Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 207/ма2016/00014

 

**************** С.Ф-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1283 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: **************** С.Ф-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****************ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: **************** С.Ф,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Оюунчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Драчук В.А,

Орчуулагч: Туул,

Орчуулагч: Ж.Отгонбаяр,

Нарийн бичгийн дарга: Ц.Батцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч **************** С.Ф шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **************** С.Ф миний бие нь ****************ХХК-ийн ****************ад 1997 оны 03 дугаар сарын 02-ны өдөр анх ажилд орж 18 жил мастераар ажиллаа. Анх үйлдвэрийн захиргаа надтай 3 жилийн хугацаатай гэрээ байгуулж түүнээс хойш байнга гэрээг сунгасаар явж ирсэн. Гэтэл 2015 оны 05 сарын 25-ны өдөр Ерөнхий захирлын Б/560 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж хөдөлмөрийн гэрээг цуцаллаа. Намайг албадаж өргөдөл бичүүлсэн. Би ингэж бичихийг хүсээгүй. Учир нь миний төрөлх эх орон Украйнд дайны байдалтай, 18-60 насны эрчүүдийг цэрэгт татаж, ажил олдохгүй тул амьдрал тэр чигээрээ сүйрэх байсан тул би ажлаасаа чөлөөлөгдөхийг үнэхээр хүсээгүй боловч намайг шахаж дарамталж өргөдөл бичүүлсэн. Миний ажиллаж байсан Мастерын ажил бол байнгын ажлын байр байсан бөгөөд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар хориглосон байдаг юм байна. Хэрэв байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах бол ямар шаардлага, шалтгаанаар ийнхүү хугацаатай гэрээ байгуулж байгаа тухай хөдөлмөрийн гэрээнд заавал тусгах ёстой гэж Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 7-д заасан байна. Миний бие хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах саналыг ажил олгогч талд тавиагүй, ****************ХХК ч ийм санал тавиагүй. Эхлээд 3-н жилийн хугацаатай байгуулаад дараа нь 1 жилээр сунгаснаар 2014 оны 03 сарын 2нд гэрээний хугацаа дууссан ч би үргэлжлүүлэн ажилласаар байсан бөгөөд дараа нь 6 сарын 31-нд нэг жилээр гэрээг сунгасан. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол анх заасан хугацаагаар сунгасанд тооцно гэж заасан байна. Хуулийн энэ заалтаар бол 2014 оны 03 сарын 02-ны өдөр дуусмагц ажил олгогч талаас ямар нэг гэрээ цуцлах санал тавиагүй тул миний хөдөлмөрийн гэрээ анх байгуулсан хугацаа буюу 3-н жилээр сунгагдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2017 оны 03 саоын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусна гэсэн үг юм. Гэтэл гэрээний хугацаа дууссанаас хойш 3 сар 29 хоногийн дараа гэнэт гэрээг сунгасан нь хууль бус юм. Энэ бүгдийн талаар би ****************ХХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2015-07-24-нд гомдол гаргасан боловч одоо хүртэл шийдэж өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд намайг ажилд минь эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Драчук В.А шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1283 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан **************** Сергей Федоровичийг ****************ХХК-ны ****************ын Засвар механикийн хэсгийн тэргүүлэх механикчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 8.889.915 төгрөг, 9150 ам.долларыг ****************ХХК-наас гаргуулан нэхэмжлэгч **************** С.Ф-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 406,471 төгрөг гаргуулан Төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Драчук В.А давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч **************** С.Ф. нь түүнийг ажлаас халсан ****************ХХК-ийн Ерөнхий захирлын 2015.05.21-ны өдрийн Б/560 тоот тушаалыг эс зөвшөөрч ажлаас халагдсан өдрөөс хойш бүтэн 4 сарын дараа шүүхэд Ажлаас буруу халсан учир ажилд эгүүлэн томилуулах гомдол гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т: Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах гэж заасныг зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн байхад шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг шүүх Хөдөлмөрийн гухай хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж давж заалдаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдлын хариу тайлбартаа: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1283 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч ****************ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ВА.Драчук давж заалдах гомдол гаргажээ. Давж заалдах гомдлын үндэслэл нь нэхэмжлэгч С.Ф.**************** нь ажлаас халагдсан өдрөөс хойш 4 сарын дараа шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-ыг зөрчсөн гэжээ. Энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч **************** С.Ф нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч **************** С.Ф 1997 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ****************ХХК-ийн ДЦС-ийн засвар механикийн хэсгийн мастераар орж ажиллаж байгаад ****************ХХК-ийн захирлын 2015.05.25-ны өдрийн Б/559 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, ДЦС-ийн даргын 2015.05.18-ны өдрийн 111 тоот албан бичиг зэргийг үндэслэн 2015.08.04-ний өдрөөс дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Анхан шатны шүүх нь **************** С.Ф болон хариуцагч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ талуудын тохиролцсоноор дуусгавар болоогүй, ажлаас халсан тушаалыг гардуулж өгөөгүй, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасан 2 нөхцлийн аль аль нь хангагдаагүй байхад гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, ийнхүү цуцлах болсон үндэслэлээ тодорхой зааж, нотлох баримтаар нотлоогүй, хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгосон нь хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан агуулгад нийцээгүй гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгч **************** С.Ф-г мастерын ажилд эгүүлэн тогтоон нөхөн олговор тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна. Хөдөлмөрийн гэрээг талууд тохиролцсоноор хугацаатай байгуулж болно. Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсан тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй болохыг тус тус зохицуулсан. Гэтэл ****************ХХК-ийн захиргаа хуулийн эдгээр зохицуулалтыг зөрчин хуульд нийцээгүй шийдвэрээр **************** С.Ф-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд ханан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Нэхэмжлэгч **************** С.Ф-д ажлаас чөлөөлсөн тушаалаа тухайн өдөрт нь гардуулж өгөөгүй, тушаалыг гардаж авахаас татгалзсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар хэрэгт гаргаж өгсөн нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй./Хх181-182тал/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 заалтыг зөрчсөн

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлийн талаар тушаалдаа тусгаагүй энэ талаар нотолж чадаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа 2014.03.02-ны өдөр дуусгавар болсон байхад /1 жилийн хугацаатай байгуулсан/ сунгаагүй атлаа 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр сунгасан./ Хх93-94тал, 76-77тал/

Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй болсон үндэслэл, шалтгаан нөхцлийн талаар тодорхой заагаагүй, ажилтантай энэ талаар тохиролцоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасан гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай 2 нөхцөл бүрдээгүй. /ХХ122-132тал/

Нэхэмжлэгч **************** С.Ф нь хөдөлмөрийн гэрээний хугацааны асуудлаар үйлдвэрийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж 2015.07.24, 2015.08.27-ны өдрүүдэд тус тус өргөдөл гаргасан бөгөөд Хөдөлмөрийн маргаан таслах комисс нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариу ирүүлээгүй учраас шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаатай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг тооцохдоо гаргасан алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн засах боломжтой тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх **************** С.Ф-ийн ажилгүй байсан хугацааг гаргахдаа 88 хоног гэж зөв тооцсон атлаа 1 сард ногдох ажлын хоногийг 21.5 хоногоор тооцон 64.5 хоног гэж үзсэн нь буруу байна. Нэхэмжлэгч **************** С.Ф нь 2015.08.04-нөөс 2015.12.07 хүртэл ажилгүй байсан хугацаа нь ажлын 88 өдөр байна.

Мөн нөхөн олговорт тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцож, илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн. /1 сарын дундаж цалин 2.963.305 төгрөг:21.5хоног=137.828 төгрөг 1 өдрийн цалин, 137.828*88 хоног =12.128.864 төгрөг/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч ****************ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1283 дугаар шийдвэрийн 2 дахь заалтын...8.889.915 төгрөг гэснийг 12.128.864 төгрөг гэж,

2.Шийдвэрийн 3 дахь заалтын... улсын тэмдэгтийн хураамж 406.471 гэснийг 309.952 төгрөг гэж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Хариуцагч ****************ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293.717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР

С.УРАНЧИМЭГ