| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0936/э |
| Дугаар | 0943 |
| Огноо | 2019-06-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Сайнбяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 0943
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: А.Сайнбаяр
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов.
шүүгдэгч: М.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л овогт М Н холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906015401276 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л овогт М Н, 19 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Номадик фейшн ХХК-ны гутлын дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 4, эмээ, эх , дүү нарын хамт тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД: ,// гэж дууддаг,
Холбогдсон хэргийн талаар:
М.Н нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Би Жи дэн буудалд насанд хүрээгүй А.Х маргалдан улмаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч М.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Тухайн өдөр холбоо толгойн гудамжинд Б хамт 1 ширхэг 2 литрийн пиво хувааж уучихаад сууж байтал Б, Т, Т, Т, Б нар явж байхаар нь дуудаад бүгдээрээ хамт буудал орохоор болсон. Тэгээд Би Жи буудлын 206, 207 дугаар хоёр өрөөг авсан. Тэнд ороод нэг шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал Т буудлын коридорт хүмүүстэй маргалдаад байсан. Бид нар гарч болиулаад өрөөндөө орцгоосон. Тэгж байтал хажуунаас нэг үл таних эрэгтэй хүүхэд гарч ирээд юу болоод байгаа юм гэхээр нь би тайлбарлаж хэлсэн. Тэгээд бид хоёр танилцсан. Тэрээр 79 дүгээр сургуульд сурдаг гэж хэлсэн. Гэтэл надаас Ө, З нарыг таних уу гэхээр нь би танина гэсэн. Тэгээд би 210 тоот өрөөнд орж уулзахаар болсон. Ө уулзаад зогсож байсан чинь нөгөө танилцсан эрэгтэй хүүхэд одоо ах нарыхаа хажууд байна яахийн бэ гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би буцааж түлхээд зодсон. Би гараараа нүүрэн тус газарт нь 4-5 удаа л цохисон. Намайг цохих үед орон дээр хэвтэж байсан. Баруун талын хавирга хэсэгт нь 2-3 удаа цохисон гэжээ. /хх-ийн 29/
Насанд хүрээгүй хохирогч А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 2 дугаар сарын 21-ны өдрийн 23.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах BG нэртэй зочид буудалд найз М, У, Б, Г нарын хамтаар орж тэндээ хононгоо усанд орон хувцас хунараа угааж байтал хажуу өрөөнд байсан нэг таньдаг хүнтэйгээ уулзаад эргээд өрөөндөө орж ирсэн чинь манай өрөөнд 2 танихгүй хүн орж ирээд манай найз нарыг зодож дарамталсан байхаар нь би яасан юу болсон гэж асуусан. Гэтэл нөгөө хүн намайг Л гэдэг юм энэ архинаас уу гэхээр нь би уухгүй гэхэд шахаад байсан тэгэхээр нь би нэг хундага уусан. Гэтэл миний араас хэн нэгэн хүн юмаар цохисон би тэр дороо ухаан алдаад унасан. Нэг сэрсэн чинь би хажуу талын өрөөнд орчихсон зодуулж байсан. Би яагаад намайг зодоод байгаа юм гэхэд чамайг ална гээд зодоод байсан гэжээ. /хх-н 6-15/
Гэрч Ө.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр би Холбоо толгойн 37 дугаар гудамжинд Б, Т, Т, Н, Б, Б нартай уулзсан. Тэгээд бид нар буудалд ороод тайван сууж байгаад жаал ууя гэж ярьсан. Тэгээд бид нар хамт Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Би Жи зочид буудлын дугаар өрөөнд орсон. Би орсон цагаа санахгүй байна. Бид буудалд орохдоо гаднаас 2 шил 0.75 граммын архи авч орсон. Бид нилээн олуулаа байсан болохоор дахин нэг өрөө авсан. Тэгээд байж байтал буудлын өрөөний үүдэнд шуугилдаад унасан. Гараад хартал Т үл таних хүмүүстэй муудалцаж байсан. Тэгэхээр нь би Т дагуулаад өрөөндөө орсон. Хэсэг хугацааны дараа 206 дугаартай өрөөнөөс найзууд маань гарья явья гээд ороод ирэхээр нь Т аваад гарсан. Тухайн үед Н цагдаа дээр ирээд би зодсон гэж хэлж байсан өөр зүйл мэдэхгүй гэжээ. /хх-н 16-17/
Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 21-ны өдөр Эрдэнэ толгойн Холбоо толгойн дугаар гудамжинд Б, Т, Б, Т, Н нарын хамт уулзсан. Н бүгдээрээ энэ буудал руу орий гээд Баянзүрх дүүргийн дугаар хорооны дугаар хотхоны замд байдаг Би Жи зочид буудалд ороод 2 өрөө авсан. Бид нар гаднаас нэг шил архи авч орсон байсныг ууцгаасан. Гэтэл Н 204 дүгээр өрөөнд орчихсон байсан. Гэтэл гэнэт Н орилох чимээ гарахаар нь гараад очтол Н Х гэдэг залуутай маргалдаж байсан. Н Х загнаад тэгээд ор руу түлхсэн. Тэр үед Х ах нар бололтой хэдэн залуучууд буудлын нөгөө өрөөнд байсан. Тэр нар бид нартай маргалдсан. Тэр хооронд Н Х хоёр юу хийснийг харж чадаагүй. Удалгүй цагдаа ирсэн гэжээ. /хх-н 18-19/
Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр Н бид хоёр Холбоо толгойн гудамжинд байх Ц хүнсний дэлгүүрийн гадна нэг том савтай пиво хувааж уучихаад сууж байгаад Т, Т, Т, Б, Б нарыг дуудаад бүгдээрээ уулзсан. Тэгээд бид нар уулсаных ууя гээд буудалд орсон. Тэнд ороод нэг шил архи хувааж уусан. Тэгээд намайг 00 орох гээд явж байхад Н таньдаг хүн ирчихлээ гээд гарсан. Намайг угаалгын өрөөнөөс гараад иртэл 204 тоот өрөөнд Н Х гэх залуутай маргалдаж байсан. Намайг яваад ортол Н ганцаараа Х маргалдаж байсан. Тэгэхээр нь би Н татаад аваад гарсан. Намайг өрөөнд ороход Н Х хоёр маргалдаад 1-2 удаа баруун гарын булчин руу нь цохиж байсан өөр зүйл болоогүй гэжээ. /хх-н 20-21/
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 21-ны өдөр Холбоо толгойд Т, Т, Н, Б, Т, Б нартай өдөр нь уулзчихаад гэртээ орсон. Орой 20.00 цагийн орчимд Т холбоо барьтал 16 дугаар хорооллын Би Жи гээд буудалд байна хүрээд ир гэхээр нь очсон. Би 21.00 цагийн орчим яваад ортол бүгдээрээ архи уучихсан байсан. Бид нар юм яриад сууж байтал Н ах хажуу талын өрөөнд таньдаг хүн байна ороод ирий гээд гарсан. Удалгүй хүн орилоод явчихсан. Тэгэхээр нь Т, Б, Т бид нар хамт гараад ортол Н үл таних 17-19 орчим насны эрэгтэй хүүхэдтэй маргалдаж байсан. Тэгээд нүүрэн тус газар нь цохисон. Бид Н аваад гарсан гэжээ. /хх-н 22-23/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр найзуудынхаа хамт Холбоо толгойн гудамжинд уулзсан. Бид нар тайван суугаад ууя гэж тохироод Би Жи буудалд орсон. Бид тэнд хоёр өрөө авсан. Бид нар уугаад сууж байтал Л буюу Н би гараад ирий таньдаг хүн таарлаа гэсэн. Түүнийг гараад явсаны дараа удаагүй байж байтал хүн орилох чимээ гарсан. Тэгээд бид нар хажуугийн өрөө рүү орсон. Гэтэл Н нэг залуутай маргалдаж байсан. Нэг удаа цохиж авч байсан. Би өөр зүйл хараагүй гэжээ. /хх-н 24-25/
Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би болсон явдлыг сайн санахгүй байгаа юм. Нилээн сүүлд хажуугийн өрөөнд хэн хэнтэй орсоноо ч санахгүй байна. Намайг уг өрөөнд ороход Н тухайн өрөөний залуутай муудалцаад үл таних эрэгтэй хүнийг орон дээр хэвтүүлчихсэн дээрээс нь нүүрэн тус газарт нь цохиж байсан. Тэгээд бид нарыг ороход салсан гэжээ. /хх-н 26-27/
Гэрч У.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би буудалд байж байгаад өрөөнөөсөө гартал зүс таних Шархадны Х таарсан. Тэгээд манай өрөөнд орж ирсэн. Удалгүй гарч явчихаад буцаад Н хамт орж ирсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад эхэлсэн. Би тэр хоёрыг салгаад юу болсон юм гэж асуутал Н юм ярилгүй шууд Х цохиод орлуу унагаасан. Гэтэл араас манай өрөөнийхөн орж ирээд бөөн бужигнаан болсон. Тэгээд удаагүй тарсан. Х хамраас цус гарсан байсан өөр зүйл би хараагүй гэжээ. /хх-н 30-31/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 32/
Натур Эмнэлэгийн КТГ-н оношилогоо /хх-н 33/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 2746 тоот дүгнэлт
1.А.Х биед зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын баруун хэсэг, эрүү, зүүн чамархай, баруун бугалга, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 34/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 35-36/
Шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /хх-н 58/
Материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 629 тоот шинжээчийн дүгнэлт:
1.2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2746 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2.А.Х биед зүүн хоншоорын урд хананы хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын баруун хэсэг, эрүү, зүүн чамархай, баруун бугалга, баруун даланд цус хуралт гэмтэл учирсан байна.
3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6.Шинжээч эмч Б.Д нь үзлэгийн №2746 дугаартай дүгнэлтэнд зүүн хоншоорын хөндийн урд хананы хугарлыг тусгаж бичээгүй байна гэжээ. /хх-н 55-56/
А.Х эмчилгээний зардлын талаарх баримт /хх-н 37 /нийт 130.000 төгрөг гэсэн байна.
М.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 38/,
Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт / хх-н 72-73/
М.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоол / хх-н 71-72/
М.Н Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 66/, прокурорын тогтоол /хх-н 67-68/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 69/ зэрэг болно.
М.Н нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг Би Жи дэн буудалд насанд хүрээгүй А.Х маргалдан улмаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн...Насанд хүрээгүй хохирогч А.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нөгөө хүн намайг Л гэдэг юм энэ архинаас уу гэхээр нь би уухгүй гэхэд шахаад байсан тэгэхээр нь би нэг хундага уусан. Гэтэл миний араас хэн нэгэн хүн юмаар цохисон би тэр дороо ухаан алдаад унасан. Нэг сэрсэн чинь би хажуу талын өрөөнд орчихсон зодуулж байсан. Би яагаад намайг зодоод байгаа юм гэхэд чамайг ална гээд зодоод байсан гэсэн мэдүүлэг /хх-н 6-15/ Материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 629 тоот шинжээчийн дүгнэлтээр 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2746 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. А.Х биед зүүн хоншоорын урд хананы хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруулын баруун хэсэг, эрүү, зүүн чамархай, баруун бугалга, баруун даланд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ, Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Гэтэл гэнэт Н орилох чимээ гарахаар нь гараад очтол Н Х гэдэг залуутай маргалдаж байсан. Н Х загнаад тэгээд ор руу түлхсэн гэсэн мэдүүлэг. /хх-н 18-19/, Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Н Х гэх залуутай маргалдаж байсан. Намайг яваад ортол Н ганцаараа Хй маргалдаж байсан. Тэгэхээр нь би Н татаад аваад гарсан. Намайг өрөөнд ороход Н Х хоёр маргалдаад 1-2 удаа баруун гарын булчин руу нь цохиж байсан өөр зүйл болоогүй гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/, Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Н үл таних 17-19 орчим насны эрэгтэй хүүхэдтэй маргалдаж байсан. Тэгээд нүүрэн тус газар нь цохисон гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Н тухайн өрөөний залуутай муудалцаад үл таних эрэгтэй хүнийг орон дээр хэвтүүлчихсэн дээрээс нь нүүрэн тус газарт нь цохиж байсан. Тэгээд бид нарыг ороход салсан гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/, шүүгдэгч М.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...нөгөө танилцсан эрэгтэй хүүхэд одоо ах нарыхаа хажууд байна яахийн бэ гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би буцааж түлхээд зодсон. Би гараараа нүүрэн тус газарт нь 4-5 удаа л цохисон. Намайг цохих үед орон дээр хэвтэж байсан. Баруун талын хавирга хэсэгт нь 2-3 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
М.Н холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
М.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хохирогчид эмчилгээний зардалд нь 130.000 төгрөг нэхэмжилсэнийг төлж барагдуулсан ба хохирогч нэмж нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Л овогт М Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Н нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Н нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. М.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, М.Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН