Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/1030/З |
Дугаар | 221/МА2019/0659 |
Огноо | 2019-12-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2019/0659
“Э Э Ж к” ХХК-ийн гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч улсын байцаагч Ш.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0575 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Э Э Ж к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0575 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 5, 2.1 дүгээр зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 5, 17.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний 0055503 дугаартай шийтгэлийн хуудсыг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 0055503 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх шийдвэртээ “хууль хэрэгжих бодит нөхцөл бүрдээгүй, биржийн арилжаа нэр төдийн явагдаж байхад уг биржээр бараа, түүхий эдийг заавал арилжсан байх шаардлага тавьж шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус” гэж тайлбарласан боловч энэ нь хуулийн этгээд бүхий этгээдээс “хуулийн хэрэгжилтийг хангахыг шаардах эрх” үүсгэхээс бус биржийн арилжаа нэр төдий явагддаг гэсэн үндэслэлээр нэгэнт хүчин төгөлдөр болсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс татгалзах, улмаар шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” дүгнэжээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д заасан зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн байна.
Анхан шатны шүүх “биржийн арилжаа нэр төдий явагддаг гэсэн үндэслэлээр нэгэнт хүчин төгөлдөр болсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс татгалзах” гэж дүгнэсэн. Тэгвэл хуулийг хэрэгжилтийг хэн хангах вэ? гэсэн асуулт үүснэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” нь Монгол Улсын Засгийн газрын үндсэн үүрэг байна. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4.1 -д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжааг зохион байгуулах төрөлжсөн нэг бирж үйл ажиллагаа явуулна” гэж зааснаас үзэхэд уг хуулийг хэрэгжүүлж ажиллах гол байгууллага нь “Хөдөө аж аж ахуйн бирж” ТӨХК, үүнд нь хяналт тавьж ажиллах байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо болно.
1. Хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 04 сарын 13-ны өдрийн ХЭГ/754 дугаартай албан бичигт “... Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн хуулийг хэрэгжүүлэх талаар яам, бирж, тус салбарын үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа хангалтгүй байгаагаас Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг зогсооход хүрч болзошгүй байдал ажиглагдаж байна” гэсэн нь Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль хэрэгжихгүй байгааг Монгол Улсын Засгийн газар өөрөө хүлээн зөвшөөрч байгааг харуулна. Нэгэнт “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК хуулиа хэрэгжүүлэхгүй (эсхүл хуулийг хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрдээгүй) байхад аж ахуйн нэгжүүдийг биржийн арилжаанд орсонгүй гэж хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
2. Иргэний хуулийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, 49.1-д “Биржийн гүйлгээнд оруулах эд хөрөнгө буюу эд хөрөнгийн эрх /эд хөрөнгө, үнэт цаас гэх мэт/-ээ харилцан шилжүүлэх тухай хэлцлийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулж, биржид бүртгүүлнэ” гэж заасан. Тодруулбал, биржийн хэлцэл нь хоёр талын хэлцэл (худалдагч, худалдан авагчийн хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэний үндсэн дээр) байдаг бөгөөд уүнийг зохион байгуулдаг Бирж, энэхүү биржийн арилжаанд зуучилдаг брокер компаниуд байдаг. Өөрөө хэлбэл Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль зөвхөн аж ахуйн нэгжүүд буюу хөдөө аж ахуйн биржийн арилжаанд худалдан авагчийн статустайгаар орох субъектүүдээс хамааралтайгаар хэрэгжихгүй гэдэг нь тодорхой юм.
3. “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХК-аас нэхэмжлэгчийг 2013-2016 онд Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцож байгаагүй тодорхойлолт (уг мэдээллийг шүүхээс удаа дараа шаардсан)-ыг ирүүлсэн нь өөрсдийн хууль бус, дүр үзүүлсэн, зохиомол арилжаа явуулдгаа нууцлах зорилготой огт худал тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Нөгөө талаараа ХААБ ийм тайлбарыг шүүхэд ирүүлснээр ХААБ-ийн арилжаа зохиомол явагддаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж хэлж болох юм. Нэхэмжлэгч “Э Э Ж к” ХХК нь өнгөрсөн хугацаанд гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай баримт болох Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан “биржийн тодорхойлолт”-ыг авахын тулд аргагүй эрхэнд хөдөө аж ахуйн биржийн зохиомол арилжаанд оролцож байсан ба энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн болно. Энэхүү баримтаас үзэхэд нэхэмжлэгч 2014-2016 онд дүр үзүүлсэн, зохиомол арилжаанд оролцож 2014 онд 34,938,708,000 төгрөгийн дүн бүхий 446,660кг ноолуурыг зохиомол арилжаанд оруулж ХААБ-д 111,803,865.60 төгрөгийн, СЗХ-нд 27,950,966.40 төгрөгийн, 2015 онд 22,293,068,000 төгрөгийн дүн бүхий 416,280 кг ноолуурыг зохиомол арилжаанд оруулж, ХААБ-д 72,419,817 төгрөгийн, СЗХ-нд 8,917,227 төгрөгийн, 2016 онд 23,518,756,000 төгрөгийн дүн бүхий 391,510 кг ноолуурыг зохиомол арилжаанд оруулж ХААБ-д 75,260,019 төгрөгийн, СЗХ-нд 9,407,502 төгрөгийн шимтгэлийн төлсөн байдаг. Энэхүү зохиомол арилжаанд худалдагч талын статустайгаар Г.Ган-Эрдэнэ, Б.Лхагвасүрэн гэсэн 2 л хүн оролцсон байдаг. 2016 онд бүр БНХАУ-ын иргэд худалдагчийн статустайгаар оролцсон байдаг. Эдгээр хүмүүс нь бүгд жинхэнэ худалдагч нар биш бөгөөд хөдөө аж ахуйн биржийн арилжаа нь зохиомол бөгөөд ХААБ нь биржийн арилжаагаа зохион байгуулахгүй зөвхөн ХААБ-ээр арилжсан гэсэн тодорхойлолтыг зарах ажиллагаа хийж байгаа юм. Нэхэмжлэгчээс Б.Л-г гэрчээр асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хангаагүй болно.
4. Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хуулийн 10.1-д "Биржийн арилжаанд оролцогчийг байнгын болон байнгын бус гишүүн оролцогч гэж ангилна” 10.2-т “Биржийн арилжааны зуучлагч /брокер/ нь үндэсний хөрөнгө оруулалт давамгайлсан хуулийн этгээд байх бөгөөд биржийн байнгын гишүүн оролцогч байна” 10.3-д “Хоршоо нь байнгын бус гишүүн оролцогч байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, малчин, тариаланч өөрөө биржийн арилжаанд шууд оролцох боломжгүй бөгөөд хоршоодоор дамжуулан биржийн арилжаанд оролцоно. “ХААБ”-ийн захирал Х.Б гэрчийн мэдүүлэгтээ “Малчдын хоршоо цөөхөн байгаа. 100 гаруй байгаагаа 20 орчим нь үйл ажиллагаа явуулж байгаа” гэсэн. Гэтэл Монгол Улсын 330 суманд доод тал нь 1 хоршоотой, үүгээр зогсохгүй хоршоо нь өөрийн гэсэн хөрөнгөтэй, бараа, түүхий эдийг анхан шатны боловсруулалт /ангилан ялгалт, тордолт, чанарын хамгаалалт/ хийх чадамжтай бөгөөд хүний нөөцтэй, агуулахтай байх учиртай.
5. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2010 оны 12 дугаар 14-ний өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс 41 дүгээр хуудаст Ч.Энх-Амгалан Х.Баттулга гишүүний асуултад “Ерөнхийдөө схем гарсан байгаа. Энэ дээр нэг талаас нь оролцогч нь хоршоо, нөгөө худалдан авагч талдаа бол худалдаачид буюу экспортлогчид, үйлдвэрлэгчид байх юм. Мөн тэр бааз нь юу байх вэ гэдэг дээр сумыг түшиглэсэн загвар хоршоод байх юм. Бид нар тооцож байгаагаар нэг суманд 3-5 байхад бол бололцооны юм гэсэн хоршооны тооны хувьд” гэж хариулж байжээ. Гэтэл Монгол Улсын өнөөгийн нөхцөлд хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцох чадамжтай ийм тооны хоршоод байх бололцоогүй бөгөөд малчин, тариаланч нарын хувьд нь хөдөө аж ахуйн биржээр дамжуулан бараа, түүхий эдээ худалддаг байдал байхгүй бөгөөд малчдын хувьд урьдын адил ченжид бараа, түүхий эдээ худалдаж байгаа, тариаланч нарын хувьд мөн л өөрсдөө худалдах, дэлгүүр супермаркетуудаар тариа, ногоогоо худалдаж байгаа билээ.
6. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бижрийн тухай хуулийн 4.5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 4.6-д “Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна” гэж заасан. Хуульд “экспортод гаргахдаа биржээр арилжаална” гэж бичээгүй “экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна” заасан. Өөрөө хэлбэл, экспортод гаргах бараа, түүхий эд нь малчин, тариаланч нараас ХААБ-ээр дамжуулан авсан бараа, түүхий эд байхыг заасан.
7. Гэтэл өнөөдөр малчин, тариаланч нарт ХААБ-ээр дамжуулан бараа. түүхий эдээ заавал худалдана гэсэн хуулийн шаардлага тавигддаггүй, хариуцлага хүлээлгэх зохицуулалт ч хуульд байхгүй. Харин ч хууль тогтоогч ийм зохицуулалт хийхээс татгалзсан байдаг. Тодруулбал, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төслийн 16.1.1-д “Энэ хуулийн 4.6-д заасан хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр гадуур худалдсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, хууль бусаар олсон орлогыг хураана” гэсэн заалт байсныг УИХ-ын гишүүд хэлэлцээд Р.Буд гишүүн “энэ ёстой болохгүй заалт” “заавал гэсэн юмныхаа хажуугаар хийж болно гэж баахан ярьчхаад, одоо бүгдийг нь хорьчих гэж байна шүү дээ”, Ц.Сэдваанчиг “Биржээр арилжаалах зөвшөөрчхөөд, тэгээд үүнийг хийвэл торгоно гэсэн заалт байна шүү дээ” энэ болохгүй санагдаж байна” гэх санал гаргаад улмаар энэ заалтыг оруулах санал гаргасан Э.Бат-Үүл гишүүн саналаа татсан байдаг. (Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс 62, 63 хуудас)
8. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” Арван зургадугаар зүйлийн 3-т Монгол Улсын иргэн “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, ... эрхтэй” 4-т “ хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц...эдийн засаг...хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх,...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж тус тус заасан. Дээр дурдсанчлан ХААБ-ийн арилжаанд оруулалгүйгээр бараа, түүхий эдээ худалдсан иргэнд ямар ч хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй, мөн хууль хэрэгжих бодит нөхцөл бүрдээгүй, төрөөс хуулийг хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байгаа мөртлөө зөвхөн худалдан авагч тал буюу аж ахуйн нэгжүүдийг нэгэнт худалдан авсан бараа, түүхий эдийг экспортод гаргах бизнесийн шаардлага, жам ёсыг нь барьцаалан бараа, түүхий эдийг хөдөө аж ахуйн биржээр арилжаанд оруулсангүй хэмээн буруутгаж, шийтгэл ногдуулж байгаа нь Үндсэн хуулийн дээрх зохицуулалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл төрөөс хөдөө биржийн арилжаа явагдах хүн, хуулийн этгээдийн эрхийг хангахуйц шаардлагатай дэд бүтэц, нийгмийн болоод эрх зүйн орчныг бүрдүүлээгүй мөртлөө захиргааны байгууллагаар дамжуулан арилжаа явуулаагүй хэмээн хувийн байгууллагад шийтгэл ногдуулах нь эрх зүйт төрийн үндсэн зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
9. Нэхэмжлэгч “Э Э Ж к” ХХК нь хууль тогтоох болон түүнийг тайлбарлаж, хэрэгжүүлэх бүрэн эрх эдлэхгүй, хууль тогтоогчийн тодорхой бүс хууль, захиргааны байгууллагын хариуцлага, чиг үүрэг, түүний хэрэгжилтийг тодорхой болгож чадахгүй байхад анхан шатны шүүхээс үүнийг үл харгалзан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх боломжгүй, бүрэн бус байдалд төр бус гомдол гарагч буруутай мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгчийн үйлдэл нь хууль хэрэгжүүлэхээс татгалзсан үйлдэл биш бөгөөд хэрэгжих орчингүй хуулиар зохиомол биржийн үйл ажиллагаанд оролцох буюу хууль зөрчих явдлаас татгалзсан үйлдэл болно. Хууль бус үйлдэл хийхээсээ татгалзсаныхаа төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байх нь эрх зүйн тогтсон зарчим.
10. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3-т “Улсын дээд шүүхээс, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль, Монгол Улсын олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй байна гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн үзвэл тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана” гэж заасан. Шүүх нь Үндсэн хуулийн ардчиллыг хамгаалагчийнхаа хувьд тухайн хэрэг, маргаанд хэрэглэгдэх хууль нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг зайлшгүй анхаарах шаардлагын үүднээс Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4.6-д “Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна”, Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь Монгол Улсын дээр дурдсан зүйл, заалтуудтай нийцэж буй эсэхийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авахыг хүсэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр 11 сарын 16-ны өдрийн 575 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний 0055503 дугаартай шийтгэлийн хуудсаар “Э Э Ж к” ХХК-ийг “биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжаагүй” үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хохирлын 101 144 593.37 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Үүнийг эс зөвшөөрч, “Э Э Ж к” ХХК-иас тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлээ “... Хөдөө аж ахуйн биржээр түүхий эдээ худалддаг малчид, тариаланчид байхгүйн улмаас манай компани түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан мэт зохиомол хэлцэл хийдэг байсан, төрөөс хөдөө аж ахуйн биржийн арилжаа явагдах хүн, хуулийн этгээдийн эрхийг хангахуйц шаардлагатай дэд бүтэц, нийгмийн болоод эрх зүйн орчныг бүрдүүлээгүй мөртлөө захиргааны байгууллагаар дамжуулан арилжаа явуулаагүй хэмээн хувийн байгууллагад шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, иймд манайх хууль бус үйлдэл хийхээс татгалзаж, биржээр түүхий эдийг арилжаалаагүй” гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Э Э Ж к” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/35 дугаар тушаалаар батлагдсан “Бараа, түүхий эдийн жагсаалт, ангилалын код”-д багтсан 25 286 148 342.8 төгрөгийн ямааны ноолуурыг “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иар арилжаалахгүйгээр экспортод гаргасан, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргахгүй байна.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 4.6-д “Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна” гэж заажээ.
Үүнээс үзвэл, Хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/35 дугаар тушаалаар батлагдсан “Бараа, түүхий эдийн жагсаалт, ангиллын код”-д багтсан түүхий эдийг экспортлоход зайлшгүй Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах шаардлагатай, хэрэв хуулийн энэ шаардлагыг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулахаар зохицуулсан байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин хариуцагчаас зөрчлийг тогтоохдоо “Э Э Ж к” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд түүхий эд экспортолсон үйлдэлд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийг хэрэглэж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байх шаардлагыг зөрчсөн бол зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульд зохицуулаагүй байсныг Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д зааснаар шинээр зөрчилд тооцсон байх тул “Э Э Ж к” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд хамаарах үйлдэлд шийтгэл оногдуулсан маргааны бүхий актын холбогдох хэсэг үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагчаас Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны “Хөдөө ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-аас төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” 126 дугаар тогтоолд зааснаар зуучлалын үйл ажиллагаанаас Хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдсан худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн 0.08 хувиар, мөн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар тогтоолоор баталсан спот гэрээний төлбөр тооцооны шимтгэлийг 0.02 хувиар, тус зөвлөлийн 2016 оны 07 дугаар тогтоолоор баталсан спот гэрээний арилжааны шимтгэлийг авах тал нь 0.1 хувь, зарах тал нь 0.2 хувь гэснийг тус тус үндэслэн нийт экспортолсон ноолуурын үнийн дүнгийн 0.4 хувиар тооцож авсан гэж үзэхээр байх төдийгүй үүнтэй хариуцагч маргаагүй, энэ үндэслэлээр хохирлыг 101 144 593.37 төгрөг гэж тогтоосон нь буруу байна.
Ийнхүү хариуцагчаас “Э Э Ж к” ХХК-ийг төлөх ёстой шимтгэлийг төлөөгүй үндэслэлээр буруутган хохирлыг тооцоолохдоо гэрээ тус бүрийн үнийн дүнгээс ямар үндэслэлээр, хэдэн хувийн шимтгэл, хэрхэн тооцож авсныг нарийвчлан тооцоолоогүй байхад шүүхээс эдгээрийг тусад нь ялган зааглаж шууд дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчид тухайн актыг шинээр хуульд нийцүүлэн гаргах боломжийг олгож, дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасантай нийцжээ.
Мөн “Э Э Ж к” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 05, 19-ний өдрүүдэд биржээр арилжаалалгүй нийт 1 534 278 000 төгрөгийн үнэ бүхий ноолуурыг экспортолсон үйлдэл нь зөрчилд тооцогдох тул хариуцагч нь шинэ акт гаргахдаа тус зөрчилд үндэслэн хохирлын хэмжээг дахин тооцоолох шаардлагатай байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс маргаан бүхий актыг шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0575 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалт баримталсан хэсгийг “Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 5, 13.6 дугаар зүйлийн 5, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасныг тус тус баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН