Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Хохирогчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч З.Э, Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, ... настай, эрэгтэй,  яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын  1 дүгээр багт нутагладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл С овогт Б.Ү,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын   харъяат, ... настай, эрэгтэй,  яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын  1 дүгээр багт нутагладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл Ц овогт З.Э нарт холбогдох эрүүгийн 1820002670006 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч З.Э, Б.Ү-тэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр баг Муу гашуун гэх газар иргэн С.С-той таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бургас модоор түүний толгой руу нэг удаа цохиж, нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ү нь З.Э-тай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр баг Муу гашуун гэх газар иргэн С.С-той таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн ар хэсэг рүү нь 2 удаа цохиж, нуруу бөөр хэсэгт 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. Миний өгсөн мэдүүлэг хэвээрээ. Бид хоёр хохирогчийн эмчилгээний зардалд 500000 төгрөг төлсөн. Сая тохиролцож хохирогчийн эмчилгээний зардалд 4.081.300 төгрөгийг З.Э бид хоёр хувааж төлөхөөр тохиролцсон. Энэ мөнгийг төлнө. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэжээ.

Шүүгдэгч З.Э шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Миний өгсөн мэдүүлэг хэвээрээ. Бид хоёр хохирогчийн эмчилгээний зардалд 500000 төгрөг төлсөн. Сая хохирогчтой тохиролцож хохирогчийн эмчилгээний зардалд 4.081.300 төгрөгийг Б.Ү бид хоёр хувааж төлөхөөр тохиролцсон. Энэ мөнгийг би төлнө. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу дахин ийм асуудал гаргахгүй гэжээ.

Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед 3.Э, Б.Ү нарт зодуулснаас болж толгойдоо гэмтэл авсан үүнээс болж сар гаруйн хугацаанд толгой маш их өвдөж байгаа, сууж босоход толгой эргэж дотор муухайрч жингүүдэж байгаа юм шиг толгой эргэж ухаан санаа балартаад толгой маш их өвдөж байгаа, миний хувьд эмчид үзүүлэхэд тархины нарийн MRI зураг авахуул гэсэн хамрын таславч муруйсан учир хагалгаанд орохоор эмчилгээ хийлгэж байгаа хамрын хавдар болон шарх нь идээлсэн нь багасаж шимэгдэхээр нь хагалгаанд орно гэсэн одоогоор идээг шимэгдүүлэх эм ууж байна. Би хэргийн материалд эмчилгээний зардал болон хийлгэж байгаа эмнэлгийн төлбөрийн нэхэмжлэх хуудсыг гаргаж өгсөн. Нийт дүн нь 4.131.100 /Дөрвөн сая нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун/ төгрөг болсон үүнээс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр З.Э миний ... тоот дансанд 500.000 /таван зуун мянган/ төгрөг шилжүүлсэн байсан өөр мөнгө өгөөгүй. Намайг газарт хэвтэж байхад миний хоёр талаас өшиглөж байсан би нүүрээ дараад хэвтэж байсан болохоор мэдэхгүй байна. Би одоо Улаанбаатар хотод тархины зураг авахуулна хэрвээ тархинд гэмтэл гарвал дахин гэмтлийн зэрэг тогтоолгоно. 3.Э, Б.Ү хоёрт зодуулсандаа гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 12-13/

Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... Анхаа бид хоёр элс ухаж байтал С, Э хоёр маргалдаж байгаад С.Э гараараа нүүр лүү нь цохих шиг болсон шөнө харанхуй байсан болохоор сайн хараагүй чимээ л гарсан би цохиж байна гэж л бодсон. Б очиж тэр хоёрыг салгаад Э, Б-н гэр лүү гүйгээд явчихсан С, Э намайг гараараа хоёр удаа цохьсон гэж ярьж байсан бид нар машинаа элснээс гаргаад буцаад Б-н гэрийн гадаа ирэхэд С машин жолоодоод хажууд нь А, Б хоёр сууж байсан би арын зааланд сууж байсан гэтэл Э, Ү нар тэр гурвыг буруу талын хаалгаар нь татаж буулгаад С-г Э, Ү хоёр газар унагааж зодоод С босоод зугтаасан Э С-г шилбүүрийн модоор толгойд нь цохиж байгаа харагдсан Э-н нэг гарт хутга нөгөө гарт нь шилбүүрийн нарийн мод байсан намайг машинд сууж байхад Б арын зааланд орж ирээд суусан гэтэл Ү гартаа хутга бариад хоёр нь машинд байна гээд хүрээд ирсэн би ахын дүү наад хаалгаа нээчих эв зүйгээр ярилцъя гэж хэлсэн гэтэл хаалга нь гаднаасаа онгойгоогүй тэр үед С хүн зодуулаад байхад ирж авсангүй гээд хүрээд ирсэн араас нь Э ирээд С-г газар унагааж байгаад Ү тэр хоёр, хоёр талаас нь хөлөөрөө өшиглөсөн С машины заалны хаалгыг гаднаас нь онгойлгож өгсөн намайг машинаас буухад С-н нүүр, ам цус болчихсон байсан Үнэнхүү надад энэ хутгыг гэрт оруулаад тавьчих гээд нэг эвхэгддэгүй нэг төө гарантай хутга өгсөн би гэрт нь оруулж ширээн дээр нь тавьсан С-н нүүрний цусыг угааж цэвэрлээд Б, А, С бид дөрөв Замын-Үүд явсан …” гэжээ./хх-ийн 18-19/

Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...    Б-н гэрээс 1 км арай яваагүй байх машин элсэнд суучихсан бид нар машинаас буугаад Н бид хоёр элс ухаж байтал С, Э хоёр маргалдсан нэг адуу яриад маргалдаад байсан /хар гүү/ хоорондоо ноцолдоод байсан Б очиж салгасан. С миний хажууд ирээд муу пизда чинь намайг хоёр цохичихлоо гэж хэлсэн. Б, Э хоёр араас нь хамт ирсэн С, Э хоёр машины хажууд маргалдсан тэр үед Э-г Б гараараа түлхээд Э бөгсөөрөө газар суусан босож ирээд Э, Б-н гэр лүү гүйгээд явчихсан бид нар машинаа элснээс гаргаад буцаад Б-н гэрийн гадаа очиход Ү гэрээс түрүүлж гарч ирээд С машин жолоодоод хажууд нь би суугаад, Б хаалган талд сууж байсан Н арын зааланд сууж байсан Гэтэл Э, Ү нар машины хажууд ирсэн тухайн үед Э нэг гартаа хутга нөгөө гартаа шилбүүрийн бургас барьсан. Ү нэг гартаа хутга барьж ирсэн Б-н талын хаалгыг онгойлгох үед Б машинаас буугаад машины арын зааланд ороод суучихсан би буутал Э, Ү хоёр С-г миний буусан хаалгаар татаад буулгасан тэгээд Ү, С-г шилэн хүзүүнээс нь бариад машины буруу талын гэрэлд авч очсон, тэр үед Э, С-н толгой руу шилбүүрийн модоор нэг удаа цохьсон эргэж хараад миний толгойд нэг удаа цохьсон би зүгээр байгаарай би архи уугаагүй ямар ч хамаагүй хүн шүү гэж хэлсэн. С газар унасан байхад нь Э, Ү хоёр хоёуулаа хөлөөрөө өшиглөсөн би боль гээд очиход Ү миний гуянд нэг удаа өшиглөсөн тэр хооронд С босоод зугтаасан араас нь Э хөөгөөд гүйсэн. Ү машин дотор байгаа хоёрыг ална гээд машин тойроод хаалгыг нь онгойлгох гээд байсан. С машины урдуур Э-тай ноцолдож байгаад буцаж ирээд машины хаалга онгойлгож өгсөн тэр үед Н машинаас бууж ирсэн. Тэгтэл Ү, Э хоёр машины хажууд С-г газар унагааж байгаад дахиад хөлөөрөө өшиглөж байсан хэн нь анх газар унагаасныг нь хараагүй. С-н нүүр ам цус болчихсон байсан. С-н нүүрний цусыг угааж цэвэрлээд бүгд Б-н гэрт орсон, тэр үе С-н хамар нь хавдаад арьс нь урагдаад цус гарсан байдалтай байсан үлдээсэн хагас шил архи дуусчихсан байсан гэрт нь С-той Э дахин маргалдаад газар сууж байхад нь С-н эрүүн тус газар нь Э нэг удаа өшиглөсөн Б, С, Н бид дөрөв Замын-Үүд явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02/0412 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд

1.С.С-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30-31/

Яаралтай тусламжийн маягт  2 хуудас /хх-ийн 24-25/

Өвчтөний түүх / хх-ийн 26-28/

Дорноговь нэгдсэн эмнэлгийн компьютер томографкийн кабинетын толгойн тодосгогчгүй компьютер томографик шинжилгээний дүгнэлт / хх-ийн 29/

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43, 54/

Шүүгдэгч Б.Ү, З.Э нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 59/

Хохирлын төлбөр 500.000 төгрөг төлсөн баримт  /хх-ийн 65/

Хохирлын баримтууд /хх-ийн 66-71/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон  нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч З.Э нь шүүгдэгч Б.Ү-тэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр баг Муу гашуун гэх газар иргэн С.С-той таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бургас модоор түүний толгой руу нэг удаа цохиж, нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ү нь шүүгдэгч З.Э-тай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр баг Муу гашуун гэх газар иргэн С.С-той таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн ар хэсэг рүү нь 2 удаа цохиж, нуруу бөөр хэсэгт 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн гуяны цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулжээ.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  бүлэглэж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Ү З.Э нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би тухайн үед 3.Э, Б.Ү нарт зодуулснаас болж толгойдоо гэмтэл авсан үүнээс болж сар гаруйн хугацаанд толгой маш их өвдөж байгаа, сууж босоход толгой эргэж дотор муухайрч жингүүдэж байгаа юм шиг толгой эргэж ухаан санаа балартаад толгой маш их өвдөж байгаа, миний хувьд эмчид үзүүлэхэд тархины нарийн MRI зураг авахуул гэсэн хамрын таславч муруйсан учир хагалгаанд орохоор эмчилгээ хийлгэж байгаа хамрын хавдар болон шарх нь идээлсэн нь багасаж шимэгдэхээр нь хагалгаанд орно гэсэн, одоогоор идээг шимэгдүүлэх эм ууж байна. Би хэргийн материалд эмчилгээний зардал болон хийлгэж байгаа эмнэлгийн төлбөрийн нэхэмжлэх хуудсыг гаргаж өгсөн. Нийт дүн нь 4.131.100 /Дөрвөн сая нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун/ төгрөг болсон үүнээс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр З.Э миний ... тоот дансанд 500.000 /таван зуун мянган/ төгрөг шилжүүлсэн байсан өөр мөнгө өгөөгүй. Намайг газарт хэвтэж байхад миний хоёр талаас өшиглөж байсан би нүүрээ дараад хэвтэж байсан болохоор мэдэхгүй байна. Би одоо Улаанбаатар хотод тархины зураг авахуулна хэрвээ тархинд гэмтэл гарвал дахин гэмтлийн зэрэг тогтоолгоно. 3.Э, Б.Ү хоёрт зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02/0412 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/, яаралтай тусламжийн маягт  2 хуудас /хх-ийн 24-25/, өвчтөний түүх / хх-ийн 26-28/, Дорноговь нэгдсэн эмнэлгийн компьютер томографикийн кабинетын толгойн тодосгогчгүй компьютер томографик шинжилгээний дүгнэлт / хх-ийн 29/, хохирлын төлбөр 500.000 төгрөг төлсөн баримт  /хх-ийн 65/, хохирлын баримтууд /хх-ийн 66-71/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Ү, З.Э нар нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бүлэглэн бусдын биед хөнгөн хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч нар нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээн өрнүүлээгүй болно.

Хохирогч С.С нь эрүүл мэндэд хохирол учруулсан эмчилгээний зардалд хавтаст хэрэгт 4.083.500 төгрөг, шүүх хуралдаанд 573.900 төгрөг нийт 4.657.400 төгрөг нэхэмжилснээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар 500000 төгрөгийг төлсөн бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нар нь эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөрт 4.081.300 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүгдэгч нараас 4.081.300 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч С.С-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Б.Ү, З.Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч  Б.Ү, З.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хуульд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэдний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан прокуророос санал болгосон торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгч нарт тус бүр  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг санал болгосон ба шүүгдэгч нар нь хувиараа мал малладаг тодорхой орлоготой гэж мэдүүлж байгаа нь уг торгуулийн ялыг төлөх санхүүгийн боломжтой гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б.Ү, Ц овогт З.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  бүлэглэж хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Ү, З.Э нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Ү, З.Э  нар нь тус бүр оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Ү, З.Э нараас хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөрт  4.081.300 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух хохирогч С.С-д олгосугай.

5. Шүүгдэгч Б.Ү, З.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг  тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ү, З.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                    Д.Ц