Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 207/ма/2016/00019

 

сарын 19 өдөр

 

 

Дугаар 207/МА2016/00019

 

Орхон аймаг

 

****************ы нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 

2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1317 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ****************ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч ****************д холбогдох

 

2 284 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.****************, Н.Дуламцэрэн

 

Хариуцагч ****************

 

Хариуцагчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг

 

Нарийн бичгийн дарга Ц.Батцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч **************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие техникийн Да хүрээ захад аккумляторын худалдаа эрхэлдэг ба БНСУ-аас шинэ аккумляторыг импортоор оруулж ирэн бөөнөөр жижиглэнгээр зарж борлуулдаг. Манайхаас олон хүмүүс бөөний үнээр аккумлятор аваад борлуулсныхаа дараа тооцоо хийдэг. Ийм хүмүүсийн нэг нь **************** юм. **************** нь Эрдэнэтэд худалдаа эрхэлдэг бөгөөд 2013 оны 11 сараас хойш одоог хүртэл тооцоо хийгээгүй. Мөн өөрийн худалдагч ****************ийг явуулж мөнгөө шаардсан боловч өгөлгүй хоосон буцаасан байсан. Иймд иргэн ****************гаас 2 284 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч **************** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний би **************** **************** хотын Да хүрээ захын аккумляторын худалдаа эрхэлдэг ****************ы нэхэмжлэлтэй танилцсан болно. 2012 оны 11 дүгээр сарын 11-нд авсан барааны төлбөр болон 2 284 000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд одоо ямар нэгэн тооцоо байхгүй болно. Төлбөр төлсөн баримтыг хавсаргав. Иймд ямар нэгэн тооцоо байхгүй тул энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1317 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1-д заасныг баримтлан хариуцагч ****************гаас 2 284 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэгч ****************ы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51 500 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч **************** давж заалдах гомдолдоо: **************** миний бие ****************д холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг шүүгч Б.Бямбасүрэн хүлээн авч 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.**************** нь хэд хэдэн удаа уулзсан боловч ямар нэгэн эвлэрэн хэлэлцэх саналд хүрээгүй. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаан зарлагдаж нэхэмжлэгч **************** миний бие өөрийн биеэр шүүх хуралдаанд суух боломжгүй эмчилгээ хийлгэж байсан тул өөрийн худалдагч А.****************д итгэмжлэл олгоод шүүх хуралдаанд ороод ир гэсэн. Гэтэл А.****************ийг шүүх хуралдаан болохоос өмнө шүүгчийн туслахын өрөөнд хэргийн материалтай танилцах явцад шүүгчийн туслах Дуламсүрэнд өмгөөлөгч авч нотлох баримт гаргаж өгөх тухай хүсэлтээ ширээн дээр тавьсан байдаг. Гэтэл шүүх хуралдаан болж А.**************** нь миний хүсэлтийг одоо шүүгч шийдвэрлэнэ гэсэн бодолтой байсан боловч шүүх хурал зарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар өмгөөлүүлэх эрх зөрчигдөж байна. Мөн үнэхээр шударга бус санагдаж байна. Шүүхийн зүгээс ямарч ажиллагаа хийхгүй байснаа хэргийн хугацаа болоод ирэнгүүт нь шүүх хуралдаан зарлаад ямар ч хууль мэдэхгүй хүнийг оруулсан. Мөн манай өмгөөлөгч авах, нотлох баримтууд гаргаж өгөх тухай хүсэлт нь хавтаст хэрэгт огт байхгүй байгаа нь үнэхээр хачирхалтай байна. Нэхэмжлэгчийн зүгээс хангалттай нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байсан. Энэхүү нотлох баримтууд нь яг одоо надад бүгд байна. 2014 оны 10 дугаар сард А.**************** өөрийн биеэр очиж мөнгөө нэхэхэд манайд төлөх 2 242 000 төгрөгөө хүлээн зөвшөөрч 1 сар хүлээж байгаач гээд уйлж гуйж байсан мөртлөө одоо яагаад өр шир байхгүй гэж гүтгээд байгаад л гомдолтой байна. **************** нь А.****************ийг та санаа зовох зүйлгүй би таныг хохиролгүй болгож өгнө гээд тэр бүү хэл ирсэн зардал мөнгийг чинь хүртэл өгнө гээд буцаасан. **************** нь шүүх хурал дээр болсон бүх явдлыг дэлгэрэнгүй ярьсаар байтал шүүх үл ойшоон ****************гийн талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн хариуцагчтай огтхон ч тооцоо нийлээгүй байхад шүүгч ямар нотлох баримт үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус байна. Бидэнд энэ хэргийн талаар зөндөө олон нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг авахуулах хүмүүс байгаа.

 

****************гийн хариу тайлбар нь зөвхөн 2012 онд авсан барааны тайлбар байна. 2012-2013 онд авсан барааны үлдэгдэл 2 242 000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Хариуцагчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оруулсан хирнээ нэхэмжлэгч талын өмгөөлөгч авах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй орхиж шүүх хуралдаан хийсэн нь өөрөө алдаатай байна. Мөн хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах тухай хүсэлт байхгүй байгаа нь шүүгчийн туслахын процессийн алдаа мөн гэж үзэж байна. **************** нь манай худалдагч А.****************тэй ирж уулзаад нэг бол утсаар яриад бараа бүтээгдэхүүнээ авдаг байсан. **************** нь үнэхээр худалч зальтай тул бид энэ хүний эсрэг хангалттай нотлох баримт гаргах хугацаа мөн өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх шийдвэрлээгүйд маш их гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авч баримтууд өгөх байсан. Иймээс Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1377 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч **************** давж заалдах гомдлын хариу тайлбартаа: 2015.12.15-ний өдрийн 1317 дугаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурлаас өмнө өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаагүй байсан бөгөөд шүүх хурал дээр ч гэсэн ямар нэгэн санал, хүсэлтгүй гэснээр хурлыг цааш үргэлжлүүлэхийг хүлээн зөвшөөрч байсан болно. Нэхэмжлэгчид шүүх хурлаас өмнө нотлох баримт гаргаж өгөх хангалттай хугацаа байсан ба хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу эрхээ хэрэгжүүлээгүй явдал нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм.

 

Иймд 2015.12.15-ний өдрийн 1317 дугаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч **************** нь хариуцагч ****************д холбогдуулан 2 284 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх ****************ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах зөрчлийг гаргажээ. Тухайлбал:

 

1. Нэхэмжлэгч нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.****************ийг шүүх хуралдаанд оролцуулахаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр итгэмжлэл олгосон байна. Гэтэл А.****************ид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг,

 

2. Хариуцагчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримтыг эсрэг талд танилцуулаагүйн дээр дээрх нотлох баримт нь хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн /хх-ийн 59-р хуудасны ар тал/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.7, 38.9, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 105 дугаар зүйлийн 105.2-т заасныг,

 

3. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарт шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих эрх олгоогүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-т заасныг,

 

4. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.11-ний өдрийн 5830 дугаартай шүүгчийн захирамжаар ****************ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2015.12.15-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлон зарлаж шүүх хуралдааныг товлосон цагаас 30 минутын өмнө хэлэлцэж эхэлсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Гэтэл шүүх 2015.12.15-ны өдрийн 14 цаг 29 минутад А.****************ийн хүсэлтийг хүлээн авч 2015.12.15-ны өдрийн 6031 дугаартай захирамжаар дээрх хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан этгээд хүсэлтээсээ татгалзаагүй байхад тухайн этгээд хүсэлтээсээ татгалзсан гэж үзэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Нөгөөтэйгүүр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны эхэлсэн цаг минутыг тэмдэглэлд буруу бичсэн гэж үзэхээр байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

5. Зохигчийн хэн аль нь өөрсдийн дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба хариуцагчийн 5090514195 тоот данснаас 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн 5720189309 тоот дансанд 500 000 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн дансны дэлгэрэнгүй хуулгад бичигдээгүй байх ба шүүх үүнийг шалгаж тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь ...нотлох баримт гаргах, мөн өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх шийдвэрлээгүйд маш их гомдолтой байна... давж заалдах гомдол гаргасан хэдий ч хэдийд энэхүү хүсэлтийг гаргасан нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг дээрх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан гэж үзээгүй болно.

 

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1317 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

 

1. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1317 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч ****************ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 900 /тавин мянга есөн зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНБАТ

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

Н.БАЯРХҮҮ