| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2017/0011/З |
| Дугаар | 09 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Тендер, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 09
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал би Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газарт холбогдох “Сүүн орд” ХХК-ийн “Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэгээс зарласан хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч сонгон шалгаруулах ДО2017-Ц1/1 тендер шалгаруулалтад “Заан түвшин” ХХК-г шалгаруулж, гэрээ байгуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сүүн Орд” ХХК-ийг төлөөлж захирал Н.Энхмөрөн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэгээс зарласан хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч сонгон шалгаруулах ДО2017-Ц1/1 тендер сонгон шалгаруулах ажиллагаанд тендерийн баримт бичигт заасны дагуу баримт бичиг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад оролцсон. Тендерийн нээлт 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 00 минутад болсон. Тендерийн нээлтэнд тус цэцэрлэгийн үнэлгээний хороо нь тухайн компанийн тендерийн баталгааг танилцуулаагүй болно. Тендерийн баталгаа, материалын бүрдэл, хуульд заасан шаардлагыг хангасан нь тодорхойгүй, ил тод бус байсан. Бусад компанийн зүгээс шаардсан боловч боломжгүй гэсэн хариуг тендерийн үнэлгээний хороо өгсөн. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1 “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэх заалтуудтай зөрчилдөж байна. Орон нутгийн өмчийн газраас албан ёсоор хариу ирүүлэхгүй байгаа бөгөөд гаргасан өргөдөл, гомдлыг одоо хүртэл шийдвэрлэхгүй байна. Бид хүсэлт гаргасны дагуу захиалагч байгууллага болох Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэгээс хариу ирүүлэхдээ “Гэрээ байгуулах боломжгүй” гэсэн хариу ирүүлжээ. Тус шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс бидний тендер шалгаруулалтанд хуулийн дагуу оролцож, гэрээ байгуулах хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэгээс зарласан хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч сонгон шалгаруулах ДО2017-Ц1/1 тендер шалгаруулалтад “Заан түвшин” ХХК-г шалгаруулж, гэрээ байгуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, “Сүүн орд” ХХК-ийн захирал Н.Энхмөрөн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэгээс зарласан хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч сонгон шалгаруулах ДО2017-Ц1/1 тендер шалгаруулалтад “Заан түвшин” ХХК-г шалгаруулж, гэрээ байгуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
Хариуцагч, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрыг төлөөлж, дарга Ч.Нэргүй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус газар нь ДО2017-Ц1/1 дугаартай “Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэгийн хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” тендер шалгаруулалтыг зохион байгуулаагүй бөгөөд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар цэцэрлэг нь батлагдсан төсвийн хүрээнд өөрийн төсвийг захиран зарцуулах, худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сүүн орд” ХХК-иас “Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэгээс зарласан хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч сонгон шалгаруулах ДО2017-Ц1/1 тендер шалгаруулалтад “Заан түвшин” ХХК-г шалгаруулж, гэрээ байгуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Сүүн орд” ХХК нь “Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэгээс зарласан хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч сонгон шалгаруулах ДО2017-Ц1/1 тендер шалгаруулалтад “Заан түвшин” ХХК-г шалгаруулж, гэрээ байгуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Сүүн орд” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татагалзсан этгээд нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ