Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 384

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Цөм сүргийн үржлийн төв ТӨААТҮГ-ын захирал Б.Цэрэнханд

Хариуцагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багт оршин суух, ВГ69032410 регистрийн дугаартай, Өөлд овогт Цэндийн Цэдэндагвад холбогдох Түрээсийн гэрээний улмаас учирсан хохирол 7.507.500 төгрөг гаргуулах ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цэрэнханд, хариуцагч Ц.Цэдэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын захирал Б.Цэрэнханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор Цөм сүргийн үржлийн төв нь ХХААЯ-ны харьяа Малын Удмын Сангийн Үндэсний төвийн Баянхонгор дахь салбараар ажиллаж байгаад 2015 оны 12 сарын 22-ноос Баянхонгор аймгийн ЦСҮТөв ТӨҮГазраар үйл ажиллагаа явуулж байна.

Эрдэнэцогт сумын VI багийн харьяат Цэнд овогтой Цэдэндагва нь ЦСҮТөвийн Баянхонгор дахь салбарын 256 толгой нэг наст Байдраг үүлдрийн хонийг түрээсийн гэрээгээр 1 жилийн хугацаатай 2014 оны 9 сарын 01-нээс хариуцан маллаж байгаад 2015 оны 7 сарын 05-нд малыг хүлээлгэн өгөхдөө түрээсийн гэрээнээс 75 толгой малыг дутуу өгч тооцоо хийлгүйгээр өдий хүрсэн.

Хариуцан маллаж байсан 256 малаас 128 толгойг өгч, дутаасан малд тооцоо хийж үзэхэд охин төлөг 50 толгой, эр мапаас 27 толгой хонь дутуу байсан.

Тооцоо нийлэхийг шаардаж хэд хэдэн удаа уулзсан. Эхний үед хөнгөлөлт үзүүлээрэй морь мап зараад төлье гэдэг байсан. Сүүлдээ үхсэн мапыг би төлөхгүй гэдэг. Сумын хэсгийн төлөөлөгчөөр хүртэл дуудуулж тооцоо хийхийг шаарддаг ч нэгч уулздаггүй тухайн эзэн өгсөн мал дотроо үхлүүт өвчтэй 10 төлөг, им буруу эм хонь, эр төлөг нийлсэн 15 толгой малыг сольсон байсан. Ер нь 256 толгой малаас 128 хонь өгч, 128 мал буюу 50%-ийг үхсэн надад ч үлдсэн мал байхгүй гэх бөгөөд мал гэнэт олноор дутуу байсан, өөр муу малаар солигдсон зэрэг нь тухайн хүний өмчинд хандах хандлагыг харуулсан. Салбараас 51 төлгийг гэрээгээр хөлсөнд өгөх байсан.

Үүнийгээ ч үхсэн гэдэг хүлээлгэн өгсөн мал дотор үхлүүт, өвчтэй, туугаад ч явахгүй ирээд үхсэн зэргээс тухайн хүний өмч шамшигдуулсан байх үндэслэлтэйг шалгуулахаар цагдаад өгсөн ч өөрөө очдоггүй. 2014 оны 9 сараас 2015 оны 07 сарыг хүртлэх хугацаанд цаг агаарын ямар нэг хүндрэл учраагүй байгалийн бэрхшээлгүй цаг хугацаа байсан. Төрийн өмчийн тухайн малыг гэрээгээр маллуулах, захиран зарцуулах эрх нь ЦСҮТөвд байсан ба захирал миний бие нь төвдөө Ц.Цэдэндагвын нэрийн өмнөөс төлбөр тооцоог хөнгөлөх хүсэлт тавьсанч шийдэгдээгүй явсаар одоо тухайн мал нь төллөх мал хүртлээ нас дэвшиж ирсэн тул 77 толгойн 2 наст хонийг нэг бүрийг 97500 (ерэн долоон мянга таван зуун төгрөгөөр) 77*97500=7507500 /долоон сая таван зуун долоон мянга таван зуун/ төгрөгөөр үнэлж төлүүлэх буюу малаар бол 50 эм хониноос 75 хувиар төл бойжуулах тул 50x75=37 Нийт 114 хонь авах шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийн гэрээнд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү? Хариуцагч нь 10 хургатай хонины оронд 15 хонь өгье гэж байна. Нас бие гүйцсэн хонь өгнө гэвэл зөвшөөрч байна..гэв.

Хариуцагч Ц.Цэдэндагва шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2014 оны 09 сарын 07 нд Баянхонгор аймгийн иргэн Цэрэнхандаас 255 хурга хүлээж авсан. Уг хурга нь тарга хүч муутай барагцаагаар дундаас доош жинтэй байсан. Цэрэнхандын нөхөр Аюуш аймаг дээр тааралдаад хэдэн хурга маллаад өгөөч би чамайг ямар нэгэн хэрэг төлбөрт оруулахгүй маллаад өгөөч, 50-ийг нь чамд өгнө гэж гуйсан.

Тэгээд би Баян-овоо сумын Улаан үзүүр гэдэг газраас очиж авахад тарга хүч муутай, муу хурга байсан боловч нэгэнт газар холоос ирсэн учир туугаад ирсэн.

Ирэх замдаа 3 хурга хаягдаж Эрдэнэцогт сумын Хөшөөтийн ам гэх газар ирсэн. Манай айлын улсууд ямар муу хурга авсан юм бэ, онд орохгүй юм байна гэж байсан. Тэгээд алаг нохойтын үзүүр гэх газар өвөлжсөн. Уг өвөл нь цас их орж хүйтэн болсон боловч хавар би хувиасаа хивэг өвч зөөж тэжээсэн.

Хавар тийшээ цаг агаар, цасан шуурга ихтэй байсан учир муудсан мал үхсэн.

Саахалт өвөлжиж, хаваржсан Эрдэнэцогтын М.Төмөрбаатар, Бямбаа нарыг гуйж аймгаас өвс тэжээл авч байсан. Энэ хугацаанд Цэрэнханд, Аюуш нарт 3 удаа гэрт нь очиж хэлсэн.

Гэтэл гэрээ хийсэн хамаагүй гээд хайхраагүй, нэгч удаа өвс тэжээл, эм тариа өгөөгүй. Надад хөлс хүч өгөөгүй, 50 муу хурга амласан. Тэд нар нь бүгд үхсэн. Өвчин болон тураалаар үхсэн учир надад өөрийн зүгээс бүхий л арга хэмжээ авсан учир би төлж чадахгүй. Хувиараа малын эмч аваачиж үзүүлж байсан. Өөрийн бие хүч хөдөлмөр, гутал хувцас, мөнгө төгрөгөөрөө, бас бензины үнээр хохирсон.

Энэ бүгдийг тооцуулж авмаар байна..гэжээ.

Хариуцагч Ц.Цэдэндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хэрэг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан, эвлэрлийн гэрээгээ дэмжиж байна, гэрээгээр тохиролцсон өмч хөрөнгийг өгөх болно.

Гэрээний нэг заалт болох 10 хурагтай хоныг 15 толгойд бодож өгөх гэсэн байгаа миний бие дахин бодож үзээд 10 хургатай хонины оронд 15 хонь өгөх саналтай байна..гэв.

Зохигчдын эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч Цөм сүргийн үржлийн төвийн захирал Б.Цэрэнханд, хариуцагч Ц.Цэдэндагва бидний хооронд эвлэрлийн гэрээгээр дараах тохиролцоонд хүрлээ. Нэхэмжлэгчийн 7504500 төгрөг бүхий 114 толгой малыг хариуцагч Ц.Цэдэндагваас 50 толгойгоор тохирохдоо: Малын үнэнд оруулж 1.000.000 төгрөгийг цөм сүргийн үржлийн төвийн 5225547509 дансанд малын үнэ 20х50.000=1000.000 төгрөг гэж тушаах, 10 хургатай хонийг 15 толгойд бодож авах, 1 морийг 7 бог/хонь/ толгойд бодох, 400.000 төгрөгт 4 эм хонь өгөхөөр нэг хонийг 100.000 төгрөгөөр бодож тохиролцов.

2016 оны 06 сарын 20-ны дотор өгч авахаар тохиролцов.

Нэхэмжлэгч 114 толгой малаас 64-ийг татгалзаж, 50 малыг дээрх тохиролцоогоор авахаар тохоролцов..гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Цөм сүргийн үржлийн төв ТӨААТҮГазар нь түрээсийн гэрээнээс өөрт учирсан хохирол 7.507.500 төгрөгийг Ц.Цэдэндагваас гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч Ц.Цэдэндагва нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хүлээн авсан хурганууд нь өвс тэжээлийн дутагдалд орсон тураалтай хурганууд байснаас зүй бусаар үхэж хорогдсон тул төлбөрийг төлөх боломжгүй гэж маргажээ.

Баянхонгор аймгийн Цөм сүргийн үржлийн төв ТӨААТҮГазар 2014 оны 10 дугаар сарын 01 ний өдөр иргэн Ц.Цэдэндагватай харилцан тохиролцож 1 жилийн хугацаатай 256 тооны хурга хүлээлгэн өгч малаас гарах үр шим, 50 тооны хургыг түрээсийн төлбөрт өгөхөөр бичгээр гэрээ байгуулсан байна.

Хариуцагч Ц.Цэдэндагва нь 153 тооны хургыг 2014 оны 09 сарын 08-ны өдөр хүлээн авч акт үйлдсэн байна.

Улмаар хариуцагч Ц.Цэдэндагва нь түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2015 оны 07 сарын 03-ны өдөр 128 толгой хонь хүлээлгэн өгч 77 хонь дутагдуулсан болох нь нэхэмжлэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо хариуцагчийн үрэгдүүлсэн гэх 77 толгой 2 настай хонь, түүний ирээдүйд төллөх байсан 37 толгой төл, нийт 114 толгой малыг түрээсийн гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар 1 хонины зах зээлийн үнийг 1.5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон 7.507.500 төгрөг нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад зохигчид нь харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр нэхэмжлэгч Б.Цэрэнханд нь нэхэмжлэлийн шаардлагын 64 толгой малыг татгалзаж, 50 толгой мал түүний үнийг гаргуулахаар, хариуцагч Ц.Цэдэндагва нь 50 толгой малын үнэ буюу түүнд дүйцэх малыг төлж барагдуулахаар эвлэрлсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Цөм сүргийн үржлийн төв ТӨААТҮГазар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 1400.000 төгрөгөнд төлөгдвөл зохих 37350 гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 106 дугаар зүйлийн 106.5- дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цэрэнханд нь нэхэмжлэлийн шаардлагаас 64 толгой малыг татгалзаж, 50 толгой мал түүний үнийг гаргуулахаар, хариуцагч Ц.Цэдэндагва нь 50 толгой малын үнэ буюу түүнд дүйцэх малыг төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 , Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Цэдэндагваас 37350 төгрөг гаргуулж төрийн сангийнорлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ