| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0318/И |
| Дугаар | 380 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 380
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р баг, 4-р гудамж 8 тоотод оршин суух, эмэгтэй, ВЮ89122561 регистрийн дугаартай, Самбуу овогт Жамсрангийн Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р баг, 7-р гудамж 9 тоотод оршин суух, эрэгтэй, ВУ87102910 регистрийн дугаартай, Сэд овогт Маамуухүүгийн Чулуунчөдөрт холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Энхцэцэг, хариуцагч М.Чулуунчөдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбартаа:
Миний бие 2009 оны 10 сарын 06-ны өдөр М.Чулуунчөдөртэй гэр бүл болсон. 2010 оны 02 сарын 09-ны өдөр Ч.Мөнхзул, 2011 оны 10 сарын 14-ний өдөр Ч.Мөнхболор нарыг төрүүлсэн. Сүүлийн 2 жилээс М.Чулуунчөдөрийн ааш зан өөрчлөгдөж, бидний харьцаа цаашид амьдрахад бэрх болсон тул тус тусдаа амьдрахаар шийдсэн.Бид тусдаа амьдраад 3 жил болж байна. Би үр хүүхдээ бодоод ахиад хамт амьдрах саналыг тавихад М.Чулуунчөдөр нь сар ч болоогүй хамт амьдарч чадахгүй гэдгээ хэлээд буцаад явсан. Энэ бүхнийг урьдын өмнөх ална гэж элдэв янзын мессеж явуулдаг байсныг бодоод энэ хүнийг ахиж уучлах сэтгэл үлдээгүй тул бид хоёрын амьдрал үргэлжлэх боломжгүй гэдгийг мэдсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү? Ч.Мөнхзул миний охин нь багаасаа эмээ, өвөө М.Чулуунчөдөрийн хамт амьдрасан тул миний том охин Ч.Мөнхзул аавынхаа асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Харин миний охин эрүүл саруул байгаа тул хэзээ нэг өдөр бэртэл гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байх юм бол би гомдолтой болохоо мэдэгдэж байна.. гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид цаашид хамт амьдарч чадахгүй болж бүтэхгүй болохоо ойлголцож зөвшөөрсөн. Бидний дунд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй болсон. Бид 2009 оны 10 сарын 06-нд гэр бүл болсон, гэрлэлтээ батлуулсан. Манай дунд охин Мөнхзулыг аавын асрамжид үлдээхийг би зөвшөөрсөн, Ч.Мөнхболор охиноо өөрөө авах хүсэлтэй байгаа, М.Чулуунчөдөртэй тодорхой хугацаанд хамт амьдарсан, одоо ажилгүй, амьдрал нь тааруу байгаа тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй, энэ цагаас хойш бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хэрүүл маргаангүй мөр мөрөөрөө явах саналтай байгаа. Гэвч Б.Чулуунчөдөрийг сүүлийн 2 жил биеэ хэрхэн авч явахыг харгалзмаар байна. Нөгөө талаар сүүлийн үед миний охин Ч.Мөнхзул өөрийн эмээ өвөө дээр байгаа. Саяхан Ч.Мөнхзулыг өөрийн гэртээ авч ирж 2 хонуулах үеэр миний охин сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан. Хамт байдаг хүүхдүүдтэйгээ таарч тохирохгүй, хэрүүл маргаантэй байгаа, эмээ загнаж зодсон асуудлыг хэлж байсан. Гол нь М.Чулуунчөдөр тэтгэлэг тогтоолгохгүй байх зорилгоор 2 хүүхдээ нэг нэгээр нь авчихвал хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн санаагаар охин Ч.Мөнхзулыг авах гээд байгаа юм болов уу?гэж бодож байна. Өсөж яваа хүүхдүүдээ нэг нэгээр нь салгаж өнчрүүлмээргүй байна. Мөн М.Чулуунчөдөрийн аав, ээж нь М.Чулуунчөдөрийг гэрээсээ хөөгөөд байдаг юм. Хэрвээ энэ асуудал давтагдах юм бол миний охиныг яах вэ гэдэг нь эргэлзээтэй байна. М.Чулуунчөдөрийн хувьд одоо ажил төрөлгүй амьдрал нь тааруу байгаа тул хэдэн жилийн дараа боломж бололцоотой болсон үедээ 2 охиндоо тэтгэвэр тэтгэмж төлөөд, явах боломжтой.
Иймд би 2 охиндоо тэтгэлэг тогтоолгохгүйгээр, 2 хүүхдээ өөрийн асрамжид үлдээх, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна..гэв.
Хариуцагч .М.Чулуунчөдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Ж.Энхцэцэгтэй 2009 оны 10 сард гэр бүл болсон нь үнэн, хамт амьдарч байхдаа 2 охинтой болсон. 2014 оноос тус тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдрах хугацаанд том охин Ч.Мөнхзул эцэг Чулуунчөдөр надтай, бага охин Мөнхболор эх Энхцэцэгтэй хамт амьдарсан том охин Мөнхзулаа би өөр дээрээ өсгөх учир Ж.Энхцэцэгийн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэжээ.
Хариуцагч .М.Чулуунчөдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2009 оны 06 сард айл гэр болсон. Сүүлийн жилүүдэд яагаад маргаад таарахгүй байгаагаа өөрөөч мэдэхээ байсан. Бидний дунд зодоон нүдээн гэр бүлийн хүчирхийлэл гээд байх зүйл байдаггүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа, 2 хүүхдээ нэг нэгээр нь авна гэж тохирсон юм. Би Ч.Мөнхзулыг өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байгаа. Ч.Мөнхзул нь миний аав, ээж дээр өссөн, одоо 6 настай хүүхэд байгаа. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсэхгүй байна. Би архи уудаггүй, эхнэрлүүгээ мессеж бичиж хэл амаар доромжилсон гэж Цагдаагийн байгууллагад торгуулж байсан.
Ж.Энхцэцэг 2 хүүхдээ салгаж өнчрүүлэхгүй гэж байгаа бол өөрийнх нь хүслээр болно биз. Миний хувьд 2 хүүхэддээ тэтгэлэг төлөхгүй гэж зайлсхийсэн зүйл байхгүй..гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ж.Энхцэцэг, хариуцагч М.Чулуунчөдөр нарын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа ,гэрлэлтийн батлахын лавлагаа, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хариу мэдэгдэх хуудас охин Ч.Мөнхзул, Ч.Мөнхболор нарын төрсний гэрчилгээний хуулбар, Баянхонгор сумын Наранмандал өрхийн эрүүл мэндийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Энхцэцэг нь хариуцагч М.Чулуунчөдөрт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Чулуунчөдөр нь гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ж.Энхцэцэг, хариуцагч М.Чулуунчөдөр нар нь 2009 оны 10 сарын 06-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 10 сарын 12-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлт бүртгэж гэрчилгээ олгосон байна.
Улмаар хамтран амьдрах хугацаанд 2010 оны 03 сарын 04 ний өдөр охин Ч.Мөнхзул, 2011 оны 10 сарын 14-ны өдөр охин Ч.Мөнхболор нарыг төрүүлж өсгөсөн байна.
Ж.Энхцэцэгийн төрүүлсэн охин Ч.Мөнхзул, Ч.Мөнхболор нар нь М.Чулуунчөдөрийн хүүхдүүд мөн болох, одоо эрүүл энх өсөж, сурч байгаа болох нь №00/000752 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, №0000665226 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор сумын Наранмандал өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Зохигчдын тайлбараар гэрлэгсэд нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс шалтгаалан 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа , хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн зэрэг шалтгаанаар шүүхээс гэрлэгчдэд эвлэрлүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрлэгчид хоёр хүүхдийн асрамжийн асуудлаар харилцан тохиролцож охин Ч.Мөнхзулыг эцэг М.Чулуунчөдөрийн, охин Ч.Мөнхболорыг эх Ж.Энхцэцэгийн асрамжид үлдээх талаар тохиролцсон боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч дээрх хүсэлтээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.. гэсний дагуу хэргийн нөхцөл байдлыг дүгнэн охин Ч.Мөнхзул, Ч.Мөнхболор нарыг эх Ж.Энхцэцэгийн асрамжид үлдээж
Нэхэмжлэгч нь охин Ч.Мөнхзул, Ч.Мөнхболор нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэсний дагуу Ч.Мөнхзул, Ч.Мөнхболор нарт тэтгэлэг тогтоохгүйгээр тус тус шийдвэрлэлээ.
Түүнчлэн гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тэтгэлгийг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Самбуу овогт Жамсрангийн Энхцэцэг, Сэд овогт Маамуухүүгийн Чулуунчөдөр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2010 оны 03 сарын 04 ний өдөр төрсөн охин Ч.Мөнхзул, 2011 оны 10 сарын 14-ний өдөр төрсөн охин Ч.Мөнхболор нарыг эх Ж.Энхцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцож хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн талаар маргаангүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч охин Ч.Мөнхзул, Ч.Мөнхболор нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэгМ.Чулуунчөдөр, эх Ж.Энхцэцэг нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ж.Энхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Чулуунчөдөрөөс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Энхцэцэгт олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ