| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2019/0059/э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2019-06-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 58
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Н.Мөнхбат,
Шүүгдэгч Ж.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө овогт Ж-н Б-д холбогдох 1916000000068 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 сарын 01-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн .... жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Г оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д00000 регистрийн дугаартай, Ө овогт Ж-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах Нарлаг худалдааны төвийн хажууд иргэн Б.О-н гээсэн Самсунг Галакси А6 маркын гар утсыг олж авч, хувьдаа завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... Би 2019 оны 03 сарын сүүлчээр Самсунг Галакси А6 нэртэй гар утас олсон юм. Тэр үед утас нь кодтой байсан учраас эзнийг нь олж өгөх ямар нэг боломж байгаагүй. Кодыг нь тайлуулахад ямар ч зураг утасны дугаар зэрэг нь байхгүй байсан учраас өөрийнхөө дугаарыг хийгээд барьж байсан юм. Нэг өдөр цагдаагийн газраас намайг дуудаж энэ хэрэг шалгагдсан ...” гэх мэдүүлэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б-ийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Говь-Алтай аймаг дахь Мобиком салбараас 2018 оны 12 дугаар сарын 03-нд Самсунг Галакси А6 маркын гар утсыг 839.000 төгрөгөөр худалдан авсан юм. Манай охин О гар утсыг барьж байгаад 2019 оны 03 сарын 28-ны өдөр 16 цагийн үед манай охин ангийн хүүхдийнхээ утсаар надруу залгаж утсаа гээчихлээ гэж хэлсэн... Шаргал өнгийн Самсунг Галакси А6 маркын гар утасны зүүн дээд талд бага зэргийн цуурсан байсан... Түгжээтэй тоон кодтой, ардаа гарын хурууны хээ уншиж түгжээ нь гардаг байсан...” гэх мэдүүлэг /хх 09-11-рт/,
Хохирогч Т.Б-н гэрчээр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Говь-алтай аймгийн Мобикомын салбараас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр Баянцогт өөрийн нэр дээр 839.000 төгрөгний үнэтэй Самсунг Галакси А6 маркын гар утсыг 1 жилийн хугацаатайгаар лизингээр авсан. Тэгээд манай охин О барьж байгаад 2019 оны 03 сарын 28-ны өдөр 16 цаг өнгөрч байхад надруу залгаад ээж би утсаа гээчихлээ гэж хэлсэн ...Нарлаг худалпааны төв орчихоод 19 дүгээр байрны дээгүүр явж байгаад гээсэн, ангийнхаа 2 хүүхэдтэй явж байсан тухай ярьсан...” гэх мэдүүлэг/хх 13-рт/,
Насанд хүрээгүй гэрч Б.О-ын мэдүүлсэн: “...Миний барьж байсан утсыг 2018 оны 12 сард манай аав надад авч өгсөн. Аймгийн спорт цогцолбор дээр воллейболын тэмцээн үзчихээд Нарлаг худалдааны төв орчихоод, 19 дүгээр байрны хойгуур гараад Нарлаг дэлгүүрийн хажууд байрлах 5 давхар барилгын хажуугаар гараад Эрчим орох гэж явж байхдаа утсаа хаяснаа мэдсэн. Эргээд өөрийнхөө явсан замаар явж хайсан боловч байгаагүй...тоон кодтой ардаа хурууны хээ уншиж түгжээ нь гардаг байсан...” гэх мэдүүлэг/хх 12-рт/,
Гэрч Н.А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оноос хойш гар утаснууд нь гараар тайлагдахаа больсон, тусгай программ уншуулж тайлагддаг учраас би тайлж чадахгүй юм байна гэж хэлээд явуулсан ...” гэх мэдүүлэг/хх 18-рт/,
Ж.Б мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...2019 оны 03 сард Нарлаг худалдааны төвийн хажууд байх хоёр таван давхар байрны хажууд байрлах цэвэр усны худагны хажуу талаас шаргал өнгийн А6 маркын гар утас олсон...2019 оны 04 сарын 25-нд Улаанбаатар хотод ажлаар явж байх үедээ кодыг гаргуулсан. Тэгээд өөрийнхөө симийг хийж үзсэн...” гэх мэдүүлэг /хх 31-32-рт/, Юнител ХХК-ны албан бичиг /хх 02-рт/, Гар утасны зээлийн гэрээ /хх 3-рт/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэг хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Б нь Б.О-ы гээсэн Самсунг Галакси А6 маркын гар утсыг олж авч, хувьдаа завшсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б-ийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.О-ы мэдүүлэг, шүүгдэгч Ж.Б-ны мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Н.А-ын мэдүүлэг, гар утасны зээлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Юнител ХХК-ны албан бичиг /хх 02-рт/, гар утасны зээлийн гэрээ /хх 3-рт/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-рт/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5-рт/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22-24-рт/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Б-н мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулж байна гэв.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Ж.Б-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Б нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Ж.Б-г гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б-ны хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Ж.Б нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурор 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч Ж.Б-ыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Ж.Б нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан/хх 74-рт/ байх бөгөөд шүүгдэгч Ж.Б нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлтийг гаргаагүй тул улсын яллагчийн шүүхэд гаргасан дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хэрэг тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Ж-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА