2016 оны 2 сарын 16 өдөр | Дугаар 207/МА2016/00015 | Орхон аймаг | ****************ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1306 дугаар шийдвэртэй Нэхэмжлэгч ****************ийн нэхэмжлэлтэй Хариуцагч ****************д холбогдох 7.020.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****************, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, Хариуцагч ****************, Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, Нарийн бичгийн дарга Ц.Батцэцэг нар оролцов. Нэхэмжлэгч **************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **************** нь 2014.10.02-ны өдөр 5,000,000 төгрөг сарын 0,5 хувийн хүүтэй зээлж авсан юм.****************би танихгүй бөгөөд манай нөхрийн дүү ****************оор зуучлуулан зээл өгөхийг хүссэн. Их хэмжээний мөнгө учир барьцаа өгөх хэрэгтэй гэхэд өөрийн эзэмшлийн ****************оро дугаартай машинаа барьцаанд тавьж, машинаа өөрөө унаж байхаар тохиролцсон.Зээлийг төлөхгүй хугацааг нь сунгаж байсан.2014.12.12-нд үндсэн зээлээс 2,000,000 төгрөг төлж, хүүг 70 хоногоор бодож 1,166,600 төгрөг төлсөн. Үлдсэн 3,000,000 төгрөгийг 2014.12.12-оос 2015-08-12-ыг хүртэл 8 сарын хугацаагаар сунгасан. Гэрээний хугацаа дууссан тул ****************мөнгөө төлөхийг шаардахад удахгүй ажил эхэлнэ, та хүлээж бай, таны мөнгийг хүүтэй нь өгнө, хүүгээс хүү бодоод байж бай гэдэг, ингэж явсаар хэдэн сар хүлээхийг мэдэхгүй байна. Иймд ****************ас 3,000,000 төгрөг, 8 сарын хүү 2,400,000 төгрөг, зээл хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул 0,5%ийн алданги тооцож 1,620,000 төгрөг, бүгд 7,020,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. Хариуцагч **************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл болон хүүг зөвшөөрч байна. Харин алдангийг төлөхөд надад хүнд байна. Ноднин 11 сараас хойш ажилгүй байсан. Одоо удахгүй ажил эхэлнэ гэжээ. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1306 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан ****************ас 6,900,000 төгрөг гаргуулан ****************т олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 120,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 127720 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагчаас 125350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. Хариуцагч **************** давж заалдах гомдолдоо: ****************ийн нэхэмжлэлтэй **************** надад хариуцагдах иргэний хэргийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015-12-14-ны өдрийн 1306 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн ба ингэхдээ ИХШХШТХ-д заасан хэргийн оролцогчийн эрхийг хангахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. 1.Миний бие шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгч сонгон авах хэргийг хянан шийдвэрлэхэд өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч авах хүсэлттэй шүүх хуралдаанд орсон боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг сонсоод, тэр талаар хэлэлцсээр байгаад намайг хүсэлттэй байгаа эсэх талаар сонсолгүй шууд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ярина уу гээд хэргийг хэлэлцэж эхэлсэн. Миний бие зөвхөн нэхэмжлэгч л хүсэлт гаргах эрхтэй, харин хүсэлт гаргах эрхгүй байдаг юм болов уу гэж хүсэлтээ гаргаж чадаагүй юм. Тодруулбал миний бие энэхүү хууль болон хэргийн ажиллагааны талаар мэдэхгүй, мөн шүүгч хүсэлт байна уу гэж зөвхөн нэхэмжлэгчээс асуугаад надаас асуухгүй болохоор нь хүсэлтээ гаргаж чадаагүй юм. Энэ нь миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үйлдэл боллоо. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч ****************ийн гаргасан хүсэлтэнд шүүх анхаарлаа хандуулж, миний хүсэлтийг сонсоогүй нь нотлогдож байгаа болно. 2.Шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгч нэхэмжлэгчид хандан хүсэлт байгаа эсэх талаар асуухад нэхэмжлэгч **************** нь миний утсанд ирсэн мессежийг хэрэгт өгөх хүсэлтэй байна гэсэн ба шүүгч Та мессежийг заавал өгөх шаардлагатай гэж үзэж байгаа юм уу гэх мэтээр асуулт тавьж нэхэмжлэгч талд зөвлөгөө өгч байгаа мэт сэтгэгдлийг надад төрүүлсэн нь шүүх хэргийг шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн энэхүү хүсэлтийг шүүгч хангахаас татгалзсан захирамж гарч байгаа тухай шүүх хуралдааны үед хэлсэн атлаа 2016-01-05-ны өдрийн байдлаар энэ захирамж нь хэрэгт байхгүй, ийм захирамж гараагүй болохыг харуулж байна. 3.Мөн нэхэмжлэгч ****************болон бидний хооронд зээлийн гэрээ 2014 оны 10 сарын 02-нд байгуулагдаагүй ба миний бие хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон сунгав гэсэн хэсэгт гарын үсэг зураагүй юм. Энэ асуудал дээр хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авах хүсэлтэй байсан юм. Мөн зээлийн гэрээний ард байгаа сунгав гэсэн хэсэгт зурагдсан миний гарын үсэг биш байсан. Үүнийг шүүх зээлийн гэрээ байгуулагдаад сунгагдсан гэж дүгнэж байгаа нь үндэслэл муутай боллоо. 4.Мөн хэргийн материалд авагдсан нотлох баримт болох зээлийн гэрээний 1-д заасан заалтаас үзвэл нийт 8 хоногт 0,5% хүүтэй байхаар заасан мэт байтал, дээрх заалтыг нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан нэхэмжлэлийн шаардлага дийлэнх хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.14-ний өдрийн 1306 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: Нэхэмжлэгч **************** хариуцагч ****************ас зээл хүү алданги 7.020.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч **************** 2014.10.02-ны өдөр нэхэмжлэгч Д.Оюунчимэгтэй 5.000.000 төгрөгийг 8 хоногийн хугацаатай 0,5 хувийн хүүтэй зээл авахаар зээлийн гэрээ байгуулжээ. Хариуцагч **************** нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд зээлсэн мөнгөө эргүүлэн төлөөгүй хугацаа хэтрүүлж 2014.12.02-нд үндсэн зээлд 2.000.000 төгрөг, 70 хоногийн хүүнд 1.166.620 төгрөг төлж үлдэх 3.000.000 төгрөгийг 2014.08.12-нд төлөхөөр гэрээний хугацааг сунгахаар талууд тохиролцсон байна. Хариуцагч **************** нь тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөөгүй, нэхэмжлэгч **************** үндсэн зээл 3.000.000 төгрөг 8 сарын хүү 2.400.000 төгрөг алданги 1.620.000 төгрөг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч алданги төлөхгүй гэж маргажээ. Анхан шатны шүүх хариуцагч ****************ас үндсэн зээл, хүү алдангид нийт 6.900.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч хариуцагч нар давж заалдах шатны шүүх хуралдаан дээр зээл хүүд 5.400.000 төгрөг төлөх, төлүүлэх талаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид 5.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.14-ний өдрийн 1306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ****************ийн нэхэмжлэлтэй 7.020.000 төгрөг гаргуулах тухай ****************д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Хариуцагч З.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР С.УРАНЧИМЭГ |