Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 940

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                           

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Б.Ц , түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ц д холбогдох эрүүгийн 1906 02558 1024 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй,   ажилтнаар ажилладаг, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн   тоотод түр оршин суух,  гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б.Ц .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Ц  нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны орой Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 145 дугаар байрны 17 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 13 настай дагавар охин Д.Уянгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах

ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас иргэн Ү.Шинэчимэгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-2/, насанд хүрээгүй хохирогч Д.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-9-11/, гэрч С.Уранчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-17-18/, гэрч Д.Урангоогийн өгсөн мэдүүлэг /хх-25-26/, гэрч А.Дөлгөөний өгсөн мэдүүлэг /хх-20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5072 дугаартай дүгнэлт /хх-26/, шүүгдэгч Б.Ц ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

        Шүүгдэгч Б.Ц  нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны орой Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 145 дугаар байрны 17 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 13 настай дагавар охин Д.Уянгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Д.Уянгын өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 21-22 цагийн орчим би физикийн хичээлийн пресентейшн тавих байснаа бэлдээд байж байсан чинь Б.Ц  эгч “наад компьютер дээр юу хийгээд байгаа юм бэ, компьютер дээрээс өөр хийх хичээл байхгүй юм уу” гэхээр нь би хариулаагүй. Тэгсэн “чи ойрд юу хийгээд байгаа юм хичээл ном нь яаж байна, бүх дэвтрүүдээ аваад ир шалгуул” гэхээр нь би бүх дэвтрээ аваачиж өгөхөд Нийгмийн ухааны хичээлийн дэвтэр хараад “ямар их баллаж сохолдог юм, үзэгний өнгө сольсон, сүүлийн сарын хичээлээс бичиж тэмдэглэсэн зүйл чинь хаана байна” гэж хэлээд уг дэвтрээр толгой руу 2 удаа цохьсон. Тэгээд дараа нь дуу хөгжмийн дэвтэр үзээд бас “сүүлийн сарын хичээл чинь хаана байна, чи ер нь яагаад хичээл тэмдэглэдэггүй юм, яагаад хариулахгүй гөлийгөөд байгаа юм, юу хэлэхээ бодоод байдаг юм уу” гээд дахиад дэвтрээр толгойруу цохьсон. Тэгээд толгой руу хэд хэд цохиод байхаар нь би диван налаад хойшоо суугаагаараа унаад уйлтал “яагаад хойшоо холдоод байгаа юм алив нааш ир” гэхээр нь налахаа болиод суутал дахиад нэг дэвтэр эргүүлж харж байснаа “сүүлийн сарын хичээл чинь бас л алга чи ер нь хичээл хийдэг юм уу” гээд дахиад толгой руу хэд хэд цохьсон. Энэ байдал ойролцоогоор 15 минут орчим үргэлжилсэн. “Үлдсэн дэвтрүүд чинь хаана байгаа юм” гэхээр нь би англи хэл, физикийн дэвтэрээ авчирч өгөхөд үзээд дахиад гараараа зүүн чих рүү 5-6 удаа алгадсан. Миний духны орой зүүн талаараа хавдаж хөхөрсөн байсан, зүүн чих хөндүүр өвчтэй байгаа, зүүн чих рүү цохиод байхаар нь зүүн гараараа хамгаалсан чинь гаран дээр цохиод зүүн гарны эрхий болон долоовор хурууны хооронд хөндүүр байна. Сард нэг зоддог. Гэр цэвэрлээгүй, хоол хийгээгүй, үгнээс нь зөрөх үед зоддог. Зодохдоо нэг удаа хана мөргүүлж байсан. Өшиглөдөг ер нь толгой, мөр рүү байнга цохьдог. Их уурлахаараа гарт тааралдсан зүйлээ шиддэг. Аавыг байсан байгаагүй зоддог. Дүүг мөн зоддог. Дүү рүү аяга шидэж байсан. Ташуурдаж байсан. Аяга нь зүүн гарыг нь оноод газар унаад хагарахад халбага шидэж байсан. Орой бүр ажлаас нь ирэхэд түгшүүртэй байдаг.” /хх-9-11/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирочийн хууль ёсны

төлөөлөгч С.Уранчимэгийн гэрчээр өгсөн: “...Энэ хоёр хүүхдийн ээж нь миний дунд охин. Одоо АНУ-д ажиллаж амьдарч байгаа. Яваад 3 жил болж байна. Би гэрт нь орж үзээгүй. Өчигдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны орой над руу зээ Д.Урангоо залгаад “Д.Уянга аниаг даалгавраа хийгээгүй гээд эгч зодоод байна” гэхээр нь “аав нь байгаа юу” гэхэд “байгаа та битгий залгаарай” гэхээр нь “чи гараад ирж чадах уу” гэхэд чадахгүй гээд утсаа салгасан. Тэгээд өөрийн хүүгээ дуудаад хамт хаалган дээр нь очоод чагнахад хэрүүл шуугиан чимээ гарахаар нь тогшоод ортол Д.Уянгаа буланд зогсоод хойд ээж нь наана нь дэвтрүүдийг нь бариад загнаад зогсож байсан. Д.Урангоо хоёр хамраа “00” цаасаар бөглөөд цус гарчихсан байхаар нь манай хүү Д.Урангоогоос “ахдаа үнэнээ хэл” гэхэд би уурлахаараа “00” өрөө ороод хамраа цохиж цус гаргаад цус харахаар тайвширдаг гэж хэлсэн. Энэ хоёрын ярианаас амьдралын үнэнг мэдлээ. Их олон удаа цохиулж байсан юм байна гэдгийг мэдлээ.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Д:Урангоогийн өгсөн: “...Тухайн өдөр би гэртээ байж байсан. Тэгээд эхлээд Д.Уянгаа дэвтрээ үзүүлэхэд “яагаад сүүлийн үед хичээл хийгээгүй юм, ямар муухай бичдэг юм” гэж загнаад гараараа чих толгой хэсэг рүү нь цохиод байсан. Тэр үед би өөрийнхөө дэвтрийг янзлаад байж байтал ууж байсан пивоны лаазаар Д.Уянгаа аниагийн толгой руу цохиж байсан. Тэгээд би гал тогооны хэсэг рүү скоч авахаар явж байхад бага дүүгийн шар өнгийн пивор машин аваад шидэхэд Д.Уянгаа аниа гараараа хааж байсан. Тэгээд би эргээд харахад Д.Уянгаа аниа уйлж байсан. Түүнээс хойш 1 цагийн орчим эмээ, ах хоёр орж ирсэн. Д.Уянгаа аниаг Б.Ц  эгч тасралтгүй нэг цаг зодсон. Урьд нь намайг олон удаа зодож байсан. Энэ тэндээ биеийн хэсгүүддээ хөхөрч няцарч байсан. Гэрийнхэндээ хэлдэггүй байсан. Ер нь аавын хажууд зоддог, аавыг хөдөө явсан хойгуур арай их зоддог.” /хх-25-26/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Дөлгөөнийн өгсөн: “...Би “00” ороод гараад иртэл эхнэр охидыг загнаж байсан. Сонсоход сүүлийн 2-3 долоо хоног хичээл бичээгүй тэмдэглээгүй хэд хэдэн дэвтэр байгаа бололтой загнаж байсан. Дэвтрээр том охин Д.Уянгын мөр рүү цохиж байх шиг байсан. Дараа нь алгадаж байсан. Тэгж байтал хаалга тогшиж тайлтал охидын эмээ С.Уранчимэг, хүү Рэнбүчигийн хамт зогсож байсан. Орж ирээд эмээ нь орилоод бөөн хэрүүл шуугиан болсон.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5072 дугаартай дүгнэлтэд:

1. О Д.Уянгыг биед зүүн чамархайн хуйх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-27 гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ц ын яллагдагчаар өгсөн: “...Би ер нь 2 охиноо зодоод цохиод дарамтлаад байдаггүй. Тухайн өдрийн уурлах болсон шалтгаан  бүтэн сар хичээл хийгээгүй учир түүнээс бухимдаж эн асудал үүссэн. Бухимдаад хичээлээ хий бүх хичээлдээ адил тэгш сайн бай гээд дэвтрээр цохисон. Дараа нь алгадсан. Би хүлээн зөвшөөрч байна. Одоо 4 сартай жирэмсэн хордлого ихтэй учир түрэн шуурхай шийдүүлмээр байна.” /хх-39-40/ гэх мэдүүлэг,

 

          Аюулын зэргийн үнэлгээ /хх-4/,

Шүүгдэгч Б.Ц ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-43/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий насанд хүрээгүй хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, насанд хүрээгүй хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ц ын 2019 оны 4 дүгээр сарын 22-ны орой Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 145 дугаар байрны 17 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 13 настай дагавар охин Д.Уянгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Насанд хүрээгүй хохирогч Д.Уянга, болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгч Б.Ц аас баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ц ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Ц  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Ц ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Ц ыг 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Ц  нь шүүхээс оногдуулсан 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ц  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Ц  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.           

 

6. Насанд хүрээгүй хохирогч Д.Уянга, болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Уранчимэг нар нь гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хүртэл Б.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС