Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2017/01250

 

“В” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

     Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00747 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1361 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч: “В” ХХК

           Хариуцагч: Э.О           

   Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 365.634.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

     Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагчийн төлөөлөгч Э.З, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         “В” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Э.Отай 2015-10-13-ны өдөр 1523 дугаар “автомашин зээлээр худалдах-худалдан авах” гэрээ байгуулсан. Үүний дагуу урьдчилгаа төлбөр 79 920 000 төгрөгийг хүлээн авч, Рэнж ровер загварын автомашиныг худалдан авагчид хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болох 243 756 000 төгрөгийг гурав хувааж, 2015 оны 11, 12-р сар, 2016-01-13-ны өдөр тус тус төлөхөөр тохиролцож хуваарь гаргасан. Гэтэл хуваарийн дагуу  төлөлт хийгдээгүй. Гэрээний 2.3 дахь хэсэгт зааснаар төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд  0.3 хувьтай тэнцэх алданги төлөх үүргийг хариуцагч хүлээсэн. Талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ учраас 243 756 000 төгрөг, алданги 121 878 000 төгрөг, нийт 365 634 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Э.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2015-10-13-нд “В” ХХК-иас Рэнж ровер загварын автомашиныг урьдчилгаа 79 920 000 төгрөгийг төлж авсан. Гэрээний үлдэгдэл төлбөрийг 3 сарын хугацаанд цувуулан төлөхөөр тохиролцсон ч төлж чадаагүй.Тус компанитай удаа дараа ярилцаж, хөрөнгө оруулалт ирмэгц үлдэгдэл 243 756 000 төгрөгийг саадгүй төлөхийг мэдэгдсэн. Түүнчлэн 2013-2016 оны хооронд хувьдаа болон компанидаа нийт 2 тэрбум гаруй төгрөгийн автомашиныг худалдан авч “В” ХХК-ийн бизнест найдвартай түнш нь байж ирсэн учраас уг асуудлыг хуулийн бус, эвийн журмаар зохицуулахаа мэдэгдэж ирсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 183/ШШ2017/00747 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Н.Отгонбаяраас 365 634 000 төгрөг гаргуулж “В” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 986 120 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1 986 120 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар  сарын 12-ны өдрийн 1361 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Э.Золзаяагийн гомдлыг хангахгүй орхижээ.

         Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Зээлээр худалдах-худалдан авах гэрээнүүдийн хоорондын ялгааг шүүх ялгахгүйгээр шийдвэрлэсэн, хянасан. Зээлээр худалдах-худалдан авах гэрээг бусад гэрээнээс ялгаатай шийдвэрлэх хэлбэрийн талаар Иргэний хуулийн 263-р зүйлд заадаг. Тухайлбал, мөн зүйлийн 2.3-т заавал зохигчдын хооронд хийсэн гэрээнд хүүгийн хэмжээг тогтооно гэж заасан. Гэтэл гэрээнд хүүгийн хэмжээг тогтоогоогүй харин тусгай тэмдэглэл хөтлөн хүүг хассан байдаг. Иргэний хуулийн 263.2.4-т зааснаар үнэ эсвэл үнийг тодорхойлох журам гэрээнд оруулаагүй байна. Ер нь зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь хэсэгчлэн биелүүлдэг онцлог шинжтэй учраас үнэлгээ, хүү, янз бүрийн зардал, татвар, өндөр үнэ зэргийг оруулан тооцдог тал олонтой байдаг. Хүүг хэсэгчлэн төлөх төлбөрт банкны хүүгээс өндөр хүү оруулдаг тохиолдол байдаг учраас худалдан авагч өрөнд орж буйгаа ухамсарладаггүй. “В" ХХК-ийн гэрээ нь нэг маягтын гэрээг хуулбарлан хийсэн гэрээ юм. Худалдсан маркийн машины үнэтэй холбогдох бичиг баримт гэрээнд тусгагдаагүй мөн хавтаст хэрэгт байдаггүй. Зээлээр худалдах-худалдан авах гэрээний нэг онцлог нь хүүгийн хэмжээг тусгах ёстой. Иймд Иргэний хуулийн 264.4 дэх заалт хэрэгжих үндэстэй байна. Зээлээр худалдах-худалдан авах гэрээний онцлог нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын анзын төрөл болох алданги төлөх талаар хуулийн зохицуулалт байдаггүй. Харин зээлээр худалдагч өөрийн өмчлөлийн зүйлийг буцаан шаардах, түүний улмаас хохирол учирсан бол нөхөн авах онцгой эрх эдэлдэг. Иймд  Э.Оын дээрх компаниас зээлээр худалдан авсан автомашины үнийг бодитойгоор тогтоох боломжоор хангасан, зээлээр худалдан авагчийн ганц давуу эрхийг хангасан Иргэний хуулийн заалтыг хэрэгжүүлж өгөхийг хүсье. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч намайг хэргийн материалтай танилц гэж гаргаад хойгуур нь шүүх хуралдааныг миний  оролцоогүй  хийсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

        “В” ХХК нь Э.От холбогдуулан 2017-02-10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас Рэнж ровер загварын автомашины үлдэгдэл төлбөр 243 756 000 төгрөг, алданги 121 878 000 төгрөг, нийт 365 634 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн байна. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

         Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч “... алданги гаргуулсныг зөвшөөрөхгүй...” гэж,  хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б “... талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байхад шүүх худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн нь буруу ...өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулаагүй...” гэж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б “...хариуцагч 2 тэрбум хөрөнгө оруулсан тул алдангийг хасаж өгнө үү... шүүх нэхэмжлэлийг амралтын өдөр хүлээн авсан байна... шүүх маргааны эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлээгүй...” гэсэн үндэслэл заажээ. 

        1. Хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдол шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах нөхцөл болохгүй байна.  

       а/. Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, В ХХК нь Рейнж Ровер маркийн автомашиныг 323 676 000 төгрөгөөр худалдах, хариуцагч гэрээнд заасан хугацаанд автомашины үнэ төлөх үүрэг тус тус хүлээсэн нь тогтоогдсон, энэ талаар маргаангүй байв.

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

       Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчид үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа зохих хүүгийн хамт төлөх үүрэг хүлээдэг. 

       Хариуцагч худалдан авсан эд хөрөнгийн үнийг тодорхой хугацааны дараа төлөх үүрэг хүлээхдээ хүү төлөх талаар тохиролцоогүй байх тул талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ бус, харин мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна.    

       Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 243, 263 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул  “...талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан...”  гэх   гомдлыг хангах үндэслэлгүй.

        б/. Давж заалдах шатны 2017-06-07-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр 2017-06-12-ны өдөр хүртэл хойшилж, 2017-06-09-ний өдрөөс  Ш.Б хариуцагчийн өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажилласан байна. 2017-06-12-ны өдөр өмгөөлөгч хүсэлт гаргаж хэргийн материалтай танилцсан байх бөгөөд шүүх хуралдаанд оролцох өмгөөлөгчийн эрхийг шүүх хязгаарласан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ тухай гомдлыг хангах боломжгүй

         в/. В ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх 2017 оны 02 дугаар  сарын 10-нд буюу ажлын өдөр хүлээн авсан байх тул “...нэхэмжлэлийг амралтын өдөр ням гарагт хүлээн авсан...” гэх гомдол үндэслэлгүй. 

        г/. Э.О нь В ХХК-ийн автомашиныг зарж борлуулан 2 тэрбум төгрөгийн орлого олсон тухай баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүйгээс гадна орлого оруулсан тохиолдолд алданги төлөхгүй тухай заалт зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд байхгүй тул энэ тухай тайлбар  нэхэмжлэлийг үгүйсгэхгүй.

 д/. Талууд байгуулсан гэрээндээ маргаан гарвал эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэхээр тохиролцоогүй буюу гэрээний 8.3-т маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон агуулга байхгүй, талууд маргааныг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаагүй тул энэ тухай өмгөөлөгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 25 дугаар зүйлийн 25.1.7-д нийцээгүй байна.  

        2. Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

        Хариуцагч гэрээнд заасан үүргээс 79.920.000 төгрөг төлсөн, автомашиныг хүлээн авсан, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй нь нотлогдсон, энэ талаар зохигчид маргаагүй тул шүүх худалдан авагчаас Рейнж Ровер маркийн автомашины үлдэгдэл төлбөр  243 756 000 төгрөгийг гаргуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн гэж үзлээ. Харин шүүх нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр хариуцагчаас алданги гаргуулсан нь буруу тул энэ үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулна.   

       Үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд хугацаа хэтрүүлсэн тал нь гэрээнд тохирсноор хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр анз төлөх нь мөн хуулийн 232 дугаар зүйлийг зөрчихгүй юм.

       Үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т нийцнэ.   

       Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр Э.О худалдан авсан машины төлбөрт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 81 252 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 81 252 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 81 252 000 төгрөг төлөх үүрэг хүлээж, /хх 7,9/ уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэгч 2 удаа сануулж хугацаа тогтоохоор тохиролцжээ. 

       Тодруулбал, гэрээний 2.1.2-т “...төлбөрийг хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд худалдагч тал аман болон бичгэн хэлбэрээр төлбөрийг хугацаандаа төлөхийг 2 удаа сануулна...заасан хугацаанд төлбөр хийгдээгүй тохиолдолд ... гэрээний зүйлийг ... хүлээлгэн өгөхийг шаардана...” гэснээс үзвэл гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдод нэхэмжлэгч 2 удаа сануулж нэмж хугацаа тогтоохоор байна.        

         Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөр төлөх хугацааг тухайлан тохиролцсон /хх 7,9/, уг хугацааг хойшлуулж байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

        Хэрэгт авагдсан баримтаар алданги тооцож эхлэх хугацаа тодорхойгүй тул хариуцагч тал хяналтын шатны шүүх хуралдаан дээр зөвшөөрсөн хэмжээгээр буюу 10 сая төгрөгөөр тооцож гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчихгүй гэж үзлээ. 

        Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас гэрээний үндсэн төлбөр 243 756 000 төгрөг, алдангид 10.000.000 төгрөг нийт 253.756.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулав.    

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2- дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1361 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00747 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.О 253.756. 000 төгрөг гаргуулж “В” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 111.878.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын  “...хариуцагчаас 1 986 120 төгрөг гаргуулж...” гэснийг “...хариуцагчаас 1.426.730 төгрөг гаргуулж...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 767.340 төгрөгийг захирамжаар Э.От буцааж олгосугай. 

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                   Б.УНДРАХ