Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2024/00078

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00597 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ********* хаягт үйл ажиллагаа явуулах, “П” ХХК (гүйцэтгэх захирал Н.М)-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар (дарга Б.Х)-т холбогдох,

 

“Зураг төслийн үнэ 19,999,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, түүний өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын дарга Ш.Ч манай компанитай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх №2022042902 тоот гэрээ байгуулсан.

1.2. Тус Гаалийн газрын зураг төслийг манай компанийн зүгээс бүрэн хийж гүйцэтгэсэн ба барилгын зураг төслийг 19,999,000 төгрөгт хийж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Барилга хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэж хүлээлгэж өгсөн.

1.3. Барилга баригдаагүй гэсэн шалтгаанаар зураг төсөл хийлгэх гэрээ байгуулсан захиалагч Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь зураг төслийн үнэ 19,999,000 төгрөгийг одоо хүртэл төлж өгөөгүй хохироож байна.

1.4. Зураг төслийг хийж гүйцэтгэх мөнгөн хөрөнгийг өөрөөсөө гаргаж зарцуулсан юм. Гэрээ ёсоор ажил гүйцэтгэгдсэн тул зураг төслийн үнийг шийдвэрлэн олгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “П” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт холбогдуулан гаргасан 19,999,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

 

2.2. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь “П” ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан №2022042902 дугаартай гэрээгээр барилгын ажлын эхний санхүүжилт орж ирсэн даруй зураг төсвийн мөнгийг өгөхөөр тохирсон бөгөөд одоогоор зураг төсвийн мөнгө орж ирээгүй шийдвэрлэгдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00597 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газраас ажлын хөлс 19,999,000 (арван есөн сая есөн зуун ерэн есөн мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,945 (хоёр зуун тавин долоон мянган есөн зуун дөчин таван) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газраас 257,945 (хоёр зуун тавин долоон мянган есөн зуун дөчин таван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож шийдвэрлэжээ.   

 

            4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар нь “П” ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан №2022042902 дугаартай гэрээгээр барилгын ажлын эхний санхүүжилт орж ирсэн даруй зураг төсвийн мөнгийг өгөхөөр тохирсон бөгөөд одоогоор зураг төсвийн мөнгө орж ирээгүй, шийдвэрлэгдээгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.2. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар болон “П” ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан №2022042902 дугаартай гэрээгээр Гэрээний ерөнхий нөхцөлийн:   1.5-д Гэрээний гүйцэтгэлийн нийт санхүүжилт болох 19,999,000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Өлгий сум 5 дугаар багт баригдах Гаалийн газрын барилгын угсралтын ажлын эхний гүйцэтгэлийн санхүүжилтээс олгоно гэж заасан.

4.3. Гүйцэтгэгчийн эрх үүргийн: 2.6-д барилгын ажлын зургийн иж бүрдлийг батлагдсан хөрөнгийн дүнд багтаж, боловсруулсан бүрэн зураг төслийг, магадлангаар батлуулан 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасны дагуу хугацаандаа хүлээлгэн өгөөгүй, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн.

4.4. Захиалагч, гүйцэтгэгчийн харилцан хүлээх үүргийн: 4.2-д Захиалагч болон гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй.

4.5. Иймд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 130/ШШ2024/00597 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах  шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

5.1. Гэрээнд заасан хугацаанд ажлаа хүлээлгэж өгөх гэсэн боловч бид нараас үл хамаарах шалтгааны улмаас ажлаа 2022 оны 12 дугаар сард хүлээлгэж өгсөн. Бидний зүгээс хийх ёстой ажлуудаа хийж гүйцэтгэсэн байгаа. Өөрсдийн мөнгөөр буюу 16 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь ажлын гүйцэтгэлийн талаар болон үр дүнг хүлээж авсан талаар маргаагүй. Баян-Өлгий аймгийн Гаалийн газар ажлын үр дүнг хүлээж авсан нь тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

6.2. Гагцхүү хариуцагч тал хугацаандаа энэ ажлыг хүлээлгэж өгөөгүй учраас бид нар мөнгөө өгч чадаагүй гэх агуулгатай тайлбар хэлдэг. 2022 оны байдлаар Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт 20 сая төгрөг нь батлагдаж ирээд тусгагдаад, дараа нь 2022 оны 12 сар буюу жилийн эцсээр буцаагаад татагдсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн 2 үндэслэлээр гаргасан тайлбар хоорондоо зөрүүтэй, нэг нэгээ үгүйсгэсэн тайлбар байгаа. Хариуцагчийн нэг тайлбарт төсөв нь батлагдаж ирээд 12 сард татагдсан юм шиг ярьдаг атлаа нөгөө нэг тайлбарт нь Сангийн яамнаас ирээдүйдээ мөнгө батлагдсаны дараа өгье гэсэн агуулгатай тайлбаруудыг гаргадаг.

6.3. Хэрэв хугацаатай холбоотой маргаан байлаа гэж үзвэл дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үздэг. Үүнд үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүрэг биелүүлээгүй гэж зохицуулсан. Энэ тохиолдолд хариуцагч Баян-Өлгий аймгийн Гаалийн газраас үүрэг гүйцэтгэхээр болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулсан зүйл байдаггүй. Үйлчлүүлэгч компани маань барилгын ажилтай холбоотой зураг төслийг гүйцэтгэж Барилгын хөгжлийн төвд магадлалд оруулдаг юм байна. Магадлангаас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гармагцаа хариуцагч Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт хүлээлгэж өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнээс харвал хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Тиймээс хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.  

6.4. Иргэний хэргийн анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг зөв тайлбарлаж, хэрэглэж үндэслэлтэй шийдвэр гаргасан байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. 

 

ХЯНАВАЛ:

 

7. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

 

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9. Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт холбогдуулж Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний үнэ 19,999,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээнд заасан ажлыг өөрийн зардлаар бүрэн гүйцэтгэж, эрх бүхий байгууллагаар магадлал хийлгэн захиалагчид хүлээлгэж өгсөн байхад захиалагч зураг төслийн үнийг төлөөгүй гэж тайлбарлан талуудын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт барих Гаалийн газрын барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ”, “П” ХХК болон “Эл эм ланд” ХХК-ийн хооронд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Инженер геологийн хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ”, мөн компани болон Чинзоригийн Баярмаа нарын хооронд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”, мөн компани болон Улсхүүгийн Санчирмаа нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх тухай гэрээ”, мөн Барилгын хөгжлийн төв болон “П” ХХК нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ”, “2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Барилгын хөгжлийн төвөөс олгосон “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл”, Ажлын зураг, Барилга угсралтын ажлын төсөв, талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

 

10. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...гэрээгээр барилгын ажлын эхний санхүүжилт орж ирсэн даруй зураг төсвийн мөнгийг өгөхөөр тохирсон бөгөөд одоогоор зураг төсвийн мөнгө орж ирээгүй, шийдвэрлэгдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж хариу тайлбар ирүүлсэн, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “гэрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүнг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэж өгнө гэсэн боловч гэрээнд заасан хугацаандаа хүлээлгэж өгөөгүйгээс бид төсөвтөө суулгаж чадаагүй” гэсэн агуулгатай тайлбар гаргадаг боловч шүүхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилттэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

 

11. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч “П” ХХК болон хариуцагч буюу захиалагч Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хэдийгээр ажил гүйцэтгэгчийг гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй талаар хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргадаг боловч гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж авсан талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, тус гэрээгээр ажил гүйцэтгэгч нь өөрийн материалаар буюу зардлаар барилгын ажлын зураг төслийг иж бүрдлээр нь /гэрээний 1 дүгээр хавсралтад заасан/ гүйцэтгэж, ажлын үр дүнг биет байдлаар нь захиалагчид хүлээлгэж өгөх, харин захиалагч нь тус ажлыг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн боловч ажил гүйцэтгэгч нь үүргээ биелүүлсэн, харин захиалагч хөлс төлөх үүргээ биелүүлээгүй нь тогтоогджээ.

 

12. Ажил гүйцэтгэх гэрээний 1.5 дахь заалтын эхний өгүүлбэрт талууд гүйцэтгэсэн ажлын нийт хөлсийг 19,999,000 төгрөг гэж харилцан тохиролцсон, энэ талаар маргаагүй, харин мөн заалтын 2 дахь өгүүлбэрээр ажлын хөлсийг төлөх хугацааны талаар “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт баригдах Гаалийн газрын барилгын угсралтын ажлын эхний гүйцэтгэлийн санхүүжилтээр олгоно” гэж гэрээнд тусгасан.  Гэрээний энэхүү заалтыг үндэслэн захиалагчаас ажлын хөлс төлөх гэрээнд заасан хугацаа болоогүй буюу “барилгын угсралтын ажлын эхний гүйцэтгэлийн санхүүжилтээс олгоно” гэж заасан учраас “зураг төсвийн мөнгө одоогоор төсөвт орж ирээгүй” гэж тайлбарлах ба үүнээс дүгнэвэл, талууд ажил гүйцэтгэгчид “хөлс төлөх хугацааны” талаар маргажээ.

 

13. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “захиалагч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэж, ажил гүйцэтгэгчид төлөх хөлсний талаарх 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно” гэж, хөлс төлөх хугацааны талаарх 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж тус тус хуульчилжээ. Хуулийн уг заалтаас үзвэл, талууд хөлс төлөх хугацаа болон журмын талаар өөрсдөө харилцан тохиролцож болох боловч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар тухайн тохиролцоо буюу захиалагчаас ажил гүйцэтгэгчид хөлс төлөх хугацаа “тодорхой” байх шаардлагатай.  

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 1.5 дахь заалтын 2 дахь өгүүлбэрт ажил гүйцэтгэгч болон захиалагч нар хөлс төлөх хугацааны талаар “барилгын угсралтын ажлын эхний гүйцэтгэлийн санхүүжилтээс олгоно” гэж харилцан тохиролцсон нь тодорхой бус, захиалагч нь ажил гүйцэтгэгчид чухам хэзээ ажлын хөлсийг төлөх нь тодорхойгүй, барилгын угсралтын ажил өнөөдрийг хүртэл эхлээгүй байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон нөхцөлд гэрээнд заасанчлан барилга угсралтын ажлын эхний гүйцэтгэлийн санхүүжилт хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа учраас талууд гэрээндээ хөлс төлөх хугацааны талаар хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасанчлан “өөрөөр тохиролцсон” гэж үзэх бодит үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.

 

14. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “барилгын угсралтын ажлын эхний гүйцэтгэлийн эхлэх болон санхүүжилт орж ирэх”  тодорхой хугацаа тогтоосон баримтыг, тодруулбал ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс төлөхтэй холбоотой заалтын хэрэгжилт гуравдагч этгээдийн үйл ажиллагаа болон санхүүжилттэй холбоотой хэрэгжээгүй бол, хэзээ хэрхэн хэрэгжих, хэрэгжих боломжит хугацаа зэрэг ажил гүйцэтгэгчид “хөлс төлөх хугацааг тогтоосон” баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох, няцаах үүрэгтэй.

 

15. Ажил гүйцэтгэх гэрээний 1.5 дахь заалтын 2 дахь өгүүлбэрт тусгасан зохицуулалт тодорхой хугацааг тогтоогоогүй, үүнийг захиалагчаас ажил гүйцэтгэгчид гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх хугацааг тухайлан тохиролцсон гэж үзэх хуулийн шаардлагыг хангаагүй учраас Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгчийг ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед захиалагч нь ажлын хөлсийг төлөх үүрэгтэй.  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэдийгээр ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хожимдуулж хүлээлгэж өгсөн талаар тайлбарлах боловч гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж авсан талаар маргаагүй, ажил гүйцэтгэх гэрээнд ажил гүйцэтгэгч нь барилгын ажлын зураг төсвийг иж бүрдлээр нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр захиалагчид хүлээлгэж өгөх үүрэгтэй боловч Барилгын хөгжлийн төвийн магадлалын дүгнэлт 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгогдсонтой холбогдуулан гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлын үр дүнг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиалагчид хүлээлгэж өгсөн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул энэ үед захиалагч нь хуульд зааснаар ажлын хөлсийг төлөх үүрэгтэй байжээ.

 

16. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан үндэслэлүүдээр хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй байх тул “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

17. Хуульд зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2024/00597 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч төсвийн байгууллагын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК