Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 913

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М.С холбогдох эрүүгийн 1906 02263 0876 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 8 сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа тээвэр зуучлал хийдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, М.С .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч М.С нь 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73 дугаар байрны гадна гэрийн бүлийн хамаарал бүхий иргэн О.Сэлэнгийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

        Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч О.Сэлэнгийн өгсөн мэдүүлэг /хх-8-11, 35-36/, гэрч М.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4397 дугаартай дүгнэлт /хх-13-14/, иргэн О.Сэлэнгийн өргөдөл, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-2/, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-5/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бүдийвч /хх-3-4, 6/ шүүгдэгч М.С урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24-25/, шинээр хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

        Шүүгдэгч М.С нь 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73 дугаар байрны гадна гэрийн бүлийн хамаарал бүхий иргэн О.Сэлэнгийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Сэлэнгийн өгсөн: “ ...2019 оны 4 сарын 7-ны өдөр өөрийн нөхөр болох М.Солонгобаяртай хамт ажил дээр нь байж байгаад 20 цагийн үед Баянзүрх дүүргийн ойролцоо 50 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах хятад захирлын гэрт нь очсон. Тэнд манай нөхөр бид 2 хятадтай дөрвүүлээ 2 шил 0.5 литрийн хятад архи хувааж уугаад 22 цагийн үед манай нөхөр өөрийн эзэмшлийн автомашиныг бариад гэртээ ирсэн. Манай нөхөр байрны зогсоол дээр автомашин дотор шууд намайг зодсон. М.С ямар шалтгаанаар зодох болсон шалтгааныг санахгүй байна. Манай нөхөр миний толгой болон нүүр рүү гараараа цохисон. Би зодуулсандаа гомдолтой байна. Би машинаас бууж зугтаад орцны үүдэнд оайдаг сандлын орчим манай нөхөр араас гүйцэж ирээд үснээс зулгааж толгой руу цохисон. Гэмтлийг миний нөхөр М.С учруулсан. Урд өмнө нь ямар нэг байдлаар дарамталж байсан зүйл байхгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” /хх-8-11, 35-36/ гэх мэдүүлэг,

Мөн түүний Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: “...М.С ямар нэгэн гомдол саналгүй болно.” гэх хүсэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Батжаргалын өгсөн: “...2019 оны 4 сарын 7-ны орой ажилтай байсан 22 цаг 30 минутын үед манай байрны 07 тоотод амьдардаг эхнэр, нөхөр 2 автомашинтайгаа байрны үүдэнд зогссон. Хэсэг хугацааны дараа эхнэр нь хаалга цохиод “нөхөр намайг зодоод байна, та туслаач” гэж хэлсэн эхнэр нь утсаар яриад цаана сандал дээр очоод суусан чинь нөхөр нь эхнэрийгээ гараараа цохиод байсан. Нөхөр нь их том биетэй хүн байсан. Уг хоёр хүн хоёулаа архи уучихсан байсан.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 4397 дугаартай дүгнэлтэд:

1. О.Сэлэнгийн биед тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал хамрын нуруу, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн хөхлег сэртэнгийн цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрлийн байдлаас хамаарна. /хх-13/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.С яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр дөрвүүлээ 2 шил архи уугаад 3 дахь талд нь ортол уугаад гарсан байсан. Би согтсон байсан. Гэхдээ болсон явдлыг бүрэн дүүрэн санаж байна. Архи ууж байхад О.Сэлэнгэ миний ажилд их оролцоод байсан. Би ажлын түншүүдийн хажууд хэлж чадахгүй байж байгаад гараад хэрүүл маргаан хийсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй.” /хх-33-34/ гэх мэдүүлэг

 

          Аюулын зэргийн үнэлгээ /хх-5/,

Шүүгдэгч М.С урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-24/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.С 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73 дугаар байрны гадна гэрийн бүлийн хамаарал бүхий иргэн О.Сэлэнгийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч М.С нь хохирогч О.Сэлэнгэд учирсан хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч М.С хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх

нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч М.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.С ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар М.С 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар М.С нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба М.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хүртэл М.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС