Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | М.Хүрэлбаатар |
Хэргийн индекс | 142/2015/00847/и |
Дугаар | 207/ма2016/00013 |
Огноо | 2016-02-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 207/ма2016/00013
****************ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1324 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч ****************ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ****************т холбогдох 40,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ****************,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У.Мөнхбат,
Хариуцагч:****************,
Хариуцагчийн өмгөөлөгч: О.Сарантуул,
Нарийн бичгийн дарга: Ц.Батцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч **************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **************** нь надаас 2012 онд 04 дүгээр сарын 02-ны өдөр 7 000 000 төгрөг, 08 дугаар сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 4 500 000 төгрөг, 05 дугаар сарын 13-ны өдөр 3 500 000 төгрөг, 12 дугаар сарын 06-ны өдөр 8 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг зээлсэн. 2012 оноос 2014 он хүртэл нийт 43 000 000 төгрөг зээлсэн үүнээс өнөөдрийг хүртэл 2 100 000 төгрөг буцааж өгсөн байна. **************** 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийг эргүүлэн төлөх амлалт бичиж өгсөн. Ийм учир үлдэгдэл 40 900 000 төгрөгийг Жамсранжавын Намнанбаяраас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: **************** би иргэн ****************ийн нэхэмжлэлтэй танилцлаа. 2012 оны 04 дүгээр сарын 02-нд 7 000 000 төгрөг, 08 дугаар сарын 07-ны өдөр 10 000 000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 4 500 000 төгрөг, 05 дугаар сарын 13-ны өдөр 3 500 000 төгрөг, 12 дугаар сарын 06-ны өдөр 8 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг зээлсэн. 2012 оноос 2014 он хүртэл нийт 43 000 000 төгрөг зээлсэн нэхэмжлэгчийн хэлснээр 6 удаа аваагүй, 2012 онд 17 000 000 төгрөг зээлж аваад сар бүр 700 000 төгрөгийг энэ оны 3 дугаар сар хүртэл , 2013 онд 16 000 000 төгрөг аваад хүүнд ажлын 5 өдөр тутамд 260 000 төгрөгийг энэ оны 3 дугаар сар хүртэл, 2014 онд 10 000 000 төгрөг аваад хүүнд сар бүр 800 000 төгрөгийг тус тус төлж байснаа санхүүгийн хүнд байдалд орж хүүгээ энэ оны 3 дугаар сараас эхлэн төлөхөө больсон. Дээрх байдлаар ****************өөс авсан мөнгөнийхөө хүүг тооцож үзэхээр 44 900 000 төлсөн, мөн 2 100 000 төгрөг нийт 47 000 000 төгрөг өгчихсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. **************** нь 2012 оноос эхлэн итгэлцлийн үндсэн дээр надад хүүтэй мөнгө зээлүүлж, сар бүр хүүг нь давхар давхар тооцон авч байсан атлаа энэ талаараа огт дурдалгүйгээр, хүүгээ төлөхөө больж санхүүгийн хүнд байдалд оронгуут мөнгөө нэхэмжилж байгаа нь шудрага биш байна. Ер нь бол эхний зээлүүлсэн мөнгөнийхөө үр шимийг хүртээгүй байж удаа дараа их хэмжээний мөнгийг зээлүүлж байдаг асуудал одоо үед байхгүй гэдгийг зах зээлийн харилцаанд оролцож, мөнгөний үнэ цэнийг ухаарч мэдсэн хүн бүхэн ойлгох биз гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1324 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч ****************аас 40 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****************т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****************аас 362 450 төгрөг гаруулан нэхэмжлэгч ****************т олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Хариуцагч **************** давж заалдах гомдолдоо: 2015 оны 12 р сарын 16-ний өдрийн 1324 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч: **************** нь намайг 2012.04.02~ны өдөр 7.000.000 төгрөг
2012.08.07-ны өдөр 10.000.000 төгрөг
2013.03.11-ний өдөр 4.500.000 төгрөг
2013.05.13-ны өдөр 3.500.000 төгрөг
2013.12.06-ны өдөр 8.000.000 төгрөг
2014.08.25 ны өдөр 10.000.000 нийт 43,000,000 төгрөг зээлсэн. 2.100.000 төгрөгийг буцаасан гэдэг.
Би 2012 оны 04-р сарын 07-ны өдөр 17.000.000 төгрөг зээлсэн. 2013.03.11-нд 8.000.000 төгрөг авсан. 2013.05.13-нд 4.500.000 төгрөг аваагүй. Харин 2013.12.06-ний өдөр 8.000.000 төгрөг, 2014.08.25-ны өдөр 10.000.000 төгрөгийг зээлсэн
-Эхний 17.000.000 төгрөгөнд сар бүр 700.000 төгрөгийг 2012.05.07-ноос 2015 оны 3 дугаар сар хүртэл 35 сар х 700.000=22.500.000 төгрөг,
2013.03.11-ний өдөр авсан 8.000.000 төгрөг /2013.04-р сараас/ 2013.12.06-ны өдөр авсан 8.000.000 төгрөг буюу 1.600.000 төгрөгөнд ажлын 5 өдөр тооцож 260.000 төгрөгийг 23 сар х 260.000=5.980.000 төгрөг,
- 2014.08.25-нд авсан 10.000.000 төгрөгийн хүүд сар бүр 800.000 төгрөг 2014.09-р сараас 2015.03-р сарыг дуустал 7 сар х 800,000=5.600.000 төгрөг нийт 44.900.000 төгрөг төлсөн. Энэ мөнгөнөөс гадна сүүлд 2.100.000 төгрөг төлсөн.
Б. **************** надтай тохиролцож би энэ мөнгийг хүнд зээлж олсон хүүнээс тодорхой хүүг нь авдаг байсан. 2012 оноос хойш нэг ч төгрөг төлж байгаагүй зөвхөн 2.100.000 төгрөг төлсөн гэж байх юм. Нэг ч төгрөг төлөхгүй байсан хүнд удаа дараа мөнгө зээлээд байдаг нь сонин шүү дээ. Эндээс харахад **************** хүү гэж авсан мөнгөнүүдээ ер хэлэхгүй худал тайлбар байгаа юм. Би хүмүүсээс мөнгө зээлээд авч чадахгүй 20.000.000 орчим төгрөг байгаа бөгөөд **************** шиг хүмүүст хэлж ярьснаараа хүү гэж сар бүр мөнгө төлж өрөнд орсон. **************** надад толгойгоо угаалгаад байх хүн биш юм. Би хэлсэн ярьснаараа
ярьснаараа л байдаг эр хүн их хэмжээний мөнгийг хүү гэж авчхаад ахтайгаа ирж
ингэж бич гэж тулгаж бичүүлж байсан. ****************тэй эхнэрийн **************** гэсэн \утаснаас яриад би чамд сар бүр хүү төлж байсан шүү дээ гэхэд уулзая гээд
утсаа салгасан. Тэгэхээр огт мөнгө авч байгаагүй бол... хүн шууд Чи юу яриад байгаа юм бэ гэнэ биз дээ. Би итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэх санал, эрх хэлээгүй. Шүүхэд хандахаас өмнө 30.000.000 төгрөгөөр тохиръё гэх яриа бидний дунд байсан.Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж
чадсангүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байна.
Нэхэмжлэгч **************** нь хариуцагч ****************аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 40.900.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ****************ийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 3093 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн атлаа 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг нь тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.-д заасныг ноцтой зөрчжээ. /х.х-ийн 13,14/
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 3625 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн гаргасан зарим хүсэлтийг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн атлаа энэ талаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн байна. /х.х-ийн 17/
Нэхэмжлэгч ****************өөс хариуцагч ****************т холбогдуулан 40.900.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3950 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн ****************тоот улсын дугаартай **************** /85.000.000 /төгрөгийн үнэ бүхий орон сууцыг битүүмжлсэн, мөн орон сууцны зээлийн гэрээний урьдчилгаанд төлсөн 70.000.000 төгрөгийг бусдад шилжүүлэхгүй байхыг Тамирын гурван чулууХХК-ийн захиралд даалгасан зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжлэх гэснийг зөрчсөн, 2015 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 1324 дугаар шийдвэрт дээр дурдсан битүүмжилсэн эд хөрөнгийн талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй зэрэг алдаа гаргасан байна. /х.х-ийн 41/
Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээр дурьдсан алдааг зөвтгөн заларуулах боломжгүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1324 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362,450 / гурван зуун жаран хоёр мянга, дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Т.ГАНБАТ
М.ХҮРЭЛБААТАР