Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 36

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч:Ц.Э

Хариуцагч: Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад холбогдох,

       Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн Б/06, Б/07 дугаартай захирамжуудыг хүчингүйд тооцож, Ц.Эийг Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б, гуравдагч этгээд Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014 онд ангаах ухааны Ач их сургуулийг төгсөөд 2015 онд Зүүнхангай суманд хүүхдийн их эмчээр ажиллаж байгаад 2015 оны 11 дугаар сарын 23-нд Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтанд орж тэнцэн 2016 оны 02 сарын 15-нд тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхэлэгч эмчээр томилогдон ажиллсан. Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхэлэгч эмчээр өмнө нь ажиллаж байсан Л.М нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж ажлаасаа чөлөөлөгдсөн байсан бөгөөд 2016 оны 09 сарын үед аймгийн Эрүүл мэндийн газрын Удирдлага, санхүү, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллах болсон. Л.Мт холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон тул шүүхэд хандан Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн 101 тоот шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилуулах болжээ. Шүүхийн шийдвэрийг үндэслэн намайг ажлаас чөлөөлж Л.Мыг Эрүүл мэндийн төвийн эрхэлэгчээр томилсон захирамжийг 2017 оны 02 дугаар сарын 21-нд сумын Засаг дарга гаргасан. Миний бие энэхүү шийдвэрийг хүндэтгэн ажлаа өгсөн. Энэ үед Л.М нь аймаг дахь ажлаасаа гараад сумандаа ирж байна гэж байсан гэтэл Л.Мнь өөрийн үндсэн ажилаасаа гаралгүй 3 хоногийн чөлөө авч сумандаа цагаан сараар ирэхдээ Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхэлэгчийн ажилд давхар орж энэ 2 ажпыг ажлын 6 хоног давхардуулан хийж 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хүсэлтээр Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхэлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн байна. Төрийн алба хаагч нь өөр аймаг суманд ажил давхардуулан хийх боломжгүй. Л.Мыг аймагт Эрүүл мэндийн газарт ажиллаж байгааг сумын Засаг дарга сайн мэдэх байтал санаатайгаар хамтран хууль бус үйлдэл хийж намайг ажилгүй болголоо, намайг ажлаас халах үед суманд надаас өөр эмч байхгүй байхад намайг урьд эрхэлж байсан хүүхдийн эмчийн ажилд томилохгүй ямар чажил өгөөгүй нь санаатайгаар намайг чадах гэсэн үйлдэл гэж харж байна. Мөн намайг ажлаас чөлөөлөх тухай өмнө нь огт мэдэгдээгүй бөгөөд гэнэт ажлаас чөлөөлсөн ямар нэг нөхцөл байдал судалсан, сонсох ажиллагаа хийсэн зүйл байхгүй.

 Би ажлаас чөлөөлөгдсөний дараа Эрүүл мэндийн газрын даргатай уулзах гээд очиход байхгүй байсан. Тэгэхээр нь нарийн бичигт нь өөрийгөө ирээд явлаа шүү гээд хэлээрэй гэж хэлсэн. Маргааш нь дахиад уулзах гэж утсаар ярихад буцаад холбогдоно гэдэг хариу өгсөн боловч дахиж холбогдоогүй.Би ажлын байран дээр ямар нэгэн алдаа гаргаж байгаагүй. Намайг ямар ч шалтгаангүйгээр шүүхийн шийдвэрээр ажлаас халсан. Мөн надаас тамга булааж аваад ёс зүйгүй харьцсанд маш их гомдолтой байгаа.

Иймд Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Б/06, Б/07 дугаар захирамжуудыг хүчингүйд тооцож намайг Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхэлэгчийн ажилд буцаан томилуулах шийдвэр гаргаж өгнө үү”  гэв.

         Хариуцагч Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 01 сарын 25-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Эрүүл мэндийн төвийн даргаар 1996-2013 он хүртэл ажиллаж байсан Л.Мыг Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан.2017 оны 02 сарын 21-нд Л.М эмч ирээд Шүүхийн шийдвэрээр ажилдаа орох хүсэлт тавьсан учраас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж Б/07 тоот захирамжаар Эрүүл мэндийн төвийн даргын ажилд томилсон.

Би Л.М эмчээс та өмнөх ажлаасаа чөлөөлөгдсөн үү гэж асуухад “би ажлаас чөлөөлөгдсөн” гэж хэлсэн учраас би шүүхийн шийдвэрийг үндэслэж Ц.Эийг ажлаас нь чөлөөлж Л.М эмчийг Зүүнхангай сумын эрхлэгч эмчээр ажилд авсан. Дараа нь Л.М эмч ажлаасаа гарна гэж өргөдлөө өгсөн. Тэгээд манай сум Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчгүй болсныг Эрүүл мэндийн газрын дарга Отгонбаяр мэдээд над руу албан тоот явуулсан. Тус албан тоот дээр Х.Б гэдэг эмчийг Зүүнхангай сумын эрхлэгч эмч болгуулах саналтай байна гэсэн. Тэгэхээр нь ажлаас чөлөөлөгдсөн Ц.Э эмчийг яах юм бэ? гэж асуухад “Ц.Э эмч надтай холбогдож ажилд орох тухай хүсэлт гаргаагүй” гэдэг хариу өгсөн. Надтай ч гэсэн Ц.Э ажилд орно гэж холбогдоогүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

          Гуравдагч этгээд Х.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ Би сургуулиа төгсөөд Өндөрхангай суманд 2016 оны 09 дүгээр сараас эхлэн эмчээр ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаанд Эрүүл мэндийн газраас надад Зүүнхангай суманд ажиллах санал тавьж би Зүүнхангай суманд ирж ажилласан. Дараа нь намайг Зүүнхангай сумын эрхлэгч эмчээр ажиллуулсан. Өөр зүйлийг би сайн мэдэхгүй байна “ гэв.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлд Зүүнхангай сумын Засаг даргын 2017 он 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06, Б/07 тоот захирамжуудыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. гэсэн.Сумын Засаг даргын Б/06 тоот захирамжаар Ц.Эийг ажлаас чөлөөлсөн бөгөөд захирамжийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь заалтыг дурдсан. Ж.Б дарга захирамжийг гаргахдааЛ.М урьд нь ажиллаж байсан Эрүүл мэндийн газрын хэлтсийн даргын  ажлаасаа гарсан эсэхийг судалж үзээгүй. Төрийн албан хаагч 2 ажлыг хавсран хийхийг хориглодог. 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/07 дугаартай Л.Мыг ажилд томилсон тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн захирамжлах нь гэж дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйл нь хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэхийг хориглох заалт байгаа. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь заалт нь төсвийн байгууллагуудын удирдлагатай зөвшилцсөний эцэст томилох, чөлөөлөх гэсэн заалт байдаг. Ийм учраас Б/07 дугаартай захирамж үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас Л.М эмчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаа. Гэвч ажилд томилогдож байгаа бол Л.М нь урьд эрхэлж байсан Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга гэсэн ажлыг албан ёсоор хүлээлгэж өгөөд шинээр ажилд орох ёстой байсан. Энэхүү үйлдлээр миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн.

2012 оны 9, 10 дугаар сарын үед Л.М эмчийг Зүүнхангай суманд бага насны хүүхдэд тусламж үзүүлээгүй гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. 2016 оны 12 дугаар сард хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Энэ бүхэн цэвэр улс төрийн шалтгаантай байсан. Өшөө авах гэж байсан золиосонд миний үйлчлүүлэгч орсон. Ц.Эийн бага насанд нь аав, ээж нас барсан. Одоо дүүтэйгээ өрх толгойлон ганц бие амьдарч байна. Ц.Э өндөр цалингийн зээлтэй. Ажил төрөл хийхгүй бол амьдралаа авч явах боломжгүй. Миний үйлчлүүлэгчийг ажлаас нь чөлөөлж байхад Х.Бгийн тушаал гараагүй байсан. Тухайн үед Х.Бг Өндөрхангай сум руу буцаагаад Ц.Эийг Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмчээр томилох боломж байсан. Л.М эмч Зүүнхангай суманд очиж ажиллах гэж яваагүй харин ард иргэдэд өөрийгөө буруугүй гэдгээ харуулах гэж очсон. Л.М эмчийн тайлбар дээр хүртэл тодорхой байгаа. Хариуцагч Л.М эмчийг ажилд буцааж томилох үед нийгмийн даатгалын дэвтэр болон ажлаас гарсан эсэхийг шалгаж үзээгүй нь буруу. Зөвхөн шүүхийн шийдвэрийг дагаж биелүүлсэн гэж тайлбарладаг. Тэгэхээр хөдөлмөрийн харилцааг зохицуулахын тулд тушаал гаргахдаа ганцхан шүүхийн шийдвэрийг үндэслэл болгохгүй, салбарын хуулийг үндэслэл болгох ёстой. Салбарын хуулийн зүйл заалтыг дурдсаны дараа шүүхийн шийдвэрийн зүйл заалтыг дурдаад явах ёстой байсан. Миний үйлчлүүлэгчийг ажилд авах ямар ч хүсэл сонирхолгүй байсан. Ц.Э сумандаа тодорхой хугацаанд ажиллаж туршлагатай болсон. Мөн Ц.Эийн тамгыг нь булааж аваад дарамталж байхад сэтгэл зүйн ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Монгол төрийн алба ард иргэддээ үйлчлэх зарчимтай. Сая бид нар Эрүүл мэндийн газар дээр очиж үзлэг хийхэд Л.М эмч хууль бус зүйл хийсэн нь харагдаж байна. Л.М эмчийг шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэж орохыг хүндэтгэж байна. Харин төрийн албан хаагчийн ёс зүйтэй ажиллах ёстой байсан. Төрийн албан хаагч 2 ажлыг давхардуулан хийж байгаа нь хууль бус үйлдэл. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг ажилд эгүүлэн томилж өгнө үү...” гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Э нь Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн Б/06, Б/07 дугаартай захирамжуудыг хүчингүйд тооцож, Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, өмгөөлөгчийн тайлбар,  бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс Зүүнхангай сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн Б/06, Б/07 дугаартай захирамжуудыг эс зөвшөөрч “Л.Мыг аймгийн Эрүүл мэндийн газарт ажилтай гэдгийг мэдсээр байж, өмнөх ажлаасаа гарсан эсэхийг шалгахгүйгээр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд томилж, намайг чөлөөлсөн нь хууль бус” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагчийн зүгээс “ Л.Мыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон тул нэхэмжлэл үндэслэлгүй ” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээд Х.Бгийн хувьд сумын Засаг даргын шийдвэрээр ажилд орсон талаар талбар  гаргажээ.

Маргаан бүхий захиргааны акт буюу Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай захирамжинд[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д заасныг үндэслэн Ц.Эийг 2017 оны 02 сарын 21-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Мөн Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн Б/07 дугаартай захирамжинд[2] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр  зүйлийн 31.1.2, Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 101 тоот шийдвэрийг тус тус үндэслэн Л.Мыг Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд томилж шийдвэрлэжээ.

Сумын Эрүүл мэндийн даргын албан тушаал нь ТҮЭМ шатлалаар цалинждаг, төрийн үйлчилгээний удирдах албан тушаал бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан ба Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар сумын Эрүүл мэндийн төвийн даргыг томилж,чөлөөлөх эрхийг Сумын Засаг даргад олгожээ.

Нэхэмжлэгч Ц.Эийн хувьд Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 2015 оны 11 сарын 18-ны өдөр орж тэнцсэн[3] учир Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 63 дугаартай тогтоолоор[4] Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэр  дэвшүүлсэн байна.

Ц.Эийг Зүүнхангай сумын Засаг даргын 2016 оны 02 сарын 15-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар[5] тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилжээ.

Урьд Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Л.Мыг Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 101 дугаартай шийдвэрээр[6] Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон байна.

Л.Мын хувьд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 08 сарын 19-ний өдрийн Б/16 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар[7] тус газрын Удирдлага,төлөвлөлт санхүүгийн хэлтсийн дарга, хүний нөөцийн төлөвлөлт, хангалт, сургалт, мэргэжлийн зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байжээ.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Л.М нь Эрүүл мэндийн газрын даргад ажлаас түр чөлөөлөгдөх өргөдлийг[8] өгөөд сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн Б/07 дугаартай захирамжаар Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж байгаад сумын Засаг даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар[9] өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Л.Мыг ажлаас чөлөөлөгдсөний дараа Х.Бг тус эрүүл мэндийн төвийн даргаар Зүүнхангай сумын Засаг даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар түр томилсон байна.

Л.М нь Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөөд буцаж Увс аймгийн Эрүүл мэндийн газарт урьд эрхэлж байсан ажилдаа томилогдсон нь Л.Мын гэрчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаярын гэрчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 02 сарын 17-ны өдрийн Б/03 дугаартай “ Ажлаас чөлөөлөх тухай” тушаал[10], 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б/04 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал[11], 2017 оны 04 сарын 10-ны өдрийн Б/16 дугаартай “Л.Мыг ажилд авах тухай “ тушаал[12] зэрэг баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хуралдааны явцад Эрүүл мэндийн газрын бичиг баримтанд үзлэг хийхэд тус газрын Б дугаартай тушаалын дугаарын бүртгэлийг шинээр нөхөн хийсэн, Л.Мыг ажилд томилсон Б/03, Б/04 тоот тушаалууд нөхөгдөж гарсан болох нь тогтоогдсон болно.

Мөн Л.М шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ[13] “нутгийн иргэд намайг хүүхдэд тусламж үзүүлээгүй, хүний амь хохироосон гэдэг ойлголттой байдаг учраас би буруугүй гэдгээ мэдрүүлэх зорилготой, мөн ажилгүй байсан хугацааны цалин, бусад хохирлоо гаргуулах үүднээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлагатай гэж үзэн өөрийн биеэр очиж сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг хүлээж авсан. Би 14 хоног ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” гэж, гэрч Ц.Отгонбаяр мэдүүлэгтээ[14]                                “Л.М надтай уулзаж ажлаасаа түр чөлөөлөгдөх шаардлагатай байгаа талаар танилцуулсан. Зүүнхангай суманд ажиллахгүй, ажлаасаа түр чөлөөлөгдөөд буцаж ирж ажиллана гэсэн. Би өргөдлөө бичиж өг гэсэн. Өргөдлийнх нь дагуу ажлаас чөлөөлсөн. 2017 оны 03 сарын 06-ны өдөр ажилдаа буцаж ирсэн тул урьд эрхэлж байсан ажилд нь түр томилсон“ гэж тус тус мэдүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн газрын цагийн бүртгэлд[15] Л.Мын Зүүнхангай суманд ажиллаж байх хугацааг “хөдөө” гэж тэмдэглэжээ.

Эдгээр нөхцөл байдлууд болон Л.М нь хоёр байгууллагад зэрэг ажилласан эсэх зэрэг нь төрийн албан хаагчийн ёс зүй, Эрүүл мэндийн газрын албан хэрэг хөтлөлт, хүний нөөцийн зохион байгуулалтын асуудалтай холбоотой байх бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж шийдвэр гаргасан хариуцагч Зүүнхангай сумын Засаг даргыг буруутгах үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл Л.Мыг Эрүүл мэндийн газарт ажиллаж байх үеэр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүний эрх, ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэн Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гаргасан байхад түүнийг биелүүлэх эсэх талаар хариуцагч ямар нэгэн дүгнэлт хийх, баримт цуглуулах, шалгах ажиллагааг хийх боломжгүй тул Л.Мыг ажилд томилж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “ Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасантай нийцсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 гэж хуульд байхгүй зүйл заалтыг захирамжинд баримталсан, Л.Мыг өмнөх ажлаасаа гарсан эсэхийг шалгаагүй“ гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Зүүнхангай сумын Засаг даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б/07 дугаартай захирамжийг буруутгах үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д “Ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заасан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж зохицуулсан тул Зүүнхангай сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай Ц.Эийг ажлаас чөлөөлсөн захирамж үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Ц.Эийг ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан “бололцооны дагуу өөр ажил олж өгөх” чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байсан эсэх талаар шүүхээс дүгнээгүй бөгөөд хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нөхцөл байдлыг судлаж, сонсох ажиллагаа хийгээгүй талаар дурдсан бөгөөд хариуцагч нь Л.Мыг ажилд томилох асуудлыг бие даан шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх тул Захиргааны ерөнхий хуульд заагдсан нөхцөл байдлыг судлах, сонсох ажиллагааг хийгээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүйг тэмдэглэв.

Дээрд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.Эийн “Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн Б/06, Б/07 дугаартай захирамжуудыг  хүчингүйд тооцож, Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Эийн “ Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 21-ний өдрийн Б/06, Б/07 дугаартай захирамжуудыг  хүчингүйд тооцож, Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Эээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ