| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0078/Э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Л. Б , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1915000230039 дугаартай, 163/2019/0078/Э индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1956 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, нөхрийн хамт Булган аймгийн ... оршин суух, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Ш овогт Л.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л. Б нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг Улсын тусгай хамгаалалттай “Их Хайлантай” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л. Б өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэхэд миний зөвшөөрөл авсан газар бол улсын тусгай хамгаалалттай газар биш, мод бэлтгүүлэхээр явуулсан хүмүүс андуураад хажуу амнаас бэлтгэсэн нь улсын тусгай хамгаалалттай газар байсан, тэд нар мэдээгүй байсан. Хохирлыг төлсөн, гэмшиж байна гэх мэдүүлэг,
1915000000022 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Ц.Б гийн өгсөн: “... Манай улсын тусгай хамгаалалттай газар болох Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Их хайлантай” гэх газраас Хялганат тосгоны иргэн Л. Б гэх хүн хууль бусаар мод бэлтгэсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 30 тал/,
Гэрч Н.Э ын өгсөн: “...Би Булган аймгийн Сэлэнгэ сумын “Их хайлантайн” нөхөрлөлийн ахлагч ажилтай. Би энэ ажлаа хийгээд 7 жил болж байна. Би дээрх ****** дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг Булган аймгийн Хялганат тосгоны иргэн Л овогтой Б т 2019 оны 01 дүгээр сарын 02-ны үед өгсөн. Учир нь манай нөхөрлөл оны сүүлд энэ эрхийн бичгээр модоо бэлтгэж чадаагүй юм. Тэгээд би Б гэх хүнийг “мод бэлтгэх эрхийн бичиг өгөөч” гээд байхаар нь өгсөн юм. Тэрнээс өөр ямар нэгэн санаа зорилгоор бол өгөөгүй. Булган аймгийн Сэлэнгэ сумын “Хүүш” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй. Орчины бүст хамаардаг. “Хүүш” гэх газар нь “Их хайлантай” гэх газрынхаа баруун талын нуруунд байдаг. Мөн “Хүүш” гэх газар нь улсын тусгай хамгаалалтын багананы урд хэсэгт байрладаг юм. ...” гэх мэдүүлэг /хх 32 тал/,
Гэрч Б.Ө ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр миний хариуцсан нутаг болох “Их хайлантай”, “Баруун гол” гэх газар луу хүмүүс мод бэлтгэхээр орсон талаар мэдээд Байгаль орчны хяналтын улсын байцаагч О д мэдэгдэж, ажлынхаа Г, О , Б , О нарын хамтаар шалгалт хийсэн. Уг шалгалтаар Хялганат тосгоны иргэн Өгөөмөр гэх хүний “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэлтэй 7 залуу манай тусгай хамгаалалттай “Их хайлантай” гэх газраас мод бэлтгээд тээвэрлээд ороод ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч хэлэхдээ “Өгөөмөр гэж хүний мод байгаа юм, мод бэлтгэх эрхийн бичиг нь байгаа” гэж хэлсэн. ...Энэ мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар бөгөөд талбайн тусгаарлалт хийгээгүй. ...” гэх мэдүүлэг /хх 33-34 тал/,
Гэрч Э.СО ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө манай захирал Б над руу залгаж “хойшоо гоожинтой байгаа модонд явна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би компаний машин болох **-** БУА улсын дугаартай Зил-131 маркийн машиныг жолоодож таньдаг хүмүүс болох О , Э , Са нарыг мод ачихаар авч Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р багийн нутаг "Их хайлантай" гэх газар руу мод бэлтгэж, ачиж ирэхээр явсан. Тэгээд тухайн газраа очиж О “тайга” гэсэн саарал өнгийн хужаа хөрөөгөөр нарийн бүдүүн нийлсэн 21 ширхэг босоо хар мод унагааж, бид нар цагаалж 4 метрээр тайрч бэлтгэсэн. Тэгээд бид нар модоо бэлтгэж дуусаад машин дээрээ ачиж байхад бид нар дээр Тусгай хамгаалалттай газрын байцаагч гээд цагаан фермэртэй 5 хүн ирсэн. Ингээд бид нарыг ”Тусгай хамгаалалттай газар руу нэвтэрсэн байна” гэж хэлэхээр нь “за тийм үү, би мэдээгүй шүү дээ, гоожинтой болохоор нь л явсан” гэж хэлсэн. Тэгээд машин дээрээ 24 ширхэг 4 метрийн урттай модоо ачаад буцаад явж байтал Бурхантын доор машин эвдэрч янзлах аргагүй болохоор нь модоо тэнд нь буулгачихаад машинтайгаа Хялганат руу орж ирээд Б гуайн хашаанд машинаа тавьсан. Ингээд М ахыг гуйж буулгасан байсан 25 ширхэг модоо ачиж Хялганатын цагдаагийн хашаанд буулгасан. Мөн ууландаа үлдээсэн байсан 12 ширхэг модыг М ах машинд ачиж цагдаагийн хашаанд буулгасан. Бид мод бэлтгэхээс өмнө гоожин хараагүй. Б захирал “10 кубын гоожин байгаа” гэж байсан. Бид шинэс буюу хар мод 25 ширхэг босоо мод унагаасан. ...” гэх мэдүүлэг /хх 28 тал/,
Гэрч Э.Э ийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 09 цаг өнгөрч байхад над руу С залгаж “Өнөөдөр хойшоо модонд яваад ирэх үү, гоожинтой бичиг баримттай гэнэ ээ” гэхээр нь “тэгье” гэсэн. Ингээд би С гийн гэрт нь очиж О , Са , С нарын хамт Б эгчийн Зил-131 маркийн машинтай Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р багийн нутаг “Их хайлантай” гэх газар руу мод бэлтгэж, ачиж ирэхээр явсан. Тэгээд тухайн газраа очиж О саарал өнгийн хужаа хөрөөгөөр 20 ширхэг босоо хар мод унагааж, бид нар цагаалж, 4 метрээр тайрч бэлтгэсэн. Тэгээд бид нар машин дээрээ модоо ачих гэж байхад бид нар дээр Тусгай хамгаалалттай газрын хүмүүс гээд цагаан фермэртэй 5 хүн ирсэн. Ингээд бид нарыг “Тусгай хамгаалалттай газар руу нэвтэрсэн байна, гоожин бичиг баримтгүй мод бэлтгэсэн байна” гэж хэлэхээр нь С тэд нарт хандан “гоожин байгаа” гэж байсан. Тэгтэл “модоо ачаад дагаад яв” гэхээр нь машин дээрээ 24 ширхэг 4 метрийн урттай модоо ачаад буцаж явж байтал “Бурхант” гэх газрын цаана машин эвдэрч янзлах аргагүй болохоор нь модоо тэнд нь буулгачихаад машинтайгаа Хялганат руу орж ирээд Б гуайн хашаанд машинаа тавьсан. Ингээд М ахын машинд буулгасан байсан 25 ширхэг модоо ачиж Хялганатын цагдаагийн хашаанд буулгасан. Мөн 01 дүгээр сарын 13-ны өдөр ууландаа үлдээсэн байсан 12 ширхэг модыг М ахын машинд ачиж цагдаагийн хашаанд буулгасан. ... Б эгч тэр газраас гоожинтой байгаа гээд зааж өгсөн. Бид тухайн өдөр өдрийн 40000 төгрөгөөр тохиролцож модонд явсан. ...” гэх мэдүүлэг /хх 39-40 тал/,
Гэрч Г.О ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагийн үед над руу СО залгаж “ Б гуай хойшоо модонд яваад өгөөч гэнэ ээ явах уу” гэхээр нь би “гоожинтой юм бол уу” гэж асуухад “байгаа гэсэн” гэж хэлэхээр нь “тэгье” гэсэн. Ингээд би СО ын гэрт нь очиж Са , Э , СО нарын хамт Б эгчийн “Зил-131” маркийн машинтай Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р багийн нутаг “Их хайлантай” гэх газар руу мод бэлтгэж, ачиж ирэхээр явсан. Тэгээд "Их хайлантай" явж байхад урд нь явсан “Зил 131” маркийн машины мөрөөр явж мод бэлтгэх газраа очиж би саарал өнгийн хужаа хөрөөгөөр 20 ширхэг босоо хар мод унагааж, бид нар цагаалж 4 метрээр тайрч бэлтгэсэн. Тэгээд бид нар машин дээрээ модоо ачих гэж байхад бид нар дээр Тусгай хамгаалалттай газрын хүмүүс гээд 5-6 хүн ирсэн. Ингээд бид нарыг “бичиг баримтаа үзүүл, та нар Тусгай хамгаалалттай газар руу нэвтэрсэн байна” гэж хэлэхээр нь СО “гоожинтой гэсэн шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл “Тусгай хамгаалалттай газар гоожин гэж байхгүй, мэдэхгүй байна уу дагаад яв” гэсэн. Ингээд машин дээрээ 25 ширхэг 4 метрийн урттай модоо ачаад буцаж явж байтал Их хайлантайд өвөлждөг айлуудын цаана машин эвдэрч янзлах аргагүй болохоор нь модоо тэнд нь буулгачихаад машинтайгаа Хялганат руу орж ирээд Б гуайн хашаанд машинаа тавьсан. Тэгээд 01 дүгээр сарын 12-ны өглөө М гэж жолоочийн машинд буулгасан байсан 25 ширхэг модоо ачиж Хялганатын цагдаагийн хашаанд буулгасан. Мөн 01 дүгээр сарын 13-ны өдөр ууландаа үлдээсэн байсан 12 ширхэг модыг М жолоочийн машинд ачиж цагдаагийн хашаанд буулгасан. ...Тусгай хамгаалалттай газрын баганаас цааш ойролцоогоор 1-2 км явж мод бэлтгэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 41-42 тал/,
Гэрч С.Са ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагийн үед над руу найз СО залгаж “хойшоо гоожинтой мод байна яваад өгөөч” гэхээр нь “гоожинтой юм бол тэгье” гэж хэлсэн. Ингээд би СО ын гэрт нь очиж Г.О , Э.Э , СО нарын хамт Б эгчийн “Зил-131” маркийн машинтай Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р багийн нутаг "Их хайлантай" гэх газар руу мод бэлтгэж, ачиж ирэхээр явсан. Тэгээд "Их хайлантай"-д очиж Г.О мод унагааж бид нар цагаалж, 4 метрээр тайрч бэлтгэсэн. Тэгээд бид нар машин дээрээ модоо ачих гэж байхад бид нар дээр Тусгай хамгаалалттай газрын хүмүүс гээд 5 хүн ирсэн. Ингээд бид нарыг “бичиг баримтаа үзүүл, та нар Тусгай хамгаалалттай газар руу нэвтэрсэн байна” гэж хэлэхээр нь СО тухайн хүмүүстэй юм яриад байсан бид нар наана нь байсан. Тэгээд бид нарыг “араас модоо ачаад дагаад яв” гэсэн. Тэгээд тусгай хамгаалалтынхан намайг машиндаа суулгаад түрүүлээд явсан нөгөө хэд араас хөдөлсөн. Би тусгай хамгаалалтынхантай шууд Хялганатын цагдаа дээр ирсэн. ... Би гоожин байгаа эсэхийг асуухад СО нь “байгаа, Б эгчид байгаа гэж хэлсэн”, би яг хараагүй. Жолооч СО л гоожинтой гэж тийшээ явсан, Б эгч л зааж өгсөн байх. ...” гэх мэдүүлэг /хх 43-44 тал/,
Гэрч Б.О ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө би Булган аймгийн Сэлэнгэ сумын 3-р багийн нутаг "Их хайлантай" гэх газарт өвөлжих хүргэн ах Мөнхбатынд байж байтал доороос “Зил-131” маркийн машин ирж буй чимээ гарахаар нь зам тосч зогсоон “сууж яваад хэдэн түлээ тавиад ирье” гэхэд өөдөөс “тэг тэг” гэхээр нь хамт уул руу явсан. Ингээд бид нар дээшээ мод хийдэг газарт нь очсон. Тухайн машинд жолоочоор нь зүс таних С ах явсан бөгөөд танихгүй 3 хүн хамт явж байсан. Ингээд тэд нар модоо бэлтгэж би тэр орчмоос хуучин хөрөөдсөн байсан модны үзүүр, ёзоорыг бөөгнүүлж байсан. Оройхон бид нар дээр Тусгай хамгаалалттай газрын хүмүүс гээд 5 хүн ирсэн. Ингээд бид нарыг “бичиг баримтаа үзүүл, та нар Тусгай хамгаалалттай газар руу нэвтэрсэн байна” гэж хэлэхээр нь жолооч СО ах тухайн хүмүүстэй юм яриад байсан би жаахан зайтай байсан юм. Тэгээд бид нарыг “араас модоо ачаад дагаад яв” гэсэн. Ингээд “Зил-13”1 машин дээр тэд нар модоо ачаад, би хэдэн ширхэг бондого тавиад доошоо уруудсан. Тэгээд явж байтал машин эвдрээд ачсан бүх модоо буулгаад цааш явсан. Би ахынхаа хажууд зам дээр буугаад тэд нар цааш явсан. ...” гэх мэдүүлэг /хх 45 тал/,
Гэрч Э.Гийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад “Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Баруун гол” гэх газар луу хяналт шалгалтаар явъя” гэж манай улсын байцаагч О хэлсэн. Тэгээд бид нар 3 хүний бүрэлдхүүнтэйгээр “Баруун гол” гэх газарт очсон. Ууланд очиход байгаль хамгаалагчийн байрны хажуухан талд 1 тээврийн хэрэгсэл нойтон шинэс төрлийн мод бэлтгээд тээвэрлэсэн байсан. Дээд талд нь дахиад нэг машин мод бэлтгээд ачаад орж ирсэн. Би тухайн үед “Баруун гол” гэх газарт мод бэлтгэсэн 2 тээврийн хэрэгслийг аваад “Их хайлантай” гэх газрын 2 замын уулзвар дээр О , О нарыг хүлээгээд байж байсан. Манай ажилчид Их хайлантай гэх газраас 1 “Зил 131” маркийн тээврийн хэрэгсэл аваад орж ирсэн. Тухайн үед уг мод бэлтгэсэн газруудыг цэгийг тогтоож Өнөрмаа мэргэжилтэн рүү явуулж шалгуулахад манай Дархан цаазат газарт орсон байсан. Тэгээд л энэ 3 тээврийн хэрэгслийг цагдаад мэдэгдэж саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 47 тал/,
Гэрч Б.О гийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай байгаль хамгаалагч Г.Ө Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг Их хайлантай, Баруун гол руу мод бэлтгэхээр “Зил-131” маркийн машинууд орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би Сэлэнгэ сумаас ажлынхаа мэргэжилтэн Д.О , Э.Г нарын хамтаар Сэлэнгэ сумын “Баруун гол” гэх газар луу очсон. ...Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг Их хайлантай гэх газарт очоод уул руу өгсөж явахад СО гэх залуу 4 залуугийн хамтаар модоо ачиж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь **-** БУА улсын дугаартай “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэл байсан ба машин дээрээ нийт 24 ширхэг нойтон шинэс төрлийн мод ачсан байсан. Доод талд нь 12 ширхэг мод цагаалаад үлдээгээд явсан. Манай мэргэжилтэн О , Ө нар СО гэх жолоочийг дагуулж яваад мод бэлтгэсэн газрыг заалгаж цэгийг авсан. ...” гэх мэдүүлэг /хх 48 тал/,
Гэрч Д.О ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлынхаа мэргэжилтэн О , Г нарын хамтаар Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг болох “Баруун гол”, “Их хайлантай” гэх газруудад хяналт шалгалт хийсэн. …Тэгээд “Их хайлантай” гэх газарт очиж шалгалт хийхэд нэг “Зил 131” маркийн тээврийн хэрэгсэл мод ачиж байсан. Энэ машинтай хүмүүс нийт 36 ширхэг шинэс төрлийн нойтон мод бэлтгэсэн байсан. Энэ мод бэлтгэсэн газрын цэгийг аваад мөн шалгуулахад манай хязгаарлалтын бүсэд нэвтэрсэн байсан. “Их хайлантай” гэх газарт мод бэлтгэсэн хүмүүс 5 уулаа байсан. ...” гэх мэдүүлэг /хх 49 тал/,
Гэрч П.Өгөөмөрийн өгсөн: “...Би **-** БУА улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийг 2015 онд 3 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Миний эзэмшилд байдаг юм. ...” гэх мэдүүлэг /хх 50 тал/,
Шүүгдэгч Л. Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Цагаан cap болох гээд мөнгөний хэрэг болоод би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр СО гэх залууг зүс таних нэрийг нь мэдэхгүй 3 залуугийн хамтаар “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэлтэй Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутаг “Их хайлантай” гэх газар луу модонд явуулсан юм. Миний модонд явуулсан хүмүүсийн мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар байсан байна лээ. ... Би мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Гэхдээ мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраасаа мод бэлтгээгүй. Би нийт 36 ширхэг шинэс төрлийн нойтон 4 метрийн урттай мод бэлтгэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 61 тал/,
Булган аймгийн Хялганат сум дундын ойн ангийн инженер О.З ын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №02 дугаартай:
1.Шинжлэгдэж байгаа мод нь шинэсэн хэрэглээний нойтон мод байна.
2.****** дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр цэвэрлэгээний ажлаас гарах хэрэглээний мод байж болно.
3.”Их хайлантай” ОН-ийн хойд хилийн эцсээр тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс хамаарагддаг.
4.Энэ модны экологи, эдийн засгийн үнэлгээ нь 1560960 төгрөг болж байна гэх дүгнэлт /хх 54 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 03-06/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 08-12/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-14/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 15-20/, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-22/, мод бэлтгэх эрхийн бичиг /хх 55/, нөхөн төлбөр тооцох тухай дүгнэлт /хх 59/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх 60-61/, тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт /хх 69-70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 83/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 85-93/, хохирол төлсөн баримт /хх 97/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 94-95/, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, прокурорын тогтоол /хх 98-99/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Л. Б нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багийн улсын тусгай хамгаалалттай “Их хайлантай” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн, түлшний нойтон 36 ширхэг мод бэлтгүүлж, **-** БУА улсын дугаартай, “Зил 131” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлүүлсэн хууль зүйн факт буюу үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Л. Б ийн хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 1560960 төгрөгийн хохирол учирсан болох нь Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүдээр хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Л. Б ийн мод бэлтгэх зөвшөөрөлтэй боловч зөвшөөрөлд зааснаас өөр газраас буюу Улсын тусгай хамгаалалттай газрын бүс болох “Их хайлантай”-гаас мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж, хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг агуулж байх төдийгүй улсын тусгай хамгаалттай газарт нэвтэрсэн нь хүндрүүлэх нөхцөл болжээ.
Иймд шүүгдэгч Л. Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1560960 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх зааснаар “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлж, 4682880 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлсөн ба энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Л. Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л. Б ийн хууль бусаар бэлтгэж олсон 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 36 ширхэг 9.034 м3 мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан бариултай, улаан өнгийн хөрөө, лоом зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болон хэрэглэсэн техник хэрэгсэлд тус тус тооцож албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлж, харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх **-** БУА улсын дугаартай “Зил 131” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч, эзэмшигч П.Өгөөмөрт буцаан олгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Л. Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Л.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Л. Б ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л. Б т хууль зөрчдөг зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Л. Б т сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Л. Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лоом, цагаан бариултай, улаан өнгийн хөрөө тус бүр 1 ширхэгийг шүүгдэгчээс албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан прокурорын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 5/03 дугаартай тогтоолоор хэрэгт битүүмжлэгдсэн 36 ширхэг 9.034 м3 модыг шүүгдэгч Л. Б ээс албадан гаргуулж, үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, **-** БУА улсын дугаартай “Зил 131” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч, эзэмшигч Булган аймгийн... оршин суух, Б овогт П.Ө -т буцаан олгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л. Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л. Б т авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД