| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0361/И |
| Дугаар | 382 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 382
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянлиг сумын 2 дугаар багт оршин суух, эрэгтэй, ВВ570711 регистрийн дугаартай, Толгойнхон овогт Цэрэнгийн Бямбын нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нянтайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Бямба шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Ц.Бямба миний бие 1956 онд төрсөн. Миний иргэний үнэмлэх дээр 1957 онд төрсөн гэж бичигдсэн. 1956 оны хүн амын тооллогын баримтанд тусгагдсанаар 1956 онд төрсөн байна.
Тухайн үед баримт бичиг хөтөлсөн хүмүүсийн буруугаас болж төрсөн огноог буруу бичсэн тул 1956 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн 60 настай болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нянтайсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний эцэг Ц.Бямба нь 1956 онд төрсөн. Иргэний үнэмлэх дээр 1957 онд төрсөн гэж бичигдсэн. 1956 оны хүн амын тооллогын баримтанд тусгагдсанаар 1956 онд төрсөн байна.
Тухайн үед баримт бичиг хөтөлсөн хүмүүсийн буруугаас болж төрсөн огноог буруу бичсэн тул 1956 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн 60 настай болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар Ц.Бямбын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын 2015 оны 01 сарын 28-ны өдрийн 45 дугаар албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Бямба нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Ц.Бямба нь 1956 оны 07 сарын 11 ний өдөр төрсөн болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 01 сарын 28-ны өдрийн 45 дугаартай албан бичгээр тогтоогдсон байна.
Уг албан бичигт 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 21 дүгээр хуудсанд З.Намжил 38 настай эрэгтэй, эхнэр Д.Цэрэн 27 настай хүү Намжилийн Бямба 0 настай 1 сартай, эрэгтэй гэжээ.
Эндээс үзвэл Ц.Бямба нь 1956 онд 0.1 настай байсан тул түүнийг 1957 онд төрсөн гэж иргэний үнэмлэхэнд зөрүүтэй бичсэн болох нь тогтоогдож байна.
Иймд Толгойнхон овогт Цэрэнгийн Бямбыг 1956 оны 07 сарын 11-ны өдөр төрсөн болохыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээрзүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д заасныг баримтлан Толгойнхон овогт Цэрэнгийн Бямбыг 1956 оны 07 сарын 11-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Бямбын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтланшийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ