Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 212/МА2024/00081

 

Х.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай     

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2024/00537 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *********** тоотод оршин суух Ш овогт Х.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *********** багт оршин суух “Ж” ХХК-ний захирал ажилтай Д овогт А.А-д холбогдох,

 

“Худалдан авсан тээврийн хэрэгслийг буцаасан тул урьдчилгаанд төлсөн 3,550,000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, нэхэмжлэгч Х.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие 2022 оны 9 дүгээр сард хариуцагч А.А-гээс Тоёото хайлукс загварын **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан авч, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг А.А-гийн Хаан банк дахь *********** дугаартай дансаар шилжүүлэн өгсөн.

1.2.Гэтэл худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл болох 6,300,000 төлөгдөөгүй байхад нэхэмжлэгч А.А- шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар худалдсан тээврийн хэрэгслийг өөрөө буцааж авахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00735 дугаартай захирамжаар эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах тухай маргаан бүрэн шийдвэрлэгдсэн.

1.3.Гэвч А.А- нь худалдсан тээврийн хэрэгслийг шүүхийн журмаар буцааж авсан атлаа миний 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийн урьдчилгаанд авсан 4,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 3,550,000 төгрөгийг элдэв шалтаг, шалтгаан тоочиж өгөхгүй байна.

 

1.4.Хариуцагч А.А- нь нэхэмжлэгч Х.Б- надад 3,550,000 төгрөгийн өглөгтэй болох нь хариуцагч А.А-гийн бичиж өгсөн 4,000,000 төгрөг төлж өгөхийг илэрхийлсэн баримт, тээврийн хэрэгсэл хүлээж авсан баримт, банкны депозит дансны хуулгаар болон шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтаар батлагдаж байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дугаар зүйлийн 249.1-д зааснаар А.А-гээс худалдан авсан тээврийн хэрэгслийг буцаасан тул урьдчилгаанд төлсөн 3,550,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1.Миний бие 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Х.Б-гээс 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байсан. Учир нь, миний бие Өлгий сумын 4 дүгээр багт Ж үйлчилгээний төвийг ажиллуулдаг бөгөөд тээврийн хэрэгслийн худалдаа наймаа эрхэлдэг. Х.Б- нь нөхөр болох Х.Т-н хамт А.А-гээс **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11 сая төгрөгөөр худалдан авсан ба 5,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 6 сая төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр хувааж төлж өгөхөөр болж харилцан тохиролцсон. Х.Б-, Х.Т- нар тээврийн хэрэгслээ надаас 2022 оны 12 дугаар сарын эхээр худалдан авчхаад үлдэгдэл төлбөрөө төлөх чадваргүй юм байна гэхээр нь миний бие өөрийнхөө тээврийн хэрэгслээ буцааж авч, надад өгсөн 4 сая төгрөгийг буцаан төлсөн гэсэн баримтыг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бичиж өгсөн байсан. Тэгээд хоёр хоногийн дараа Х.Б-, Х.Т- нар миний гэрт ирж, надаас гуйж би үлдэгдэл төлбөрөө баталгаатай өгнө, банкны зээлийг хаахад 300,000 төгрөг хэрэгтэй байна гэж 300,000 төгрөг нэмж зээлж аваад машинаа авч явсан.

2.2.Нэхэмжлэгч Х.Б- нь бодит байдлаа бичихгүйгээр шүүхийг төөрөгдүүлээд, намайг чирэгдүүлж байгаад гомдолтой байна. Шүүхэд Х.Б- нь тээврийн хэрэгсэл эвдэрсэн тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж тайлбар ирүүлсэн. Тэгээд шүүх хурал болохоос өмнө Х.Б нь миний өмгөөлөгчид удаа дараа хүсэлт гаргаж эвлэрлийн гэрээ байгуулсан ба шүүхээс бидний эвлэрлийг баталгаажуулсан. Тодруулбал, Х.Б- нь **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон бичиг баримтуудыг 2023 оны 9 дүгээр сарын дотор буцааж өгөхөөр болж тохиролцож, А.А- нь Х.Б-гээс нэхэмжилж буй 6,300,000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар болж харилцан тохиролцсон. Учир нь, Х.Б- нь уг **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн кроп болон бөгсийг эвдэж Цэнгэл суманд орхисон байна.

2.3.Нэхэмжлэгч Х.Б-гээс уг тээврийн хэрэгслийг дахиж янзалж чадахгүй, дээрээс нь чамд өгөх үлдэгдэл төлбөрийг мөн төлж чадахгүй боллоо гэж эвдэрсэн машиныг надад буцааж өгч, би түүнийг засварлаж авахаар болсон. Гэтэл Х.Б- нь уг шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж албадан гүйцэтгэх журмаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж Х.Б-гээс уг тээврийн хэрэгслийг том оврын ачааны тээврийн хэрэгслээр ачиж манай засварын төвд аваачиж өгсөн. Би Х.Б-гээс ачиж өгсөн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлахад ажлын хөлсөнд 500,000 төгрөг төлж, кропыг 2 сая төгрөгөөр, бөгсийг нь 1 сая төгрөгөөр тус тус янзлуулсан.

2.4.Иймд энэхүү асуудлыг шүүх шийдвэрлэсэн байхад дахин тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд дахин хандах эрхгүй юм. Би нэг асуудлаар дахин дахин өмгөөлөгч авч, мөн цаг хугацаагаар хохирч байна. Иймд Х.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2024/00537 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийг баримтлан хариуцагч А.А-гээс тээврийн хэрэгслийн урьдчилгаанд төлсөн 3,550,000 (гурван сая таван зуун тавин мянган) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71750 (далан нэгэн мянга долоон зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.А-гээс 71750 (далан нэгэн мянга долоон зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгож шийдвэрлэжээ.   

 

            4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2. А.А- би 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Х.Б-гээс 6.300.000 /таван сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байсан. Учир нь А.А- би Өлгий сумын 4 дүгээр багт Ж үйлчилгээний төвийг ажиллуулдаг бөгөөд тээврийн хэрэгслийн худалдаа наймаа эрхэлдэг. Х.Б- нөхөр нь болох Х.Т-н хамт А.А-гээс **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11 сая төгрөгөөр худалдан авсан ба үүний 5,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 6 сая төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр хувааж төлж өгөхөөр болж харилцан тохиролцсон.

4.3. Х.Б-, Х.Т- нар тээврийн хэрэгслээ надаас 2022 оны 12 дугаар сарын эхээр худалдан авчхаад үлдэгдэл төлбөрөө төлөх чадваргүй юм байна гэхээр нь би өөрийнхөө тээврийн хэрэгслээ буцааж авч, надад өгсөн 4 сая төгрөгийг буцаан төлнө гэсэн баримтыг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бичиж өгч байсан. Тэгээд 2 хоногийн дараа Х.Б-, Х.Т- нар миний гэрт дахин ирж, надаас гуйж машиныг заавал худалдан авмаар байна “бид үлдэгдэл төлбөрөө баталгаатай өгнө, банкны зээлийг хаахад 300,000 төгрөг хэрэгтэй байна” гэж 300,000 төгрөг нэмж зээлж аваад машинаа авч явсан.

4.4. А.А- миний 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Х.Б-гээс 6.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд Х.Б- нь тээврийн хэрэгсэл эвдэрсэн тул үлдэгдэл төлбөрийг нь төлөхгүй гэж тайлбар ирүүлсэн. Х.Б- нь **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сар хүртэл ашиглаж, элэгдэлд оруулан ашиглалтын явцад эвдэн гэмтээж, улмаар нилээн их засвар шаардлагатай болсон тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүйгээр, үлдэгдэл төлбөрийн оронд уг тээврийн хэрэгслийг өгөхөөр болж тохиролцов. Энэ талаар шүүхээс эвлэрч тээврийн хэрэгслийн бичиг баримтуудыг 2023 оны 9 дүгээр сарын дотор буцааж өгөхөөр болж тохиролцож, А.А- нь Х.Б-гээс нэхэмжилж буй 6,300,000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар болж харилцан тохиролцсон. Учир нь Х.Б- нь уг **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн кропп болон бөгсийг эвдэж Цэнгэл суманд орхисон байсан. Х.Б-гээс уг тээврийн хэрэгслийг дахиж янзалж чадахгүй, дээрээс нь чамд өгөх үлдэгдэл төлбөрийг мөн төлж чадахгүй боллоо гэж эвдэрсэн машиныг надад буцаан өгч, би түүний засварлаж авахаар болсон.

4.5.  Гэтэл Х.Б- уг шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дагуу, албадан гүйцэтгэх журмаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, Х.Б-гээс уг тээврийн хэрэгслийг том оврын ачааны тээврийн хэрэгслээр ачиж манай засварын төвд аваачиж өгсөн. Би Х.Б-гээс авчиж өгсөн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлахад ажлын хөлсөнд 500,000 төгрөг төлж, кропийг 2 сая төгрөгөөр, бөгсийг нь 1 сая төгрөгөөр авч янзлуулсан.

4.6. Шүүх энэхүү асуудлыг шийдвэрлэж, дээрх байдлаар тохиролцсон байхад анхан шатны шүүхээс гэрээнээсээ татгалзсан гэдэг хуулийн заалтыг баримтлаад урьдчилгаанд өгсөн 3,550,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль бус байна.

4.7. Гэрээнээс татгалзсан асуудал огт байхгүй. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдан аваад түүнийг 9 сар ашигласан. Харин тухайн үед хэлэлцэн тохиролцсоны дагуу гэрээний үүргээ Х.Б- зөрчсөн учраас түүнээс үлдэгдэл төлбөрөө шаардах үед Х.Б- эвдэрсэн машинаа 6,500,000 төгрөгт тооцож өгсөн асуудал байсныг жирийн нэгэн наймаачин хүн би ойлгож байхад Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа шүүх ойлгоогүйд харамсаж байна.

4.8. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 537 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах  шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. 2022 оны 9 дүгээр сард тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг хариуцагч А.А-гээс Тоёото хайлукс загварын тээврийн хэрэгслийг 11,000,000 төгрөгөөр үнэлэн  худалдан авч,  2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Миний унаж байсан машиныг А.А- 1,000,000 төгрөгөөр үнэлж авсан.  Иймд А.А-д нийтдээ 5,000,000 төгрөгийг өгөөд, үлдсэн 6,000,000 төгрөгийг  хувааж сар бүр 500,000 төгрөгөөр өгнө гэж баталгаа өгсөн нь үнэн. 

5.2. Машин авсан өдрийн маргааш нь машиныг Өлгийн төвд унаж байх үед таньдаг хүнтэй Хаан банкны үүдэнд таараад “та энэ машиныг хаанаас авсан бэ, манай найзын машин байсан, сэлбэг болгож өгсөн гэсэн.  Тухайн үед би шууд А.А- руу залгаад “чи яахлаараа худлаа хэлж, хууран мэхэлсэн бэ, чи энэхүү машиныг аваад, миний мөнгийг өг” гэж хэлсэн. Тэгээд А.А- “машиныг авч ирээрэй, машиныг зарсны дараа танд мөнгийг өгнө” гэсэн. Би “4,000,000 төгрөгийг бэлэн өгсний дараа машиныг чинь өгнө” гэж хэлсэн. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр  А.А- манай гэрт  нэг залуугаа дагуулж ирээд, “таны энэхүү машиныг энэ залуу авах болно. Харин энэ залуу мөнгийг нь өгөхөөр танд мөнгөө шилжүүлж болно” гэж машиныг аваад явсан.

5.3. Энэ жил зуд болоод мөнгө төгрөгийн боломж хомс байгаад байна.  Одоо удахгүй ноолуур гарахаар өгөх байхаа гэж А.А- 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мөнгийг өгнө гэсэн баталгаа өгсөн.  Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр би залгахад “зуд болоод байна, таны мөнгийг 4 дүгээр сарын 01-ний өдөр өгнө, та хүлээж байгаарай” гэсэн. Тэгээд 3 дугаар сарын дунд “Наурызын байр”-ын үеэр надад Дэлүүн сумын иргэн Б- гэдэг залуу над руу залгаад “танд А.А-д өгөх мөнгө байгаа. Та тэр мөнгийг надад өгчих” гэсэн.  Би “А.А-д өгөх мөнгө байхгүй” гэсэн чинь “таны машин миний хашаанд барьцаанд байгаа” гэсэн. А.А- надад машин таны нэр дээр байгаа учраас  Б-аас  машиныг авч өгөөч гэж гуйсан.  Б- машиныг авчраад өгсөн. Тэгээд би фейсбүүкт “машин зарна” гээд  зар оруулсан. Тухайн машиныг зараад А.А-гийн мөнгийг өгөөд, өөрийн мөнгийг авъя гэж бодсон. Цэнгэл сумаас нэг иргэн машиныг авахаар болж машиныг авчрах үед эвдрээд, тэр хүн машиныг авахаа больсон. Тухайн хугацаанд  А.А- надаас 6,300,000 төгрөг гаргуулахаар тухайн шүүхэд нэхэмжлэл гаргасан. А.А- машиныг өөрөө авахаар болж, 4,000,000 төгрөгийг боломжоороо хуваагаад төлөхөөр болж эвлэрлийн гэрээ байгуулсан. А.А- надаас машиныг авахдаа бүрэн бүтэн хүлээж авсан гэсэн баримт бичиж өгсөн.

5.4. 300,000 төгрөгийг бэлнээр авсан.  А.А-гийн засварын газарт королла маркийн машины куперыг 150,000 төгрөгөөр янзалж өгсөн. Эвлэрлийн гэрээ байгуулах үед урьдчилгаанд өгсөн мөнгийг авахгүй гэсэн баримт өгөөгүй.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2024/00537  дугаартай шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэх байр сууринаас дүгнэлт гаргаж байна.

6.2. Х.Б- болон хариуцагч А.А- нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн нь үнэн. Худалдагч А.А- биет байдлын доголдолтой тээврийн хэрэгсэл худалдсан. Энэ нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайн тээврийн хэрэгсэл Х.Б-д 8 сарын хугацаанд байгаагүй. Тээврийн хэрэгсэл нь доголдолтой байсныг мэдээд тус тээврийн хэрэгслийг А.А-д буцаагаад өгсөн. А.А- тус тээврийн хэрэгслийг Б- гэдэг хүнд барьцаанд өгсөн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Б- тухайн тээврийн хэрэгслийг биет байдлын доголдолтой гээд Х.Б-д таны нэр дээр байгаа тээврийн хэрэгсэл байна гээд буцаагаад өгсөн. Тухайн “тээврийн хэрэгслийг бүрэн хүлээж авлаа” гээд А.А- өөрөө гарын баримт бичиж өгсөн баримт хавтаст хэрэгт авагдсан.

6.3. Мөн Х.Б-гийн тээврийн хэрэгслийн урьдчилгаанд өгсөн 4,000,000 төгрөг өгнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн  735 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийм асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн байр сууринаас хариуцагч тал хандаж байна.

6.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.4 дэх хэсэгт зааснаар “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.  Тэгэхээр хуульд зааснаар А.А-гийн нэхэмжлэлтэй 6,500,000 төгрөгийн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй болохоос биш Х.Б-гийн тээврийн хэрэгслийн урьдчилгаанд шилжүүлэн өгсөн 4,000,000 төгрөгийг гаргуулах тухайн нэхэмжлэлтэй маргаан нь урьд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн асуудалтай хамааралгүй гэж үзэж байна. Үүнтэй холбоотой анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дүгнэлт хийсэн. 

6.5. Хариуцагч А.А- нь тухайн тээврийн хэрэгслийг авахдаа тээврийн хэрэгсэл эвдэрсэн, засварт оруулаад сэлбэг тавьсан гээд нийтдээ 3,500,000 төгрөгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Эдгээр нотлох баримтууд цаг хугацааны хувьд болсон үйл явдлаас хойш авагдсан баримтууд байна. Иймд энэ баримтуудыг нотлох баримтаар тооцох боломжгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

7. Хариуцагч А.А-гийн  давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгч Х.Б-гийн хариуцагч А.А-д холбогдуулан Худалдсан тээврийн хэрэгслийг буцаасан тул урьдчилгаанд төлсөн 3,550,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

9. Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч А.А-д холбогдуулан 3,550,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...Миний бие 2022 оны 9 дүгээр сард хариуцагч А.А-гээс Тоёото хайлукс загварын **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан авч, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг А.А-гийн Хаан банк дахь *********** дугаартай дансаар шилжүүлэн өгсөн юм. Гэтэл худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл болох 6,300,000 төлөгдөөгүй байхад нэхэмжлэгч А.А- шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар худалдсан тээврийн хэрэгслийг өөрөө буцааж авахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00735 дугаартай захирамжаар Эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах тухай маргаан бүрэн шийдвэрлэгдсэн байгаа юм. Гэвч А.А- нь худалдсан тээврийн хэрэгслийг шүүхийн журмаар буцааж авсан мөөртлөө миний 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийн урьдчилгаанд төлсөн 4,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 3,550,000 төгрөгийг элдэв шалтаг, шалтгаан тооцож өгөхгүй байна. Иймд худалдан авсан тээврийн хэрэгслийг буцаасан тул урьдчилгаанд төлсөн 3,550,000 төгрөгийг хариуцагч А.А-гээс буцаан гаргуулахыг хүссэн байна.” гэж тайлбарласан,

 

хариуцагч А.А- хариу тайлбартаа: “...Миний бие 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Х.Б-гээс 6,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байсан. Учир нь, Х.Б- нь нөхөр болох Х.Т-н хамт **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11 сая төгрөгөөр худалдан авсан ба 5,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн 6 сая төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр хувааж төлж өгөхөөр болж харилцан тохиролцсон. Х.Б-, Х.Т- нар тээврийн хэрэгслээ надаас 2022 оны 12 дугаар сарын эхээр худалдан авчхаад үлдэгдэл төлбөрөө төлөх чадваргүй юм байна гэхээр нь бие өөрийнхөө тээврийн хэрэгслээ буцааж авч, надад өгсөн 4 сая төгрөгийг буцаан төлсөн гэсэн баримтыг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бичиж өгсөн байсан. Улмаар Х.Б- нь **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон бичиг баримтуудыг 2023 оны 9 дүгээр сарын дотор буцааж өгөхөөр болж тохиролцож, А.А- нь Х.Б-гээс нэхэмжилж буй 6,300,000 төгрөгийг нэхэмжлэхгүй байхаар болж харилцан тохиролцсон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Миний бие Х.Б-гээс буцааж авсан **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлахад ажлын хөлсөнд 500,000 төгрөг төлж, кропыг 2 сая төгрөгөөр, бөгсийг нь 1 сая төгрөгөөр тус тус янзлуулсан. Иймд энэхүү асуудлыг шүүх шийдвэрлэсэн байхад дахин тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул Х.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 

10. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч А.А-гээс 2022 оны 9 дүгээр сард Тоёота хайлукс загварын **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11,000,000 төгрөгөөр үнэлэн худалдан авч, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг А.А-д шилжүүлжээ. Худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл болох 6,300,000 төгрөг төлөгдөөгүй байхад А.А- шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар худалдсан тээврийн хэрэгслийг өөрөө буцааж авахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00735 дугаартай захирамжаар нотлогджээ.

Хариуцагч А.А-гийн 2022 оны 12 дугар сарын 17-ны өдөр Тоёота хайлукс машинаа бүрэн хүлээн авч урьд төлсөн 4 сая төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр тохиролцжээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00735 дугаартай захирамжаар эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид нэхэмжлэгч Х.Б-гийн урьдчилгаанд төлсөн 4,000,000 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлдсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тус захирамжаар талуудын эвлэрлийг батлахдаа Х.Б- нь худалдаж авсан тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлж чадаагүй учраас тухайн тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэлд тухайн тээврийн хэрэгслийг бүхэлд нь тооцож Б.А-д өгсөн гэж тайлбарлах боловч шүүгчийн дээрх захирамж болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тийм нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагчийн төлөөлөгчийн уг тайлбар бодит байдалд нийцээгүй болно.

 

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00735 дугаартай захирамж гарсны дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч А.А- нь Х.Б-д худалдсан Тоёота хайлукс загварын тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн хүлээж авсан талаар дахин баримт үйлдсэн нь хэрэгт авагджээ.

 

11. Анхан шатны шүүх хариуцагчаас 3,550,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч Х.Б- болон хариуцагч А.А- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна” гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, талууд сайн дураараа гэрээнээсээ татгалзаж, өгсөн авснаа буцаасан учраас хариуцагчаас Х.Б-гийн тээврийн хэрэгслийн үнэд төлсөн 3,550,000 төгрөгийг буцаан гаргуулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна. Иймээс дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн “...анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, гэрээнээс татгалзсан асуудал байхгүй...” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хариуцагч талын давж заалдах гомдолд зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2024/00537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ