Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 013/2017/01339/и |
Дугаар | 001/ХТ2017/01339 |
Огноо | 2017-11-03 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2017/01339
Ш.Кын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2017/00075 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Ш.К
Хариуцагч: БАБСХЦ
11.418.054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлгч Я.С хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.А, нарийн бичгийн даргад Т.Өлзийтүвшин нар оролцов.
Ш.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1979 онд Цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж ирээд Аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1979 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 184 дүгээр тушаалаар Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар томилогдон ажиллаж ирсэн. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.Айгүл нь 2015-12-16-ны өдөр А/30-р тушаалаар надад ээлжийн амралт олгох тухай, Б/32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргасан. Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Шүүхийн 2016-03-02-ны өдрийн 143-р шийдвэрээр миний нэхэмжлэлийг хангаж Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэр давах болон хяналтын журмаар хянагдаж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Миний нэхэмжлэл хянагдах явцад Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч И.Айгүл Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/576 дугаар захирамжаар ажлаасаа халагдсан. Би Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны Б/577 дугаар захирамжаар Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Тэгээд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх гэхээр өөрөө нэхэмжлэгч, хариуцагч болж ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх боломжгүй болсон. 2016-12-23-ны өдөр өөрийн хүсэлтээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас татгалзаж чөлөөлөгдсөн. Ингээд 2016-01-01-ний өдрөөс 2016-10- 10-ны өдөр хүртэл 211 ажлын өдөр ажилгүй байж, хохирсон юм. Би ажлаасаа халагдахаасаа өмнөх сүүлийн 3 сард 2015 оны 10 дугаар сард 760.571 төгрөг, 11 дүгээр сард 910.957 төгрөг, 12 дугаар сард 1.900.000 төгрөг, бүгд 3.571.528 төгрөг цалинд авсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005-05- 05-ны өдрийн 55-р тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-гийн а-д зааснаар миний нэг өдрийн дундаж хөлс 54.114 төгрөг болж байгаа. Ажилгүй байсан 211 өдрөөр тооцвол 11.418.054 төгрөг болж байгаа тул уг мөнгийг Баяннуур сумын хүүхдийн цэцэрлэгийн санхүүгээс гаргуулж өгөн үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ш.К нэхэмжлэлд албан тоотоор хандах, бүрэн эрхтэй хуулийн этгээд биш гэдгээ дараах байдлаар мэдэгдэж байна. Миний бие К.С нь аймгийн Засаг Даргын 2016 оны Б/726 дугаар захирамжаар цэцэрлэгийн эрхлэгчийг түр гүйцэтгэж байгаа. Ажил хүлээлцэх комисс надад хэлэхдээ “...та ямар нэгэн тушаал, шийдвэр гаргах, бүрэн эрх танд байхгүй, зөвхөн цэцэрлэгийн өдөр тутмын дотоод үйл ажиллагааг цалгардуулалгүй хэвийн явуулахад хяналт тавьж, анхаарч ажиллана... танд тамга тэмдэг өгөхгүй, цэцэрлэгийн тамга нь сумын Тамгын газарт байна, зайлшгүй хэрэгцээ гарсан үед тамгын газар дээр ирж баримт бичгээ үзүүлэн даруулж байх болно...” гэж хэлсэн. Ажил хүлээлцэх үед Ш.К өөрийн биеэр байлцаж энэ бүхнийг сонсож мэдэж байсан. Иймд би шийдвэр гаргах эрхгүй Нэхэмжлэгч нь өөрийг нь ажлаас халах тушаал үйлдсэн хүнээс уг нэхэмжлэлээ шаардах ёстой. Би тухайн цэцэрлэгийн 31 ажилтны 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөтэй холбоотой шийдвэр гаргах эрхгүй. Энэ нэхэмжлэлийг хариуцах этгээд нь би биш гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан БАБСХЦийн санхүүгээс 7.203.953 төгрөг гаргуулж Ш.К олгож, 4.214.101 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197.640 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 130.213 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон байна.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2017/00075 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч цэцэрлэгийн эрхлэгч байхдаа нэхэмжлэл гаргаагүй явдал, тухайн үед цалин хөлс “нэхэмжлэхгүй” гэсэн үүднээс “эрхлэгчээр томилсон” болохыг нотолж байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн буруу тодорхойлсон явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т заасныг ноцтой зөрчсөн. Ш.К 2016-12-22 -ны өдөр “Өөрөө цэцэрлэгчийн эрхлэгчээр 4 сар түр ажиллуулж өндөр насны тэтгэвэрт гаргаж 36 сарын тэтгэмжийг бүрэн олговол өөр гомдолгүй” гэж аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан ба нэхэмжлэгчид Ш.Кт 36 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний ногдох 21.009.800 төгрөгийн тэтгэмжийг 2016-12-23-нд өгсөн. Ингэж Ш.К тухайн үед бичгээр тохиролцож, төрөөс 36 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг бүрэн авсан.Одоо улсын төсвөөс дахин 11.418.025 төгрөг нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч хяналтын гомдолд өгсөн хариу тайлбарт: Ш.К ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан. Шийдвэрийг хяналтын шатны шүүх хянах явцад Засаг дарга 2016-10-10-ны өдөр тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд Ш.Ктүр томилсон. Дээд шүүхийн 001/ХТ2016/001119 дүгээр тогтоолыг 2016-11-28-ны өдөр гардан авсан. Ш.Ктогтоолыг гардан авсан даруй зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн ч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2016-12- 09-ний өдрийн 2778-р захирамж гарсан. Ш.К эрхлэгчээр 4 сар ажилласан, эрхлэгчийн ажлыг түр гүйцэтгэж байхад нэхэмжлэл гаргаагүй мэт гомдол гаргасан байна. Ш.К нь 2016-10- 10-ны өдрөөс 2016-12-22-ны өдөр хүртэл 2 сар 10 хоног эрхлэгчийн ажлыг түр гүйцэтгэсэн. Хөгжмийн багшийн цалин хөлсөө авахын тулд нэхэмжлэл гаргаж байсан нь шүүхийн 2016 оны 2778-р захирамжаар нотлогдож байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг авахын тулд хүсэлт гаргаж 2016-12- 23-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн түр ажлаас чөлөөлөгдсөн.Үүний дараа ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11.418.054 төгрөгийг дахин нэхэмжлэхэд шүүхээс хуулийн дагуу 7.203.953 төгрөг гаргуулахаар хангасан. 36 сарын тэтгэмжийг 2016.12.23-ны өдөр бүрэн авсан гэдэг нь худал юм. Энэ нь Ш.Кийн маргаантай хамааралгүй бөгөөд уг асуудал Боловсролын тухай хуулийн дагуу багш нарт олгогддог тусгай зүйл байна. Ш.К нь аймгийн Засаг даргад амаар болон бичгээр тохиролцсон зүйл огт байхгүй. Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч байгаагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Ш.К 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд Б холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ажилгүй байсан хугацааны олговорт 11.418.054 төгрөг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас тооцож гаргасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч нь Б 2015 оны б/32 тушаалаар хөгжмийн багшийн ажлаас халагдсан бөгөөд үүнийг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 143 дугаар шийдвэр гарч, Ш.Кийг Б багшийн ажилд эгүүлэн тогтоосон байна.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 143 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон ч Ш.К нь хөгжмийн багшийн ажилд томилогдож ажилаагүй, харин 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг түр гүйцэтгэхээр болсон талаар зохигчид маргаагүй.
Шүүх Ш.К ажлаас халагдсан өдрөөс хойш шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож гаргуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажлаасаа халагдсанаас хойш Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авч байгаагаагүй талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд тайлбарласан болно.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2017/00075 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ