид хоёрыг ирэхэд хүү М архи уучихсан согтуу хэвтэж байсан. Тэгээд бид нараас гар утсаа нэхээд эхнэрийн дүү болох С танай нөхөр хулгай хийсэн гээд байсан. Тэгээд Сг заамдаж аваад ор руу түлхсэн. Гэтэл манай эхнэр яагаад наад хүн рүүгээ дайраад байгаа юм гэхэд М ээж рүүгээ дайраад заамдаж аваад янз бүрийн юм хэлээд загнаад байсан. Тэгээд ээжийгээ түлхээд унагаасан чинь манай эхнэр цагдаа дуудсан юм. М ээжийгээ янз бүрээр л хэлээд доромжлоод байсан түүнээс нэг их зодож цохиогүй. М архи уудаг гэхдээ эхнэр хүүхдээсээ салсанаас хойш бүр их уудаг болсон. Архи уухаараа ээж рүүгээ л дайраад байдаг юм юунаас болоод тэгдэгийг нь мэдэхгүй байна. 4 удаа баривчлагаанд явж байсан санагдаж байна гэжээ. /хх-н 13/

          Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би сар өдрийг нь санахгүй байна. Төрсөн эгч болох Ц би хүргэн ах Б харж байсан юм. Манай эгч Ц нь 3 удаа харвасан хэвтэрт байдаг юм. Тухайн өдөр эгч, ах хоёр Г яваад ном уншуулчихаад ирсэн. М архи ууж орж ирээд унтаж байсан юм. Тэгээд М босож ирээд утсаа хайгаад байсан. Тэгснээ намайг хэл амаар доромжлоод танай нөхөр манай гэрт байсан тэр л утас авсан гээд байсан. Тэгтэл О эгч намайг өмөөрөөд яахаараа эгчрүүгээ дайраад байдаг юм гэтэл М ээж рүүгээ дайраад хэл амаар доромжлоод байсан. Би гэрээс гараад явчихсан. М ээжийгээ хэлэх хэлэхгүйгээр хэлээд дайраад үлдсэн. Ер нь М архи уудаг уусан үедээ ээж рүүгээ л дайраад байдаг юм гэжээ. /хх-н 14-15/

        Гэрч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны хэсгийн байцаагчаар 2017 оноос хойш ажиллаж байна. М 10 дугаар хороо Хангамжийн  тоотод аав, ээжийн хамт амьдардаг юм. М эрхэлсэн тодорхой ажилгүй, байнга архи ууж гэр орондоо агсам согтуу тавьдаг. Ялангуяа ээж рүүгээ байнга дайрдаг. М 2018 оны 7 дугаар сард, 2019 оны 1 дүгээр сард шүүхээр баривчлуулж байсан. М нь манай хорооны архаг архичин, гэр бүл хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд авагдсан байдаг юм гэжээ. /хх-н 16/

        Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн Баянзүрх дүүргийн  дугаар хорооны  хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд миний хариуцсан хэсгийн  тоотод М аав, ээж, ээжийнхээ эгч гээд хөгжлийн бэрхшээлтэй хүний хамт амьдардаг юм. Би хэсгийн айлуудаараа явж байхад О нь М уугаад байна гэж ярьдаг байсан. Ер нь бол уугаад хэд хоногоор алга болчихдог юм шиг байсан. М уугаад байна гэхээр нь хэд хэдэн удаа гэрт нь очиход гэртээ байгаагүй гэжээ. /хх-н 17/

         Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-н 45-50/

         Б.М  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 51 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 40/,

          Б.М  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 18-19/

          Б.М захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 26-

          Б.М  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 20/, прокурорын тогтоол /хх-н 21/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-24/ зэрэг болно.

         Б.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо  4 дүгээр хэсэг Хангамжийн  тоотод  буюу өөрийн гэртээ төрсөн эх Д.О агсам согтуу тавьсан үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд байнга харгис хэрцгий харьцаж  догшин авирлан, тарчлаасан гэмт хэрэг болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлуцүүлэгт өгсөн ...Би хааяа архи уудаг бөгөөд архи уугаад согтчихоороо ээж О маргалддаг юм. Би 2013-2017 онд БНСУ-д ажиллаж амьдарч байгаад ирсэн юм. Солонгос явахдаа эхнэр 2 хүүхдээ аав, ээжтэйгээ нэг хашаанд үлдээгээд явсан юм. Тэгээд Солонгосоос иртэл эхнэр хүүхэд маань надаас салаад явчихсан байсан. Эхнэр хүүхдээ яагаад салаад явчихсан талаар сураглахад ээж О эхнэр хүүхдийг маань гадуурхсаар байгаад явуулчихсан байсан. Тэгээд би архи уусан үедээ ээжид агсам тавиад байдаг юм гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.О  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би Мн хацар луу нэг удаа алгадаад авсан чинь чи муу пязда намайг цагдаад өгдөг хэн юм чи цагдаа дуудаад үзээрэй гээд байсан. Тэгэхээр нь би халуун дээрээ цагдаа дуудий гэсэн чинь миний өмсөж байсан дээлний захаас гараараа татаад хоолой боосон. Энэ үед миний хүзүүг урчихсан. Би олон жил энэ хүний дарамтанд байна гэсэн мэдүүлэг  /хх-н 10-12/, Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээний маягт: дунд зэрэг гарсан байна. / хх-н 5/ , Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай эхнэр яагаад наад хүн рүүгээ дайраад байгаа юм гэхэд М ээж рүүгээ дайраад заамдаж аваад янз бүрийн юм хэлээд загнаад байсан. Тэгээд ээжийгээ түлхээд унагаасан чинь манай эхнэр цагдаа дуудсан юм. М ээжийгээ янз бүрээр л хэлээд доромжлоод байсан түүнээс нэг их зодож цохиогүй. М архи уудаг гэхдээ эхнэр хүүхдээсээ салсанаас хойш бүр их уудаг болсон. Архи уухаараа ээж рүүгээ л дайраад байдаг юм юунаас болоод тэгдэгийг нь мэдэхгүй байна. 4 удаа баривчлагаанд явж байсан санагдаж байна гэсэн мэдүүлэг /хх-н 13/, Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... М босож ирээд утсаа хайгаад байсан. Тэгснээ намайг хэл амаар доромжлоод танай нөхөр манай гэрт байсан тэр л утас авсан гээд байсан. Тэгтэл О эгч намайг өмөөрөөд яахаараа эгчрүүгээ дайраад байдаг юм гэтэл М ээж рүүгээ дайраад хэл амаар доромжлоод байсан. Би гэрээс гараад явчихсан. М ээжийгээ хэлэх хэлэхгүйгээр хэлээд дайраад үлдсэн. Ер нь М архи уудаг уусан үедээ ээж рүүгээ л дайраад байдаг юм гэсэн мэдүүлэг . /хх-н 14-15/, Гэрч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... М эрхэлсэн тодорхой ажилгүй, байнга архи ууж гэр орондоо агсам согтуу тавьдаг. Ялангуяа ээж рүүгээ байнга дайрдаг. М 2018 оны 7 дугаар сард, 2019 оны 1 дүгээр сард шүүхээр баривчлуулж байсан. М нь манай хорооны архаг архичин, гэр бүл хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд авагдсан байдаг юм /хх-н 15/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

         Б.М холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-д заасан  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд байнга харгис хэрцгий харьцаж  догшин авирлан, тарчлаасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.          

          Б.М  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон,    Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Т овогт Б М  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд байнга харгис хэрцгий харьцаж  догшин авирлан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  зааснаар  Б.М 6 /зургаан/  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН