Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ц.Өрнөдэлгэр |
Хэргийн индекс | 142/2014/00234/и |
Дугаар | 207/ма2016/00017 |
Огноо | 2016-02-16 |
Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 207/ма2016/00017
2016 оны 2 сарын 16 өдөр
Дугаар 207/МА2016/00017
Орхон аймаг
****************
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
****************, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
**************** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 480 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч **************** нэхэмжлэлтэй,
Хариуцагч ****************-нд холбогдох 2,746,121 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Оюунгэрэл
Хариуцагчийн өмгөөлөгч: З.Баттулга
Нарийн бичгийн дарга: Ц.Батцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч ****************шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "****************" ХХК-ийн 2014-2015 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төлөлтийн байдалд шалгалт хийж тайлангийн дутуу төлөлт 1,475,999 төгрөг, торгууль 844,106 төгрөг, алданги 426,016 төгрөг нийт 2,746,121 төгрөг гаргуулахаар татварын улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №0008052 дугаар акт тавигдсан. Иймд "****************" ХХК-ийн захирал ****************гаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч "****************" ХХК нь **************** аймгийн **************** тосгонд байрлах шахмал түлш үйлдвэрлэх зориулалттай объектийг 2012 онд худалдан авч үл хөдлөх эд хөрөнгөө анх 250,000,000 төгрөгөөр үнэлж Улсын бүртгэлд бүртгүүлсэн ба 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 19,159,100 төгрөг болгон өөрчлөн бүртгүүлсэн байна. Манай татварын хэлтэс 2013 оны нөхөн татвар нэхэмжилж байгаа тул 250,000,000 төгрөгийн үнэлгээнээс тооцож татвар ногдуулсан. "****************" ХХК-ийн 2013-2014 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төлөлтийн байдалд шалгалт хийж тайлангийн дутуу төлөлт 1,385,044 төгрөг, торгууль 844,106 төгрөг, алданги 426,016 төгрөг нийт 2,655,166 төгрөг гаргуулахаар татварын улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №0008052 дугаар акт тавигдсан. Дээр нь 2015 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын дутуу төлөлт 90,955 төгрөгийг нэмж нийт 2,746,121 төгрөгийг "****************" ХХК-ийн захирал ****************гаас гаргуулахаар нэхэмжилж байсан боловч 2015 оны дутуу төлөлт 90,955 төгрөгийг төлсөн байгаа тул энэ хэсгээс татгалзаж 2,655,166 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Бид өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандаж байсан ба тус шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 62-69 дүгээр зүйлд заасан ажиллагааг татварын байгууллага хийж гүйцэтгээгүй байна гэдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэхдээ энэ ажиллагааг явуулсны дараа Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах боломжтой гэсэн. Энэ дагуу бид шат дараалсан арга хэмжээг авч, "****************" ХХК-ийн захирал ****************д 2-3 удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тэрээр татвараа төлөх талаар ямар нэг санаачилга гаргаагүй, утсаар холбогдож байгаагүй тул улсын байцаагч акт тавьсан. Энэ мэдэгдэх хуудас болон актыг Улаанбаатарт байх гэрийн хаягаар нь шуудангаар хүргүүлсэн хэдий ч бидэнд эргэж ямар нэг хариу өгөөгүй тул татварын улсын байцаагчийн тавьсан актын дагуу 2,655,166 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч "****************" ХХК-ийн захирал **************** шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны үл хөдлөх эд хөрөнгийн татварын дутуу төлөлтийн хувьд маргах зүйлгүй 90,955 төгрөгийг төлсөн. Би **************** аймгийн **************** тосгонд байрлах шахмал түлш үйлдвэрлэх зориулалттай объектийг худалдан авч, 2012 онд 250,000,000 төгрөгөөр үнэлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хууль, эрх зүйн мэдлэг дутуугаас их өндөр үнэлүүлсэн байсан учир 2014 оны 11 дүгээр сард мэргэжлийн байгууллагаар нь үнэлүүлж 19,159,100 төгрөгөөр өөрчлөн бүртгүүлсэн. Үүндээ тохирсон 229,910 төгрөгийн татварыг төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас одоо дахин асуудлыг хөндөх ёсгүй гэж үзэж байна. Татварын хэлтсийн мэдэгдэх хуудас болон улсын байцаагчийн актыг манай гэрийн хаягаар шуудангаар хүргүүлснийг би хүлээн авсан боловч өмнө нь энэ асуудлыг шийдсэн гэж үзээд ямар нэг хариу өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
**************** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 480 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 47.2, 74.3-т заасныг тус тус баримтлан "****************" ХХК-иас 2,655,166 /хоёр сая зургаан зуун тавин таван мянга нэг зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж, **************** аймгийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч З.Баттулга давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч З.Баттулга би **************** нэхэмжлэлтэй, ****************-ийн захирал ****************д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон.
**************** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 480 дугаар шийдвэрт дараах гомдлыг гаргаж байна. **************** итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл анх "****************" ХХК-иас 2014-2015 оны татварын зөрчилд 2,746,121 төгрөг нэхэмжилсэн ба анхан шатны шүүх хуралдааны явцад тус компани 2015 онд ямар нэг татварын зөрчилгүй болох нь тогтоогдож 90,955 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 2,655,166 төгрөг нэхэмжилсэн. Дээрх байдал нь улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 0008052 тоот акт үндэслэлтэй тавигдсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд дахин нягтлан бодох бүртгэлийн шинжилгээ томилуулан дүгнэлт гаргуулан хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, хариуцагчаас нөхөн гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлээгүй орхигдуулж хууль буруу хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч ****************нь **************** аймгийн **************** тосгонд байрлаж үйл ажиллагаа явуулах ****************-ийн 2013-2015 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын дутуу төлөлт 1,475,999 төгрөг, торгууль 844,106 төгрөг, алданги 426,016 төгрөг, нийт 2,746,121 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, шүүх хуралдаанд 2,655,166 төгрөг болгож шаардлагаа багасгажээ.
Хариуцагч татварын өрийг өмнө нь шүүх шийдвэрлэсэн гэж тайлбарлаж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ **************** аймгийн татварын улсын байцаагчийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0008052 тоот актаар ногдуулсан 2013-2014 оны үл хөдлөх эд хөрөнгийн татварын дутуу төлөлт 1,385,044 төгрөг, түүнд тооцсон торгууль 844,105,64 төгрөг, алданги 426,015,75 төгрөг болон хариуцагчийн 2015 оны үл хөдлөх эд хөрөнгийн татвар 90,960 төгрөг гэж тодорхойлж тайлбарлажээ.
Хариуцагч 2015 оны үл хөдлөх эд хөрөнгийн татвар 90,960 төгрөгийг төлсөн байхад нэхэмжилсэн тул нэхэмжлэгч шүүх хуралдаанд энэ хэмжээгээр шаардлагаа багасгасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна./хх-ийн 52-р тал/
Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр **************** нэхэмжлэлтэй, хариуцагч ****************-д холбогдох татварын өр 1,534,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Татварын ерөнхий хуулийн 62-69 дүгээр зүйлд заасан шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлэх журмаар татварын өр барагдуулах ажиллагааг нэхэмжлэгч хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн явдал нь уг ажиллагааг хийсэн боловч татварын өрийг барагдуулаагүй тохиолдолд мөн хуулийн 70 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй юм. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй байна.
Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч байгууллага татварын өрийг барагдуулах талаар тодорхой ажиллагааг явуулсан болох нь хэргийн баримтаар нотлогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна./хх-ийн 3-14-р тал/
Хариуцагч давж заалдах гомдолдоо ...улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 0008052 акт үндэслэлтэй тавигдсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд дахин шинжилгээ томилуулан дүгнэлт гаргуулан хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх...гэсэн хүсэлт гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2, 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан эрх, үүргээ анхан шатны шүүхэд хариуцагч хэрэгжүүлээгүй байх бөгөөд мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т ...давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж зохицуулж заасан байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийн заалтын дагуу нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулж, хууль буруу хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөөгүй байхад гомдлыг хүлээн авч, хууль зөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. **************** аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын сарын 09-ний өдрийн 480 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ****************-иас улсын тэмдэгтийн хураамжид 57,432 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай гэсэн заалт нэмж оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 4 дүгээр заалтыг нэг заалтаар ухрааж дугаарласугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ****************-иас давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжид 57,432 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
Ц.ӨРНӨНДЭЛГЭР