Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 72

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Х.Т , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Т д холбогдох 163/2019/0049/Э индекстэй, эрүүгийн 1915000390035 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, мөн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Г  овогт Х.Т. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т  нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 09 дүгээр сараас эхлэн 4 удаагийн үйлдлээр Булган аймгийн Булган сумын нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.Э ийг биед нь халдаж зодох, согтуугаар толгой хэсэгт нь нус цэрээ хаях, гутаан доромжлох зэргээр харгис хэрцгий харьцаж догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т гийн өгсөн: Эхнэр маань надруу угаадас цацахаар нь нулимчихаад гарсан. Ер нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

1915000390035 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.Э ийн өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаа тараад гэртээ харьтал гэрт хүн байхгүй байсан. Тэгээд түлхүүрээ хайгаад олохгүй илүү байдаг түлхүүрээр гэрээ онгойлгоод ороод байж байтал нөхөр болох Т  орж ирээд намайг “чи хаана байсан юм, чамайг хайгаад
олсонгүй” гэхээр нь би “ажил ихтэй байгаад оройтож ирсэн юм” гэж хэлтэл намайг “лалар пизда, янхан” гээд орилж хашгираад агсам согтуу тавиад байхаар нь би цагдаа дуудсан. 2019 оны 02-р сарын 03-ны өдөр 15 цагийн үед гэртээ согтуу орж ирэхээр нь манай хүү А  “ааваа та унт” гэж хэлсэн унтахгүй байсан. Тэгээд би гал зууханд байж байтал надаас хэрүүл өдөөд “чи цагдаагаа дууд” гэж хэлээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би Т г “чи одоо унт” гээд гутлыг  нь тайлах гэтэл босож ирээд миний зүүн шанаа луу гараараа нэг удаа цохьсон. Мөн намайг хэл амаар доромжилж, “пизда, бузрын гичий” гэж орилж хашгирч байгаад “чиний хамаатангуудаас нэгийг алчихаад шоронд явна” гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 9 тал/,

“...Бид 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг гэртээ хамтран амьдарч байна. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд дундаасаа нэг хүүтэй. Хүү маань ааваараа овоглож явдаг. Манай нөхөр 2015 оноос хойш бол архи их уух болсон. Хувиараа байшин барьдаг, гарын ур дүйтэй учраас айлд юм хийдэг юм. Тэгээд юмаа хийлгэсэн улсууд л архи дарс задлаж өгсөөр байгаад архи их уудаг болсон. Манай хүн өөрөө агсам зантай юм. Агсарахаараа намайг хэл амаар доромжлох, хааяа ганц нэг удаа гар хүрч цохиж авдаг. Түүнээс үргэлж бас зодож цохиж асуудал үүсгэж байгаагүй. Архи уугаад л агсараад хэл амаар доромжлоод л байхаар нь би цагдаад дуудлага өгдөг байсан. Өгдөггүй өнгөрөөж байсан удаа бол өгч байснаасаа хавьгүй олон байгаа. Бүр болохоо байсан үед нь л би ихэвчлэн цагдаад хандаж байсан. 2018 оны 01 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл архи уугаад бүр болохгүй байхаар нь аргаа бараад цагдаад 4 удаа хандаж байсан. Цагдаад хандах бүрт манай нөхөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу арга хэмжээ авч шүүхээс баривчлах шийтгэл онгогдуулж, баривчлах шийтгэлээ биеэр эдлэж байсан. ...Агсарахаараа намайг “банзал янхан, гичий жингэр” гээд л хэлэх хэлэхгүй үгээр л дайрч доромжилдог. Би хамт амьдраад 10 орчим жил болчихсон, хүүхдийг нь гаргачихсан хүн нөхөртөө элдвээр хэлүүлээд байх бас хэцүү л байна. Тэгээд л ийм л байдлаар ханддаг. Их уураа хүрэхээр, тэвчээр нь барагдахаараа л гар хүрдэг. Хамгийн сүүлд л гэхэд намайг цохисон ба түүнд нь ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Эмчид үзүүлээгүй, шүүх эмчид ч үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа. Манай нөхөр эрүүл үедээ өөрөө тухайн болж өнгөрсөн үйл явдлаа мэдэхгүй байна гээд л байдаг. Бие нь жаахан тааруу л байх шиг байгаа юм, нэг, хоёр шил архи ууж чадахгүй л дороо согтдог л болчихсон юм. Хаа очиж харин хүүдээ гар хүрэх элдвээр хэлж барих тийм зүйл бол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 11-12 тал/,

Насанд хүрээгүй гэрч Т.А гийн өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэртээ очтол гэр цоожтой байсан. Тэгээд ээж бид хоёр түлхүүр хайгаад олохгүй байхаар нь би цонхоор орж гэрт байсан илүү түлхүүрээр гэрээ онгойлгож гэртээ ороод би унтсан. Маргааш нь ээж надад “аав нь согтуу ирээд агсам тавьсан” гэж хэлсэн. Манай аав Т  архи их уудаг, 2-3 хоног уухгүй байж байгаад уугаад ээжтэй хэрэлдээд, цохиод байдаг. ...” гэх мэдүүлэг /хх 13 тал/,

“...Гэртээ ирээд агсам тавиад байдаг. Ээжийг зодож цохидог, ээжтэй хэрэлдээд байдаг. Эрүүл байхаараа зүгээр, архи уухаараа л агсраад байдаг юм. ...” гэх мэдүүлэг /хх 14 тал/,

Гэрч Ж.Т ийн өгсөн: “...Х.Т , Д.Э  нарыг танина. Миний хариуцдаг хэсгийн 2 дахь гудамжинд амьдардаг. Гэр орноор нь бол орж гарч байсан. Энэ 2 ер нь бол хоёулаа л архи дарс хэрэглэдэг. Намайг орж гарч явахад архи дарс уучихсан байж бол таарч байгаагүй. Сая цагаан сарын битүүний өдөр гэрээр нь сонин тараагаад ороход эхнэр нь байсан ба "Нөхрийгээ архи уугаад амар  тайван байлгахгүй агсам согтуу тавиад байхаар нь цагдаад өгчихөөд сэтгэл амар байж байна" гээд сууж байсан. Эхнэр нь л ярихдаа цагдаад дуудаж өгөөд гэж ярьдаг ба нөхөр нь бол надтай нэг их таарч байгаагүй. Эхнэр нь хааяа нэг таарахаараа нөхрийгөө архи уугаад агсам тавиад цагдаа сэргийлэхэд өгсөн гэж л ярьдаг байсан. Шалтгааныг нь бол би асууж сураглаж байгаагүй. Энэ хавар цагаан сарын дараахан Х.Т  өөрөө багийн Засаг дарга дээр оччихсон нэг бичиг цаас хийлгэж авах гэж байгаа бололтой л сууж байсан. Яг юуны бичиг авч байгаа талаар бол мэдээгүй. Энэ 2 хоёулаа ажил төрөл хийдэггүй ба амьдралын хувьд нэг их сайнгүй нөхөр нь л энд тэнд байшин энэ тэр бариад явдаг байх. Эхнэр нь бол ажилгүй, хааяа нэг хоол унд хийж зараад явж байгаа харагддаг. Амьжиргааны түвшин доогуур өрх айл байгаа юм. Одоо 2, 3 дугаар ангийн нэг жаахан хүүгийн хамт гурвуулаа амьдардаг юм. ...” гэх мэдүүлэг /хх 16 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх 21-25/, шийтгэх тогтоолыг хуулбар /хх 26-30/, аюулын зэргийн үнэлгээ /хх 31-32 тал/, зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан талаарх баримт, шийтгэвэрийн хуулбарууд /43-57/ хэргийн материал танилцуулсан баримт /хх 58-59/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Т гийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн нутагт гэртээ хамтран амьдрагч Д.Э т агсам согтуу тавьж бие эрх чөлөөнд халдах,  элдэв үгээр дайрч гутаан доромжлох, хүнлэг бус харьцах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь байнгын шинжтэй болсон хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Э ийн өгсөн мэдүүлгийн эх сурвалж насанд хүрээгүй гэрч Т.А , гэрч Ж.Т  нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан талаарх баримт, шийтгэвэрийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Х.Т  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Э тэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай байх бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй байна.

“Догшин авирлах” гэдэгт бусдын амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг алдагдуулсан, бусдад хүч хэрэглэсэн, бүдүүлэг авир гаргаж бусдыг сэтгэл санааны шаналалд оруулсан зэрэг үйлдлүүдийг, “харгис хэрцгий харьцсан” гэдэгт хүнлэг бус харьцаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаварыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэнийг тус тус ойлгоно.

Хэрэгт авагдсан хохирогч Д.Э ийн “...Архи уугаад л агсараад хэл амаар доромжлоод л байхаар нь би цагдаад дуудлага өгдөг байсан. Өгдөггүй өнгөрөөж байсан удаа бол өгч байснаасаа хавьгүй олон байгаа. Бүр болохоо байсан үед нь л би ихэвчлэн цагдаад хандаж байсан. 2018 оны 01 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл архи уугаад бүр болохгүй байхаар нь аргаа бараад цагдаад 4 удаа хандаж байсан. Цагдаад хандах бүрт манай нөхөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу арга хэмжээ авч шүүхээс баривчлах шийтгэл онгогдуулж, баривчлах шийтгэлээ биеэр эдлэж байсан...намайг “банзал янхан, гичий жингэр” гээд л хэлэх хэлэхгүй үгээр л дайрч доромжилдог. Би хамт амьдраад 10 орчим жил болчихсон, хүүхдийг нь гаргачихсан хүн нөхөртөө элдвээр хэлүүлээд байх бас хэцүү л байна…ийм л байдлаар ханддаг. Их уураа хүрэхээр, тэвчээр нь барагдахаараа л гар хүрдэг...” гэх, насанд хүрээгүй гэрч Т.А гийн өгсөн: “...манай аав Т  архи их уудаг, 2-3 хоног уухгүй байж байгаад уугаад ээжтэй хэрэлдээд, цохиод байдаг. ...Эрүүл байхаараа зүгээр, архи уухаараа л агсраад байдаг юм...” гэх, багийн засаг дарга Ж.Т ийн өгсөн: “...Х.Т , Д.Э  нарыг танина. Миний хариуцдаг хэсгийн хоёрдахь гудамжинд амьдардаг...цагаан сарын битүүний өдөр гэрээр нь сонин тараагаад ороход эхнэр нь байсан ба "нөхрийгээ архи уугаад амар  тайван байлгахгүй агсам согтуу тавиад байхаар нь цагдаад өгчихөөд сэтгэл амар байж байна" гээд сууж байсан…” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Х.Т гийн гэр бүлийн гишүүдийн амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг алдагдуулсан, бусдад хүч хэрэглэсэн, бүдүүлэг авир гаргаж бусдыг сэтгэл санааны шаналалд оруулсан хүнлэг бус харьцаа нь тогтвортой давтагддаг амьдрал, зан төлвийн хэвшил болсон байнгын шинжтэй үйлдэл болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох бөгөөд “гэр бүлийн хамаарал бүхий хүн” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарах юм.

Иймд шүүгдэгч Х.Т г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Д.Э тэй байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Т гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Д.Э  нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Х.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдож гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэл гараагүй зэрэг шүүгдэгч болон  түүний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнцэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 Энэ хэрэгт шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Г  овогт Х.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч Х.Т г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Х.Т г тэнссэн хугацаанд хууль зөрчдөг зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Х.Т д сануулсугай.

 5.Энэ хэрэгт шүүгдэгч Х.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНХАНД