| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2024/00532/И |
| Дугаар | 212/МА2024/00079 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 212/МА2024/00079
Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00632 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ******** багт оршин суух, Х овогт Б.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай “Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч Б.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн төлөөлөгч М.Р, түүний өмгөөлөгч Я.Сьезд, орчуулагч Б.Даулетжан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Mиний бие нярав мэргэжилтэй бөгөөд Баян-Өлгий аймгийн Д сумын сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн нярваар ажиллаж байсан А.Б өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн тул тус сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б\69 дугаартай “Б.А-ыг ажилд томилох тухай” тушаалаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус сургуулийн нярвын ажилд томилогдон ажилласан.
1.2.Тухайн ажлын байр нь сул, байнгын ажлын байр учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Гэтэл Д сумын сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б\12 дугаартай “Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “ажлын байр хасагдсан орон тоо цөөрсөн” гэсэн, 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан “ажилтан мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон” гэсэн хоёр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
1.3. Миний бие энэхүү тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 130\ШШ2023\00481 дугаартай шийдвэрээр намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн болохыг тогтоож, тус сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоосон тул тус сургуулийн захирал 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б\50 дугаартай тушаалаар нярвын ажилд буцаан томилсон болно.
1.4. Миний бие ажлаа хэвийн гүйцэтгэж байтал тус сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай “Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэг, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай зөвлөмжийг удирдлага болгон 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дахин ажлаас чөлөөлсөн тул энэхүү тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн дотор Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан.
1.5.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай тэмдэглэлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 05 дугаар сарын 22-ны өдөр буюу 6 дахь хоногт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дах хэсэгт заасан хугацаандаа шүүхэд гомдол гаргаж байна.
1.6.Энэхүү намайг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай тушаал гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй. Тухайлбал, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан ажлаас чөлөөлөх үндэслэлийн аль нэгийг баримтлаагүй байна.
1.7.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсгийг баримтлан Авлигатай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай зөвлөмжийг удирдлага болгон ажлаас чөлөөлсөн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай зөвлөмжид: Томилогдох албан тушаал нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан судалж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахыг зөвлөж байна гэсэн байна.
Үүнээс үзвэл зөвлөмжид тухайн асуудлыг судлах, дээрх хоёр хууль зөрчигдсөн эсэхийг шалган тогтоохыг зөвлөсөн хэлбэртэй болохоос Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын намайг ажлаас чөлөөлөхийг шаардсан бус харин зөвлөх хэлбэр бүхий зөвлөмж болохыг ажил олгогч анхаараагүй байна.
1.8.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь хэсэгт Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч хамаарахаар заасан байдаг.
Гэтэл миний эрхэлж байгаа сургуулийн нярав гэх албан тушаал нь төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаал бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаал биш тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тухайн хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээд болохыг зөвлөмж бичсэн Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан болон сургуулийн захирал анхаараагүй байна.
1.9. Миний бие “Дэ Райс” сургалтын төвд 2022 онд суралцаж төгсөөд нярвын мэргэжил эзэмшсэн эрхийн үнэмлэх (Сертификат) байгаа тул тухайн нярвын албан тушаал эрхлэх тусгай шаардлагыг хангаж байна.
Харин ерөнхий боловсролын сургууль төгсөх нь тусгай боловсрол буюу тусгай мэргэжил бус албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага биш болох нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтад тодорхой тусгагдсан байна.
1.10.Хариуцагч Д сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б\12 дугаартай “Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар мөн адил намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан ажилтан мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн үндэслэл зааж ажлаас чөлөөлсөн боловч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 130\ШШ2023\00481 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нярвын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан учраас нэхэмжлэгч Б.А- миний мэргэжил, мэргэжлийн түвшинг дахин нотлох хууль зүйн үндэслэл байхгүй болно.
1.11.Миний бие нярвын ажилд томилогдоход “Дэ Райс” сургалтын төвөөс нярав мэргэжил эзэмшсэн сертификатыг ашиглан ажилд томилогдсон тул мэргэжил, мэргэшлийн талаар хуурамч баримт бичиг ашиглаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт заасан хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
1.12.Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасан “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд заасан бусад үндэслэлээр (Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-д зааснаас бусад үндэслэлээр гэх) ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэсэн хуульд заасан хориглолтыг ноцтой зөрчсөн үйлдэл мөн.
1.13. Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
2.1.Тус сургуулийн нярваар ажиллаж байсан Б.А-той холбоотой Авлигатай тэмцэх газраас 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай зөвлөмж хүргүүлсэн тухай бичиг ирсэн. Б.А- нь сургуулийн нярваар 2022 оны 12 дугаар сард томилогдон ажиллаж байсан ба тухайн үед захирлаар М.С ажиллаж байсан.
2.2. Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичигт Б.А- нь сургуулийн нярвын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй тул гарсан зөрчлийг арилгах, 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хариу ирүүлэхийг шаардсаны дагуу зөрчлийг арилгаж хариу хүргүүлсэн.
2.3.Тус албан бичигт Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийн дагуу гарсан хууль ёсны шаардлага шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээ заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу зөрчлийг арилгасан болно.
2.4. Иймд нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00632 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А-ыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Б.А-ын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох хөдөлмөрийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь: ажил олгогч ажилтан Б.А-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрвээ ажил олгогч албан бичгийн хэрэгжилтийг хангахгүй бол Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуй” нөхцөл байдал бий болох байсан. Нөгөө талаас тус сургуулийн захирал М.Р нь АТГ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргавал өөрөө бусдад давуу байдал бий болгосон гэсэн үндэслэлээр өөртөө хариуцлага тооцуулах нөхцөл байдал бий болох юм.
4.2. Иймээс ажил олгогч Б.А- нь тухайн албан тушаалтны ажлын байранд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байгаа нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсгийг үндэслэн ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэж байна.
4.3. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130\ШШ2024\00632 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.А-ын “Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай “Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сургуулийн нярвын ажилд эргүүлэн томилохыг хүсэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Миний бие 2008 онд Д сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд орсон. Тус сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор 10 гаруй жил ажилласан. 2022 оны 12 дугаар сард Д сумын бүрэн дунд сургуулийн нярвын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарсан, түүний оронд намайг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж нярвын ажилд томилогдсон.
5.2. 2023 онд тус сургуульд шинээр томилогдсон захирал Ж нь намайг 2023 оны 3 дугаар сард ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Тэгээд би Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэл гаргаад, Баян-Өлгий аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийн дагуу намайг нярвын ажилд эгүүлэн тогтоосон. Дараа нь намайг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дахин ажлаас үндэслэлгүйгээр халсан. Миний бие тус сургуульд ажилласнаас хойш хүүхдүүдийн үдийн хоол, хүнс сайжруулсан талаар сургуулийн захирал, менежер, захирлын дэргэдэх зөвлөл хуралдаад хэлэлцсэн. Миний бие ажилласан хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Анх ажилд орохдоо хавтаст хэрэгт авагдсан сертификатыг үндэслэж ажилд орсон. Ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 602 дугаартай шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан учраас, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.
6.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны гарсан гэдэг нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд Б.А-ыг ажлаас чөлөөлөхдөө Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийг үндэслэж ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ зөвлөмж Б.А-ыг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
6.3. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмж нь Б.А-ыг ажлаас чөлөөлөхийг шаардсан шаардлага биш. Б.А-ыг тухайн албан тушаалд тэнцэж байгаа эсэхийг дүгнэлт хийхийг шаардсан албан бичиг байсан. Боловсрол шинжлэн ухааны яамны 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 12/1124 дүгээр тоот албан бичигт “Боловсрол шинжлэн ухааны цахим архиваас Б овогт А- нь 1994 онд Д сумын 10 жилийн сургуулийг төгссөн гэх мэдээлэл нь олдоогүй, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж шалган нягтлах тухай” зөвлөмж ирүүлсэн. Түүнээс биш Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар Б.А-ыг ажлаас халах тухай шаардсан шаардлага ирүүлээгүй.
6.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгч Б.А- нь Баян-Өлгий аймгийн Д сумын 10 жилийн дунд сургуулиас суурь боловсрол эзэмшиж төгссөнөө нотолж ирүүлсэн суурь боловсролын ******* дугаартай гэрчилгээ нь 1991-1995 онд суурь боловсрол эзэмшсэн төгсөгчдөд олгож байсан бүрэн бус дунд боловсролын гэрчилгээтэй тохирохгүй байгаа үйл баримтыг шалгаж, буруутай этгээдийг олж тогтоосон нотлох баримт байх ёстой. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч (ажилтан) Б.А- нь ажилд орох үедээ боловсролын түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлснийг шалгаж тогтоосон нотлох баримт байхгүй байна” гэж дурдсан. Мөн ажил олгогч Б.А-ыг ажлаас чөлөөлсөн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/15 дугаартай албан тоот гаргахдаа зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсгийг үндэслэл болгосон. Үүнд эрх бүхий байгууллага шаардсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
6.5. Гэтэл эрх бүхий байгууллага Б.А-ыг ажлаас чөлөөлөхийг шаардсан үйл баримт сая шинжлэн судалсан 2 албан бичгээр нотлон тогтоогдохгүй байна. Б.А-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасан заалтыг баримтлахаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн аль нэг хэсэгт тохирох заалтыг баримтлах ёстой байсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримтлаагүй. Энэ үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж байна. Үүний талаар анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан ажлаас чөлөөлөх үндэслэлийн аль нэгийг баримтлаагүй атлаа ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь заалтыг зөрчсөн байна” гэж дүгнэлт хийсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсгийг баримтлаагүй гаргасан ажлаас чөлөөлсөн тушаал нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
6.6. Мөн Д сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал буюу ажил олгогч нь тус сургуулийн нярвын ажилтай Б.А- боловсрол, мэргэжлийн хувьд тэнцэхгүй байгаа талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хавтаст хэрэгт тус ажил байдлын тодорхойлолт болон нярвын албан тушаалд тавигдсан ерөнхий болон тусгай шаардлагын талаар баримтуудыг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй учраас тухайн үндэслэлээр дүгнэлт хийх боломжгүй байна. Мөн анхан шатны шүүх шүүхийг шийдвэрт “мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь нярвын албан тушаалын ажил байдлын тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн Б.А- тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан судалсан эсэх нь тодорхойгүй, Б.А-ын нярвын албан тушаалд тавигдах шаардлагын хэрхэн зөрчсөнийг шүүхэд нотолж чадаагүй болно” гэж дүгнэсэн. Харин захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд тус сургуулийн захирал, сургалтын менежер болон сургуулийн удирдах зөвлөлийн гишүүд Б.А- ажлыг хэвийн хэмжээнд буюу сайн гүйцэтгэж байгаа талаар дүгнэлт гаргасан. Авлигатай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05/6137 дугаартай тоот зөвлөмж болон Боловсрол шинжлэн ухааны яамны 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 12/1124 дүгээр тоот албан бичгүүдийг анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд үнэлсэн. Үүнд нэхэмжлэгч Б.А-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт зааснаар албан тушаалаас нь чөлөөлөх шаардлага биш гэж үзэж анхан шатны шүүх тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ХЯНАВАЛ:
7. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.
8. Нэхэмжлэгч Б.А- нь Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай “Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч тус аймгийн Д сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “миний эрхэлж байгаа сургуулийн нярав гэх албан тушаал нь төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаал бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаал биш тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тухайн хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээд болохыг зөвлөмж бичсэн Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан болон сургуулийн захирал анхаараагүй байна. Миний бие “Дэ Райс” сургалтын төвд 2022 онд суралцаж төгсөөд нярвын мэргэжил эзэмшсэн эрхийн үнэмлэх (Сертификат) байгаа тул тухайн нярвын албан тушаал эрхлэх тусгай шаардлагыг хангаж байна. Харин ерөнхий боловсролын сургууль төгсөх нь тусгай боловсрол буюу тусгай мэргэжил бус албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага биш болох нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтад тодорхой тусгагдсан” гэж тайлбарлаж,
хариуцагч буюу ажил олгогч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Тус сургуулийн нярваар ажиллаж байсан Б.А-той холбоотой Авлигатай тэмцэх газраас 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай зөвлөмж хүргүүлсэн тухай бичиг ирсэн. Б.А- нь сургуулийн нярваар 2022 оны 12 дугаар сард томилогдон ажиллаж байсан ба тухайн үед захирлаар М.С ажиллаж байсан. Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичигт Б.А- нь сургуулийн нярвын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй тул гарсан зөрчлийг арилгах, 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хариу ирүүлэхийг шаардсаны дагуу зөрчлийг арилгаж хариу хүргүүлсэн” гэж тайлбарлаж маргажээ.
10. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
10.1. Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б\69 дугаартай “Б.А-ыг ажилд томилох тухай” тушаалаар тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн нярав А.Б-ы оронд Б.А-ыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сургуулийн нярваар томилж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажил олгогчтой хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан,
10.2. Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б\12 дугаартай “Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн тус сургуулийн нярваар ажиллаж байгаа Б.А-ыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж байсан,
10.3. Энэ тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.А- шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 130\ШШ2023\00481 дугаартай шийдвэрээр Б.А-ыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож байсан,
10.4. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б\50 дугаартай “Б.А-ыг хэвээрээ ажиллуулах тухай” гэсэн тушаалаар түүнийг шүүхийн шийдвэрийг үндэслэж урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж байсан,
10.5. Тус сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай “Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус үндэслэн Б.А-ыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас дахин чөлөөлсөн,
10.6. Нэхэмжлэгч Б.А- нь тушаалыг эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгэр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан,
10.7. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн Эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай хуралдааны “...гомдлыг талууд тохиролцоонд хүрээгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн тэмдэглэлийг нэхэмжлэгч Б.А- 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй,
10.8. Авлигатай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05/6137 дугаар “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгээр “Б.А- нь 1994 онд Баян-Өлгий аймгийн Д сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөнөө нотолж ирүүлсэн суурь боловсролын ******* дугаартай гэрчилгээ нь 1991-1995 онд суурь боловсрол эзэмшсэн төгсөгчдөд олгож байсан бүрэн бус дунд боловсролын гэрчилгээтэй тохироогүй бөгөөд тус иргэн тухайн сургуулийг төгссөн гэх мэдээлэл олдоогүй нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнээд, гарсан зөрчлийг арилгаж, цаашид томилогдох албан тушаалтан нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан судалж томилох, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг зөвлөсөн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.
11. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ажилтан Б.А-ыг дахин ажлаас чөлөөлсөн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай “Б.А-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт буюу эрх бүхий байгууллага шаардсанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож болно гэснийг үндэслэл болгосон нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
Хариуцагч буюу ажил олгогчоос ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлээ “эрх бүхий байгууллага шаардсан” гэж Авлигатай тэмцэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг үндэслэл болгосон бөгөөд уг албан бичигт “...Б.А- нь 1994 онд Баян-Өлгий аймгийн Д сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөнөө нотолж ирүүлсэн суурь боловсролын ******* дугаартай гэрчилгээ нь 1991-1995 онд суурь боловсрол эзэмшсэн төгсөгчдөд олгож байсан бүрэн бус дунд боловсролын гэрчилгээтэй тохирохгүй бөгөөд тус иргэн тухайн сургуулийг төгссөн гэх мэдээлэл олдоогүй нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд тус сургуулийн нярвын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй Б.А-ыг тухайн албан тушаалд ажиллуулж байгаа нь Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуй нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд гарсан зөрчлийг арилгаж, цаашид томилогдох албан тушаалтан нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан судалж томилох, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг үүгээр зөвлөж, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор тус газарт хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна” гэжээ.
12. Авлигатай тэмцэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай зөвлөмжид дурдсан “...Б.А- нь 1994 онд Баян-Өлгий аймгийн Д сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөнөө нотолж ирүүлсэн суурь боловсролын ******* дугаартай гэрчилгээ нь 1991-1995 онд суурь боловсрол эзэмшсэн төгсөгчдөд олгож байсан бүрэн бус дунд боловсролын гэрчилгээтэй тохирохгүй бөгөөд тус иргэн тухайн сургуулийг төгссөн гэх мэдээлэл олдоогүй нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх үйл баримт нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр эцэслэн нэг мөр шалгагдан тогтоогдоогүй, Б.А- нь ерөнхий боловсролын сургуулийг төгссөн гэх мэдээлэл олдоогүй нөхцөл байдал нь түүнийг суурь боловсрол эзэмшээгүй гэдгийг бүрэн нотлон тогтоохгүй ба хариуцагч буюу ажил олгогчоос ажилтны ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгөөгүй тохиолдолд түүнийг сургуулийн нярвын ажлын байрны шаардлагад тавигдах шалгуурыг зөрчсөн гэх үндэслэл бүхий дүгнэлтийг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хийх боломжгүйг дурдах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд зохигч шаардлага ба татгалзлаа үндэслэх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүргийг хүлээнэ.
Нөгөө талаар Авлигатай тэмцэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай зөвлөмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтад заасан “эрх бүхий байгууллагын шаардлага” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Авлигатай тэмцэх газрын тус зөвлөмжийн агуулгад ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургууль болон ажилтан Б.А- нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг, түүнд үндэслэгдсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд дуусгавар болгохыг ажил олгогчоос шаардсан агуулга илэрхийлэгдээгүй байна.
13. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “эрх бүхий байгууллага шаардсанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдолд заасан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй учраас хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
14. Хуульд зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2024/00632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК