Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 122

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                             

 

Б.Э, Н.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.Э, Н.Т нар /цахимаар/, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалтай, Б.Э, Н.Т нарт холбогдох 21210001000211 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Б.Э,

 

Монгол Улсын иргэн 1987 онд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Н.Т.

 

Б.Э, Н.Т нар нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Э, Н.Т нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э, Н.Т нарыг 6 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Э, Н.Т нараас нийт 6,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 3,250,000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.М-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Дорнод аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэсний дараа “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан итгэл эвдэх аргаар” гэж нэмэлт өөрчлөлт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтын “...505 дугаар зүйлийн 505.1” гэснийг “...510 дугаар зүйлийн 510.1” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э, Н.Т нь хяналтын шатны шүүхэд “...2019 оны 09 дүгээр сард фэйсбүүкээр “машин зарна” гэсэн зар хараад утсаар нь холбогдоход н.Батзаяа гэх хүнтэй холбогдоход “энэ машиныг 6 сард Бичил глобус ББСБ-аас урьдчилгаа төлөөд авсан. Гэтэл зээлээ төлөх болможгүй болоод зарж байгаа. Урьдчилгаа 2 сая төгрөг болно. Сардаа зээл төлөлтөд 625,000 төгрөгийг төлдөг 3 жилийн хугацаатай. Та үргэлжүүлээд төлөөд явах боломжтой. Хаасан үед таны нэр дээр шилжүүлье” гэсэн. Зээлийг нь үргэлжлүүлэн өдөртөө бага хэмжээгээр, урт хугацаанд төлөх боломжийн нөхцөлтэй ярилцсан болохоор уг машиныг авахаар болсон. Гэтэл төлсөн мөнгийг амласан ёсоор хугацаандаа хийдэггүй, дутуу хийсэн байсан. Өмнө нь ББСБ-д анх авах үедээ машиныг авч байгааг мэдэгдэж, өргөдөл бичүүлж авсан.

Бид зээлийг өөрсдийнхөө нэр дээр болгоё гэхэд ББСБ-ын зүгээс боломжгүй талаар хэлсэн тул н.Батзаяа төлөөд явахад санаа зоволтгүй юм байна гээд явсан. Гэтэл 2019 оны 11 сарын эхэнд ББСБ-аас н.Б-г дагуулан ажил дээр ирж “машиныг хурааж авахаар болсон. н.Батзаяа зээлээ төлөөгүй. Таныг төлнө гэж хэлсэн” гэсэн. Улмаар ББСБ дээр очиж зээл төлөлтийг харахад н.Б дутуу төлсөн байсан. ББСБ та нэгэнт машин авсан тул цаашид үргэлжлүүлэн зээлээ төлөөд яв гэж хэлээд надаар баталгаа болгож, өргөдөл бичүүлж авсан. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ББСБ-д байгаа н.Б-ийн зээлийг төлж эхлээд 7 дугаар сарын мөнгийг ихэнийг нь хийгээд 216,000 төгрөг төлж амжаагүй байтал машинаа хураалгасан.

Тухайн үед коронавирус гарснаар бид цехээ ажиллуулах боломжгүй боломжгүй болж, хэд хэдэн зээл төлөхөд хүндрэлтэй болсон тул А.М гэх эмэгтэйд машинаа зарсан. Гэтэл бидний 216,000 төгрөг төлж амжаагүйн улмаас 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А.М эгчээс машиныг хураан авч түүнийг давхар хохироосон.

Засгийн газраас иргэдийн зээл төлөлтөд уян хатан хандаж, боломж олгосон бодлогыг явуулж байхад ББСБ гэрээгээ зөрчиж, н.Б-тай хуйвалдан бидний 9,880,000 төгрөгийг залилан авч хохироосонд гомдолтой байна.  

н.Б нь өөрийн нэр дээр зээлтэй байхад хэцүү байна, машинаа хураагаад авчих, зараад зээлээ хаая гэж ББСБ-д ажилладаг найзтайгаа тохирч дахин 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А.М-аас машин хураан авсан. Машиныг н.Бавч яваад нийслэлд зарсан байсан. Бид анхнаасаа А.М-г хохироох санаа зорилго байгаагүй. Харин н.Б бид бүгдийг хохироосон.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хэт нэг талыг бариталж нотлох баримтыг цуглуулсан. А.М-ийн төлбөрөөс энэ хугацаанд 2,500,000 төгрөг төлсөн. н.Б-аас 3,850,000 төгрөгийг, 2,450,000 төгрөгийг ББСБ-аас авч чадахгүй байна. Гэмт хэрэг хийгээгүй, тийм санаа зорилго анхнаасаа байгаагүй.

Бид зээлээ төлж, амьдрахын тулд нөхөр хөдөө орон нутаг руу байнга явж ажилладаг. Харин би хот хооронд онлайнаар бараа зарж явдаг тул дээрх нөхцөл байдлыг харгалзан торгуулын ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нь шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний бие орон нутагтаа удаан хугацаанд байгаагүй учир хяналтын журмаар гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн. Харин шүүгдэгч нар урьд гаргасан гомдол дээр нэмж санаа бичиж гомдлоо гаргасан. Нөхцөл байдлыг буруу үнэлж, хэргийг нэг талын мэдүүлгийг баримтлан шалгаж,  хэргийн бодит байдлыг хэт зөрүүтэй үнэлж, залилах гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Р.Б ББСБ-ын зээлээ төлж чадахгүй болж эхлээд Н.Т-д машинаа зарж, Н.Т- нь мөн л төлж чадахгүй болоод А.М-д зарсан үйл баримт тогтоогдсон. Анх 3 жилийн хугацаатай зээлийг үргэлжлүүлэн төлнө гэж зөвшөөрсөн бөгөөд 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сарыг дуустал зээлийг төлсөн байхад 260,000 төгрөг дутуу байсны төлөө Р.Б- ББСБ-тайгаа хуйвалдаж машиныг нь хурааж авсан. Тухайн автомашиныг А.М-д зарахдаа мөнгийг нь хуурч авах санаа зорилго байгаагүй. Зээлээ төлж чадахгүй болсон учир А.М-д зарсан. Гэтэл 2020 оны 08 дугаар сард машиныг хурааж аваад Улаанбаатар хотод авч очиж зарчихаад ББСБ-ын өрийг төлөхгүй орхисон учир Н.Т- 1 жил гаруй хугацаанд ББСБ-д 9,800,000 орчим төгрөг төлсөн. Машинаа зараад мөнгийг нь өгсөн бол А.Мд мөнгөө өгөөд энэ асуудал үүсэхээргүй байсан. Р.Батзаяагийн хууль бус үйл ажиллагаанаас болж бусдад төлөх төлбөрөө төлж чадархгүй, А.М-г хохироосон мэт харагдаж байна.  Харин А.М бол мөнгөө авчихвал бусад асуудал хамаагүй гэх байр суурийг илэрхийлдэг. Залилах гэмт хэргийн гол шинж буюу “мөнгөний хагасыг өгөхгүй” гэх санаа бодол агуулаагүй байсан боловч Р.Б-ийн үйлдлээс болж энэ байдалд хүрсэн. Иймд шүүгдэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь иргэн Р.Б-ийн өмчлөлийн “Бичил глобус финанс” ББСБ-ын байгууллагын барьцаанд байсан Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг “өөрийн өмчлөлийнх, гаднаас машин оруулж ирдэг, ББСБ-д нэг хүний нэрээр машин оруулахаа больсон, дүүгийн нэр дээр байгаа” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлийн гэрээгээр халхавчлан хохирогч А.М-г төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэн бэлнээр 5,000,000 төгрөг, приус 11 маркийн автомашиныг авч залилсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь дээрх автомашиныг Р.Б-аас 2019 оны 09 дүгээр сард зээлийг үргэлжлүүлэн төлөх нөхцөлтэйгөөр худалдаж авсан бөгөөд зээл төлөгдөж дуусаагүй, тэдний өмчлөлд шилжиж очоогүйг мэдсээр байж хохирогч А.М-д зарсан. Хохирогч А.М тухайн автомашин бусдын өмчлөлд байсныг мэдсэн бол худалдаж авахгүй байсан талаар удаа дараа мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч нарын гомдолд дурдагдсан Р.Б-аас авах, өгсөн мөнгөний асуудал нь иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн. Харин өөрийн өмчлөлийн бус эд хөрөнгийг бусдыг хуурч мэхлэн зарсан гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Э, Н.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Прокуророос Б.Э, Н.Т нарыг бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Р.Б-ийн өмчлөлийн “Бичил глобус финанс” банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан 84-56 ДО* улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд байгаа мэтээр “манай ах гаалийн байцаагч хийдэг, бид хоёр гаднаас машин оруулж ирсэн, банк бусууд нэг хүний нэрээр олон машин оруулахаа больсон, танд машин зарахаас өмнө Приус-20, Акуа хоёр машин зарсан” зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлээр худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан итгэл эвдэх аргаар иргэн А.М-гаас 5,000,000 төгрөг, 90-33 ДО* улсын дугаартай Приус-11 маркийн автомашиныг шилжүүлэн авч залилан 9,500,000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хоёр шатны шүүх шүүгдэгч Б.Э, Н.Т нарт холбогдох хэргийн зарим үйл баримтыг үндэслэлтэй тогтоосон байх боловч тэднийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн хэмээн дүгнэхэд хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд эргэлзээтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй байна.

 

Шүүхүүдийн тогтоосон үйл баримтаар Б.Э, Н.Т нар нь “Бичил глобус финанс” банк бус санхүүгийн байгууллагад барьцаалагдсан тээврийн хэрэгслийг эзэмшигчийн нэрийг шилжүүлэхгүй, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр Р.Б-тай тохиролцон нотариатаар гэрчлүүлэхгүйгээр худалдан авч улмаар мөн ийм байдлаар А.М-д худалдахдаа автомашинаар баталгаажсан үүргийг А.М-д шилжүүлэхгүйгээр өөрсдөө хүлээхээр тохиролцож, автомашиныг бүрэн үнээр нь борлуулжээ.

 

Харин Б.Э, Н.Т нар нь эргэн төлөлтийн графикийн дагуу төлөх төлбөрөө бүрэн гүйцэт төлөөгүй, хугацааг саатуулсан тул банк бус санхүүгийн байгууллага тээврийн хэрэгслийг хураан авсан байна.

 

Барьцаа хөрөнгийг худалдан борлуулахад шаардлагатай зээлийн гэрээг цуцлах, дуусгавар болгох, автомашиныг худалдах зөвшөөрөл авахын тулд тухайн банк бус санхүүгийн байгууллага нь барьцааны эд хөрөнгө болох автомашиныг бусдад худалдаж тухайн эд зүйлд эд хөрөнгийн ямар нэгэн эрхийг бодит байдал дээрээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байсан Р.Б-аас дээрх бичиг баримтуудыг гаргуулан авчээ.

 

Үүний дүнд “Бичил глобус финанс” банк бус санхүүгийн байгууллага нь барьцааны эд хөрөнгө болох зээлийн барьцаанд байсан 84-56 ДО* улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг борлуулж, зээлийн гэрээний хугацаанд төлөгдсөн үндсэн зээл, хүүг тооцолгүйгээр үнийг бүгдийг орлогод авсан ба А.М нь энэ автомашиныг худалдаж авахдаа Б.Э, Н.Т нарт төлсөн бэлэн мөнгө, арилжаа хөрөнгө нийт 9,500,000 төгрөгөөр хохирсон байна.

 

Энэ үйл баримт, үр дагавар бий болоход оролцсон Б.Э, Н.Т, Р.Б, “Бичил глобус финанс” банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд эрх зүйн бүрэн дүүрэн дүгнэлт өгөх, үүнээс хамааран эдгээрийн алийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгч, хариуцагч, шаардлагатай бол яллагдагчаар татахыг нотлох эрх зүйн үндэслэлийг тогтоох шаардлагатай байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Э, Н.Т нарт холбогдох хэргийг Дорнод аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Б.Э, Н.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                    Б.ЦОГТ

 

                                 ШҮҮГЧИД                                        Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                    С.БАТДЭЛГЭР

 

                                     Б.БАТЦЭРЭН

 

                                     Ч.ХОСБАЯР