Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 0942

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Г.Цэрэнжамц

шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Учралгэрэл

хохирогч: Б.О

шүүгдэгч: Б.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Х овогт Б Ш  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906010840984  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Б Ш, 19 оны 10 дугаар  сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Ш нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины амины орон сууц  тоотод Б.О эзэмшлийн нийтийн байранд жижүүрээр ажиллаж байх хугацаандаа нийтийн байр түрээслэгч нараас түрээсийн төлбөр 704.000 төгрөгийг, мөн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэн хариуцуулсан зурагт, хөргөгч, шал угаагч, хувцасны тавиур, кабелийн антен зэрэг 500.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл авч нийт 1.204.000 төгрөгийг хувьдаа завшсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч   Б.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 6 дугаар сараас эхлэн энэ газар ажиллаж эхэлсэн. Нөхөр хэрэгт ороод би хүүхэдтэйгээ үлдсэн. Би давхар ажил хийе гэж О эгчээс асуусан. Гэтэл өрөндөө ажил гэж хэлсэн. Тэгээд өрөндөө давхар ажиллах гэхээр хоёр хүүхдээ тэжээх боломжгүй байсан. Би өмнө нь 3 сар байр түрээсэлж байгаад О эгч ажил хийх үү  гэж асуухаар нь зөвшөөрөөд ажиллаж байсан. Сар бүрийн айлуудын түрээсийн мөнгийг би айлуудаас гарын үсэг зуруулж аваад О эгчид өгдөг байсан. О эгчийн үлдээсэн юмнуудыг аваад нүүгээд явсан. Тухайн үед би 300 гаран мянган төгрөг авсан байсан. Өмнө нь айлуудын өгсөн мөнгөнүүдээс бас авчихсан байсан мөнгө нэмэгдээд 750.000 төгрөг болсон байгаа. Би үнийн дүнтэй маргахгүй байна. Одоо би түц-д худалдагч хийж байгаа. Өдөрт 25000 төгрөгийн цалин авч байгаа. Би нэг өдөр гараад нэг өдөр амардаг. Гараатай өдрөө хүүхдүүдээ хадам эгчдээ үлдээгээд гардаг гэв.

             Хохирогч Б.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хүүхэд манай байрыг түрээсэлж байгаад, манайд жижүүр хэрэгтэй болоод ажилд авсан. Айлуудаас авсан мөнгөө уг нь надад хүлээлгэж өгөөд явж байсан. Тухайн үедээ 300 гаран мянган төгрөг авсан. Өмнө нь надад мэдэгдээгүй байж байгаад авсан мөнгөтэй нийлээд 750.000 төгрөг болж байгаа. Битүүний өдөр үдээс өмнө эгч нь завгүй тул орлогоо аваад хадгалж байгаа гэж хэлсэн. Битүүний орой 10 цагт камер салгаж хаяад өрөөнд нь хэрэглээрэй гэж байсан бүх эд зүйлүүдийг аваад явсан байсан тул цагдаа дуудсан. Антенийг аваагүй гэж хэлж байна. Уг нь өөрсдөө тэр антиныг хэрэглэж байсан. Тухайн үед өрөөнд байхгүй  зүйлүүдийг бичүүлсэн. Би өөр үнэлгээ гаргаж өгсөн. Манай хүүхдийн шинээр аваад удаагүй хөргөгч байсан. Би тэр хөргөгчийг  нь аваад ир гэж ярьсан  боловч өнөөдөр аваад очино гэж хэлээд ирээгүй. Тэгээд би дахин холбогдож байгаад эд зүйлээ аваад ир гэж хэлтэл айлын хашаанд хураасан байсан чинь хөргөгч нь алга болсон байна гэж хэлээд, түүнээс хойш алга болсон. Тэгээд байцаагчид хэлээд тухайн газар нь очиход хөргөгчнөөс бусад эд зүйл нь байсан. Тэгээд би надад өгөх ёстой мөнгөө өгөөрэй гэж хэлсэн. Үнэлгээгээр 1.204.000 төгрөгийн баримт хэрэгт байгаа. Гэхдээ би энэ хүүхдийн амьрал, хүүхдүүдийг  нь бодоод бүгдийг нь авахгүй талыг нь буюу 600.000 төгрөгийг нь авъя гэж хэлсэн. Одоогоор надад өгсөн мөнгө байхгүй. 600.000 төгрөгийг 3 сарын хугацаанд хуваагаад өгөөрэй гэж тохиролцоо хийсэн байгаа. Энэ хүүхэд хохирлоо төлчихвөл гомдол саналгүй гэв.

        Шүүгдэгч  Б.Ш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо баруун амины орон сууцны  тоот нийтийн байранд өрөө түрээслэхээр зарын дагуу Б.О эгчтэй утсаар ярьж уулзахаар болсон. Сарын түрээс нь 120.000 төгрөгөөр тохирч 70.000 төгрөгийг жижүүр эгчид нь өгсөн. Би уг нийтийн байранд амьдарч байтал жижүүр эгч нь хөдөө явж ажиллахаар болоод О эгч надад жижүүр хийгээч гэж санал тавьсан. Тэгээд би үнэгүй байранд суугаад сард 180.000 төгрөгний цалин авахаар тохирсон. Би уг ажлыг хийж байхдаа түрээслэгч нараас өгсөн түрээсийн мөнгийг цаг хугацаанд нь О эгчид өгч байсан. Тэгээд манай нөхөр хөдөө ажиллахаар болоод бид нар уг байрнаас нүүхээр болсон. Тэгээд би явахдаа байрны эд зүйл болох хөргөгч, хар өнгийн гутлын тавиур, автомат шал угаагч зэрэг эд зүйлийг авч явсан. Мөн түрээсийн орлогын мөнгөнөөс 500.000 төгрөгийг авч ашигласан. Би авсан эд зүйлсээ хэрэглээгүй айлын хашаанд хучаад тавьчихсан байгаа одоо эргүүлээд өгчихнө гэжээ. /хх-ийн 14/ 

         Хохирогч Б.О  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Баянзүрх дүүргийн  дугаар хороо  тоотод байх нийтийн байрны үйлчлэгч жижүүр хийж байсан Б овогтой Ш нь түрээсийн орлогын мөнгө болох бэлэн 957.000 төгрөг авсан мөн манай байрны зурагт, хөргөгч, шал угаагч, хувцасны тавиур, кабелын антен, зэрэг зүйлсийг авч явсан байсан. Ш 2018 оны 3 дугаар сард байр түрээслэн амьдарсан юм. Нөхөр нь мөн галч үйлчлэгчээр ажиллаж байсан юм гэжээ.  /хх-н 6-12/          

          Гэрч П.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 4-ны өдөр орой 23.00 цагийн орчимд манай нагац дүү болох Б.Ш утсаар ярьж эгчээ би танайд тавилга аваачаад тавиадхий би байрнаасаа гарахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд 23.00 цагаас хойш шөнийн 01.00 цагийн хооронд жижиг хар хөх өнгийн машинаар 3 удаа эп зүйлээ зөөж хашааны баруун урд буланд хурааж бүтээлгээр хучаад тавьсан. Модон ор, хөргөгч, зурагт, тавиур, боодолтой эд зүйл, гутлын тавиур, хогийн шүүр зэрэг зүйл байсан гэжээ. /хх-н 16-17/

          Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Ш манай байранд жижүүр хийдэг. Сар бүр байрны мөнгө хураадаг. Манайх байрны мөнгө 150.000 төгрөг тогны 18.000-20.000 төгрөгний хооронд хэрэглэснээр гардаг. 2019 оны 2 дугаар сарын 3-нд Ш 80.000 төгрөгийг би өөрөө өгсөн. Гэтэл уг 80.000 төгрөгийг О эгчид өгөлгүй авч явсан байна лээ. Би мөнгө өгөхдөө гарын үсэг зураагүй зүгээр л өгчихсөн юм гэжээ.  /хх-н 18/

          Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Ш манай байрны жижүүр хийдэг байсан. 2019 оны 2 дугаар сарын 3-нд байрны эзэн О эгчтэй яриад сарын 10.000 төгрөгөөр хөргөгч түрээслэхээр болсон. Тэгээд 10.000 төгрөгийг Ш өгөөд нэг хөргөгч авсан. 7 номерийн өрөөнөөс нэг хөргөгч аваад мөнгийг Ш өгсөн гэжээ.  /хх-н 19/

          Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 1 дүгээр сарын 30-нд байрны жижүүр хийдэг Ш гэрлийн мөнгө болох 7000 төгрөг, тавилгын мөнгө болох 15.000 төгрөг, нийлээд 22.000 төгрөгийг өгсөн. Тэгээд би хөдөө явж байгаад ирэхэд жижүүр солигдсон байсан гэжээ. /хх-н 20/

          Гэрч Я.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би жижүүр Ш тог, түрээсийн мөнгө гэж 21.000 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 3-нд өгсөн гэжээ. /хх-н 21/

          Шинжээч томилж ,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23-24/

          Тод үнэлгээ ХХК-ны хөрөнгийн үнэлгээ /хх-н 25-

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 26-27/

          Б.О 44 хуудас нэг ширхэг дэвтэрнээс 10 хуудас мөнгө хүлээлцэж байсан тэмдэглэлийг хуулбарлан авч хэрэгт хавсаргав гэжээ. /хх-н 46-59/

          Б.Ш иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 30 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 33-34/,

          Б.Ш хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол /хх-н 65-66/

         Б.Ш Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 61/, прокурорын тогтоол /хх-н 63-64/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 67-69/ зэрэг болно.

          Б.Ш нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины амины орон сууц  тоотод Б.О эзэмшлийн нийтийн байранд жижүүрээр ажиллаж байх хугацаандаа Б.О нийтийн байр түрээслэгч нараас түрээсийн төлбөрт өгсөн 704.000 төгрөгийг, мөн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэн хариуцуулсан зурагт, хөргөгч, шал угаагч, хувцасны тавиур, кабелийн антен зэрэг 500.000 төгрөгийн эд зүйл авч нийт 1.204.000 төгрөгийн эд зүйлийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.О өгсөн ...Ш нь түрээсийн орлогын мөнгө болох бэлэн 957.000 төгрөг авсан мөн манай байрны зурагт, хөргөгч, шал угаагч, хувцасны тавиур, кабелын антен, зэрэг зүйлсийг авч явсан байсан. Ш 2018 оны 3 дугаар сард байр түрээслэн амьдарч байгаад манайд жижүүрээр ажиллаж эхэлсэн юм, Нөхөр нь мөн галч үйлчлэгчээр ажиллаж байсан юм гэсэн мэдүүлэг О эгч надад жижүүр хийгээч гэж санал тавьсан. Тэгээд би үнэгүй байранд суугаад сард 180.000 төгрөгний цалин авахаар тохирсон. Би уг ажлыг хийж байхдаа түрээслэгч нараас өгсөн түрээсийн мөнгийг цаг хугацаанд нь О эгчид өгч байсан. Тэгээд манай нөхөр хөдөө ажиллахаар болоод бид нар уг байрнаас нүүхээр болсон. Тэгээд би явахдаа байрны эд зүйл болох хөргөгч, хар өнгийн гутлын тавиур, автомат шал угаагч зэрэг эд зүйлийг авч явсан. Мөн түрээсийн орлогын мөнгөнөөс 500.000 төгрөгийг авч ашигласан. Би авсан эд зүйлсээ хэрэглээгүй айлын хашаанд хучаад тавьчихсан байгаа одоо эргүүлээд өгчихнө гэсэн мэдүүлэг, Гэрч П.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б.Ш утсаар ярьж эгчээ би танайд тавилга аваачаад тавиадхий би байрнаасаа гарахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд 23.00 цагаас хойш шөнийн 01.00 цагийн хооронд жижиг хар хөх өнгийн машинаар 3 удаа эп зүйлээ зөөж хашааны баруун урд буланд хурааж бүтээлгээр хучаад тавьсан. Модон ор, хөргөгч, зурагт, тавиур, боодолтой эд зүйл, гутлын тавиур, хогийн шүүр зэрэг зүйл байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 16-17/, Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Ш 80.000 төгрөгийг би өөрөө өгсөн. Гэтэл уг 80.000 төгрөгийг О эгчид өгөлгүй авч явсан байна лээ. Би мөнгө өгөхдөө гарын үсэг зураагүй зүгээр л өгчихсөн юм гэсэн мэдүүлэг. /хх-н 18/, Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ...мэдүүлэхдээ: Ш манай байрны жижүүр хийдэг байсан. 2019 оны 2 дугаар сарын 3-нд байрны эзэн О эгчтэй яриад сарын 10.000 төгрөгөөр хөргөгч түрээслэхээр болсон. Тэгээд 10.000 төгрөгийг Ш өгөөд нэг хөргөгч авсан. 7 номерийн өрөөнөөс нэг хөргөгч аваад мөнгийг Шинэтуяад өгсөн гэс эан мэдүүлэг   /хх-н 19/          Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...байрны жижүүр хийдэг Ш гэрлийн мөнгө болох 7000 төгрөг, тавилгын мөнгө болох 15.000 төгрөг, нийлээд 22.000 төгрөгийг өгсөн гэсэн мэдүүлэг хх-н 20/, Гэрч Я.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би жижүүр Ш тог, түрээсийн мөнгө гэж 21.000 төгрөгийг 2019 оны 2 дугаар сарын 3-нд өгсөн гэсэн  /хх-н 21/ мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Б.Ш нь өөрт нь итгэж түрээсийн мөнгөө хураалгуулдаг байсныг ашиглан хураан авсан мөртлөө мөнгөө Б.О өгөлгүй өөртөө ашигласан, мөн тэндээс явахдаа өөрийн түрээслэж байсан байранд  байсан эд хогшлыг авч явсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Б.Ш холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

         Хохирогч Б.О нь Б.Ш амьдрал ахуйг бодолцон өөрийн авах ёстой мөнгөний тал хувийг авалгүй үлдэх тавин хувь болох 600.000 төгрөгийг авахаар тохирч, энэ 600.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ш нь 3 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлэн  хоорондоо тохиролцсон байна. Иймд Б.Ш 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О олгох нь зүйтэй гэж үзэв.     

           Б.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. Мөн шүүгдэгч Б.Ш бага насны хоёр хүүхэдтэй нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан .... 3 хүртэлх насны хүүхэдтэй эх-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж болно гэсэн заалтыг үндэслэн шүүхээс Б.Ш оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулж хяналт тавихыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт Б Ш  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   Б.Ш 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Ш  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Ш 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хойшлуулсугай.

 5 .Б.Шинэтуяа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Шинэтуяад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурьдсугай.

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх  дүүргийн  дүгээр хороо Газарчингийн  тоотод оршин суудаг, /РД:/ Б.Ш 600.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13 дугаар байрны 49 тоотод оршин суух /РД: / Б.О олгосугай.

 9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ш авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

       

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН