Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 207/ма2016/00011

 

****************ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1002 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ****************,

Хариуцагч ****************өд холбогдох Зээл, алданги нийт 10,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ****************,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Бүрэнчимэг,

Хариуцагч: ****************,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл,

Нарийн бичгийн дарга: Ц.Батцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч **************** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **************** нь банканд мөнгө төлнө гээд надаас 7.200.000 /долоон сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10 хоногийн хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлж авсан. Би ноолуураа зарж, 10.000.000 гаруй төгрөгтэй байсан болохоор уг мөнгөнөөс зээлсэн. Гэвч түүнээс хойш **************** мөнгийг маань өгнө гэж удаа дараа худал хэлсээр өнөөдрийг хүрээд байна. Гэрээний хугацаа хэтрээд 1106 хоног болсон байх бөгөөд алдангийг тооцоолоход нийт үнийн дүнгийн 50 хувиас давсан тул 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийн алданги тооцож, нийт 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгийг ****************өөс нэхэмжилж байна. Би урд нь ямар нэгэн бичгийн гэрээ хийхгүйгээр мөнгө зээлдэг байсан бөгөөд тухай бүрд нь буцааж өгдөг байсан ч хамгийн сүүлд 2.500.000 төгрөг зээлж аваад түүний оронд УАЗ-469 машинаа тохиролцоод надад өгч байсан. **************** нь надаас зээлж авсан 7.200.000 төгрөгөөс 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 50.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 95.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 150.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 300.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус төлсөн. 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 160.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт дээрх гарын үсэг шинжээчийн дүгнэлтээр миний гарын үсэг болох нь тогтоогдсон учир уг мөнгийг өгсөн гэдгийг зөвшөөрч байна. Иймд **************** нийт 1.255.000 /нэг сая хоёр зуун тавин таван мянга/ төгрөгийг өгсөн байгаа тул 10.800.000 төгрөгөөс хасч тооцоод, одоо 9.545.000 /есөн сая таван зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж авна. Бусад өгсөн гээд байгаа мөнгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасах боломжгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг 10 хоногийн хугацаатай, хүүгүй байгуулсан байдаг. Зээлийн мөнгөн дүн 7.200.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан байгаа. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн эргэн төлөлт хийлгүй байсаар 2013 онд 50.000 төгрөг өгч, анх гэрээний үүргээ гүйцэтгэсэн байдаг. Тиймээс Иргэний хуульд заасныг баримтлаад 7.200.000 төгрөгийн 50 хувь 3.600.000 төгрөгийн алданги тооцоод нийт 10.800.000 төгрөг нэхэмжилсэн юм. **************** нь хугацаа хэтрүүлсэн хэдий ч 1.255.000 төгрөг төлсөн тул түүнийг хасаад үлдсэн 9.545.000 /есөн сая таван зуун дөчин таван мянга/ төгрөгийг нэхэмжилж байгаа. **************** гуайн авсан гэх мөнгөн дүн нь өмнөх шүүх хуралдааны тайлбартай таарч байгаа бөгөөд мөн **************** нь ****************өд олон удаа итгэж мөнгө өгсөн байсан учраас итгээд 7.200.000 төгрөг өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч **************** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2011 оны 4 дүгээр сард 1.460.000 төгрөг, 12 дугаар сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт 2.960.000 төгрөг зээлж аваад үүнээс 680.000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Тэгээд 2.280.000 /хоёр сая хоёр зуун наян мянга/ төгрөг үлдсэн. Тус мөнгөнд өдрийн 50.000 төгрөг авахаар хүү тооцож, нийт 7.200.000 төгрөг өгч авахаар тохиролцсон. Алданги тооцно гэж тохироогүй, гэрээн дээр нэмж бичсэн байна. **************** надад шахалт үзүүлж, уурлаж байгаад эхнэрийнхээ хамт манайд ирж, 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 7.200.000 төгрөгийг 10 хоногийн дотор өгөхөөр гэрээ байгуулж нотариатаар батлуулсан юм. Би ****************аас бэлэн 7.200.000 төгрөг тоолж аваагүй байтал одоо болохоор уг мөнгийг бэлэн авсан, ганцаараа манайд ирсэн гэж байгаад гайхаж байна. Би **************** ахад гэрээ байгуулснаас буюу 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нийт 6.739.600 төгрөгийн бараа, бэлэн мөнгө өгсөн. Үүнд: 1. 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1.734.600 төгрөгийн барааг **************** өөрийн эхнэр ****************ын хамт манай эхнэр бид хоёроос ирээд гарын үсэг зураад аваад явсан, 2. 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийг Могойн гол гэх газар ажиллаж байхдаа өөрийн эцэг Майбаяраар өгч явуулсан, 3. 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 50.000 төгрөг, 2 дугаар сарын 20-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус ****************ын гэрт нь аваачиж өгсөн, 4. 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр би **************** банкаас 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл авч, үүнээс 3.000.000 /гурван сая/ төгрөгийг банкны үүдэн дээр хүлээж байхад нь ****************т өгсөн5. 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөгийг ****************ын төрсөн дүү ****************ын данс руу хийсэн, 6. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 95.000 төгрөг **************** гэх хүний данс руу хийсэн, 7. 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 150.000 төгрөг ****************ын хүү Ариунболдын данс руу хийсэн, 8. 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 300.000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус бэлнээр ээж ****************аар өгүүлсэн9. 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 160.000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн. Одоо үлдэгдэл 460.400 төгрөг үлдсэн боловч уг мөнгийг өгөхгүй, би үндсэн зээлж авсан нийт 2.960.000 төгрөгийг 13.239.000 төгрөг болгон өсгөөд төлж дуусгасан байгаа. **************** нь надаас зээлийн төлбөрт өгсөн мөнгөний заримыг нь аваагүй гэж байгаад үнэхээр гайхаж байна. Бараа авсан баримт дээрх гарын үсгийн шинжилгээ буруу гарсан байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. **************** **************** нь хамгийн сүүлд 2 удаа зээл авсан байдаг бөгөөд үлдэгдэл зээл 2.280.000 төгрөгөнд хоногт 50.000 төгрөгийн хүү тооцож, 7.200.000 төгрөг өгч авахаар зээлийн гэрээг хийсвэрээр байгуулж нотариатаар батлуулсан, уг мөнгийг бэлнээр өгөөгүй, мөн хоёр өөр бичилтээр гэрээний нөхцөл бичигдсэн, гэрээ дуусах хугацаа засвартай байдаг. Түүнчлэн тийм их хэмжээний мөнгө зээлсэн гэхэд 10 хоногийн дотор өгөхөөр тохиролцсон гэдэг нь эргэлзээтэй байна. **************** нь ****************т гэрээ хийхээс өмнө бэлэн мөнгө, машин оролцуулан нийт 6.500.000 төгрөг, гэрээ байгуулснаас хойш бараа, бэлэн мөнгө оролцуулан нийт 6.739.600 төгрөг, бүгд 13.239.600 төгрөг өгсөн болох нь хэргийн материалд цугларсан баримтаас харагдаж байна. **************** түүний эхнэрийн гарын үсгэнд шинжилгээ хийлгүүлсэн боловч шинжээч нь эргэлзээтэй дүгнэлт гаргасан байгаа. **************** нь ****************ийг мөнгө зээлдэг байдлыг далимдуулан хувийн ашиг хонжоо олох зорилгоор хуурч мэхэлж гэрээ хэлцэл хийсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1002 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч ****************өөс зээлийн үлдэгдэл 4.210.400 /дөрвөн сая хоёр зуун арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****************т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.334.600 /таван сая гурван зуун гучин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82.316 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч **************** давж заалдах гомдолдоо: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1002 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Би бичгээр хийсэн зээлийн гэрээний төлбөр болон хугацаа хэтрүүлсэн үүргийн гүйцэтгэлд нийт 9,545,000 төгрөгийг гаргуулахаар ****************өд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч, зээлдүүлэгч хоёулаа байж байгаад зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан бөгөөд хариуцагч **************** Хэрвээ би хугацаандаа буцаан төлж чадахгүй бол хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож төлнө гэж хэлсний үндсэн дээр нотариатчаар гэрээнд энэ заалтыг нэмж бичүүлсэн. Гэтэл хурал дээр Би алданги төлөхөөр огт тохиролцоогүй гэж хариуцагч худал гүтгэхэд биднийг дээрх тохиролцоог хийгээгүй болох талаар холбогдох баримт хэрэгт байхгүй байхад шүүх уг зээлийн гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй, улмаар бичгээр гэрээ хийсэн гэж үзээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2 .2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бараа хүлээлгэн өгсөн гэх баримтан дээрх гарын үсэг нь эхнэр бид хоёрын гарын үсэг биш болох талаар маргасан бөгөөд хариуцагчийн удаа дараагийн хүсэлтээр гарын үсгийн шинжилгээ хийгдэж, тухайн баримтад зурагдсан гарын үсэг нь ****************, Батбаяр нарын гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл эхнэр бид хоёрын гарын үсэг мөн гэдгийг нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх баримт мөн л хэрэгт авагдаагүй байхад намайг хариуцагчаас 1,734,600 төгрөгийн барааг хүлээн авсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, хууль ёсны байж чадаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь 5,334,600 төгрөгийн шаардлагыг хангуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэгч **************** нь хариуцагч М.Батмөнхөд холбогдуулан 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 9.545.000 төгрөг болгон багасгажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл тухайн маргааны зүйл болох зохигчдын хооронд 2012 оны 5 дугаар сарын 10 нд байгуулагдсан гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт ... **************** гуайн хувьд ****************ийн мөнгө зээлдэг байдлыг далимдуулан хуурч мэхэлж гэрээ хэлцлийг хийсэн гэж үзэж байна. Хувийн ашиг хонжоо олох зорилгоор хийсэн гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн байхад шүүх хүсэлтийг нь шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хүсэлт эсвэл сөрөг нэхэмжлэл-ийн аль нь болохыг нарийвчлан тодруулж шүүх хүлээн авах эсэхийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 105 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /х.х-ийн 39,108/

Ийнхүү хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шүүхийн ажиллагааг үндэслэж гарсан шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул зохигчдын хооронд үүссэн маргааны талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах талаар гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нэхэмжлэгч ****************ын давж заалдсан гомдлын хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч ****************ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ

М.ХҮРЭЛБААТАР