Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 01201

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 29 өдөр                         Дугаар 142/ШШ2016/01201                                    Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, 54 настай, эрэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Чулуутын 24 тоотод оршин суух, Барнууд овгийн Пүрэвжавын Болдбаатарын /регистрийн дугаар ЧС62072110/ хүсэлттэй Улаанбаатар хотын байшин үйлдвэрлэх комбинатад бетончиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч П.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Барнууд овогтой Пүрэвжавын Болдбаатар миний бие 1961 оны 8 сарын 22-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн ба одоо 54 настай хүн болно. Би 1984 оны 6 сарын 30-ны өдрөөс 1993 оны 2 сарын 15-ны өдөр хүртэл байшин үйлдвэрлэх комбинатад бетончиноор ажиллаж ирсэн. Миний хөдөлмөрийн дэвтэрт энэ талаар бичилт хийгдсэн боловч ажилд томилсон тушаал нь олдоод ажлаас чөлөөлсөн тушаал нь олдохгүй байна. Иймд миний ажилласан жилийг шүүхээр үнэн зөв тогтоож өгнө үү. Би 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 55 нас хүрч хөдөлмөрийн хортой ба хүнд нөхцлөөр тэтгэвэртээ гарах насны хязгаарт хүрч байгаа юм” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Болдбаатар нь 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатарын Байшин үйлдвэрийн комбинатад бетончиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1984 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “1984 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дотор хана хэвлэх цехэд бетончиноор авч ажиллуулав, 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтийн учир ажлаас чөлөөлөв” гэжээ.

2.Улаанбаатар хотын угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 124 дугаар ажилд авах тухай тушаалд “хугацаат цэргийн албанаас халагдаж ирсэн П.Болдбаатарыг бетончиноор авч ажиллуулсугай” гэжээ.

3.Гэрч О.Пүрэв-Очир шүүхэд мэдүүлэхдээ: “П.Болдбаатар бид 2 1984 онд хамт Байшин үйлдвэрлэх комбинатад бетончиноор ажилд орж байсан. Би 1990 оноос хойш өөр ажилд орсон. Болдбаатар үргэлжлүүлээд ажилласан” гэжээ.

4.Гэрч Д.Ганбаатар шүүхэд мэдүүлэхдээ: “Би 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр П.Болдбаатартай хамт Байшин үйлдвэрлэх комбинатад бетончиноор ажилд орж байсан. Бид 2 нэг бригадад байсан, манай бригадын даргыг М.Бямба гэдэг хүн байсан” гэв.

5.Улаанбаатар хотын угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 124 дугаар ажилд авах тухай тушаалд “цэргийн албанаас халагдаж ирсэн Д.Ганбаатарыг 3 дугаар зэргийн бетончиноор авч ажиллуулсугай” гэжээ.

Нэхэмжлэгч П.Болдбаатар нь 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын Байшин үйлдвэрийн комбинатад бетончиноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчид 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар хотын угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн байшин үйлдвэрлэх комбинатын даргын 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 124 дугаар ажилд авах тухай тушаал, гэрч О.Пүрэв-Очир, Д.Ганбаатар нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр О.Пүрэв-Очир, Д.Ганбаатар нарыг гэрчээр асуусан ба гэрч Д.Ганбаатар нь 1984-1990 он хүртэл П.Болдбаатартай хамт байшин үйлдвэрлэх комбинатад бетончиноор ажиллаж байсан нь тэднийг ажилд томилсон тухай тушаалаар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч П.Болдбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Барнууд овгийн Пүрэвжавын Болдбаатарыг 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатарын Байшин үйлдвэрийн комбинатад бетончиноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч П.Болдбаатараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА