Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
Хэргийн индекс | 223/2024/00025 |
Дугаар | 223/МА2024/00029 |
Огноо | 2024-10-03 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 223/МА2024/00029
2024 10 03 223/МА2024/00029
Ч.У-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 151/ШШ2024/00520 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух Б овогт Ч-ын У,
Хариуцагч: .. оршин суух Ө овогт С Ц,
Хариуцагч: .. оршин суух Б овогт С Э нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 10.821.427 төгрөгийг С.Э-аас, 5.410.714 төгрөгийг С.Ц-оос гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.У,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл,
Хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр малчин С.Э-ын хориод үхэр, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр С.Ц-ийн хонь, ямаа миний байцаа тарьсан талбайд орж байцааг идэж сүйтгэсэн. Энэ талаар Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.Оюумаад хэлж газар дээр нь дуудан шалгуулаад дүгнэлт гаргуулсан. Иймд сумаас тогтоосон хохирлын 16,232,141 төгрөгийн гурав хуваасны хоёр болох 10,821,427 төгрөгийг С.Э-аас, 5,410,714 төгрөгийг С.Ц-оос гаргуулж өгнө үү ” гэжээ.
2. Хариуцагч С.Цийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: Манайх малаа тариан талбай руу оруулж байгаагүй. Малаа байнгын хариулгатай байлгадаг. Шөнө нь байнга хашиж хонодог. ...Хашаа нь эвдэрхий, хашаа хороогоо янзалдаггүй, тариан талбайгаа хардаггүй, тарьсан ногоогоо арчилдаггүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 5.410.714 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч С.Э-ын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр... манай охин болох Э.Сарантуяа нь над руу залгаад “ааваа бригадын ах манай үхрийг хашчихлаа” гэсэн. ...Үхрээ авъя гээд очтол ...17 үхрийн 9 нь манайх байсан. ... 9 үхрээ гаргаад туугаад гэртээ аваачсан. Манайх энэ ногоо тарьсан бригадын ойролцоо 3, 4 жил орчим нутаглаж байна. Тэгэхэд ганц ч удаа талбайд нь мал оруулж байгаагүй. Энэ Ч.У-ийн хүүхэд болох ногоо тарьсан хүмүүс миний мэдэхийн 3 жил ногоо тарихдаа хашаа, хороогоо янзлахгүй, ногоо нь зэрлэгтээ баригдсан юм л харагдаж байдаг. Намайг очиж үхрээ авахад хашааны хаалга гээд эвдэрхий тор өлгөөд хаасан байсан. Ногооны хашаанд нь үе үе айлын мал орчихсон байгаа харагддаг. Ер нь л бол ногоо тарьж байж хашаа, хороогоо янзлахгүй, эвдэрхий муу торон хашаатай тул айлын хүмүүстэйгээ үе үе хэл ам болоод байгаа дуулддаг. Тарьсан ногоо нь малын ундны зам дээр байдаг. Манаач гээд залуу болох хүүхэд нь хариуцлагагүй, мал харахгүй, утсаараа тоглоод суудаг. Манай 9 үхэр орсон байсныг 20-оод үхэр орсон гэж худал ярьсан бөгөөд 9 үхэр нь 0.8 га газрыг их хэмжээгээр сүйтгэх боломжгүй. Би тус хашаанд нь ороход үүдэнд нь хэдхэн үхрийн мөр байсан бөгөөд оруулаад шууд гаргасан мөр байсан. Талбайн цаашаа явсан мөр байгаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 10.821.427 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгч Д.Лувсан-Иш нь “Ч.У-ийн тариалангийн газар, хашаа муу болоод мал орж байсан. Газар тариалангийн анхаарах зүйл бол тариалангийн хашаа сайн барих. Ч.У өөрийн өмчөө сайн хамгаалаагүй тул Ч.У буруутай гэж бодож байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С.Ц, С.Э нараас гэм хорын хохиролд 16,232,141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,111 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч Ч.У болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх Ч.Ут хохирол учирсан нь тогтоогдож байх хэдий ч тухайн учирсан хохирлыг тооцсон дүгнэлт нь холбогдох заалтыг зөрчиж дүгнэлт гаргасан гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг илтэд хохироосон шийдвэр болсон.
Нэхэмжлэгч Ч.У-т хохирол учирсан нь тогтоогдсон, зохих төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад өргөдөл гомдлоо гаргаж дүгнэлтээ гаргуулсан. Харин төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын ажил үүргээ зохих журмын дагуу хийгээгүйтэй холбоотойгоор учирсан хор хохирлыг журамд нийцээгүй баримтыг үндэслэж гаргасан дүгнэлтээс болж иргэн Ч.У хохирч үлдэх ёсгүй юм.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байгаа. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4-т ...талууд байцаа тарьсан, тариагүй талаар маргаагүй, харин талбайд мал орсон ороогүй болон хашаатай, хашаагүй мөн түүнчлэн хохирол тооцсон дүгнэлтийн талаар маргаж тайлбарлаж байна гэж дүгнэсэн тухайд:
Талбайд мал орсон талаар гэрч Н.Х-ны мэдүүлэгт ...би Төв аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах /ногоон талбай/ дотор байсан. Манай байцаан талбайд 20 гаруй тооны үхэр орж ирсэн байсан. Тэр үхрүүдийг “Өгөөж” гэдэг компанийн мал хашдаг хашаанд хийгээд сумын төвийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн рүү утсаар хэлсэн. Тэгтэл Хөдөө аж ахуйн мэргэжилтэн сумын төв рүү хүрээд ир гэж хэлэхээр нь очсон. Гэтэл Хөдөө аж ахуйн мэргэжилтэн “буцаад гэртээ очоод байж бай би очно” гэж хэлсэн. Хөдөө аж ахуй мэргэжилтэн тэр өдрөө ирээгүй. Би хойноос нь ярьсан чинь баг бүрэлдэхүүн бүрдэхгүй байна. Түр хүлээж бай гэж хэлсэн. Өдөр 2 цагийн үед С.Э-ын охин манайд ирсэн. Би охиноос нь энэ үхрүүд танай үхрүүд мөн үү гэсэн чинь “манай үхрүүд мөн” гэж хэлсэн. С.Э-ын охин саадаг саалийн үхрээ аваад явъя гэхээр нь өгөөгүй. Би С.Э-ын охиныг манай гэрт ирэхээс өмнө гэрт нь очиход С.Ц хэлэхдээ наад үхрүүд чинь С.Э-ын үхрүүд байна гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр С.Э манай гэрт ирээд үхрүүдээ авъя гэж хэлсэн..., ...би хөдөө аж ахуйн мэргэжилтэн рүү залгаад гар утсаар спикер дээр нь тавиад “С.Э-аас энэ үхэр танай үхрүүд мөн үү” гэж ярьсан. Тэгтэл С.Э бүгд манай үхэр гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөдөө аж ахуйн мэргэжилтнээс үхрүүдийг өгч явуулах уу гэж асуухад өнөөдөртөө өгөөд явуулчих үхрүүд нь орсон нь тодорхой юм байна. 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 12 цагт уулзъя гэж тохироод үхрүүдийг нь өгөөд явуулсан. 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 12 цагт С.Э манай поли дээр ирээгүй. 17-ны өдрийн 2 цагийн үед хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд ирж 3/2 хувь байцааг нь идсэн юм байна. Ардаас ирж өргөдлөө өгөөд дүгнэлтээ аваарай гэж хэлсэн. 17-ны өдөр би сумын төв рүү араас нь очоод өргөдлөө өгөх гэсэн чинь хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд байгаагүй. Ардаас нь ярихад сумын төвийн нэг дэлгүүрт үлдээчих гэхээр нь үлдээгээд явсан. С.Ц-д би 100 гаруй тооны хонь ямаа хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлгээр 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр малчин С.Э-ын үхэр, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр С.Цийн хонь, ямаа байцаа тарьсан талбайд орж байцайг идэж сүйтгэсэн болох нь тогтоогдон нотлогдсон.
Харин хариуцагч С.Э, С.Ц нарын ...У-ийн ногооны талбай хашаагүй байсан гэсэн мэдүүлэг тайлбар нотлох баримтаар тогтоогдоогүй.
6-д “...нэхэмжлэгч Ч.У нь өөрт учирсан хохирлыг хэний буруутай үйлдлийн улмаас үүссэн мөн хэдэн төгрөгийн хохирол учруулсныг тогтоолгохоор Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газарт өргөдөл гаргасан гэж тайлбарласан хэдий боловч тухайн өргөдлийг Н.Х нь гаргажээ гэж дүгнэсэн тухайд:
Нэхэмжлэгч Ч.У нь өөрт учирсан хохирлыг хэний буруутай үйлдлийн улмаас үүссэн болохыг тодорхой хэлж нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, С.Э, С.Ц нарын мал ногооны талбайд орж байцааг идэж сүйтгэж хохирол учруулсан болохоо маш тодорхой бичсэн. Энэ талаар гэрчүүд болон төрийн захиргааны байгууллагын ажилтан тодорхой мэдүүлж хашаанд орж байцаа идэж сүйтгэсэн малыг малчинд нь хүлээлгэн өгсөн тухай ч мэдүүлсэн байгаа.
Нэхэмжлэгч нь хэдэн төгрөгийн хохирол учирснаа төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулсан бөгөөд тухайн өргөдлийг нэхэмжлэгч Ч.У-ийн төрсөн хүү Н.Хүрэлчулуун гаргасан. Ч.У*ийн төрсөн хүү Н.Х мөн болохыг гэрч Н.Х, нэхэмжлэгч Ч.У бусад гэрч болон хариуцагч нар мэдүүлсэн. Н.Х ногооны талбайгаа байнга харж, хашаалж, арчилж тордож байдаг тухайгаа ч мэдүүлсэн бөгөөд тухайн өдөр ногооны талбайд мал ороход нь малыг түр өөр хашаанд хашаалж зохих төрийн захиргааны байгууллагад мэдэгдсэн. Захиргааны ажилтан Н.Оюумаа хашсан малыг эзэнд нь хүргэж өгөөд захиргаанд өргөдөл бичиж өгөхийг Н.Х-д хэлсний дагуу өргөдөл гаргасан.
8-д “Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар Аргачлал батлах тухай тушаал, түүний хавсралтад зааснаар тариалангийн үйлдвэр эрхлэгчид учирсан хохирлыг тооцохоор заасан байх ба Н.Х өргөдөл өгсөн байхад Ч.У өргөдөл өгсөн мэтээр ажлын хэсэг байгуулагдсан гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй болжээ” гэж дүгнэсэн тухайд:
Нэхэмжлэгч Ч.У-ийн ногооны талбайд хариуцагч нарын мал орсон маргаан үүссэн талаар гэрчүүд төрийн захиргаа Ч.У-ийн тарьсан ногоо малд идүүлсэн түүнээс хохирол учирсан талаар хуралдаж дүгнэлт гаргасан байхад шүүх Н.Х өргөдөл өгсөн байхад Ч.У өргөдөл өгсөн мэтээр ажлын хэсэг байгуулагдсан гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй гэж хэт өрөөсгөл үндэслэлгүй няцаалт хийсэн.
Үндэслэх хэсгийн 10-д “Дээрх дурдсан тушаал, түүний хавсралтад зааснаар Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хэрэгжүүлэх ба ажлын хэсэг нь хохирол тооцох ажиллагааг хохирогч, эсвэл хохирол учруулсан этгээдийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэхээр байна” гэж дүгнэсэн тухайд:
Нэхэмжлэгч Ч.У-ийн төрсөн хүү Н.Х өөрийн талбайд тарьсан ногоогоо хариуцагч нарын малд идүүлж хохирсон талаар өргөдөл гаргасны дагуу ажлын хэсэг Ч.У-т хохирол учирсан талаар дүгнэлтээ гаргасан нь зөв болсон. Ч.У-ийн ногооны талбайгаас огт өөр газар талбайд дүгнэлт гаргаагүйд шүүх зөв дүгнэлт хийгээгүй.
Үндэслэх хэсгийн 11-т “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын ажлын хэсэг нь тариалангийн талбайд мал орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлын хэмжээг тооцсон дүгнэлтийг 2 удаа гаргасан үйл баримт тогтоогдож байх хэдий ч тухайн гаргасан дүгнэлт нь иргэн Ч.У-ийн гаргасан өргөдлийн дагуу хийгдсэн гэх боловч Ч.У өргөдөл гаргасан болох нь тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн тухайд:
Ч.У өргөдөл гаргасан болох нь тогтоогдсонгүй гэж удаа дараа дүгнэлт хийгээд байгаа шүүхийн дүгнэлт нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.
Үндэслэх хэсгийн 12-т “Иргэн Ч.У-ийн байцаан тариалангийн талбайд 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар малд идүүлсэн байх боломжтой талбайд хэмжилт хийн хохирлыг тооцов. Зөвхөн тухайн 2 иргэний мал идсэнээр учирсан хохирол гэдгийг тооцоолох боломжгүй болно” гэж, “2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр малчин С.Э-ын 20 тооны үхэр иргэн Ч.У-ийн 0.8 га байцаа тарьсан хашаатай талбайд орж 0.3 га талбайг идэн сүйтгэж хохирол учруулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр малчин С.Э-ын тариаланчид учирсан хохирлын хэмжээг 10.368,000 төгрөгөөр тогтоов. “2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр малчин С.Ц-ийн хонь иргэн Ч.У-ийн 0.8 га байцаа тарьсан хашаатай талбайд орж 0.17 га талбайг идэж сүйтгэн хохирол учруулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр малчин С.Цийн тариаланчид учруулсан хохирлын хэмжээг 5.875.200 төгрөгөөр тооцов” гэж 2 өөр байдлаар гаргасан” гэж дүгнэсэн тухайд:
Ажлын хэсгийн дүгнэлтээр малчин С.Э-ын тариаланчид учирсан хохирлын хэмжээг 10.368.000 төгрөгөөр тогтоосон. С.Цийн тариаланчид учруулсан хохирлын хэмжээг 5.875.200 төгрөгөөр тогтоосон 2 өөр үнийн дүнтэй дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй зөв дүгнэлт. Өөрөөр хэлбэл С.Э-ын 20 тооны үхэр Ч.У-ийн 0.8 га байцаа тарьсан хашаатай талбайд орж 0.3 га талбайг идэж сүйтгэн хохирол учруулсан. Харин С.Цийн хонь иргэн У-ийн 0.8 га байцаа тарьсан хашаатай талбайд орж 0.17 га талбайг идэж сүйтгэн хохирол учруулсан гэж ялгамжтай 2 өөр дүн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй зөв болсон.
Үндэслэх хэсгийн 14-д “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын ажлын хэсэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар “Аргачлал батлах тухай” тушаал, түүний хавсралтын 3, 9-д зааснаар ажлын хэсгийн дүгнэлтэд холбогдох баримтуудыг хавсаргах бөгөөд тухайн дурдагдсан баримтуудыг хавсаргаагүйгээс хохирлыг бодитой гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн тухайд:
Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын ажлын хэсгийн дүгнэлтэд холбогдох баримтуудыг хавсаргах бөгөөд тухайн дурдагдсан баримтуудыг хавсаргаагүйгээс хохирлыг бодитой гаргасан гэж үзэхгүй гэж шүүх дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохирооход хүргэсэн шийдвэр байсан. Төрийн байгууллагуудын буруу гаргасан шийдвэр буруу гаргасан дүгнэлтээс болж иргэн дунд нь хохирч байна.
16-д “Тухайн дүгнэлтүүдэд Иргэн Ч.У-ийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өргөдөл өгсөн гэсэн байх ба дүгнэлтийг 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гаргасан, мөн дүгнэлтэд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шаардлагын дагуу гэж бичигдсэн” гэж дүгнэсэн тухайд:
Дүгнэлтэд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шаардлагын дагуу гэж бичигдсэн.
17-д “Шүүх, тухайн дүгнэлт гаргах талаар Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт шаардлага гаргаагүй бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дүгнэлтэд Газар тариалангийн мэргэжилтэн Н.Оюумаа гэж гарын үсэг зурсан. Шүүх тухайн дүгнэлт гаргах талаар Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт шаардлага гаргаагүй” гэж дүгнэсэн тухайд”
Төрийн захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийн алдаатай бичилтээс болж нэхэмжлэгч Ч.У хохирч үлдэх ёсгүй.
18-д “Гарын үсэг зурсан Н.Оюумаа нь 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 193 дугаар Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан бичгээр 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс тухайн байгууллагаас чөлөөлөгдсөн байх бөгөөд ажлаас чөлөөлөгдсөний дараа тухайн дүгнэлтэд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна” гэх дүгнэлтийн тухайд:
Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/68 тоот “Хохирол тооцох ажлын хэсэг томилох тухай” захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт бэлчээр, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Оюумаа, Газрын даамал Ц.Даваасүрэн, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Цогзолмаа, Мал аж ахуйн мэргэжилтэн 3.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүн хохирогч Ч.У, Н.Х нарын өргөдөл гомдлын дагуу ажилласан байдаг бөгөөд Н.Оюумааг ажлаас чөлөөлөгдсөний дараа хохирлын тооцоо дүгнэлтийг гаргахад сумын Засаг дарга ажлын хэсэгт ажилласан албан тушаалтнуудыг дуудан ирүүлж дүгнэлт гаргуулсан нь хууль, дүрэм журам зөрчөөгүй харин ч хуульд нийцсэн гэж үзэж байна. Учир нь ажлын хэсэгт оролцоогүй дараагийн албан тушаалтан дүгнэлт гаргах нь өөрөө үндэслэлгүй юм.
19-т “Мөн түүнчлэн тариалангийн талбайд учирсан хохирлын хэмжээ тогтоосон хүснэгтэд тариалалт хийсэн талбай 0.8 га, хашаалсан талбай 0.2 гэж бичигдсэн байдлаас дүгнэхэд тариан талбайн хашаажуулалт бүрэн хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн тухайд:
Тариан талбай хашаажуулалт бүрэн хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон, 0.8 га талбайн хашаалсан талбай хэдэн га байсан талаар үзлэг хийгдээгүй бөгөөд энэ талаар өөр бусад нотлох баримт байхгүй мөн гэрчүүд хашаагүй байсан талаар огт мэдүүлээгүй.
24-т “Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хариуцагч нарын ямар хууль бус үйлдэл эс үйлдэхүй нь нэхэмжлэгч Ч.Ут хохирол учруулсан, эсхүл нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны ямар хэм хэмжээг хэрхэн зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйн улмаас 16.243.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн тухайд:
Хариуцагч нарын эзэнгүй хариуллагагүй мал нэхэмжлэгч Ч.У-ийн ногооны талбайд орж байцааг идсэн, сүйтгэсний улмаас Ч.У-т 16.243.200 төгрөгийн хохирол учирсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, төрийн захиргааны байгууллагын гаргасан дүгнэлтүүд, бусад нотлох баримтууд, шүүхийн Ч.У-т хохирол учирсан болох нь тогтоогдож байна гэх дүгнэлтүүд зэргээр бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон.
26-д “Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх тохиолдолд гэм хор учирсан хохирлын хэмжээ хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой нь нотлогдсон байх учиртай” гэж дүгнэсэн тухайд:
Хариуцагч нарын эзэнгүй хариуллага, маллагаагүй орхисон мал нэхэмжлэгчийн ногооны талбайн байцааг идсэн, сүйтгэсний улмаас 16.243.200 төгрөгийн хохирол учирч, хохирлоо мөнгөөр үнэлүүлж, нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
6.Хариуцагч С.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 520 дугаар шүүхийн шийдвэр хууль ёсны буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэж гарсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй, шүүхэд хэрэг анх үүссэн цагаас буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын хэсгийн дүгнэлт бүрэн гүйцэт гараагүй байсан. Харин ажлын хэсгийн дүгнэлт нь шүүх дээр хэрэг хэлэлцэгдэж байх үед ажлын хэсгийн дүгнэлт 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гарсан байдаг. Мөн тус дүгнэлтийг гаргасан этгээд нь мөн өдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр албан үүргээсээ чөлөөлөгдсөн буюу тухайн албан үүргийг хаших боломжгүй гэж гарын үсэг зурсан болох нь тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий болох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирлыг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан. Гэтэл хариуцагч болох С.Э, С.Ц нарын шууд гэм хор учруулсан болохыг нотолж чадаагүй. Энэ нь юугаар тогтоогдож байгаа вэ гэвэл ажлын хэсгийн дүгнэлт өөр, өөр байдаг мөн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж хохирлыг тооцож байдаг. Гэтэл дүгнэлт нь 0.8 га талбайд тариалалт хийсэн боловч хашаалсан талбай 0.2 гэж бичсэн байдаг. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлд тариалан эрхлэгчийн эрх үүргийг заасан байдаг. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2.1-т “...өөрийн эзэмшлийн талбай ургацыг бусдын халдлага болон малаас хамгаалах...” гэж заасан. Гэтэл өөрийн биелүүлэх ёстой үүргийг биелүүлээгүй гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой зааж өгсөн. 0.8 га талбайд тариалсан боловч 0.2 га газар хашаатай байна, үлдсэн хэсэг хашаагүй гэх дүгнэлт гарсан. Мөн хариуцагч нарын мал тухайн талбайд орсон эсэх талаар нотлох баримт байхгүй. Өөрсдийн хөрөнгийг хариуцагч С.Э, С.Ц нарт нялзааж, гэм хор учруулсан шалтгаан тогтоогдохгүй байхад үүрэг хүлээлгэн хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Иймд шүүхээс гэм хор учруулсан шалтгаан нөхцөл тогтоогдохгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хэн, хэний мал орсон болох нь тогтоогдохгүй байна. Тодорхой хэмжээгээр хэн нэгний мал тариалангийн талбайд орж тав, арван сая төгрөг нэхэмжлэхдээ нотлох баримтад үндэслэсэн бол түүнийг төлөхөд татгалзах зүйлгүй. Шүүх нотлох баримтын үндэслэж хэргийг шийдэх ёстой, мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт хуулийн шаардлага хангахгүй байгаа учир шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасны дагуу нэхэмжлэгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэн дараах дүгнэлтийг хийлээ.
2. Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч С.Э-аас 10.821.427 төгрөг, хариуцагч С.Ц-оос 5.410.714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр малчин С.Э-ын хориод үхэр, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр С.Ц-ийн хонь, ямаа нь миний байцаа тарьсан талбайд орж идэж сүйтгэсэн. Би Хөдөө аж ахуйн мэргэжилтэн Н.Оюумаад энэ талаар хэлж газар дээр нь дуудан шалгуулаад дүгнэлт гаргуулахад 16.232.141 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон...” гэж тайлбарласан.
Хариуцагч С.Ц нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзалаа “...Манайх малаа байнгын хариулгатай байлгадаг. Шөнө хашиж хонодог. Харин Ч.У хашаа хороогоо янзалдаггүй, тариан талбайгаа хардаггүй, тарьсан ногоогоо арчилдаггүй байсан. Иймд хохиролд шаардсан 5.410.714 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж,
Хариуцагч С.Э нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзалаа “...Намайг очиж үхрээ авахад хашааны хаалга гээд эвдэрхий тор өлгөөд хаасан байсан. Манай 9 үхэр орсон байсныг 20 гэж худал ярьсан. Мөн үхрийн мөр байсан. 9 үхэр 0.8 га газрыг сүйтгэх боломжгүй тул 10.821.427 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн байна.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
3.1. Иргэдийн төлөөлөгч нь хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах эрх бүхий этгээд тул хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гурав хүртэлх тооны иргэдийн төлөөлөгч оролцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт хуульчлан заасан.
Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2, 63.3 дахь хэсгүүдэд зааснаар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах ажлыг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулж, шүүх хуралдааны тов гармагц нэрсийн жагсаалтаас шүүх хуралдаан бүрд 10 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахимаар эрэмбэлэн тохиолдлын журмаар сонгон тухайн шүүхийн Тамгын газрын даргаар батлуулж, нэрсийн дэд жагсаалтаас эрэмбэлэгдсэн дарааллаар иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулна.
Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Ч.У хариуцагч С.Ц, С.Э нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийг баталсан 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/31 дугаартай “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн дэд жагсаалт батлах тухай” Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын тушаал, хавсралтын /хх-н 35/ хамт хэрэгт авагджээ.
Гэтэл уг иргэний хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож дүгнэлт гаргасан Д.Лувсан-Ишийн нэр дээрх сонгогдсон нэр бүхий 10 хүний нэрсийн жагсаалтад тусгагдаагүй байхад түүнийг татгалзан гаргалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
3.2. Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 63 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлийг хүлээн авч, хуулийн хугацаанд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн байх зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба түүний зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхийг бусад этгээдийн хувьд хуулиар хязгаарласан.
Нэхэмжлэгч Ч.У хариуцагч С.Э-аас 10.821.427 төгрөг, хариуцагч С.Ц-оос 5.410.714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан байхад 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 151/ШЗ2024/00044 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч С.Э, С.Ц нараас 16.232.141 төгрөг гаргуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байхаас гадна хариуцагч С.Э, С.Ц нараас 16.232.141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн үйл баримтыг зөв тогтоогоогүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан шийдвэр гаргасан байгаа зэрэг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
4. Давж шатны шүүх нэхэмжлэгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гомдлоос зарим хэсгийг дээрх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.120 /хоёр зуун гучин есөн мянга нэг зуун хорин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 151/ШШ2024/00520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, нэхэмжлэгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.У давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.120 /хоёр зуун гучин есөн мянга нэг зуун хорин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
М.МӨНХДАВАА