Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 75

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Ц.Сувдаа,

хохирогч Д. Д ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О ,

шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох 163/2019/0079/Э индекстэй, эрүүгийн 1915000950047  дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Булган аймгийн ... сургуульд багш ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн ... сургуулийн хичээлийн байранд суралцагч Д. Д ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б гийн өгсөн: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, буруугаа ойлгож байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д. Д ы өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр намайг анги дээрээ байхад өглөө 11 цагийн үед манай ангийн багш Б.Б  “Чи өчигдөр байхгүй байсан, ангийн цэвэрлэгээ хийгээгүй” гээд сандал дээр сууж байхад шилэн хүзүүн дээр гараараа 1 удаа чанга цохиод, баруун талаас чихрүү гараараа 2 удаа алгадсан. Тэгэхээр нь босоод иртэл гараараа 1 удаа аюулхайны орчимд цохисон. Тухайн үед алгадуулсаны дараа миний баруун талын чих дүнгэнээд явчихаар нь сургуулийн эмч дээр очиход өрөөндөө байхгүй байсан. Тэгээд хичээлээсээ тарж гэртээ хариад ээжид хэлээд эмчид үзүүлсэн. Эмчид үзүүлэхэд миний “баруун талын чихний хэнгэрэг хагарсан байна” гэсэн ба тэрнээс хойш би эмчилгээ хийлгэж байгаа. Одоо юм дуулахгүй, сонсголын чадвар 80% алдагдсан, хагалгаа хийсэн ч бүрэн сэргэхгүй гэсэн. Хэнгэрэг нөхөх хагалгаа  болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

1815000000255 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.О ын өгсөн: “...Миний хүүгийн биед баруун талын чихний хэнгэрэг цоорч, сонсгол муудсан хохирол учирсан. Энэ гэмтлийг Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн Чих хамар хоолойн эмч Р  эмч дээр очиж үрэвсэл дарах эмчилгээ, дусаагуур дусаах, эм зэрэг эмчилгээг хийлгэж байгаа. Чихний хэнгэрэг нь салмайж цоорсон, чихнээс нь шингэн зүйл гараад байгаа юм. Энэ шингэнийг зогсоож, үрэвсэл, өвдөлт, дүнгэнээд байгаа байдал намдахаар чихний хэнгэрэг нөхөх хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Энэ хагалгаа дээрх өвчин зовиур нь арилсан үед л хийгдэнэ гэсэн. Одоогоор яг хугацаа тогтоогүй байна. Сонсгол орохгүй байх магадлал их өндөртэй байна гээд байгаа ба хагалгааны дараа Улаанбаатар хот явж сонсгол шалгах КТГ-н шинжилгээ хийлгэнэ гэсэн. Өнөөдрийг хүртэл би өөрөөсөө мөнгө гаргаж хүүгийнхээ эмчилгээг хийлгэж байна. Яг бас хэдэн төгрөгийн зардал гарсан гэж тооцоогүй байна.Хагалгааны төлбөрийг хэд болохыг хэлж мэдэхгүй байна. Хагалгааг бол Булган аймагт хийлгэнэ. Улаанбаатар хот явах замын зардал, КТГ-н шинжилгээний мөнгийг буруутай, миний хүүхдийг зодож гэмтэл учруулсан багшаас нь нэхэмжилнэ.

Энэ асуудлаас өмнө нь 3 удаа миний хүүд гар хүрч зодож байсан. Тухай бүрт нь би ангийн багш Б тэй биечлэн очиж уулзаж байсан. Эхлээд уулзахад “биерхүү болохоор нь уураа гаргачихсан юм”, дараагынх дээр нь “андуурсан байна уучлаарай” гэж хэлдэг байсан. Тэгээд цохиж зодох болгондоо “би нэг их хүчтэй сүртэй цохиогүй гарынхаа араар л цохисон” гэх байдлаар тайлбарладаг байсан. Гэмтэл бэртэл учирсан байна гэхээр “би ганц л шанаадсан, олон удаа цохиж зодож байгаагүй” гэдэг. Би түүнд анхааруулж хэлж байсан. 2018 оны 10 сард зодсон байхаар нь “олон хавар нэгэндээ гэж чи хүүхэд гэмтээчихэв” гэж хэлхэд “дахиж ингэхгүй, та битгий захирал дээр ороорой, цагдаа захирал гээд яахав хэдүүлээ ингээд зохицоод салчихъя” гээд байсан. Би энэ зодох болгонд нь сургуулийн захиргаа, Боловсролын газарт хандаж байгаагүй. Сая эмнэлэг дээр очиж эмчид үзүүлсэн эмч Хүүхдийн төлөө төврүү хэлж мэдэгдсэн. Тэгээд би цагдаад өргөдөл өгсөн. Хүүгээ аваад эмнэлэг орж үзүүлэхээс өмнө би ангийн багшруу нь утасдаж “чи хүүг минь зодсон юм уу, чих нь өвдөөд байна” гэхэд “би 2 алгадчихсан юмаа, хэнгэрэг нь цоорсон байж магадгүй, эмчид аваачаад үзүүлчихгүй юу, би завгүй байна, 1 дэх өдөр ирж уулзаарай” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 17-18 тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.Э ын өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ангийн багш Б  нь найз Д. Д  бид хоёрыг “анги дутуу цэвэрлэлээ” гэж самбарын өмнө гаргаж байгаад  Д ы чих рүү 2-3 удаа хүчтэй цохисон. Намайг анги дотор алгадаж, ангиас гаргаж байгаад чих рүү цохисон. Тэгээд Б  багш намайг “битгий цагдаад хэл, би эм авч өгнө, багшийгаа зодоогүй гээд хэлчих” гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 тал/,

Насанд хүрээгүй гэрч У.Х гийн өгсөн: “...2019.02.20-ны өдөр багшийн хичээл орох цаг дээр манай ангийн багш урьд өдөр нь цэвэрлэгээ хийгээгүй байна гээд уурлаад тэгээд  Д ыг сууж байхад хажууд хүрч ирээд цохих шиг болоод дуу гарахаар нь харсан түүнийг чихрүү нь болов уу алгадсан. Тэгээд аль нэг гарынх нь булчин дээр гараараа 1 удаа чанга цохиод авсан. Тэгээд уурлаад ангийн хэдэн хөвгүүдээр анги цэвэрлүүлсэн. ... Тухайн үед багш эрүүл байсан. Манай ангийн хүүхдүүдийг цохиж зоддог байсан. Ер нь бол цэвэрлэгээ хийх асуудлаар л их болдог байсан цэвэрлэгээ хийсэнгүй гээд л зоддог. Ер нь ар дагз руу алгадах, гарын булчин руу, цээж рүү цохих, шилбэ рүү өшиглөх гэх мэтээр цохидог юм. Охидуудад нэг их гар хүрдэггүй байх. Хичээл тасалсан, хоцорсон, үймүүлсэн гэх шалтганаар л самбарын урд гаргаж байгаад л загнадаг. ...” гэх мэдүүлэг /хх 24-25 тал/,

Насанд хүрээгүй гэрч М.С ийн өгсөн: “...2019.02.20-ны өдөр багшийн хичээл орох цаг дээр манай ангийн багш урьд өдөр нь цэвэрлэгээ хийгээгүй гээд уурлаад тэгээд  Д ыг ангийн багш 1 бил үү 2 удаа цохих шиг болсон. Толгой руу нь л цохих шиг болсон. “Ангийн цэвэрлэгээ хийгээгүй” гээд багш уурлаад байсан. Тэгээд тэр өдөр нь цэвэрлэгээ хийх ёстой байсан хэдэн хүүхдүүдээр цэвэрлэгээ хийлгүүлсэн. Д. Д  багшийн өөдөөс юм хэлээд байсан ба юу гэж хэлснийг нь сонсоогүй. ...” гэх мэдүүлэг /хх 26 тал/,

Насанд хүрээгүй гэрч А.Б ын өгсөн: “...2019.02.20-ны өдөр багшийн хичээл орох цаг дээр манай ангийн багш “урьд өдөр нь цэвэрлэгээ хийгээгүй байна, эсмен ангийн багш цэвэрлэгээ хийгээгүй байна гээд уурлаад байна, одоо цэвэрлэгээ хий” гээд өмнөх өдөр нь цэвэрлэгээ хийх байсан хүүхдүүдийг загнаад байсан. Тухайн үед нь би утсаараа “павжи” гэдэг тоглоомыг тоглож байсан. Тэгсэн ангийн багш  Д ыг цохисон байсан. Би чихэндээ чихэвч зүүж тоглодог учраас яасан талаар хараагүй, сонсоогүй. Тэгээд би ангийн хүүхдүүдээс асуусан чинь багшийг  Д ы чихрүү нь алгадсан гэж байсан. Э ыг бас зодсон л гээд байсан. Хаана нь яаж цохиж зодсон талаар мэдэхгүй. Миний хувьд ангийн багшид гарын булчинруугаа ганц нэг цохиулж байсан. Гэхдээ ямар нэгэн гэмтэл бэртэл учирч байгаагүй. Ангийн багш бид нарыг хичээл таслах, тамхи татах, үймүүлэх зэрэг буруу зүйл хийсэн үед гарын булчинруу л 1-2 удаа цохидог байсан. ...” гэх мэдүүлэг /хх 27 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 76 тоот:

  1. Магадлуулагч Д. Д ы биед баруун чихний хэнгэрэгийн цооролт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 31 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 01-02 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 32-33/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх 42-43, 46-47/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх 45 /, хохирол төлсөн талаарх баримт /хх 48/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 50-51/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Дээрхи нотлох баримтуудаар Булган аймгийн .. сургуулийн хичээлийн байранд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “ангийн цэвэрлэгээ хийсэнгүй” гэх шалтгаанаар ангийн багш Б.Б  нь сурагч Д. Д ыг цохиж, баруун шанаа руу нь алгадсаны улмаас түүний чихний хэнгэрэг цоорч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Д. Д ы мэдүүлгийн эх сурвалж нь түүний хууль ёсны төлөөлөгч Г.О , тухайн цаг хугацаанд хамт байсан насанд хүрээгүй гэрч Э.Э , У.Х , М.С , А.Б  нарын хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Д. Д ы биед баруун чихний хэнгэрэгийн цооролт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч Б.Б гийн сурагчийнхаа бие эрх чөлөөнд халдаж, түүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох Үндсэн хуульд заасан эрхийг зөрчсөн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б  нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн эмчилгээний зардалд 500000 төгрөг төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д. Д , түүний хууль ёсны төлөөлөгч Г.О  нар нь эмчилгээний зардалд 500000 төгрөгийг хүлээн авч зарцуулсан талаархи 462000 төгрөгийн 17 ширхэг баримт ирүүлсэнийг шүүх үнэлж, шүүгдэгч Б.Б  нь хохирлыг төлсөн, төлөх төлбөргүй болохыг дурьдаж,  харин хэнгэрэг нөхүүлэх хагалгааны зардлын хувьд хохирогч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй нотлох баримтаа ирүүлээгүйн улмаас эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4-т зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан  240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажлыг Булган аймгийн Боловсрол Соёлын Газарт хийлгэж, ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б д сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогчийн эмчилгээний зардалд 500000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч Д. Д , түүний хууль ёсны төлөөлөгч Г.О  нар нь хэнгэрэг нөхүүлэхтэй холбоотой хагалгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД