Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 70

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогч Ч.Б,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.А ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,

шүүгдэгч Л.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ц д холбогдох 163/2019/0073/Э индекстэй, эрүүгийн 1815000560208 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1963 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, моторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х  овогт Л.Ц.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ц  нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Булган аймгийн Автотээврийн төвийн оношлогооны гражид өөрийн эзэмшлийн “Prius 20” маркийн тээврийн хэрэгсэлд хяналтын үзлэг хийлгэж байх үедээ техникийн үзлэгийн инженер Ч.Б ыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ц гийн өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө машинаа оношлогоонд оруулах гэж Автотээврийн төвд очсон. Намайг очиход Б  ганцаараа өрөөндөө сууж байсан ба үзлэгт орохоор ирсэнээ хэлэхэд “үзлэгийн мөнгөө тушаа” гэхээр нь нөхрөө банкруу явуулсан. Намайг “хаалган дээр машинаа аваад ир” гэхэд машинаа авч ирэхэд Б  өөрөө дотогш оруулаад машиныг оношлогоонд оруулж, гэрэлтүүлгийн тэнд очоод машинаа би барьсан. Би өөрөө мэдэхгүй байсан ч журмандаа бол гэрлэн дээр нь өөр хүн ажиллаж байх ёстой байсан юм байна лээ. Би өөрийгөө шинэ жолооч гэдгээ тайлбарлаж өгсөн. Намайг машинаа бариад “жаахан урагшаа бол” гэхэд нь хөдлөөд Б ыг дайрсан, би сандрахдаа “хазан дээрээ гишгэсэн” байсан. Би хохирогч Б т 1660000 төгрөгийг цувуулж өгсөн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б ын өгсөн: Тухайн өдөр ажил дээрээ ирээд ажилдаа бэлтгээд байж байхад Л.Ц  9 цаг 15 минутын орчимд машинаа үзүүлнэ гээд нөхөртэйгээ ирсэн. Нөхөр нь үзлэгийн мөнгө тушаахаар банк явсан. Би машиныг дотогш оруулж бүх техникийн үзлэгийг ганцаараа хийсэн. Хамгийн сүүлийн шат болох гэрлийн тусгалыг шалгахаар тээврийн хэрэгслийг Ц д өгөөд  “20 орчим см урагшлаад өг” гэж хэлсэн. Энэ хүн өөрөө жолооны курс төгссөн үнэмлэхтэй учир машинаа хөдөлгөж, зогсоох чадвартай гэж үзэж өөрийг нь суулгасан. Гэрлийн тусгалыг машины хийц загвар, өндөр намаас шалтгаалаад янз бүрийн зайнаас зогсоож үздэг. Би дүрмийн дагуу машиныг зогсоолгохоор хөдөлгөсөн боловч Л.Ц  зогсолгүй намайг дайрч, чирээд явж байхад нь Д  гэж гэрч толгойгоо машины цонхоор оруулж машиныг зогсоосон байсан. Энэ хэргийн улмаас миний булууны яс хугарсан, нуруунд жижиг хугарал үүссэн ч тэр нь эдгэсэн. 2018 оны 08 дугаар сарын сүүлээр бие муудаад сэхээнд хэвтэхэд уг ослоос болоод уушиг идээлсэн байсан гэсэн онош гарсан. Хохирлын хувьд эмчилгээнд 3660000 төгрөг гарснаас 1660000 төгрөгийг Л.Ц  өгсөн. Одоо үлдэгдэл мөнгийг нь нэхэмжилж байна. Үений шингэн байхгүй болсон, цаашдаа үе солиулах шаардлага гарвал 10000000 орчим төгрөг хэрэгтэй юм байна лээ, нийгмийн даатгалаас 9000000 төгрөг авсан байгаа гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.А ийн өгсөн: Булган аймгийн Автотээврийн төв энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан, үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Манай байгууллага дотоод журманд заасны дагуу замын зардал, эмчилгээ оношлогоо хийлгэхтэй холбоотой зардалд 1280000 төгрөгийг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэх мэдүүлэг,

1815000560208 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Гэрч З.Б ы өгсөн: “...Манай эхнэрийн машины оношлогооны хугацаа нь маргааш дуусах гээд өнөөдөр очиж оношлуулах гээд явсан. Би эхнэрээ машинаа оношлуулах гэж байхад нь хажууд нь байгаагүй болохоор юу болж өнгөрснийг сайн мэдэхгүй байна. Л.Ц  нь 2017 оны 09 дүгээр сард жолооч болж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 15 тал/,

Гэрч Г.Д ын өгсөн: “...Би Эрдэнэт Булган аймгуудын хооронд өөрийнхөө машинаар хүн зөөж явдаг. 2018 оны 02-р сарын 12-ны өдрийн 09 цагийн орчим Эрдэнэт рүү явах гээд Автотээврийн төвийн хажуу талын Эрдэнэт рүү явдаг зогсоол дээр зогсож байсан чинь  Автотээврийн төвийн гражнаас мөнгөлөг саарал өнгийн “Toyoto Prius 20” маркийн машин гарч ирж байхад гуперных нь доод талд нэг эрэгтэй хүн мөр хэсгээрээ ил гараад ирчихсэн нөгөө “Prius 20” маркийн машиныг жолоодож явсан эгч "Одоо яанаа, яанаа ..." гээд хашгирсан байдалтай байсан.  Би шууд очоод жолооч талынх нь шил онгорхой байхаар нь гараа хийгээд жолоо барьдаг жолооны хүрдийг нь нэг өөр рүүгээ татаад дараа нь ирчакных нь товчлууруудыг дарсан чинь машин зогссон. Удалгүй манай таксинд явдаг жолооч нар бүгд ирээд машиныг нь нэг ухраах гэснээ болиод бүгдээрээ нийлж байгаад өргөөд мөргүүлсэн хүнийг гаргаж ирсэн чинь тээврийн оношлогоо хийдэг Б  ах байсан. Б  ах нэг босч ирээд буцаад доош суусан. Хөл нь гишгэж явж чадахгүй байсан байх гэж бодож байна. …Машин жолоодож явсан эгч маш их сандарсан юу болоод байгаагаа мэдэхгүй байсан. Архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16 тал/,

Гэрч Х.Ж ийн өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би ажил дээрээ билетийн кассан дээр зорчигчдод билет бичих ажил хийж байсан. Замын цагдаагаас манайхтай хамтран нэг аян зохион байгуулаад манайхаас хүн хүч хүрэлцэхгүй болоод даргын шийдвэрээр нярав Н  бид хоёрыг нэг cap орчим тухайн ажилд түр ажиллуулсан. Ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй, ээлжийн хуваарь гаргаж дарга батлаад түүний дагуу Н.Н  бид 2 ээлжлэн ажилласан. Ажлын байрны тодорхойлолтонд зааснаар техникийн хяналтын үзлэг чиглэлээр ажиллаж үзлэг оношлогоогоо хийх ёстой. Тээврийн хэрэгсэлд үзлэг оношлогоо хийхэд Техникийн үзлэгийн инженер /хохирогч Ч.Б / бид 2 ажлын талбарт хамт ажиллах ёстой ба би инженерт туслах үүрэгтэйгээр ажилладаг. Тээврийн хэрэгсэл үзлэгт оруулахад техникч тээврийн хэрэгслийг жолоодож тоног төхөөрөмжинд оруулах ёстой байдаг. Инженер бол үзлэг хийгээд хяналт тавиад байж байх ёстой байдаг юм. Ч.Б  инженер хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Өдөр болгон зааварчилгаа өгч байгаагүй, долоо хоногт 1 удаа өгдөг байсан байх. Түүнийг хариуцаж ажилладаг тушаал шийдвэр нь байдаг эсэхийг бол мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 64 тал/,

Гэрч Ж.Б ийн өгсөн: “... Манай төвийн техникийн хяналтын үзлэгээр инженер, техникч нар нь тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоог ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргийн дагуу ажлын 8 цагаар хийж гүйцэтгэдэг. Тухайн үед 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг дуусталх хугацаанд Цагдаагийн байгууллага, манай байгууллагатай хамтран "Cap шинэ-Оюутан тээвэр" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж явуулсан. Манай байгууллага хүн хүчний дутмагаас 3 тээвэр зохицуулагчийг 24 цагаар Зоон давааны зам тээврийн хяналтын төвийн постонд үүрэг гүйцэтгүүлсэн. Энэ хугацаанд техникч Х.Ж , бичиг хэргийн ажилтныг хуваарь гарган ээлжлүүлэн ажиллуулж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоонд оролцох эрчим бага байснаас инженер Ч.Б ыг 10 гаран жил ажилласан туршлагатай ажилтан учраас ажлаа зохицуулаад өөрөө үзлэгээ хийж гүйцэтгэ, техникч маань өмнө нь кассын ажлыг хийж байсан учраас кассчинаар түр ажиллуулах дотоод зохион байгуулалтыг хийж ажиллуулсан юм. Энэ зохион байгуулалтын шийдвэр бол Автотээврийн төвийн даргын буюу миний шийдвэрээр хийгдсэн юм. Энэ хэрэг болсон өдөр нь энэ нэгдсэн арга хэмжээний сүүлийн өдөр буюу кассчинаар ажиллаж байсан техникч маань кассын ажлаа хүлээлгэн өгч байсан цаг хугацаатай давхцаж гарсан юм. Тээврийн хэрэгсэлд үзлэг оношлогоо хийхэд жолооч биш, үзлэгийн техникч жолооны ард сууж тээврийн хэрэгслийг хөдөлгөн үзлэг оношлогоог хийх ёстой. Энэ хэрэгт бол техникч маань арга хэмжээний хүрээнд кассчинаар ажиллаж байсан учраас инженер ганцаараа ажиллаж байгаад гэрлийн тусгал шалгах үед тухайн тээврийн хэрэгслийн жолоочоор тээврийн хэрэгслийг хөдөлгүүлсэн асуудал гарсан. Үүнээс бусад шалгалт үзлэгийн үед инженер маань өөрөө жолооны ард сууж үзлэг оношлогоогоо хийсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 130-131 тал/,

Гэрч Г.Б гийн өгсөн: “...Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан */**/*** дугаартай тушаалаар батлагдсан "Иргэн даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоох, хөдөлмөр зохицуулалтын заавар"-ын дагуу иргэн даатгуулагчдын нарийн мэргэжлийн эмчийн үзлэг онош, багажийн болон лабораторийн шинжилгээний хариу зэрэг оношийг баталгаажуулсан нотлох баримтуудыг үндэслэн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар хэлэлцэж хувь хэмжээг нь тогтоодог. Хүний хөдөлмөрийн чадварыг 100 % гэж үзвэл гуравны нэг хувь нь гэхээр 33.3 % гэж үзнэ. Тэгэхээр 70%-ийн хөдөлмөрийн чадвар алдсан иргэний хувьд хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзнэ. ...” гэх мэдүүлэг /хх 132 тал/,

Иргэний хариуцагч Б.А ийн өгсөн: “...Тухайн хэрэг гарах үед дэргэд нь байгаагүй болохоор хэргийн талаар мэдэхгүй. Манай байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар инженер Ч.Б ыг албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа машинд мөргүүлэн гэмтэж хөдөлмөрийн чавдараа 70 хувиар алдсан асуудалд Хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэмжийг бүрэн олгосон. ...” гэх мэдүүлэг /хх 139-140 тал/,

      Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №25 тоот:

  1. Ч.Б ын биед зүүн хөлийн шаант ясны дээд булууны хугарал

гэмтэл тогтоолдлоо.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д

зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  1.  Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс

 хамаарна гэх дүгнэлт /хх 18 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №25 тоот нэмэлт:

  1. Ч.Б ын биед нэмэлт шинжилгээгээр цээжний 12-р нугаламын их

биеийн хугарал, бүсэлхийн 1-р нугаламын их биеийн хуучин хугарал, зүүн өвдөгний хажуу жийрэг, чагтан холбоосны урагдал, өвдөгний үений зай холдсон /7мм/, зүүн шаант ясны төвгөр, гадна талын булуу, тахилзуурын толгой хэсэг, дунд чөмөгний гадна булууны хугаралууд, зүүн шилбэний гэмтлийн дараах гүний венийн тромбоз, гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрхи цээжний 12-р нугаламын их биеийн хугарал, зүүн өвдөгний хажуу

жийрэг, чагтан холбоосны урагдал, өвдөгний үений зай холдсон /7мм/, зүүн шаант ясны төвгөр, гадна талын булуу, тахилзурын толгой хэсэг, дунд чөмөгний гадна булууны хугаралууд, зүүн шилбэний гэмтлийн дараах гүний венийн тромбоз, гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Бүсэлхийн 1-р нугаламын их биеийн хугарал гэмтэл нь хуучин гэмтэл байна.

  1. Цээжний 12-р нугаламын их биеийн хугарал, Бүсэлхийн 1-р нугаламын их

биеийн хуучин хугарал, зүүн өвдөгний хажуу жийрэг, чагтан холбоосны урагдал, өвдөгний үеийн зай холдсон /7мм/, зүүн шаант ясны төвгөр, гадна талын булуу, тахилзуурын толгой хэсэг, дунд чөмөгний гадна булууны хугаралууд, зүүн шилбэний гэмтлийн дараах гүний венийн тромбоз гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 66-67 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1298 дугаартай:

  1. Ч.Б ын биед сээрний 12-р нугаламын их биеийн шахагдсан

 хугарал, зүүн өвдөгний  урд чагтан холбоос болон гадна тал саран жийргэвчний их биеийн урагдал, зүүн шаант ясны төвгөр, гадна булуу, тахилзуурын толгой хэсэг, зүүн дунд чөмөгний гадна булууны хугарал, зүүн шилбэний гэмтлийн дараах гүний хураагуур судасны бүлэнт бөглөдөс гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

байна.

  1. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл

 мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтын группд орсноор гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй гэх дүгнэлт /хх 119-121 тал/,

Булган аймаг дахь Цагдаагийн газрын замын цадаагийн тасгийн шинжээчийн: ...”Замын хөдөлгөөн” гэдэг нь нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ.

“Зам”-д тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар, Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам тусгаарлах зурвас замд хамаарна. Тухайн осол гарсан газар нь Булган аймаг дахь Автотээврийн төвийн үзлэг оношлогооны байранд болсон учир нийтийн хэрэгцээний замд хамаарахгүй байна. Нийтийн хэрэгцээний замд хамаарахгүй учраас Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. “Зам тээврийн осол” гэдэг нь зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэндэд хохирол, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдлыг хэлнэ. Жолооч Л.Ц гийн үйлдэл нь зам тээврийн осол биш байна. ...” гэх дүгнэлт /хх 35/,

                                                                                                                           Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн №390 дугаартай:

“...Хавтаст хэргийн материал, Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт зэргийг уншиж танилцахад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэл: "Зам тээврийн осол" нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал, "Замын хөдөлгөөн" нь нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн                                   ба ачаа шилжих үйл ажиллагаа, "Зам" нь тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэсэн тодорхойлолтуудаар тодорхойлогддог учир жолооч Л.Ц , хохирогч Ч.Б  нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэх дүгнэлт /хх 59-60/,

Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2018 ны 06 дугаар сарын 05-ны өдрийн:

1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь заалт “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” гэж заасны дагуу Автотээврийн салбарын байранд Аюулгүй ажиллагааны заавар, дүрэм, журам батлан мөрдөж ажиллах үүрэгтэй болно.

2. "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтад заасны дагуу “Ажил олгогч нь ... ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна. ...”, Монгол улсын Хөдөлмөрийн сайдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай 2015 оны 114 дүгээр тушаалаар батлагдсан нормативын дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан заавал байх шаардлагатай.

Тус газар нь Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны А/76 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх журам”-ыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг болно. Хохирогч Ч.Б ыг Авто тээврийн төвийн даргын 2017 оны 04 дүгээр тушаалаар тус байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар томилон ХАБЭА-н асуудлыг хариуцуулсан байна. Иймээс тус байгууллагын ХАБ-ын асуудлыг өдөр тутмын арга зүйн удирдлагаар хангаж ажиллах ажилтан нь хохирогч Ч.Б  юм.

3. Автотээврийн үндэсний төвийн Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны заавар, "Техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер, техникч нарын аюулгүй ажиллагааны зааварчилгаа"-ны 5 дахь заалт: “Тээврийн хэрэгслийг үзлэгийн инженер жолоодож, тоног төхөөрөмж дээр шалгах үйлдлийг гүйцэтгэнэ” гэж заасан байна. Энэхүү зааврын дагуу техникийн хяналтын инженер Б  нь ажилласан ба техникийн хяналтын техникч нь осол болох тухайн цаг хугацаанд ажлын байранд байгаагүй, удирдлагын шийдвэрээр өөр ажлын байранд ажиллаж байсан нь “Техникийн хяналтын инженер”-ийн ажлын байрны тодорхойлолт 1-р үндсэн зорилт хүрээнд заагдсан “...Үйлчлүүлэгчтэй байнгын холбоотой байж, техникийн хяналтын үзлэгийг үнэн зөв, шударга хийж, ажлын явцдаа байнга хяналт тавьж, технологи арга ажиллагааг мөрдөх ба багаж тоног төхөөрөмжийн хэрэгжилтийн болон ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах...” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй болох нь тогтоогдож байна гэх дүгнэлт /хх 70-71/ тал,

Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2018 ны 12 дугаар сарын 10-ны өдрийн:

1. Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, оношлогоо MNS 4591:2011 "Авто тээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага, MNS 5011:2003 Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар"-ыг баримтлан тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо хийгддэг байна.

2. “Техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер, техникч нарын аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны 5 дахь заалтын дагуу техникийн хяналтын инженер Ч.Б  нь ажилласан ба техникийн хяналтын техникч нь осол болох тухайн цаг хугацаанд ажлын байранд байгаагүй, удирдлагын шийдвэрээр өөр ажлын байранд ажиллаж байсан нь “Техникийн хяналтын инженер”-ийн ажлын байрны тодорхойлолт 1-р үндсэн зорилт хүрээнд заагдсан “....Үйлчлүүлэгчтэй байнгын холбоотой байж, техникийн хяналтын үзлэгийг үнэн зөв, шударга хийж, ажлын явцдаа байнга хяналт тавьж, технологи арга ажиллагааг мөрдөх ба багаж тоног төхөөрөмжийн хэрэгжилтийн болон ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах. ...” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй. Оношлогоо хийгдэх явцад техникч нь Техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажил үүргээ бүрэн чанартай гүйцэтгэх нөхцөл бололцоогоор байнга хангаж ажиллах үүрэгтэй болно.

3. Авто машины гэрлийн тусгалыг оношлох оношлогоог хийхдээ жолоочийг өөрийг нь жолооны ард суулган үзлэг хийж болохгүй ба Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны заавар, “Техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер, техникч нарын аюулгүй ажиллагааны зааварчилга”-ын 5 дахь заалтад зааснаар “Тээврийн хэрэгслийг үзлэгийн инженер жолоодож, тоног төхөөрөмж дээр шалгах үйлдлийг гүйцэтгэнэ” гэж заасан байна.

4. Тус төв нь Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны А/76 дугаар тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх журам”-ийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7. “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, гэсэн заалт зөрчигдсөн ба техникийн хяналтын үзлэгийн техникчийг өөр ажилд томилон явуулснаар удирдлагын зүгээс зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй байна.

5. Автотээврийн үндэсний төвийн Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны заавар, “Техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер, техникч нарын аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны 5 дахь заалт “Тээврийн хэрэгслийг үзлэгийн инженер жолоодож, тоног төхөөрөмж дээр шалгах үйлдлийг гүйцэтгэнэ” гэж заасан байна. Энэхүү зааврын дагуу техникийн хяналтын инженер Ч.Б  нь ажилласан ба техникийн хяналтын техникч нь осол болох тухайн цаг хугацаанд ажлын байранд байгаагүй, удирдлагын шийдвэрээр өөр ажлын байранд ажиллаж байсан нь “Техникийн хяналтын инженер”-ийн ажлын байрны тодорхойлолтийн 1-р үндсэн зорилт хүрээнд заагдсан “...Үйлчлүүлэгчтэй байнгын холбоотой байж, техникийн хяналтын үзлэгийг үнэн зөв, шударга хийж, ажлын явцдаа байнга хяналт тавьж, технологи арга ажиллагааг мөрдөх ба багаж тоног төхөөрөмжийн хэрэгжилтийн болон ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах...” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй болох нь тогтоогдож байна гэх дүгнэлт /хх 124-125/ тал,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3 тал/, ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн холбогдох баримт /хх 19-30, 49-51, 149/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох холбогдох баримт /хх 37/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхний хуулбар /хх 38, 145/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39, 147/, иргэний нэхэмжлэлийн баримт /хх 40-41/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 36, 61, 68, 126-128/, хохирол төлсөн талаарх баримтууд /хх 94/ иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-33-36/ хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 150-152/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 110-111/ зэрэг яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Ц  нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Автотээврийн төвийн оношлогооны гражид өөрийн эзэмшлийн “Prius 20” маркийн тээврийн хэрэгсэлд хяналтын үзлэг хийлгэж байхдаа тус төвийн техникийн үзлэгийн инженер Ч.Б ын “машинаа урагш 20 см хөдөлгөөд зогс” гэхэд болгоомжгүйгээр “хаз” дээр гишгэж хэмжилт хийж байсан үзлэгийн инженер Ч.Б ыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. 

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид хууль сануулж гаргуулсан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Л.Ц г хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж хэргийн онолоо дэвшүүлж, шүүгдэгч түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж, гэм буруутай үйлдэл нотлогдоогүй гэж үзэж цагаатгах талаас хэргийн онолоо дэвшүүлж  мэтгэлцсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Автотээврийн төвд ирж өөрийн эзэмшлийн “Prius 20” маркийн тээврийн хэрэгсэлд хяналтын үзлэг хийлгэх тухай жолооч Л.Ц гийн хүсэл зоригийн илэрхийллийг тус төвийн техникийн үзлэгийн инженер Ч.Б  хүлээн авч хяналтын үзлэг хийхдээ “тээврийн хэрэгслийг үзлэгийн инженер жолоодож, тоног төхөөрөмж дээр шалгах үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг зөрчиж уг тээврийн хэрэгслийн жолоочоор жолоодуулсан, жолооч Л.Ц  нь үзлэгийн инженерийн “20 см яваад зогс” гэсэн дохиогоор  торомзлох үйлдэл хийхдээ андуурч “хаз” дээр гишгэснээс хэмжилт хийж  байсан үзлэгийн инженер Ч.Б ыг дайрсан үйлдлээрээ дээрх хор уршгийг учруулсан, хор уршиг үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ч.Б  болон Автотээврийн төв нь “хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн” хэдий ч тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөнд оролцож байгаа эсэхээс үл шалтгаалан аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлтэй анхаарал болгоомжтой харьцах үүрэг бүхий этгээд юм.

        Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.

         Шүүгдэгч Л.Ц гийн хохирогч Ч.Б ыг дайрч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл нь тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэлтэй анхаарал, болгоомжгүй харьцсанаар хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг үзлэгийн инженерийн “тогтоосон” хэмжээнд зогсоохгүй бол түүнийг дайрах, шүргэх зэрэг эрсдэл бүхий нөхцөл байдал байгааг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан байна.

Иймд шүүгдэгч Л.Ц г гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Харин хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар Автотээврийн үндэсний төвийн Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны заавар, “Техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер, техникч нарын аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны 5 дахь заалт “Тээврийн хэрэгслийг үзлэгийн инженер жолоодож, тоног төхөөрөмж дээр шалгах үйлдлийг гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж, техникийн хяналтын техникчийг  удирдлагын шийдвэрээр өөр ажлын байранд ажиллуулж, зөвхөн техникийн үзлэгийн инженер Ч.Б  ажиллаж байсан нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасны дагуу  гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорыг хамтран хариуцуулахаар Булган аймгийн Автотээврийн төвийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

         Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Б  нь эмчилгээний зардалд 3606800 төгрөг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн, түүнийг үндэслэж буй нотлох баримтаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гаргаж өгөх эрхтэй ба шүүгдэгч Л.Ц  1660000 төгрөгийг төлж, үлдэх 1946800 төгрөгийг шүүгдэгч Л.Ц гаас  нэхэмжилж, нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн  нотлох баримт шинжлэн судлах шатанд гаргаж өгснийг шүүх хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотлогооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад

         Эмчилгээ оношлогоо, эмнэлгийн ор хоногийн төлбөр болон  эмчилгээний зардалд /245000₮, 494000₮, 132600₮, 40000₮, 330000₮, 80000₮, 14390₮, 51000₮, 34000₮, 51000₮ж, 41600₮, 88500₮, 9000₮, 54020₮, 119000₮, 40000₮, 16000₮, 359580₮, 190000₮, 83000₮, 450000₮, 40000₮, 61000₮, 120000₮, 50000₮/ 3202490 төгрөг,

          Өдөр дутмын эмчилгээнд болон Улаанбаатар хот руу эмчилгээ оношлогоонд явсан нийтийн болон хөлслөн явсан унаанд зарцуулсан шатахууны зардалд /45000₮, 21400₮, 21400₮, 45000₮, 199300₮, 81000₮/ нийт 413000 төгрөг, нийт 3604790 төгрөгийг шүүгдэгч Л.Ц  болон иргэний хариуцагч Автотээврийн төвөөс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагчийн төлөөлөгчийн өгсөн мэдүүлгээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Л.Ц  1660000 төгрөг,   иргэний хариуцагч Автотээврийн төв дотоод журманд заасны дагуу 1280000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 1, 97 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч Ч.Б т учирсан хохирлыг нөхөх зорилгоор 9000000 сая төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон, хохирогч дээрх хохирол, нөхөн төлбөрийг авсан хэмжээний талаар маргаагүй тул түүнд учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж үзэж, түүний шүүгдэгч Л.Ц гаас нэхэмжилсэн  1946800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Иймд шүүгдэгч Л.Ц , иргэний хариуцагч нар нь төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч нь иргэний хариуцагч Автотээврийн төвөөс цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй байна.

                                                                                                                           Харин энэ хэрэг, үйл баримт 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр болсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн ...” нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Ц д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Л.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  1. Шүүгдэгч Х  овогт Л.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Л.Ц д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг ялаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Ц  1660000 /нэг сая зургаан зуун жаран мянга/ төгрөг, иргэний хариуцагч Булган аймгийн Автотээврийн төв 10280000 /арван сая хоёр зуун наян мянга/ төгрөгийг хохирогч Ч.Б т тус тус төлснийг дурьдаж, хохирогчийн 1946800 /нэг сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хариуцагч Булган аймгийн Автотээврийн төвөөс нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЦЭРЭНХАНД