Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 04

 

Ч.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч  Н.Насанжаргал, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

Хохирогч Т.Сүхбаатар

            Ялтны өмгөөлөгч Г.Лхам

            Ялтан  Ч.Эрдэнэбат

            Нарийн бичгийн дарга С.Уянга  нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэгийн шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтан Ч.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Г.Лхам нарын давж заалдах гомдлоор Ч.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 201612000177 тоот хэргийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ялтан: Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 11 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Рэн даш овгийн Чимэдээгийн Эрдэнэбат /Регистрийн дугаар ЗЮ80072110/

              Ялтан Ч.Эрдэнэбат нь 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэрт буюу “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компаний хойд талд байх хатуу хучилттай замаар 4437 ДУА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. Мөн дүрмийн 13.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдыг хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Т.Сүхбаатарыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Рэн даш овгийн Чимэдээгийн Эрдэнэбатыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн  хуулийн  Тусгай  ангийн  215 дугаар  зүйлийн 215.2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж,

           Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатад оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 654010 /зургаан зуун тавин дөрвөн мянга арав/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Сүхбаатарт  олгож, өмгөөлөгчийн хөлс 500000 /таван зуун мянга/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээс 1877778 /нэг сая найман зуун далан долоон мянга долоон зуун далан найм/ төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

Шүүгдэгч Б.Эрдэнэбатын 4437 дугаартай ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон 870801 дугаартай жолооны үнэмлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнийг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор,

            Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Эрдэнэбатад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

Ялтан Ч.Эрдэнэбат давж заалдах гомдолдоо: 2017 оны 10 сарын 2-ны орой холбооны хойно таксинд явж байтал Сүхээ согтуу миний машины хажуу талаас ирж шүргэсэн. Би Сүхээг Улаанбаатар хот руу  гэмтлийн эмнэлэгт өөрийн зардлаар эмчлүүлсэн. Эмч Сүхээгийн  биеийн байдал 97 хувьтай эдгэрч байна гэсэн. Миний бие Сүхээ ахын эмчилгээнд 2 сая төгрөг зарцуулсан. Мөн эм тарианы болон  ахуйн хэрэглээнд зарцуулсан мөнгөтэйгээ нийлээд нийт 2.654.000 төгрөгийг зарцуулсан. Сүхээ эрүүл явсан бол гэмт хэрэг гарахгүй байсан. Сүхээгийн бүх хохирлыг барагдуулж өгсөн. Манай аав, ээж өндөр настай. Ээж минь өрхийн эмнэлгийн хараа, хяналтанд байдаг. Иймд намайг харгалзан үзэж  ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Лхам давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 сарын 19-ний өдрийн 03 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Эрдэнэбат нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, учрах саадыг өөрийн хяналтандаа аваагүй өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Т.Сүхбаатарыг дайрсан нь  дээрх хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр  уг гэмт хэргийг үйлдсэн гэж  анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна.

... Хохирогч Т.Сүхбаатар нь шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө шүүх хурлын явцад иргэний нэхэмжлэл гаргаж ирснийг анхан шатны шүүхээс 654010 төгрөгийг холбогдогч Ч.Эрдэнэбатаар төлүүлэхээр шийдвэрлэгдсэн юм. Шүүх хурал болсноос хойш Ч.Эрдэнэбатын ар гэрийнхэн нь хохирогч Т.Сүхбаатарын  гэм хорын хохирлын төлбөр 654010 төгрөгийг хохирогч Т.Сүхбаатарт бэлнээр хүлээлгэн өгсөн.

Ч.Эрдэнэбат нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа, болгоомжгүй гэмт хэргийг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж дүгнэлт хийж байгаа. Гэм хорын хохирлыг нөхөн төлж өгсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлүүд тогтоогдож байгаа.

Ч.Эрдэнэбат нь  эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.Орлогын эх үүсвэр нь такси үйлчилгээнд явж хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Мөн өөрийнх нь шууд асрамжинд  өндөр настай ээж, аав нь байдаг.

Иймд анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатад оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар хөнгөрүүлэн өөрчилж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар тэнсэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.Сүхбаатараас: Энэ гэмт хэргийн улмаас миний бие Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэж эмчлүүлсэн. Эм тарианы мөнгөгүй улмаас зээлээр эм тариа авч эмчлүүлж байсан. Миний бие одоо группт орсон. 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан. Цаашид ч эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Энэ хүнийг заавал хорих ял эдлүүлээд шоронд явуулах шаардлагатай гэж үзэхгүй байна. Хамгийн гол нь цаашид гарах эмчилгээний зардлыг гаргаж байгаасай гэж хүсч байна  гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Г.Лхамаас: Ч.Эрдэнэбат нь анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй. Хохирогч Т.Сүхбаатарт эм тарианы мөнгийг төлж байсан. 654010 төгрөгний баримтыг шүүх хуралдааны өмнө гаргаж өгснөөс болж энэ мөнгийг төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанаас хойш энэ мөнгийг Ч.Эрдэнэбатын ар гэрийхэн бүрэн төлж барагдуулсан. Ч.Эрдэнэбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн, гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ар гэрийн амьдрал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Гэм хорын хохирлыг арилгасан байна. Прокурорын зүгээс ялтан болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлыг эсэргүүцэх болон хэлэх зүйл алга гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүх Ч.Эрдэнэбатыг 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн хойд талд байх хатуу хучилттай замаар 44-37 ДУА улсын дугаартай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Т.Сүхбаатарыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан

Гэрч Б.Цэрэндуламын ”... 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр би түргэний эмчээр ажиллаж байсан. Орой 19 цаг өнгөрч байхад машинд хүн мөргүүлчихлээ гэсэн дуудлага ирэхээр нь очиход холбооны хойд талын явган хүний гарцны зүүн талд гарцтай их ойрхон нэг эрэгтэй хүн засмал зам дээр толгой нь урагш харсан байрлалтай хэвтэж байсан. Мөргүүлсэн хүн дээр очоод биед нь хүрч дуудахад ямар ч хариу үйлдэл байхгүй, ухаангүй, толгой чихнээс нь цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хууд/,

Гэрч Г.Мөнхбатын “...холбооны хойно явж байтал Ж.Эрдэнэбаяр машин гэж хашгирахаар нь эргээд хартал нэг машин зам дээр хүн мөргөж байсан. Тэр хүнийг мөргөхөд мөргүүлсэн хүн нь арагш замын голд ойчсон. Мөргөсөн машин над руу чиглээд явган хүний зам дээр гарч ирээд зогссон. Зам дээр унасан хүнийг очоод хартал Т.Сүхбаатар байсан. Хаанаас цус гарч байгааг мэдээгүй, зам дээр цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хууд/,

Гэрч Ж.Эрдэнэбаярын “...Г.Мөнхбат бид 2 түрүүлээд замын хойд талын явган хүний замаар алхаж байсан. Т.Сүхбаатар замын урд талаар бид хоёроос 10 гаруй метрийн зайтай араас дагаад алхаж байсан. Тэгтэл ард түс гээд л чимээ гарахаар нь хартал Т.Сүхбаатар мөнгөлөг саарал өнгийн Соната-6 маркийн машинд мөргүүлээд холбооны хойд талын засмал зам дээр байх явган хүний гарцны тэмдгийн зүүн талд ойролцоогоор 1 метр орчим зайд унасан. Нөгөө мөргөсөн машин нь хойш давж явган хүний зам дээр бордюр даваад зогссон. Засмал зам дээр Т.Сүхбаатарын унасан газарт цус болсон байсан. Тухайн үед Т.Сүхбаатар өөрийгөө авч явах чадвартай байсан. Өөрийгөө авч явах чадваргүй байсан бол ганцааранг нь алхуулахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хууд/ зэрэг болон Дундговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн:

  • Жолооч Б.Эрдэнэбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 13.1-д заасан явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдыг хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь осол болох гол шалтгаан болж байна. Явган зорчигч Т.Сүхбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. /хх-ийн 39-р хууд/ гэсэн дүгнэлт,

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №14202 дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р хууд/ бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэсэн нь үндэслэлтэй байна.

Ч.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд үндэслэн гаргасан хууль ёсны болжээ.  

 Ялтан Ч.Эрдэнэбат болон түүний өмгөөлөгч Г.Лхам нар нь “2017 оны 01 сарын 19-ний өдрийн 03 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар хөнгөрүүлэн өөрчилж улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар тэнсэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Ч.Эрдэнэбатад анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-4 дүгээр заалтад Ч.Эрдэнэбатыг Б.Эрдэнэбат гэж овгийн үсгийг буруу бичсэн алдаа гаргасан байх бөгөөд цаашид дахин ийм төрлийн алдаа гаргахгүй байхад анхаарах шаардлагатай гэж үзсэн болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 315.1.4-д заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

          1.Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт:

а. 5 дугаар заалтыг “ 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Эрдэнэбатын 44-37 дугаартай ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Ч.Эрдэнэбатад, 870801 дугаартай жолооны үнэмлэхийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус шилжүүлсүгэй.” гэж,

б. 6 дугаар заалтын “гаргуулж” гэснийг “гаргаж”, “олгож” гэснийг “олгосныг дурдаж” гэж,

в. 8 дугаар заалтыг “ 8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ч.Эрдэнэбатад оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.” гэж,

г. 9 дүгээр заалтын “ түүнийг үндсэн ялаа эдэлж дууссан” гэснийг “ шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

          2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          3. Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн 300  дугаар зүйлийн 300.1 дэх  хэсэгт зааснаар Ч.Эрдэнэбатыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

          4. Ч.Эрдэнэбат нь 40 хоног хоригдсон болохыг дурдсугай.

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

            ШҮҮГЧИД                               Н.НАСАНЖАРГАЛ

                                                            Р.МӨНХ-ЭРДЭНЭ