Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Б.Энхбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Нямцэцэг,

ялтан Б.Энхбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Г.Буяннэмэх, шүүгч С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Энхбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Энхбатад холбогдох 201625031777 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бичээч овогт Батмөнхийн Энхбат, 1978 оны 7 дугаар сарын 31-нд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустай ЗМЗ гудамжны 5 тоотод оршин суух бүртгэлтэй,

1. 1997 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгийн торгох ялаар,

2. 1998 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

3. 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жил 6 сарын ялыг нэмж 3 жил 6 сарын хорих ялаар тогтоож, 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлэгдсэн,

4. 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

5. 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

6. 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,

7. 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

8. 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 8 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн, /РД: ШЗ78073115/;

 

Б.Энхбат нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр суллагдаж ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 253 тоотод оршин суух Б.Дэлгэрмөрөнгийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж “Самсунг” загварын 32 инчийн хар өнгөтэй зурагт 1 ширхэг, “нэкст” загварын хар өнгийн, ногоон хайрцагтай ДВД тоглуулагч 1 ширхэг, “Самсунг МЛ-2160” загварын цагаан өнгийн принтер 1 ширхэг, чирэх зориулалттай дугуйтай цүнх 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун цүнх 1 ширхэг, шар өнгийн арьсан гутал 1 ширхэг, эмэгтэй хүний куртик 1 ширхэг, савхин материалтай эрэгтэй хүний богино куртик 1 ширхэгийг хулгайлж нийт 765,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж 2007 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусаж суллагдсанаас хойш 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт, 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт ял шийтгүүлж буюу 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт ял шийтгэгдсэнээс хойш ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр дахин үйлдэж ялгүй болох хугацаа тасарч ялтай байх хугацаандаа буюу давтан үйлдлээр 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Энхбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бичээч овгийн Батмөнхийн Энхбатыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Энхбатыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Энхбатад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Энхбатын цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Энхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2004 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан. Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгийг яллах талыг баримтлан 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг болгон хүндрүүлж байгаад гомдолтой байна. 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд хөдөө ажил хийж байсан. Энэ хугацааг мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлсан гэж Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Намайг цагдан хоригдсоноос хойш эцэг, эх нарыг маань батлан даалтад авсан хүнээ дуудсан цагт ирүүлээгүй шалтгаанаар 540,000 төгрөгөөр торгосон байдаг. Энэ торгуулийн талаарх баримт хэргийн материал авагдаагүй байна. Прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд ямар шалтгаанаар хүндрүүлж байгаа нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж байгааг үнэн зөвөөр шийдвэрлэж Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэв.

 

Ялтан Б.Энхбатын өмгөөлөгч Н.Цэцэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Энхбатад анхан шатны шүүхээс ял оноосон хэргийн зүйлчлэл, оногдуулсан ялыг хууль хэрэглээний хувьд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй боловч Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хир хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг шүүх ял оногдуулахдаа анхаарч үзээгүйгээс оногдуулсан ял нь Б.Энхбатын үйлдсэн хэрэгт тохироогүй, илт хүндэдлээ гэж үзэж байна.

Б.Энхбатыг давтан үйлдлээр мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт гэм буруутай тооцсон тухайд, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн хэргийг тэрээр 2003 онд үйлдэж 2004 онд ял шийтгүүлсэн байдаг. Үүнээс хойш 3 удаа хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдахдаа мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатнаас оргосон зайлсхийсэн гэмт хэргийг үйлдээгүй 13 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хэдийгээр хулгайн гэмт хэрэг үйлдэж ялгүй болох хугацаа 3 удаа тасарч, шинээр тоологдсоноос одоогийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхээс ял оноосон нь хуульд нийцсэн боловч “Б.Энхбатад уг зүйл хэсгээр ял оноохдоо Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн хүсэлтэд шүүх дүгнэлт хийхгүй орхисонд гомдолтой байна. Шүүгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж танилцуулахдаа Б.Энхбатын хувийн байдлын хувьд хуулийн энэхүү заалтыг журамлах боломжгүй байна гэж тайлбарласан боловч энэ дүгнэлт нь шийтгэх тогтоолд тусгагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Энхбат 13 жилийн дараа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, өндөр настай эцэг, эх хоёрын хамт амьдардаг, эцэг, эх хоёр нь эрүүл мэнд муу, өндөр настайн учир 5 жилийн ялыг эдлээд гарахыг нь хүлээж чадахгүй хэмжээнд байгаа, Б.Энхбатын мөрдөн байцаалтаас зайлсхийсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, бусдад учруулсан хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Прокурор П.Нямцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн зүйлчлэл тохирсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан. Дахин хулгайн гэмт хэрэг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дуусаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд” гэж заасан. Б.Энхбат нь удаа дараа нэг төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Б.Энхбатад холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Б.Энхбат нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ялтай байдалтай байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоотын 1 дүгээр гудамжны 253 тоотод оршин суух Б.Дэлгэрмөрөнгийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж “Самсунг” загварын 32 инчийн хар өнгөтэй зурагт 1 ширхэг, “нэкст” загварын хар өнгийн, ногоон хайрцагтай ДВД тоглуулагч 1 ширхэг, “Самсунг МЛ-2160” загварын цагаан өнгийн принтер 1 ширхэг, чирэх зориулалттай дугуйтай цүнх 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун цүнх 1 ширхэг, шар өнгийн арьсан гутал 1 ширхэг, эмэгтэй хүний хүрэм 1 ширхэг, савхин материалтай эрэгтэй хүний богино куртик 1 ширхэгийг хулгайлж нийт 765,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Дэлгэрмөрөнгийн “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 06 цаг 50 минутад гэрээ цоожлоод гэр бүлийнхэнтэйгээ гарсан. Өдөр ажлаа хийж байгаад орой 18 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай байшингийн гадаа цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд байшингийнхаа гадаа ирэхэд хаалга нь онгорхой, далд цоожтой байсан учир хаалганы модыг нь сэт татаад онгойлгочихсон цонх онгорхой байсан. Гэртээ ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд нэг давхарт байсан 32 инчийн ЛСД зурагт, хоёр давхраас ДВД тоглуулагч, принтер, хүүхдийн хувцас алдагдсан байсан. Манай гэрээс алдагдсан зурагт нь 32 инчийн дэлгэцтэй, самсунг нэртэй ЛСД зурагт байсан. 2011 онд “Нэкст” төвөөс 750,000 төгрөгөөр авч байсан. ДВД тоглуулагч нь “Нэкст” нэртэй 2016 онд авч байсан, шинээрээ байгаа, хар өнгөтэй, 100,000 төгрөгөөр авч байсан. Принтер нь цагаан өнгийн “Самсунг МЛ-2160” гэсэн нэртэй байсан. 2015 оны 9 дүгээр сард “Пи Си молл” дэлгүүрээс 200,000 төгрөгөөр авч байсан, хар өнгөтэй, хэрэглээгүй шинээрээ байсан. Цэнхэр өнгийн даавуун үүргэвч, ногоон өнгийн даавуун гадаргуутай, чирдэг дугуйтай, 8 настай хүүхдийн өвлийн хүрэм, эрэгтэй хүний савхин хүрэм, эмэгтэй хүний шар өнгийн арьсан гутал алдагдсан. Алдагдсан эд зүйлээ буцаагаад авчихсан. Хаалганы модоо өөрөө хадаад янзалчихсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 19-20 тал/,

гэрч Л.Түвшинжаргалын “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би жижүүрийн төлөөлөгчөөр ажиллаж байсан энэ хугацаанд биеийн байцаалтаа хэлэхээс татгалзсан эрэгтэй ирээд Дэнжийн 1000 орчимд хулгай хийсэн байж болзошгүй хүн байна. Миний таксигаар үйлчлүүлээд буулаа гэж хэлсэн. Тухайн хулгай хийсэн хүн нь Дэнжийн 1000 захын комиссын бараа руу орсон гэсэн мэдээлэл өгсний дагуу тухайн чиглэлийн эргүүлийн машинтай очих үед Батмөнхийн Энхбат гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн комиссын бараа худалдаалдаг Амаржаргал гэдэг эмэгтэйд зурагт зарах гээд байж байсан. Энхбатыг шалгахаар саатуулж цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Энхбат нь ЛСД зурагт, принтер, ДВД тоглуулагч, хувцас гутал зэрэг эд зүйл авч явж байсан...” /хх-ийн 154 тал/,

Б.Энхбатын яллагдагчаар өгсөн мэдүүлэг “...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр цагийг нь тодорхой санахгүй байна. Ар согоотод найз Баярмаагийн гэрт очсон юм. Тэгээд Баярмаагийнд оччихоод Баярмаа болон түүний аав, найз Батмөнх нарын хамтаар 2 литрийн пиво хоёр ширхэгийг хувааж уусан. Тэгээд тэдний гэрээс гараад явж байгаад урд /хойд/ талд нь байдаг гурвалжин дээвэртэй байшингийн гадаа очоод хаалгыг хүчтэй татсан чинь цоож нь сэтрээд онгойсон. Ороод зурагт, ДВД тоглуулагч, принтер, 2 ширхэг цүнх, хүрэм, гутал зэргийг авсан. Тухайн үед нь байшин дотор эд зүйлээ үлдээчихээд зам руу яваад такси барьсан. Такситай буцаж ирээд эд зүйлсээ аваад явсан. Тэгээд дэнжийн 1000 зах руу очоод комиссын бараа зардаг хүнд зурагтаа зарах гэж байхад Чингэлтэй дүүргийн эрүүгийн төлөөлөгчид баригдсан. Тухайн үед пиво уусан нилээд согтолттой байсан учир мөнгө олох гэж тэр айлаас хулгай хийсэн. Тухайн айл руу нэвтрэхдээ ямар нэгэн багаж ашиглаагүй, гараараа хаалганы цоожийг сэтэлж татаад орсон юм. ...Цагдаагийн байгууллагаас дуудсан цагт очоогүй учир би хэрэг хаагдчих болов уу гэж бодоод явсан юм. Миний араас айхтар хөөцөлдөхгүй байх гэж бодсон. Би одоо шоронд орно гэхээс залхаж байна. Шүүх, шорон гэхээр очмооргүй байсан юм...” /хх-ийн 152 тал/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Эд зүйлийг хохирогч Б.Дэлгэрмөрөнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 тал/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21 тал/ зэргээр,

 

Б.Энхбат нь 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр шийтгэгдсэн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийнх нь ялтай байдалтай байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь:

гэрч Д.Батмөнхийн “...Миний батлан дааж авсан хүү Энхбат 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй болчихоод байна. Ер нь манай гэрт байдаггүй юм. Танайд хонохгүй гээд гадуур гараад явчихдаг. Урьд өмнө гэрээсээ олон хоногоор явчихдаг байсан. Найз нөхдийнхөөрөө байна, ажил хийж байна гээд л явж байдаг юм. Гэрээсээ гарахдаа цагдаа дээр очлоо гээд л гарсан. Түүнээс хойш холбоо бариагүй...” /хх-ийн 22 тал/,

2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Энхбатыг Д.Батмөнх, Д.Эрдэнэ нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-ийн 27 тал/,

Б.Энхбатыг эрэн сурвалжилж, олох талаар Эрүүгийн цагдаагийн тасагт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 202 дугаар мөрдөн байцаагчийн даалгавар /хх-ийн 16 тал/.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 101 тал/,

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 134 тал/,

Эрэн сурвалжлалт зарласан баримт /хх-ийн 91-95 тал/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь заалтад “...хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй ...тохиолдолд ялгүй болно...” гэж заажээ. 

 

Б.Энхбатын 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр суллагдаж уг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийнхээ ялтай байдлыг дуусаагүй байхад 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 253 тоотод оршин суух Б.Дэлгэрмөрөнгийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж “Самсунг” загварын 32 инчийн хар өнгөтэй зурагт 1 ширхэг, “нэкст” загварын хар өнгийн, ногоон хайрцагтай ДВД тоглуулагч 1 ширхэг, “Самсунг МЛ-2160” загварын цагаан өнгийн принтер 1 ширхэг, чирэх зориулалттай дугуйтай цүнх 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун цүнх 1 ширхэг, шар өнгийн арьсан гутал 1 ширхэг, эмэгтэй хүний куртик 1 ширхэг, савхин материалтай эрэгтэй хүний богино куртик 1 ширхэгийг хулгайлж нийт 765,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг ... давтан ...орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулжээ.

 

Мөн түүний 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр шийтгэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдэж, 2007 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан “Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох” гэмт хэргийнх нь ялтай байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.5 дахь хэсэгт “...Ялаа эдэлж дууссан этгээд ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл ялгүй болох хугацаа тасрах бөгөөд сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа түрүүчийн гэмт хэрэгт ялгүй болох хугацааг хамтатган эхэлж тоолно...” гэж зааснаар 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт, 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт ял шийтгүүлснээр тасарч, уг хэргийнх нь ялтай байдал 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр /хх-ийн 57-58 тал/ -өөс эхэлж тоологджээ. Гэтэл Б.Энхбат 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан “...таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ...сэжигтэн, яллагдагч ...прокурорын хяналт, ...мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн хэргийг ...давтан үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзнэ. Иймд ялтан Б.Энхбатын гаргасан “...Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж байгааг үнэн зөвөөр шийдвэрлэж Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах” заалтыг “...гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд...”-д хэрэглэж болохоор хуульд заасан учир ялтай байдал нь дуусаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн Б.Энхбатад уг заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд түүний өмгөөлөгчийн гаргасан “...Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Анхан шатны шүүх Б.Энхбатын үйлдсэн гэмт хэргүүдийг зөв зүйлчилсэн, түүнд оногдуулсан хорих ялын хэмжээ, ял эдлүүлэх дэглэм зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, “...8 удаа нэг төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн атлаа засарч хүмүүжихгүй байгаа...” хувийн байдалд бүрэн тохирсон байх ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Энхбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Л.ДАВААСҮРЭН

 

                       ШҮҮГЧИД                                                         Д.ГАНСҮХ

 

                                                                                                   Д.ОЧМАНДАХ