| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0288/И |
| Дугаар | 381 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 381
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багт оршин суух, эмэгтэй, ВК81111707 регистрийн дугаартай, Боржигон овогт Шарын Хишигбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багт оршин суух, эрэгтэй, ВИ85101013 регистрийн дугаартай, Суурь тойн овогт Моломын Эрдэнэбатад холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Хишигбаяр, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг, хариуцагч М.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Хишигбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би М.Эрдэнэбаттай 2002 онд танилцаж, үерхэж байгаад 2006 оны 07 сарын 22-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 09 сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан.
М.Эрдэнэбаттай анх гэр бүл болоход архи дарс уугаад байдаггүй байсан. Бид бусдын адил жирийн сайхан амьдралаар амьдраад л явж байсан. Бидний дундаас 2008 оны 09 сарын 25-ны өдөр Э.Соёл-Эрдэнэ, 2012 оны 07 сарын 26-ны өдөр Э.Мөнхсоёл нар төрсөн. М.Эрдэнэбат нь 2015 оноос эхлэн ааш авир нь хувирч архи дарс уух нь ихсэж, шалтгаангүйгээр хэрүүл гуйж, хэрүүл маргаан үүсгэж, сүүлдээ бүр намайг зодож, гэр орондоо хонохгүй сураггүй алга болдог байсан.М.Эрдэнэбаттай хамт амьдарч байх энэ хугацаанд М.Эрдэнэбат зоддог байсан ч сүүлийн 1 жил тэсэж дэвчихийн аргагүй хэрцгийгээр зодох болсон. М.Эрдэнэбат нь 2015 оны 12 сарын 29-ний өдөр гэртэй согтуу ирээд шалтгаангүйгээр намайг ална гээд машинд байсан хутга барьж дайрсан. Тэгээд М.Эрдэнэбат чамайг алж чадахгүй бол өөрийгөө ална гэж орилж, намайг хэл амаар доромжпоод байхаар нь би айсандаа түүний том ахад хэлэхэд ах ирээд хутгыг нь авах гэхэд хутгаа өгөхгүй, ахтай зодолдсон байсан. Тэгээд маргааш нь буюу 12 сарын 30-ны өдөр М.Эрдэнэбат хувцасаа аваад гэрээсээ яваад 2016 оны 02 сарын 08-ны өдөр гэртэй эргэж ирээд 2016 оны 02 сарын 11-ний өдөр буцаад явсан. Тэгээд 02 сарын 18-ны өдөр гэртээ ирээд намайг элдэв муу үгээр доромжилж, ална гээд хоолой гараараа боож, сүүлд нь давуугаар боож унагасан. Би гарыг нь авах гэж үзээд ч дийлээгүй, тэгээд би ингээд үхчихлээ л гэж бодсон. Тухайн үед том охин маань бидний хажууд байсан ба биднийг хараад айж, уйлж байсан. Би охиноо гэрээсээ гараад айлын хүмүүсийг дууд гэсэн боловч М.Эрдэнэбат охиноо гэрээсээ гаргахгүй гээд хаалга түгжээд гарч яах гээд байгаа юм гээд загнаад гэрээсээ гаргаагүй. Тэгээд намайг боож унагаад дээрээс тэвсэж, ам руу ааруул чихэж, нуруу, нугас руу өшигчиж, үснээс зулгааж чирсэн. Тухайн үед миний бие хөх няц болсон байсан ба хүзүү улаан эрээн болсон, хамар хөхөрсөн, нуруу хөхөрсөн, өвчтэй болсон байсан. Тэгээд учир шалтгаангүй намайг зодчихоод гэрээсээ явсан ба түүнээс хойш одоог хүртэл гэртээ эргэж ирээгүй.
Миний мэдэж байгаагаар 2015 оны 03 сараас хойш нэг хүүхэнтэй гэр бүлээс гадуур уулзах болсон. Одоо 2015 оны 12 сарын 30-ны өдрөөс хойш хамт амьдрах болсон. Одоо ч гэсэн нөгөө хүүхэнтэйгээ хамт амьдардаг бөгөөд тэр хүүхэн нь удахгүй төрөх гэж байна.М.Эрдэнэбат бид хоёрын сэтгэл нэгэнт хоёр тийшээ болсон ба дахин эвлэрч амьдрах ямар ч сэтгэл байхгүй. Би зодуулж нүдүүлсэн, хүчирхийлэлтэй орчинд өөрөө болон үр хүүхдээ өсгөхийг хүсэхгүй байна. Энэ гэр бүлийн хүчирхийлэл хоёр охинд маань сэтгэл санааны том дарамт болж, хүмүүжилд нь сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү..гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Хишигбаяр шүүх хуарлдаанд гаргасан тайлбартаа:
2002 онд Ш.Хишигбаяртай танилцаж 2006 онд гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлж өссгөсөн. Сүүлийн жилүүдэд таарч тохирохгүй болсноос гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд амьдарч байна. Одоо гэрлэлтээ цуцлуулна, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаанаа гэрээний үндсэн дээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний үйлчлүүлэгчийн хувьд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан одоо нэхэмжлэлээ дэмжиж байна. Энэ 2 хүний хувьд 2002 онд танилцаад 2006 онд албан ёсоор гэр бүл болсон. Гэр бүлийн маргаан гарах шалтгаан нь нөхөр болох М.Эрдэнэбат архи ууж тэр болгондоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх болсон, мөн М.Эрдэнэбат нь сүүлийн 1 жил өөр хүнтэй хамтран амьдарч байгаа бөгөөд тухайн хүүхэн нь 6 сартай жирэмсэн гэсэн асуудал тогтоогдсон байна.
Иймд гэрчлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцалж 2 хүүхдийн тэтгэлэгээ тогтоолгож, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч эд хөрөнгийн маргаанаа гэрээний дагуу шүүхийн шийдвэрт тусгуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өмгөөлөгчийн зүгээс зохигчдыг эвлэрүүлэх гэж зөвлөгөө тусламж үзүүлсэн боловч зохигч нь хамтран амьдрагчтай болсон, цаашид эвлэрэх боломжгүй болох нь нэгэнт тогтоогдсон тул гэрлэлтийг цуцлуулах шаардлагатай байна. гэв.
Хариуцагч М.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүүлийн жилүүдэд гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж хэрүүл маргаан үүсэх болсон 2015 оноос хойш өөр хүнтэй уулзаж байна. Нэг гэрт хамт амьдарсан зүйл байхгүй, одоо жирэмсэн байгаа. Одоо манай 2 хүүхэд 5-7 насны хүүхдүүд байгаа, хүүхдүүдээ насны байдлыг харгалзаад эхийн асрамжид үлдээх хүсэлтэй байна..
Эд хөрөнгийн маргаанаа бид харилцан тохиролцож шийдвэрлэхээр болсон. Эд хөрөнгийн хувьд 5 ханатай гэр, тавилга,50 тооны бог, 10 тооны бод зэргийг эхнэр хүүхдийнхээ өмчлөлд үлдээж байна. Харин миний хувьд автомашин болох бичиг баримтгүй хуучин Бонго маркийн машиныг өөрөө авч өр зээлийн асуудлыг 2 хувааж төлөхөөр болсон..гэв.
Нэхэмжлэгч Ш.Хишигбаяр, хариуцагч М.Эрдэнэбатын нараас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд:
Нэг талаас Ш.Хишигбаяр, нөгөө талаас М.Эрдэнэбат нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 50 бог, 10 бод малыг болон 5 ханатай гэр, тавилга зэргийг 2 хүүхэд болон Ш.Хишигбаярт үлдээх, машиныг хариуцагч М.Эрдэнэбатад үлдээх, банкны малчны зээл болох 2.600.000 төгрөгийг тус банкинд төлөх хугацаанд М.Эрдэнэбат төлөх, иргэнд төлөх хазаарын үнэ 550.000 төгрөгийг өгөөд хазаараа М.Эрдэнэбат буцааж авах, Хишигбаяр иргэн Галаад 2.900.000 төгрөгийн зээлийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов.
Харин дундын эд хөрөнгө зээлийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй бөгөөд шүүхийн шийдвэрт дээрх харилцан тохиролцсон байдлыг гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч М.Эрдэнэбат нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна..гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ш.Хишигбаяр, хариуцагч М.Эрдэнэбат нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн батлахын хуулбар, охин Э.Соёл-Эрдэнэ, Э.Мөнхсоёл нарын төрсний гэрчилгээний хуулбар, Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн арга зүйчийн тодорхойлолт, Эрдэм ахлах сургуулийн тодорхойлолт, эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Хишигбаяр нь хариуцагч М.Эрдэнэбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Эрдэнэбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаангүй тухайгаа бичгээр илэрхийлж дундын эд хөрөнгийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Ш.Хишигбаяр, хариуцагч М.Эрдэнэбат нар нь 2006 оны 07 сарын 22-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 09 сарын 30-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлт бүртгэж гэрчилгээ олгосон байна.
Улмаар хамтран амьдрах хугацаанд 2008 оны 09 сарын 25 ны өдөр охин Э.Соёл-Эрдэнэ, 2012 оны 07 сарын 26-ны өдөр охин Э.Мөнхсоёл нарыг төрүүлж өсгөсөн байна.
Зохигчдын тайлбараар гэрлэгсэд нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, гэр бүлийн хүчирхийлэл зэргээс шалтгаалан 2015 оны 12 сараас хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч М.Эрдэнбатын хамтран амьдрагч нь жирэмсэн болсон зэрэг нь нэхэмжлэл гаргах үндэслэл болсон гэж дүгнэж болохоор байна.
Ш.Хишигбаяраас төрсөн охин Э.Соёл-Эрдэнэ, Э.Мөнхсоёл нар нь М.Эрдэнэбатын хүүхдүүд мөн болох, одоо эрүүл энх өсөж, сурч байгаа болох нь №0238355, №0000706945 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн Эрдэм ахлах сургууль, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн тодорхойлолт, Бөмбөгөр сумын эмнэлийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдийг эхийн асрамжид үлдээж тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, гэр бүлийн хүчирхийлэл, хариуцагч нь хамтран амьдрагчтай болсон зэрэг шалтгаанаар шүүхээс гэрлэгчдэд эвлэрлүүлэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Шарын Хишигбаяр, Суурь тойн овогт Моломын Эрдэнэбат нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 09 сарын 25-ны өдөр төрсөн охин Э.Соёл-Эрдэнэ, 2012 оны 07 сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Мөнхсоёл нарыг эх Ш.Хишигбаярын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2008 оны 09 сарын 25-ны өдөр төрсөн охин Э.Соёл-Эрдэнэ, 2012 оны 07 сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Мөнхсоёл нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг М.Эрдэнэбатаас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг баримтлан зохигчид нь дундын эд хөрөнгө болох 50 бог, 10 бод мал, 5 ханатай гэр, тавилга зэргийг Ш.Хишигбаярын өмчлөлд үлдээх, Бонго маркийн /бичиг баримтгүй/ хуучин автомашиныг М.Эрдэнэбатын өмчлөлд хэвээр үлдээж, малчны зээл 3100.000 төгрөг, хазаарын үнэ 550.000 төгрөгийг тус тус М.Эрдэнэбат төлөх, иргэн Ш.Галбадрахад төлөх 2900.000 төгрөгийг Ш.Хишигбаяр төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг баримтлан гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч охин Э.Соёл-Эрдэнэ, охин Э.Мөнхсоёл нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг М.Эрдэнэбат, эх Ш.Хишигбаяр нарын үүрэг хэвээр үлдэх болохыг зөвлөсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ш.Хишигбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Эрдэнэбатаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Хишигбаярт олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 57254 төгрөг гаргуулж, төвлөрсөн төвийн орлогод оруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэдхүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ