Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
Хэргийн индекс | 130/2023/00949/И |
Дугаар | 212/МА2024/00080 |
Огноо | 2024-09-27 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 212/МА2024/00080
Т.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2024/00615 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *********** тоотод оршин суух Ш овогт Т.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********** тоотод оршин суух Б овогт К.Б-, ************** тоотод оршин суудаг үндсэн хаягтай, одоогоор ***********түр оршин суух Б овогт К.Т- нарт холбогдох,
“Ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 4,350,000 төгрөгийг буцаан гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч нарын өмгөөлөгч С.Нургайып оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Миний бие 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр К.Б-, К.Т- нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээ ёсоор К.Б-, К.Т- нар нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг Жана ауылд байршилтай 14м х19м хэмжээтэй, 266 кв.м талбайтай, 2 давхар барилгын гадна талын хөөсөн фасад, тус давхруудад шалны плита тавих, 3 давхрын шатны марш чулуу наах, 1 болон 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) зэрэг ажлыг хийж дуусгахаар, миний бие ажлын хөлсөнд 18,000,000 төгрөг төлөхөөр, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа болгож 30 хувийн төлбөр болох 5,400,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч нарт шилжүүлэхээр үндсэн төлбөрийг ажлын үр дүн гарч ажлыг хүлээлгэж өгсний дараа төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.
1.2. Гэрээний дагуу 5,400,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр К.Т-ын *********** дугаартай дансанд шилжүүлсэн. Дараа нь К.Б-, К.Т- нарын гуйлтаар 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр К.Т-ын *********** тоот дансанд 600,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр К.Т-ын *********** тоот дансанд 300,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр К.Т-ын *********** тоот дансанд 3,000,000 төгрөг, нийтдээ 9,300,000 төгрөг шилжүүлсэн.
1.3. Гадна талын хөөсөн фасадыг 8,000,000 төгрөгөөр хийхээр, харин 1, 2 давхрын барилгын шалны плита тавих, 3 давхрын шатны марш чулуу наах, 1 болон 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) зэрэг ажлыг 10,000,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон. Миний бие уг ажлын хөлсөнд төлөх ёстой 10,000,000 төгрөгөөс 8,700,000 төгрөгийг төлчихсөн. Нийт шилжүүлсэн 9,300,000 төгрөгийн 600,000 төгрөг нь хоолны мөнгө байсан.
1.4 Гэтэл К.Б-, К.Т- нар нь дээрх гэрээнд заасан гүйцэтгэх ёстой ажлуудаас 1 болон 2 дугаар давхруудын шалны плита тавих ажлыг, мөн 1 давхрын цагаан замаск татах ажлыг хагас дутуу хийгээд алга болсон. Тэд 1 болон 2 дугаар давхар барилгын гадна талын хөөсөн фасад, 2 давхрын шатны марш чулуу наах, 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) хийх ажлуудыг огт хийгээгүй болно.
1.5 Хариуцагч нар хийх ёстой ажлын 50%-д хүрэхгүй ажлыг хийсэн гэж үзээд ажлын хөлсөнд өгсөн 8,700,000 төгрөгийн 50% болох 4,350,000 төгрөгийг тэд нараас нэхэмжилж байна. Гэрээний дагуу урьдчилгаа мөнгө болох 5,400,000 төгрөгийг өгөх ёстой байсан боловч хариуцагч нарын гуйлтаар хэсэг хувааж өгчихсөн маань буруу болсон. Ажил явдлаар Казакстан улсын Алматы хотод яваад ирсэн маань үнэн. Гэхдээ явахдаа материалыг авч өгөөд, материал нь дууссан тохиолдолд авч өгөх хүнд хэлж захиж явсан. Би эд нартай байнга мессежээр харилцаж байсан. Материал авч өгөөгүй гэдэг нь худлаа. Гэр бүлээр очсон гэхдээ энд байдаг хамаатан бас нас бараад бид тэндээ удаагүй ирсэн. Гэтэл бид ирэхэд хариуцагч нар ажлын байранд байгаагүй, ажлаа бүрэн хийгээгүй орхиод явсан байсан. Үлдсэн ажлуудыг хийлгүүлж авахаар удаа дараа хариуцагч нарын утас руу залгаж араас нь явсан. Би арай гэж олоод очиход өөр хүний ажлыг хийж байсан.
1.6 Тэгээд би аргагүйн эрхэнд хариуцагч нарын хийгээгүй үлдсэн ажлуудыг өөр хүнээр хийлгэсэн. Иймд хариуцагч К.Б-, К.Т- нараас ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 4,650,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
2. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад:
2.1. Нэхэмжлэгч Т.А- би хариуцагч К.Б-, К.Т- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг “Ажлын хөлсөнд шилжүүлсэн 4,650,000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянган/ төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон.
2.2. Би хариуцагч нарт дансаар нийтдээ 9,300,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүний 8,700,000 төгрөг нь ажлын хөлс, 600,000 төгрөг нь хоолны мөнгө юм. Би нэхэмжлэл гаргах үед хоолны мөнгөнд шилжүүлсэн 600,000 төгрөгийг ажлын хөлсөнд оруулж тооцсоноос нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг буруу тооцсон байна. Үүнтэй холбоотойгоор би нэхэмжлэлийн шаардлагыг ажлын хөлсөнд шилжүүлсэн нийт 8,700,000 төгрөгийн 50 хувиар тооцож “Ажлын хөлсөнд шилжүүлсэн 4,350,000 /дөрвөн сая гурван зуун тавин мянган/ төгрөг гаргуулах” гэж багасгаж тодруулж байна.
2.3. Иймд миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг багасгаж тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэж өгнө үү.
3.Хариуцагч К.Б-, К.Т- нарын хариу тайлбар, татгалзал:
3.1 Нэхэмжлэгч А.А-тэй нэхэмжлэлд дурдагдсан гэрээнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан нь үнэн. Бид ажлаа гэрээнд заасан хугацаанд буюу 7 дугаар сарын 01-ний өдөр гэхэд эхэлсэн ба харин 8 дугаар сарын 21-ний өдөр гэхэд ажлаа зогсоосон. Учир нь, анх ажил эхлэхэд Т.А- нь 270 хайрцаг шалны плита, 50 уут цемент авчирч өгсөн. Тэр материалаар нь 1 болон 2 давхрын шалны плита, шатны хонгилын плитаг наасан. Байгаа материалуудаар ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
3.2 Гэтэл Т.А- нь 7 дугаар сарын 19-ний өдөр Казахстан руу хурим найрт оролцохоор явсан ба тэгээд 8 дугаар сарын 03-ны өдөр ирсэн боловч нэг ах нь нас барсан гэж 7 хоног тэр ажлаар явсан. 8 дугаар сарын 10-11-ний өдөр ирэхэд нь бид түүнд шаардлагатай материалуудын жагсаалтыг гаргаж өгсөн боловч мөнгө байхгүй байна гэж авчирч өгөөгүй ба түүний дараа материал олж ирнэ гэж хэлсэн боловч 5 хоногийн турш сураггүй алга болсон.
3.3 Гэрээ байгуулсан бол талууд гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Т.А- нь гэрээний заалтыг эхлээд өөрөө зөрчсөн. Яагаад гэвэл гэрээнд заасны дагуу шаардлагатай материалыг бүрэн хангаж өгөөгүй. Нэхэмжлэгч өөрөө хийлгэнэ гэсэн гадна талын хөөсөн фасадын ажлыг хийлгэхээ больсон, мөнгөгүй боллоо гэж татгалзсан. Мөн нэг давхрын заслын ажил муухай болсон дахиад хийгээд өгөөч гэж бид дахиад нэг бүрчлэн шинээр хийж өгсөн. Хоёр давхрын хар, цагаан замаскийн ажил болон 3 давхрын шатны марш чулуу наах ажил хийгдээгүй үлдсэн.
3.4. Тухайн үед гэрээний хугацаа дуусаад, нэхэмжлэгчээс материал шаардангуут хэрэгтэй материалуудыг хангаж өгөөгүй. Гэрээний хугацаа дуусаад бид нэхэмжлэгчийг хоёр долоо хоног хүлээсэн. Нэхэмжлэгчийг хүлээгээд ирэхгүй байгаа учраас би удаан хүлээж чадаагүй. Өөр хүнтэй бас гэрээтэй байсан тул тэр ажлыг хийхээр явсан. Бид бас зууны арван дөрөв хоногийг алдсан, харин 14 хоногийн ажлын хөлсний хохирлыг нэхэмжлээгүй байна. Миний хувьд гэрээнд заасны дагуу 90 хувь ажил хийгдсэн гэж үзэж байна.
3.5. Бид нийтдээ 9,300,000 төгрөгийг ажлын хөлсөнд авсан ба одоо ямар нэгэн тооцоо байхгүй гэж үзэж байгаа учраас түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2024/00615 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч К.Б-, К.Т- нараас ажил гүйцэтгэсний хөлсөнд төлсөн мөнгөнөөс 4,350,000 (дөрвөн сая гурван зуун тавин мянган) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Т.А-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,350 (наян есөн мянган гурван зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.Б-, К.Т- нараас 84,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.А-т олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:
5.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 615 дугаартай шийдвэрийн дагуу биднээс гаргасан 4,350,000 төгрөгийн зөвхөн 1,000,000 сая төгрөг буюу 3 давхрын шатны марш чулуу наах ажлын хөлсийг буцаан төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд бусад ажлын хөлс нэхэмжилсэн хэсгийг мөн хоолны мөнгийг буцаан нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна.
5.2. К.Б-, К.Т- бид гэрээний дагуу 5,400,000 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр К.Т-ын *********** дугаартай дансанд, 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр К.Т-ын *********** тоот дансанд хоолны мөнгө болгож 600,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр К.Т-ын *********** тоот дансанд 3,000,000 төгрөг, нийтдээ 9,000,000 төгрөг авсан. Харин шүүх шийдвэртээ бичсэн 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр К.Т-ын *********** тоот дансанд 300,000 төгрөг авсан гэдгийг зөвшөөрөхгүй байна. *********** тоот данс К.Т- миний данс биш. Бид өмгөөлөгчгүй байсан тул шүүгчээс бидэнд зарим нэгэн зүйлийг тулгаж буруу ойлголт авсан гэж үзэж байна.
5.3. Нартай 14м х19м хэмжээтэй, 266 кв.м талбайтай, 1, 2 давхар барилгын гадна талын хөөсөн фасад, тус давхруудад шалны плита тавих, 3 давхрын шатны марш чулуу наах, 1 болон 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) зэрэг ажлуудыг хийлгэхээр ажлын хөлсөнд 18,000,000 төгрөг төлөхөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг ажлуудын гадна талын хөөсөн фасадыг 8,000,000 төгрөгөөр, үлдсэн ажлуудыг 10,000,000 төгрөг хийхээр харилцан тохиролцсон. Дотор талын ажлын хөлснөөс 10,000,000 төгрөг өгөх ёстойгоос 8,400,000 төгрөг ажлын хөлсөнд авсан ба гэрээний дагуу хоолны зардалд 600,000 төгрөг нийт 9,000,000 төгрөг авсан. Дээрх гэрээнд заасан гүйцэтгэх ёстой ажлуудаас 1 болон 2 дугаар давхруудын шалны плита тавих ажлыг, мөн 1 давхрын цагаан замаск татах ажлыг бүрэн хийсэн. Шүүх хийсэн ажилдаа маргаагүй, 1 давхрын замаск дутуу гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэтээр буруу дүгнэлт хийсэн байна. 2 давхрын дотор засал (хар болон цагаан замаск хийх) хийгээгүй байсан бөгөөд үүний ажлын хөлс болох 1,500,000 төгрөгийн хөлсийг аваагүй байсан. Хөлс авсан ажлуудаас зөвхөн шатны марш наах ажлыг хийгээгүй юм. Түүнийг 800,000-1,000,000 төгрөг гэж тохиролцсон ба тухайн мөнгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.
5.4. Урьд нь уг маргааныг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл хийгээд хариуцагчийн татгалзлын үндэслэлд тус тус хууль зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх байтал нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийг буруу тайлбарлаж маргааныг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн” хэмээн хүчингүй болгож байсан.
Шүүхийн шийдвэрийн 13-т “Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д "хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно" гэж зааснаар талууд 4 төрлийн ажлыг 10.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон ба тус бүрийн ажлын хөлсний үнийг харилцан тохиролцоогүй байх тул тухайн ажлын хөлс болох 10,000,000 төгрөгийг хийж гүйцэтгэх 4 төрлийн ажлын хөлсөнд хуваахад нэг төрлийн ажлын хөлс 2,500,000 төгрөг гэж үзнэ” гэж дүгнэж байгаа нь огт ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болжээ. Барилгын ажил гүйцэтгэлийн үнэлгээ 2024 оны байдлаар нийтэд илэрхий зарлагддаг ба улс орон даяар мөрдөгддөг. Барилгын ажил болгон өөр өөр тарифтай байхад шүүх барилгын ажлын бүгдийг адилхан хэмээн дүгнэж шийдвэр гаргаж байгааг ерөөсөө ойлгоогүй. Ийм шүүхийн шийдвэр гэж байх ёсгүй. Шүүхээс иргэд бид шударга ёсыг хүсдэг. Гэтэл бодит амьдралыг ойлгохгүй, тэнгэр газар шиг дүгнэлт хийдэг энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэлд иргэд бид маш их бухимдаж гомдолтой байна.
5.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 615 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрээс 3,050,000 төгрөгийг хасаж өгнө үү.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1.Нэхэмжлэгч анх шүүхэд 4,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байгаа. Хоолны мөнгөний 600,000 төгрөгийг шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг багасгаагүй байхад шийдвэрлэсэн гэж үзээд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Хэрэг анхан шатны шүүхэд очсоны дараа нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийг хасаж, 4,350,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
6.2. Талуудын хооронд 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээгээр 4 төрлийн ажил хийх ёстой байсан. Үүнд 1,2 дугаар давхрын хөөсөн фасад хийх, 1,2 дугаар давхарт плита тавих, 3 давхрын чулуу наах, 1,2 давхрын дотор талын хар замаск зэрэг ажлууд багтсан. Үүнээс 1,2 дугаар давхрын шалны плита тавих ажлыг хийсэн. 1 давхрын цагаан замаск тавих ажлыг хагас дутуу хийсэн. 1,2 дугаар давхрын гадна талын фасад, 3 дугаар давхрын чулуу наах, 2 дугаар давхрын дотор талын засал хийх зэрэг ажлууд хийгээгүй, дутуу үлдсэн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс нийт 4 удаагийн шилжүүлгээр 9,300,000 төгрөг шилжүүлсэн. 600,000 төгрөгийн хоолны мөнгө хасаад үндсэн 8,700,000 төгрөгийг үндэслэж, уг үнийн дүнгийн 50 хувиараа нэхэмжлэл гаргасан байгаа.
6.3. Хариуцагч нар анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдааны үеэр 300,000 төгрөг аваагүй талаар маргаагүй. Тиймээс тухайн үед үнийн дүнгийн талаар ямар нэгэн маргаантай асуудал байхгүй байсан. Гэрээний 3.4 дэх хэсэгт 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 30 хувийг хийгээд үлдэгдэл мөнгийг ажлын үр дүн гарсны дараа төлөхөөр тохиролцсон байдаг. Хариуцагч нарт мөнгөний хэрэгцээ гарсан тул урьдчилгаа 30 хувийн 5,400,000 төгрөг шилжүүлэх ёстой байхад нэмж 3,300,000 төгрөгийг илүү шилжүүлсэн байдаг. Хариуцагч нар ажлыг дутуу хийснээ үгүйсгээгүй байгаа. Энэ талаар анхан шатын шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах шатын шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой мэдүүлсэн.
6.4. Хариуцагч нар “бид нар ажлыг дутуу хийсэн. Дараа нь бид ажлыг хийж өгөхөөр тохирсон боловч ажлын боломж, цаг хугацааны боломжоос шалтгаалаад хийгээгүй” гэх тайлбар хэлдэг. Мөн хариуцагч тал нэхэмжлэгчийн ах нь нас барсан, Казахстан Улс руу явсан, холбогдох материалаар хангаж чадаагүй тул бид гэрээнээс гарсан гэж байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаарх ямар нэгэн нотлох баримт гаргаж өгч чадаагүй. Хэргийг анхан шатны шүүхэд буцаасны дараа нотлох баримт гаргаж өгөх боломжийг талуудад олгосон. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан татгалзлын үндэслэл, үүнд холбогдох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Иймд анхан шатны шүүхээс гарсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх гомдолд заасан “шийдвэрээс 3,050,000 төгрөгийг хасаж өгнө үү” гэсэн үндэслэлийн дагуу хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаж үзэхэд, шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч К.Б- болон К.Т- нарт холбогдуулан ажлын хөлсөнд урьдчилж төлсөн мөнгөний 50 хувь буюу 4,350,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн. К.Б- болон К.Т- нар гэрээгээр тохирсон ажлаа дутуу хийсэн учир өөр хүмүүсээр хийлгэсэн. Дансаар нийтдээ 9,300,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 8,700,000 төгрөг нь ажлын хөлс, 600,000 төгрөг нь хоолны мөнгө байсан. Би анх нэхэмжлэл гаргах үедээ хоолны мөнгийг ажлын хөлсөнд оруулж тооцсоноос нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүн буруу гарсан байна. Үүнтэй холбогдуулан би нэхэмжлэлийн шаардлагыг ажлын хөлсөнд шилжүүлсэн нийт 8,700,000 төгрөгийн 50 хувиар тооцож, хариуцагч нараас 4,350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна” гэж тайлбарласан бол хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...захиалагчийн өгсөн материалаар 2 давхрын шалны плита, шатны хонгилын плитаг наасан. 1 давхрын цагаан болон хар замаскийг хийсэн. Өгсөн материалуудаар нь дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн ба түүний дараа дахин материал авч ирж өгөөгүй тул бид өөрсдийн санаачилгаар гэрээгээ цуцалж, ажлаа дуусгаад дараагийн гэрээт ажлуудаа хийхээр явсан” гэж шүүхэд тайлбар гаргасан байна.
9. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн, талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр Т.А- болон К.Б-, К.Т- нар харилцан тохиролцож, захиалагчийн материалаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, Жана ауыл гэх газарт байршилтай 14 х 19 м-ийн хэмжээтэй, 366 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгын гадна талын хөөсөн фасад хийх, барилгын 1 ба 2 давхрын шалны плита тавьж наах, 3 давхрын шатны марш чулуу наах, 1 ба 2 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск хийх зэрэг 4 төрлийн ажлыг ажил гүйцэтгэгч нар 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, харин захиалагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн боловч хожим нь талууд гэрээнд заасан дээрх ажлуудаас барилгын гадна талын хөөсөн фасад хийх ажлаас бусад ажлыг гэрээнд заасан хугацаанд хийхээр тохиролцсон ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон хожим хийсэн тохиролцооны талаар маргаагүй байна.
10. Харин нэхэмжлэгч буюу захиалагчаас ажил гүйцэтгэгч нарт шилжүүлсэн 9,300,000 төгрөгийн 600,000 төгрөг нь хоолны мөнгө байсан учир шаардахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ажлын хөлсөнд шилжүүлсэн 8,700,000 төгрөгийн тал хувийг буюу 4,350,000 төгрөгийг ажил гүйцэтгэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хийгээгүй буюу тохиролцсон ажлын талыг хийж, үлдсэнийг нь огт хийгээгүй учраас ажил гүйцэтгэгч нараас буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
11. Хариуцагч нар анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “хоёр давхрын шатны плита, шатны хонгилын плитаг наасан, 1 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск тавиулсан, байгаа материалуудаар дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн” талаар дурдаж /хэргийн 20 дахь тал/, гэрээнд зааснаар хийж гүйцэтгээгүй ажлуудын талаар захиалагч нь “барилгын материалаар хугацаанд нь хангаагүй захиалагчийн буруугаас гэрээнд заасан ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй” гэж тайлбарлан захиалагчийн төлсөн ажлын хөлснөөс буцаан гаргуулах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
12. Давж заалдах шатны шүүх тус хэргийг урьд нь хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэж хянан шийдвэрлэхдээ хэрэгт тухайн үед цугларсан нотлох баримтуудын хүрээнд маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл ба хариуцагчийн татгалзлын үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж үзэж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарын хийж гүйцэтгэсэн ажлыг “өөрийн урьдчилгаанд төлсөн 9.300.000 төгрөгийн тал хувьтай нь тэнцэнэ” гэж /тухайн үед/ үзсэн болон хариуцагч нарын “захиалагч нь материалаар хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул түүний буруугаас гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан, хоорондоо тооцоогүй” гэж хариу тайлбар ирүүлсэн байдлыг талуудаас тодруулах шаардлагатай гэж дүгнэж байжээ.
13. Гэтэл хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасны дараа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн банкны хуулганд тулгуурлаж “нэхэмжлэлийн шаардлагыг ажлын хөлсөнд шилжүүлсэн нийт 8,700,000 төгрөгийн 50 хувиар тооцож байна” гэж тодруулсан, харин хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ үгүйсгэх нотлох баримтаа гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд оролцсон хариуцагч К.Т- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “захиалагч нь шаардлагатай материалаар хангаж өгөөгүй. Гэрээний хугацаа дуусаад нэхэмжлэгчийг 14 хоног хүлээсэн. Миний хувьд гэрээнд заасан ажлын 90 хувь хийгдсэн гэж үзэж байна” гэж үгүйсгэж тайлбар гаргасан боловч уг тайлбар ба татгалзлаа үндэслэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл дэх хийж гүйцэтгэсэн болон хийгдээгүй үлдсэн ажлын талаар маргадаггүй боловч хийгдээгүй үлдсэн ажлыг гүйцэтгээгүй үндэслэл, шалтгааны талаар болон үүнд захиалагчийн буруутай үйлдэл байсан эсэх, мөн хийж гүйцэтгэсэн ажил тус бүрийн үнэ, тарифын талаарх тайлбараа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.
14. Иймд анхан шатны шүүхийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, зохигчийн тайлбарыг талуудаас гаргаж өгсөн бусад нотлох баримтуудтай харьцуулан хуульд заасан журмаар үнэлж, маргааны үйл баримтыг талуудын гаргаж өгсөн тайлбар болон нотлох баримтуудын хүрээнд тогтоож, түүнд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн холбогдох хэсгийг хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн дүгнэлтийг үгүйсгэх, давж заалдах гомдолд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
15. Захиалагчаас ажил гүйцэтгэгч нарт гэрээгээр тохиролцсон ажлын хөлсөнд 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5,400,000 төгрөг, 7 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 8 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 8,700,000 төгрөг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй боловч хариуцагч нар захиалагчийг бараа материалаар хангах үүргээ биелүүлээгүйгээс гэрээнд заасан ажлаа хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй, эцэст нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, гэрээг дуусгавар болгосон гэж маргажээ. Гэвч хариуцагч нар захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй гэх үйл баримтыг шүүхэд нотлох баримтаа гаргаж нотлоогүй учраас энэ талаар хариуцагчийн татгалзлыг хууль зүйн болон бодит үндэслэлд нийцэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
16. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ “Б-, Т- нар нь дээрх гэрээнд заасан ажлуудаас 1, 2 давхрын шалны плита тавих, 1 давхрын замаск татах ажлыг хийж гүйцэтгэсэн, ... 3 давхрын шатны марш чулуу наах, 2 давхрын дотор засал /хар болон цагаан замаск хийх/ ажлуудыг огт хийгээгүй” гэж тайлбарласан, хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...2 давхрын шалны плита, шатны хонгилын плитаг наасан. Тэгээд 1 давхрын тэгшитгэлийн цагаан замаск болон хар замаск тавиулсан. Байгаа материалуудаар дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн” гэсэн тайлбаруудыг хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болох ажил гүйцэтгэх гэрээ, банкны дансны хуулга зэрэг баримтуудтай харьцуулан дүгнэвэл, талууд захиалагчаас шилжүүлсэн 8,700,000 төгрөгт нийтдээ 4 ажлыг, тухайлбал (1) барилгын 1 ба 2 давхрын шалны плита тавьж наах, (2) шатны марш чулуу наах, (3)1 давхрын болон (4) 2 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск хийх зэрэг ажлуудыг багтааж хийхээр тохиролцсон боловч зохигчийн тайлбараар 1 ба 2 давхрын шалны плита тавьж наах болон 1 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск хийх ажил бүрэн хийгдсэн, харин шатны марш чулуу наах болон 2 давхрын дотор засал буюу хар, цагаан замаск тавих ажил огт хийгдээгүй нь тогтоогдсон, энэ талаар маргаангүй байгаа учраас нэхэмжлэгчийн тэдгээр ажлуудыг нийтэд нь 8,700,000 төгрөг гэж үнэлээд, үүнээс тал хувь нь буюу нийт 4 ажлын 2 нь хийгдсэн учраас 4,350,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээгээр ажлаа дутуу гүйцэтгэсэн хариуцагч нараас буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
17. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Харин хариуцагч нар гэрээгээр тохиролцсон нийт дөрвөн төрлийн ажлаас 1 ба 2 давхрын шалны плита тавьж наах болон 1 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск татах ажлыг бүрэн хийсэн, үлдсэн 3 давхрын шатны марш чулуу наах болон 2 давхрыг дотор засал буюу хар, цагаан замаск тавих ажлыг хийхгүйгээр гэрээнээс татгалзсан учраас анхан шатны шүүх мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үүсэх үр дагаврыг баримталж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзнэ.
18. Хариуцагч нарын давж заалдах гомдолд “барилгын ажил гүйцэтгэлийн үнэлгээ 2024 оны байдлаар нийтэд илэрхий зарлагддаг ба улс орон даяар мөрдөгддөг. Барилгын ажил болгон өөр өөр тарифтай байхад шүүх барилгын ажлыг бүгдийг адилхан хэмээн дүгнэж, шийдвэр гаргаж байгаад гомдолтой” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргаж, шүүхийн шийдвэрээр гаргуулсан мөнгөн дүнгээс 3,050,000 төгрөгийг хасаж тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсжээ. Хариуцагч нарын энэхүү давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, талууд анх 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээгээр Т.А- болон К.Б-, К.Т- нар харилцан тохиролцож, захиалагчийн материалаар үйлчилгээний зориулалттай барилгын гадна талын хөөсөн фасад хийх, барилгын 1 ба 2 давхрын шалны плита тавьж наах, 3 давхрын шатны марш чулуу наах, 1 ба 2 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск хийх зэрэг 4 төрлийн ажлыг ажил гүйцэтгэгч нар 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, харин захиалагч нь нийт 18,000,000 төгрөгийн хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн боловч хожим нь талууд гэрээнд заасан дээрх ажлуудаас барилгын гадна талын хөөсөн фасад хийх ажлаас бусад ажлыг гэрээнд заасан хугацаанд хийхээр тохиролцсон. Гэвч тухайн гэрээгээр гүйцэтгэвэл зохих нийт 4 төрлийн буюу (1) 1 ба 2 давхрын шалны плита тавьж наах, (2) шатны марш чулуу наах, (3)1 давхрын болон (4) 2 давхрын дотор засал буюу хар болон цагаан замаск хийх зэрэг ажлуудыг ажил гүйцэтгэгч нараар хийж гүйцэтгүүлэхээр захиалагчаас 8,700,000 төгрөг шилжүүлсэн боловч хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үүнээс 2 ажлыг нь бүрэн хийсэн, үлдсэн 2 ажлыг хийгээгүй учраас нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд төлсөн мөнгөний тал хувийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Нөгөө талаар хариуцагч нарт шүүхэд мэдүүлэх, нэхэмжлэгчийн шаардлага ба үндэслэлийг үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхийг анхан шатны шүүхээс зохих ёсоор хангасан боловч хариуцагч нар нь гэрээгээр тохиролцсон 4 төрлийн барилгын ажил нь өөр өөр үнэ тарифтай, эсхүл ажлын хөлсийг харилцан тохиролцож, ажил тус бүрээр хэлэлцэн тогтоосон талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүйн дээр “Барилгын ажил гүйцэтгэлийн үнэлгээ 2024 оны байдлаар нийтэд илэрхий зарлагддаг үйл баримт” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийг үгүйсгэх, няцаах нотлох баримтаа, тодруулбал захиалагчтай тохиролцсон дөрвөн төрлийн ажлын тус бүрийн үнэ, тарифын талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй учраас “шийдвэрээс 3,050,000 төгрөгийг хасаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдээгүй тул гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2024/00615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч К.Б-, К.Т- нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК