Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 1610

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05122 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК-д холбогдох

 

58 169 700 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

“Т” ХХК-иас 98 389 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г , Б.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“"T” ХХК нь “М” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 03-нд ....... дүүргийн ...... дүгээр хороо, “Барилга мега стор” худалдааны төвийн В1 давхрын тусгаарлагч шилэн хана бүхий павилоныг 12 мм-ийн зузаантайгаар хийхээр гэрээ байгуулсан. Уг гэрээний нийт үнэ нь 50 779 800 төгрөг бөгөөд урьдчилгаа 10 хувь буюу 5 000 000 төгрөг, явцад 7 000 000 төгрөгийн төлбөр төлсөн хэдий ч үлдэгдэл 38 779 800 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй болно. 1 м.кв шилэн хийцтэй хананы үнэ 74 000 төгрөг, 1 м.кв шилэн хийцтэй хаалганы үнэ 185 000 төгрөг байхаар гэрээгээр тохиролцсон болно. 2013 оны 10 дугаар сарын 29-нд дараах ажлуудыг хүлээлцсэн. Шилэн хана 519 .17 м.кв, шилэн хаалга 66.93 м.кв, 6 сарын баталгаа өгч улмаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон хэдий ч элдэв шалтаг тоочсоор өнөөг хүрсэн болно. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 38 779 800 төгрөг, гэрээний алданги 19 389 900 төгрөг, нийт 58 169 700 төгрөгийг шаардаж байна.

2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шилэн павилонуудыг хүлээлцэхэд “М” ХХК-ийн захирал Д.Б өөрөө үзэж шалгаад солих шаардлагатай зүйлсүүдийг хараар дугуйлж, тэмдэглэсэн. Түүнээс хойш бид сольж засварласан. 2 тал комисс гаргаж шалгаж хүлээлцэж авсан атлаа одоо Б.Э хүлээн авах эрхгүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид шүүхэд нэхэмжлэл гаргах үед буюу 2016 оны 4 сард шилэн павилонуудын зургийг очиж авах үед бараатай ашиглаж байсан. 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа.

2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр эцсийн байдлаар павилонуудыг засаж янзалсан. Тийм учраас үлдэгдэл төлбөрөө барагдуулах хүсэлт гаргаж байсан. Хариуцагч тал одоо ч үйл ажиллагаа явуулсаар байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. Ажил гүйцэтгэх гэрээнд шилэн хийцтэй ханын болон хаалганы тоо хэмжээг заалгүй зөвхөн 1 м.кв-ийн үнийг тодорхойлсон болно. Учир нь зөвхөн ажил хүлээлцэх комисс ажлын чанар, тоо хэмжээ болон гэрээний мөнгөн дүнг тооцож гаргах байсан. Гэтэл “М” ХХК-ийг төлөөлөх эрхгүй, удирдлагын ямар ч шийдвэргүй мэргэжлийн бус Б.Э гэгчээр ажил хүлээлцэх cap өдөргүй, 50 гаруй сая төгрөгийн актанд гарын үсэг зуруулж нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний 290 тоот албан бичгийн төгсгөлд ажлын шаардлага хангаагүй учир манай тал тухайн ажлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдье” гэж “T” ХХК-д хүргүүлсэн болно.

2. Гэрээний 3.3-т заасан ажил бүрэн дуусаж 2 талын комисс актаар хүлээлцсэний дараа гэсэн нөхцөл биелэгдээгүй, үүрэг гүйцэтгэгч “T” ХХК-д гэрээний 1.1, 5.6-д зааснаар ажлаа чанартай гүйцэтгээгүй талаар удаа дараа амаар болон 2013 оны 11 дүгээр сарын 01-ний 290 тоот албан бичгээр шаардсан боловч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хүлээн аваагүйгээс захиалагч тал хохирсоор байна. Иймд хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Талууд хооронд байгуулсан гэрээний заалтууд хэрэгжээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 1.1 дэх хэсэгт чанарын талаар тодорхой заасан боловч үүнийг хэрэгжүүлээгүй. Мөн ажил гүйцэтгэх гэрээний 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар хугацаандаа ажлаа хийгээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 3.3 дахь хэсэгт заасан 2 талын комиссын актаар ажлыг хүлээлцэх ёстой гэсэн боловч ашиглалтанд хүлээж авсан хүн гэдэг дээр нярваар гарын үсэг зуруулсан байдаг. “М” ХХК нь нэг гишүүнтэй компани, гарын үсэг зурах эрхгүй хүнээр гарын үсэг зуруулсан байсан. “М” ХХК ажлыг ашиглалтанд хүлээж авахыг зөвшөөрнө гэсэн зөвшөөрөл гаргаж өгөөгүй учраас бид үүнииг акт хүлээлцсэн гэж үзэхгүй байгаа. 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөр огноолсон акт байгаа. Гэвч 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 290 тоот албан бичгээр танай хийсэн ажлыг хүлээж авах боломжгүй гэсэн байгаа. Тэрийг үгүйсгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Шилийг буцааж өгөхөд бэлэн. Чанарын шаардлага хангаагүй шилэн павилон байгаа юм. Бид хүлээж авахгүй гэдгээ хэлж байсан. Эдгээр шалтгааны үүднээс ажлыг ашиглалтанд хүлээж авах боломжгүй гэж үзэж байна.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “"T” ХХК гэрээт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй атлаа 58 169 700 төгрөгийг “М” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. “"T” ХХК Барилга мега стор төвийн В1 давхарт тусгаарлагч шилэн хана бүхий павилоныг гэрээний 2.2-т заасаны дагуу ашиглалтанд өгөх үүргээ хугацаанд нь биелүүлсэнгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 1.1 дэх “...ямар нэг гаж нөлөөгүй болон өнгөгүй, зураас, хортон ороогүй цэвэр шилээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх...” гэсэн, мөн гэрээний 5.6 дахь “Материалын чанар, сонголтод дээд зэргээр анхаарч захиалагчийн саналыг тухай бүр нь авч хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг хэрэгжүүлсэнгүй. Гэрээний 3.3 дахь заалт “Ажил бүрэн дуусаж 2 талын комисс хүлээлцсэн...” байх тухай заалтыг үүрэг гүйцэтгэгч тал ажлаа чанаргүй гүйцэтгэснээс хэрэгжүүлэх боломж олдоогүй зэрэг нь дараахь зүйлүүдээр нотлогдоно. Үүнд: 2013 онд ажлаа чанаргүй хийсэн, цаашид энэхүү байдал үргэлжилсээр байсан нь “T” ХХК-иас хавтаст хэрэгт ирүүлсэн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 046 тоот албан бичигт “... “М” ХХК-иас тавьсан шаардлагын дагуу их зурагдсан шилийг сольж засварын ажил хийсэн. Гэвч зураастай шилнүүд үлдсэн” гэж өөрсдийнх нь тодорхойлсноор болон фото зургуудаар нотлогдоно. Захиалагч тал удаа дараа амаар болон 2013 оны 11 дүгээр сарын 01-ний болон 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрүүдийн 290, 208 тоот бичгүүдээр шаардсан боловч биелүүлсэнгүй. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний 290 тоот албан бичгийн төгсгөлд “...тухайн ажлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдье” гэсэн байна. Үүрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаа нь манай компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлснөөс гадна захиалагч талд зөвхөн 2013 оны 9 дүгээр сарын 21-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 3 cap 10 хоногт 795 м.кв талбайг бусдад түрээслүүлж чадаагүйгээс 1 м.кв талбайг хамгийн доод ханш 20 000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж үзвэл 1 сарын түрээсийн төлбөр 795 м.кв х 20 000 = 15 900 000 төгрөг буюу 3 cap 10 хоногт нийт 53 000 000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хохирол нь 2014, 2015 онуудад үргэлжилсээр байсан ба үүрэг гүйцэтгэгч тал захиалагчийн тавьсан шаардлагыг 2015 оны 9 дүгээр cap хүртэл хэрэгжүүлээгүй хохироосоор байсан учир цаашдаа чанаргүй хийсэн павилонуудыг өөрийн хөрөнгөөр буулгахаас аргагүй болж буулгах, бетон шал засварлах зэрэг ажлуудыг гүйцэтгүүлж 20 000 000 төгрөгийн хохирол учирсан болно. “T” ХХК-д манай компани маш их итгэл хүлээлгэж итгэж байсан боловч ажлын явцад бидний тавьсан хүсэлт шаардлагыг хүлээж аваагүй, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хохироосонд нэн их гомдолтой байна. Иймд гэрээний 5.7 дахь заалтаар “...захиалагчид гарсан ямар нэг хохирол учирвал хохирлыг нөхөн төлнө” гэж үүрэг гүйцэтгэгч тал үүрэг хүлээсний дагуу болон мөн гэрээний 6.2 дахь заалтаар алдангийг нэхэмжилж байна. Үүнд: 1. “T” ХХК-ийн буруутай үйлдлээс алдагдсан түрээсийн бодит орлого 53 000 000 төгрөг,

2.Шилэн хийц буулгахад гарсан зардал 20 000 000 төгрөг,

3.Хугацаанд нь ашиглалтанд өгч чадаагүйн алданги 50 779 800 төгрөгийн 50 хувь болох 25 389 900 төгрөг, бүгд 98 389 900 төгрөгийг “T” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Ажлыг ашиглалтад өгөх хугацаа хэтрүүлснээс 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хамгийн багаар 3 cap 10 хоногт 53 000 000 төгрөгийн орлого олох ёстой байсан. Нэхэмжлэгч тал 100 павильон гэж буруу ярьж байна. Нийт 33 павилон байгаа, 795 м.кв талбайтай үүнийг м.кв-ыг 20 000 төгрөгөөр түрээслэнэ гэж тооцохоор сард 15 900 000 төгрөг, хоногт 530 000 төгрөг болно. 3 cap 10 хоногт 53 000 000 төгрөг олох ёстой байсан гэж үзэж байна. Гүйцэтгэгч тал доголдлоо арилгахгүй байсан учраас бид шилэн павилонуудыг буулгахаас өөр аргагүй болсон. Буулгана гэдгээ амаар хэлсэн. 20 000 000 төгрөгийн хөлс төлсөн. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч талаас ирсэн бичгийн дагуу бид 2 жилийн хугацаанд ашиглалтад хүлээлгэж өгөөгүй, ажлаа дуусгаагүй гэж үзэж алданги нэхэмжилсэн. Гэрээний 5.7-д заасны дагуу нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 3 удаа засвар хийсэн гэдэг албан тоот өгсөн байгаа. Саналыг авсан учраас 3 удаа засвар хийсэн. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 46 тоот албан бичиг байгаа. Мөн фото зургуудаар нотлогдоно. Засвар хийсэн зургуудыг манайх хавсаргасан. Хамгийн гол нь ажлыг хүлээж авсан байж төлбөр төлөхгүй байх арга хайгаад байгаа. Одоо хүртэл ашиглаад үйл ажиллагаа явуулж байгаа байж хүлээж аваагүй гээд байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын эхний үндэслэл бодит орлого гэдгийг би яг юу гэж тодорхойлохоо мэдэхгүй байна. Шилэн хийц буулгахад гарсан зардал гэж байна. 2015 он хүртэл ажиллаж байсан байгаа юм. Бүхэл бүтэн 2 жил ажиллаагүй байж байгаад гэнэт буулгасан гэж яриад байгаа нь ойлгомжгүй байна. Хугацаандаа ашиглалтад өгч чадаагүй гэж байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 58 169 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “T” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “T” ХХК-иас 2 035 200 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 96 354 700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2 035 200 төгрөг, хариуцагчаас 58 169 700 төгрөг төлөх үүргүүдийг харилцан тооцож, хариуцагч “М” ХХК-иас 56 134 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “T” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 448 850 төгрөг, хариуцагчаас төлсөн 649 899 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас 448 799 төгрөг гаргуулж “T” ХХК-д, нэхэмжлэгч “T” ХХК-иас 47 513 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нотлох баримтуудыг дутуу үнэлэн, хариуцагч талын хуулийн үндэслэл бүхий хүсэлтийг эс анхаарч хуурамч баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэж манай тал үзэж байна.

1.Хэргийн 10 дугаар хуудаст байгаа 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөр огноолсон “Шилэн хана, хаалганы ажил хүлээлцсэн акт”-нд Б.Э гарын үсэг зураагүй гэдгээ бичгээр /ХХ-75/ гаргасан болон ажил хүлээлцсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй тухай тайлбар, хариуцагчийн хүсэлтийг хүлээж авалгүй, шийдвэрийн үндэслэх хэсэгтээ /ХХ-91/ шилэн хаалгыг хийж хүлээлгэж өгсөн болох нь фото зураг “...шилэн хана, хаалганы ажил хүлээлцсэн акт зэргээр хангалттай тогтоогдож байна” гэсэн нь хуурамч актыг хэрэг шийдвэрлэхэд үндэслэл болгосон гэж үзэж байна. Иймд дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн нь Б.Э гийн тайлбараар нотлогдсон.

2.Хэргийн 94 дүгээр хуудаст “...2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Э гэсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 42.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно” гэсэн нь Б.Э өөрийн гараар бичсэн бичмэл нотлох баримт мөн эсэх талаар талуудын маргаан үүссэн тул үнэлэх ёстой, хэрэгт хамааралтай баримт гэж үзэж байна. Тухайлбал, хурлын тэмдэглэлийг /хх-81/ нэхэмжлэгч тал Б.Э гийн гарын үсэг мөн үү гэж асуухад Б.Э өөрөө хариулах ёстой байсан. Хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой энэхүү нотлох баримтыг үнэлүүлэх үүднээс Б.Э г гэрчээр байцааж шүүх хэргийг үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлэх байсан гэж үзэж байна. Б.Э гийн гарын үсэг зурсан актыг үндэслэж нэхэмжлэгч тал шүүхэд хандсан учир хүлээлцсэн акт гарын үсгүүд мөн биш талаархи маргааныг нэг мөр болгохын тулд хариуцагчийн зүгээс Б.Э гаас гэрчийн мэдүүлэг урьдчилан авахуулаар 2016 оны 7 дугаар сарын 04-нд албан бичгээр шүүхэд хүсэлт тавьхад шүүгчийн туслах н.Батчимэг шүүгчид танилцуулалгүй буцаасан байдаг. Мөн Б.Э гаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт шүүх хурал дээр хариуцагч “тал гаргахад /хх-76/ шүүгч татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэг “Гэрчийг шүүх, хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг “...гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэснийг хэрэгжүүлээгүйд гомдолтой байна.

3.Хэргийн 91 дүгээр хуудаст “Ажил гүйцэтгэгч пь шилэн павилонуудыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар “М” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна” гэснийг зөвшөөрөх боломжгүй. Б.Э нь захиалагчаас томилогдсон ажил хүлээн авах комиссын гишүүн биш бөгөөд “"T” ХХК ашиглалтанд хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзнэ. Шилэн хийцүүд нь маш эмзэг бүтээгдэхүүн учир ямар нэг зураас хортон бүхий доголдолтой бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тийм учир шилэн хийцэд Монголд төдийгүй олон улсад, стандарт, технологийн өндөр шаардлага тавигддаг. Захиалагч тал ямар ч ашиг олоогүйг, хохирол хүлээсэн зэргийг шүүх бодолцсонгүй. Мөн гэрээний 1.1-д “... ямар нэг гаж нөлөөгүй болон өнгөгүй, зураас хортон ороогүй, цэвэр шилээр, чанарын өндөр түвшинд, өнгө үзэмжтэйгээр тогтсон хугацаанд хийж гүйцэтгэх” чанар стандартын талаарх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ “"T” ХХК 2015 оны 8 дугаар сарын 26-ны 046 дугаартай албан бичгээрээ нотолсоор байхад 2013 оны 10 дугаар сарын 29-ний хуурамч актад үндэслэж, ажил дууссан гэж цаг хугацааны холбоог шүүх анзаарсангүй.

4.Хэргийн 91 дүгээр талд үндэслэх хэсэгтээ “М” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний 290 дугаартай шаардлага нь ... ажлыг 2013 оны 10 дугаар сарын 30-нд дууссан талаар дурджээ” гэжээ. Уг албан бичиг нь /ХХ-41/ 33 павилон тооны хувьд дууссаныг илэрхийлсэн болохоос чанарын шаардлага, гэрээний үүргээ биелүүлээгүйг дурдаад ашиглалтанд хүлээн авах боломжгүйг мэдэгдэж, 2013 оны 10 дугаар сарын 29-ний “Шилэн павилон хүлээлцсэн акт” гэгчийг үгүйсгэсэн утга агуулагдсан болно. Мөн үндэслэх нь хэсэг “...Шилэн хана бүхий павилоныг гэрээний 2 тал ажил хүлээлцэх комисс гарган үзэж, шалган хүлээн авсан ... “М” ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 290 дугаартай албан бичгээр тогтоогдож байна” гэсэн нь үнэнд нийцэхгүй байна. Захиалагч тал ажил хүлээлцэх комисс гаргасан тухай ямар нэг шийдвэр гаргаагүй байхад комисс гарган үзэж, шалгаж хүлээн авсан гэж хүчээр тулган шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Гүйцэтгэгч тал гэрээ болон Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Нийт 1079 м.кв талбайтай 33 павилоноос 795 м.кв бүхий 23 павилонд хүн оруулж ашиглах боломжгүй байсан нь манай сөрөг нэхэмжлэлээр илэрхийлэгдсэн бөгөөд А.Г тайлбартаа эхний павилонд бараа өрж оруулсан тухай ярьсныг 33 павилоныг бүрэн ашигласнаар ойлголт авсан нь ташаа болжээ. Манай тал эхний ээлжийн павилонд бараа өрж, түрээслэгчдэд загварын, гэдэг утгаар хандаж эхэлсэн боловч цааш хийх ажилдаа гүйцэтгэгч тал чанарын доголдол гаргаж, шаардлага хангахгүй шилээр байсан болно. Улмаар талуудын хооронд маргаан гарч, захиалагч тал павилон ашиглаж эхэлснээ бүрэн зогсоож, засвараа дуусгах, албан ёсоор хүлээлгэж өгөхийг хүлээж 2013 оны 9 дүгээр сарын 20-оос 2015 оны 8 дугаар сарын 26-ныг хүртэл 23 cap шаардлагыг амаар болон бичгээр удаа дараа тавьсаар байсан болно. Хэргийн 92 дугаар хуудасны 2 дахь хэсэгт “...павилоныг чанаргүй хийсэн гэж тайлбарлаж байх боловч энэ талаараа нотлоогүй ... гомдлын шаардлага гаргаагүй байна” гээд “...сольж засварласан гэх тайлбар үндэслэлтэй ... хэргийн 49-55 дугаар тал дахь зургуудаар тогтоогдож байна ... уг зургуудаар шилэн павильонуудыг чанаргүй хийж гүйцэтгэсэн гэж дүгнэх боломжгүй юм” гэжээ. Хэргийн 49-55 дугаарт байгаа 27 ширхэг зургаар 23 павилоны доголдлыг харуулж нотолсон байхад, нотлоогүй сольж засварласан нь тогтоогдож байна гэж үзсэн нь үнэнд нийцэхгүй байна. Мөн ашиглалтанд хүлээж аваагүй учир Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэг болон гэрээний 6.3-т заасан хугацааг харгалзан гомдлын шаардлага гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа ч дуусаагүй байсан болно.

Сөрөг нэхэмжлэлийн 96 354 700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. 1079 м.кв талбайтай 33 павилоноос 795 м.кв талбай бүхий 23 павилоныг нэхэмжлэгч талын буруутай үйлдлээс ашиглаж чадаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Б.Э гийн тайлбарыг үнэлээгүй, хуурамч байж болзошгүй ашиглалтанд хүлээлцсэн акт, хэргийн 49-54 дүгээр талд ямар доголдолтойг үзүүлсэн 27 ширхэг фото зургууд, “"T” ХХК 2015 оны 8 дугаар сарын 26-ны 046 тоот албан бичгээр засварын ажил бүрэн дуусаагүйгээ илэрхийлсэн, одоо болтол доголдолтой шилнүүд байсаар байхад сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүйд гомдолтой байна.

Доголдол бүхий 23 павилон нь ямар доголдолтойг хэргийн 49-55 дахь 27 ширхэг зургаар харагдаж байхад болон гүйцэтгэгч талын засвар 2015 оны 8 дугаар сарын 26-ныг хүртэл бүрэн дуусаагүй байсан нь нэхэмжлэгч талын /хх-11/ албан бичиг зэргээр тогтоогдож байхад тогтоогдсонгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. “T” ХХК-д итгэж эхлээд эхний павилонд түрээслэгч оруулж эхэлтэл чанарын доголдол гаргаж эхэлсэн учир засвар бүрэн хийж дуустал 23 павилонд түрээсээр орох газруудыг болиулж, хүлээлтийн байдалд орсон юм. Гүйцэтгэгч тал үүргээ хууль болон гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй нь ажил хүлээлцсэн хуурамч актандаа найдаж алсдан алданги тооцуулахын тулд засварыг зориуд удаашруулж байсан нь /хх-10/ “Ажил хүлээлцсэн акт” болон 2015 оны 8 дугаар сарын 26-ны 06 тоот албан бичгээр /хх-11/ тодорхой болно.

Хэргийн 14-20 дахь “T” ХХК-ийн зургууд нь зөвхөн эхний 10 павилоноос түүвэрлэсэн зураг болохоос чанаргүй хийгдсэнээс түрээслэгч нарт эзэмшүүлэх боломжгүй сөрөг нэхэмжлэл дэх /ХХ-49-55/ 27 ширхэг фото зургууд болон /хх-48/ 23 павильонд хамаарахгүй болохыг шүүх анзаарсангүй. Мөн хүлээлцсэн акт гэгч нь маргаантай байгаа тул дээрх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зураастай, сэв хортонтой шилнүүдийг захиалагч засахыг шаардаж, 2013 онд хар балаар тэмдэглэсэн нь өнөөдрийн байдлаар ч байгааг хэлж тэмдэглэсээр байхад нэхэмжлэгч талын төлөөлөгч Б.Н-ын /хх-91/ шүүх хуралдаанд гаргасан “... “М” ХХК ашиглаж байгаа ... 3 удаа сольж засварласан, одоо доголдол байхгүй...” гэсэн худал тайлбарт шүүгч итгэж шийдвэрлэсэн нь үнэнд нийцэхгүй болно. Засварыг зориуд удаашруулах санаа агуулаагүй бол захиалагчийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний 290 тоот албан бичгээр /ХХ-41/ шаардсан шаардлагыг нь гэрээнд зааснаар болон Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэг “...шаардсанаас хойш 10 хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй” гэснийг гүйцэтгэгч тал биелүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Ажил удааширч захиалагчийн шаардлагад хөшүүн хойрго хандаж, удаа дараа хэрэгжүүлээгүй, зориуд засварыг хойшлуулаад байсан нь тодорхой болсон тул захиалагч тал дараагийн үйл ажиллагаагаа явуулахын тулд павилонуудыг нэн даруй буулгаж, талбайг чөлөөлөхийг шаардсан ба шаардлагыг хэрэгжүүлээгүй тул өөрсдийн хүчээр буулгаж 20 000 000 төгрөгийн хохирол хүлээсэн юм. Павилоныг өөрсдийн хүчээр буулгасан нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлд зааснаар урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн, ямар нэг үр дүн гарахгүй нь илт болсонтой холбоотой болно. Иймд гүйцэтгэгч тал гэрээгээр болон Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.1, 211.1.2-т заасныг хэрэгжүүлээгүй байх тул гэрээний 5.7, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг үндэслэн хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Гэрээний 1.1, 5.4, 5.6 дахь хэсгүүд болон Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “Захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх” үүргээ гүйцэтгэгч тал биелүүлээгүй болно. Шилэн хийц нь онцгой бүтээгдэхүүн учир ялимгүй гэсэн ойлголт байх учиргүй, хүний эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөтэй ажлыг ашиглалтанд оруулах боломжгүй гэж үзсэн. Иймд сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна.

Хэргийн 10 дугаар хуудаст байгаа “Шилэн хийц, хана хаалганы ажил хүлээлцсэн акт” гэгчийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна би актанд гарын үсэг зураагүй гэсэн Б.Э гийн тайлбараар /хх-75/ хуурамч эсэхийг тогтоогоогүй мөн хэргийн оролцогчийн хүсэлтээр Б.Э-с гэрчийн мэдүүлэг аваагүй зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.2 дахь зүйлийн хэсгүүдийг шүүх хэрэгжүүлсэнгүй, мөн нэхэмжлэгчийн талд хэргийг шийдвэрлэхийн тулд баримттай зүйлийг баримтгүй болгож, баримтгүй зүйлийг л, баримттай болгож хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гэрч Б.Э г байцааж нотлох баримтыг шалгаж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн боловч, тухайн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 38 779 800 төгрөг, алдангид 19 389 900 төгрөг, нийт 58 169 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ажлыг чанаргүй хийж гүйцэтгэсэн учраас хүлээж аваагүй, өнөөдрийг хүртэл ашиглалтад өгөөгүй гэж маргаж, харин олох ёстой байсан түрээсийн орлогод 53 000 000 төгрөг, шилэн хийц буулгахад гарсан зардал 20 000 000 төгрөг, хугацаанд нь ашиглалтад өгөөгүй тул алданги 25 389 900 төгрөг, нийт 98 389 900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр нэхэмжлэгч нь ..... дүүргийн....... дүгээр хороо ......... төвийн ...........давхрын тусгаарлагч шилэн хана бүхий павилоныг 17 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх, хариуцагч нь 1м2 шилэн хананы үнийг 74 000 төгрөг, 1м2 шилэн хаалганы үнийг 185 000 төгрөгөөр тооцон төлөхөөр тус тус тохиролцсон байна. /хэргийн 7-9 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний харилцаа үүссэн, хариуцагч ажлын хөлсөнд 12 000 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч 519,17 м2 шилэн хана, 66,93 м2  шилэн хаалга бүхий павилоныг хийж гүйцэтгэсэн, ажлын хөлсний үлдэгдэл 38 779 800 төгрөгийг төлөөгүй болохыг хариуцагч үгүйсгэсэн тайлбар баримтыг ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээгээр тохиролцсон ажлыг хийж хариуцагч компанийн ажилтан Б.Э д хүлээлгэн өгч 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр акт үйлдсэн гэснийг хариуцагч үгүйсгэж, түүнийг компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш, хийж гүйцэтгэсэн ажил нь чанар байдлын хувьд доголдолтой учир хүлээж аваагүй гэж маргасан боловч нэхэмжлэгчид хүргүүлсэн хариуцагчийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 290 дугаартай “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичигт ажлыг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дууссан талаар дурдсан байхаас гадна хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн нь хариуцагчийн Барилга Мега Стор худалдааны төвийн байранд бодитойгоор байгаа талаарх гэрэл зураг, талуудын тайлбар зэргээр хариуцагч ажлын үр дүнг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт “Төрлийн шинжээр тодорхойлох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ” гэж заасны дагуу мөн хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авсанд тооцох үндэслэлтэй.

 

Нөгөө талаар актад гарын үсэг зурсан Б.Э нь хариуцагч компанид огт ажилладаггүй этгээд бус эд хөрөнгө хариуцсан ажилтан байх бөгөөд уг актыг хуурамч нотлох баримт гэж үзэх үндэслэл нотлогдоогүй байна.

 

Иймд захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 58 169 700 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл хийж гүйцэтгэсэн шилэн павилоны хана, хаалганы аль хэсэгт хэдий хэмжээний зураас, хагархай байсан, үүний улмаас ашиглах боломжгүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймээс ажлын үр дүн болох шилэн павилон шаардлага хангаагүйгээс буулгуулсаны зардал 20 000 000 төгрөг, бусдад түрээслүүлж олох ёстой орлого 53 000 000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1-д “Захиалагч ажлын үнэ, эцсийн төлбөр тооцоог саатуулбал, саатуулсан үнийн дүнд хоног тутам 0.1 хувийн алдангийг ажил гүйцэтгэгчид төлнө” гэж, 6.2-т “Ажил гүйцэтгэгч гэрээний ерөнхий хугацааг хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож захиалагчид төлнө” гэж заасны дагуу зохигчдын хэн аль Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй талаар шүүх дүгнэж, хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 38 779 800 төгрөгийн төлбөрт, 19 389 900 төгрөгийн алданги, нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 40 хоногоор хэтрүүлсэн хугацааны төлбөрт 2 035 200 төгрөгийн алданги тооцон тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Харин нэхэмжлэгч нь ажлын хөлс, алданги нэхэмжилж, хохирол шаардаагүй, хариуцагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохирол тус тус нэхэмжилсэн байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохиролд юу тооцохыг тодорхойлсон зохигчдын шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/05122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг хасаж,

2 дахь заалтын “227 дугаар зүйлийн 227.3” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 940 748 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.БАТЗОРИГ      

        

                                            ШҮҮГЧИД                                             Д.ЦОГТСАЙХАН

                 

                                                                                                         С.ЭНХТӨР