| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0381/И |
| Дугаар | 376 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 376
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багт оршин суух эмэгтэй, ВЙ66030205 регистрийн дугаартай, Улаан хад овогт Бямбажавын Жаргалангийн Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Жаргалан шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1966 онд төрсөн. Бага байхад миний бие өвдөөд Жаргалан гэдэг нэр хүнддэж лам намайг Мядаг хэмээн дууд гэж манай сумынхан одоог хүртэл Мядаг хэмээн дууддаг. Харин төрсний гэрчилгээ иргэний үнэмлэх, бусад бичиг баримт дээр Жаргалан хэмээн бичигдсэн тул тэтгэвэр тогтоолгох гэхэд нэрний зөрүү үүсээд байна.
Иймд 1983 оны 11 сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1991 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1999 онд олгосон Нийгмийн даатгалын дэвтэр, зэргийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, 1983 оны 09 сарын 09-ний өдрөөс 1994 оныг дуустал Бууцагаан сумын Ургац нэгдэлд мал малллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний төлөөлүүлэгч Жаргаланг бага байхад нь нэр хүнддэж байна гээд ламд үзүүлээд Мядаг хэмээн дууд гэснээс болж Мядаг гэж өхөөрдөн дууддаг байсан байна. Одоог хүртэл Мядаг хэмээн дууддаг. Харин төрсний гэрчилгээ иргэний үнэмлэх, бусад бичиг баримт дээр Жаргалан хэмээн бичигдсэн тул тэтгэвэр тогтоолгох гэхэд нэрний зөрүү үүсээд байна.
Иймд 1983 оны 11 сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1991 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1999 онд олгосон Нийгмийн даатгалын дэвтэр, зэргийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, 1983 оны 09 сарын 09-ний өдрөөс 1994 оныг дуустал Бууцагаан сумын Ургац нэгдэлд мал малллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар Б.Жаргалангийн иргэний үнэмлэхний хуулбар, Бямбажавын Мядагмаа нэрээр бичигдсэн 323535 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэл, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 сарын 11-ний өдрийн 1124 дугаар албан бичиг, Бямбажавын Мядагмаа нэрээр бичигдсэн 1983 оны 11 сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Бямбажавын Мядагмаа нэрээр бичигдсэн 1991 оны 10 сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Бямбажавын Жаргал нэрээр бичигдсэн 471008 дугаартай 1999 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Л.Бямбаа, Л.Сум нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Жаргалан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Бямбажавын Мядагмаа нэрээр бичигдсэн 1983 оны 11 сарын 07-ны өдрийн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 10 сарын 04-ний өдрийн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, Бямбажавын Жаргал нэрээр бичигдсэн 471008 дугаартай 1999 оны нийгмийн даатгалын дэвтэр дэх эцгийн нэр болон төрсөн он, ажиллаж байсан газар зэрэг нь Бямбажавын Жаргалангийн эцгийн нэр болон төрсөн он, ажиллаж байсан газартай тохирч байна.
Түүнчлэн 471008 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн ВЙ66030205 регистрийн дугаар нь Бямбажавын Жаргалангийн регистрийн дугаар төрсөн огноотой тохирч байна.
Эрх олгосон дээрх дэвтрүүдэд гарсан нэрийн зөрүүний талаархи Б.Жаргалангийн шүүхэд гаргасан тайлбар болох Бага байхад бие өвдөөд, ламд үзүүлж нэрээ өөрчилж дуудах болсон талаар гэрч Л.Бямбаа, Л.Сум нар гэрчилсэн байна.
Нөгөө талаар 1990 оноос өмнө бичигдсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, эрх олгосон баримтуудад бичигдсэн эзэмшигчийн нэр, овог, төрсөн огноо зөрүүтэй байх зөрчил нийтлэг байсан, энэ талаархи зөрчлийг арилгуулах хүсэлт шүүхэд ихээр гаргаж байгааг дурьдах нь зүйтэй байна.
Эндээс үзвэл Б.Жаргалангийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн албан тушаалтнуудын ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалж хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр дэх өөрийн нэрийг
Мядагмаа, Жаргал гэж зөрүүтэй бичсэн зөрчил гаргасан гэж шүүхээс дүгнэж байна.
Түүнчлэн хүсэлт гаргагч Б.Жаргалан нь 1983 оны 09 сарын 09-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31 ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Бямбажавын Мядагмаа нэрээр бичигдсэн 323535 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэл, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 сарын 11-ний өдрийн 1124 дугаар албан бичиг, Бямбажавын Мядагмаа нэрээр бичигдсэн 1983 оны 11 сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Бямбажавын Мядагмаа нэрээр бичигдсэн 1991 оны 10 сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Бямбажавын Жаргал нэрээр бичигдсэн 471008дугаартай 1999 оны нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Л.Бямбаа, Л.Сум нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Бямбажавын Мядагмаа нэрээр бичигдсэн 1983 оны 11 сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, Бямбажавын Мядагмаа нэрээр бичигдсэн 1991 оны 10 сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, Бямбажавын Жаргал нэрээр бичигдсэн 471008 дугаартай 1999 оны нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Улаанхад овогт Бямбажавын Жаргалан мөн болохыг тогтоох, Б.Жаргалан нь 1983 оны 09 сарын 09-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31 ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Бямбажавын Мядагмаа нэрээр бичигдсэн 1983 оны 11 сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, Бямбажавын Мядагмаа нэрээр бичигдсэн 1991 оны 10 сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, Бямбажавын Жаргал нэрээр бичигдсэн 471008 дугаартай 1999 оны нийгмийн даатгалын дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Улаанхад овогт Бямбажавын Жаргалан мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Улаанхад овогт Бямбажавын Жаргалангийн 1983 оны 09 сарын 09-ны өдрөөс 1991 оны 12 сарын 31 ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Жаргалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтланшийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ