| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0208/И |
| Дугаар | 253 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 253
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Замын-Үүд сум 3-р багт нутаглах, малчин, Даваа овогт Даваагийн Гүндэгмаа /РД:ЕС61110603/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Замын-Үүд сум 2-р баг Эрчмийн байрны 1 тоотод оршин суух, Замын-Үүд НААҮ ОНӨ ХХК-нд захирлын үүрэг гүйцэтгэгч ажилтай, Лувсанцэрэн овогт Бат-Өлзийгийн Буман-Аюушд /РД: РЭ68082510/-д холбогдох
Емкостны үнэ 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Гүндэгмаа, хариуцагч Б.Буман-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гүндэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай сум нь төмөр замын зангилаа байсан тул малтай айл цөөхөн тул төрөөс мал бүхий иргэдэд худаг ус гаргаж өгдөггүй байсан тул манайх өвөлжөө хаваржаа, намаржаандаа ус нөөцлөх сав буюу ёмкость байрлуулж малаа усалдаг байсан. Би Тохижилт ОНӨҮГ-т ажиллаж байхдаа Япон улсын Ногоон малгайтны хөдөлгөөн гэдэг төрийн бус байгууллагатай хамтран Замын-Үүд сумын нутагт хүнсний ногоо тарих, янз бүрийн мод, бут, сөөг тарьж ургуулж болох зорилгоор судалгаа, шинжилгээний ажилд ашиглахаар өөрийн хаваржаандаа байдаг 55 тн-ын багтаамжтай , 60x60 см-ын орос шевлер төмрөөр хийсэн 5 м өндөр хөлтэй, 10 гаруй тн-ын жинтэй ган төмөр усны савыг 2003 онд Тохижилт ОНӨҮГ-ын ойн зурвасын худгийн ойролцоо кранаар авчирч суурилуулан судалгааныхаа ажилд хэрэглэж байгаад 2005 оны эхээр намын харьяаллаар ажлаас халагдан явахдаа миний ажлыг хүлээж авсан Ганзоригт хэлээд орхиод явсан. Тэр үед авах боломж байгаагүй учир нь зун болохоор Японууд ирж судалгааны ажлаа үргэлжлүүлдэг байсан ба манайх зундаа ус нөөцөлж тугалаа усалдаг байсан. 2008 онд ЗДТГ- аас малтай иргэдийг сумын төвөөс гаргах болсноор манайх сумын төвөөс 10 км-т нүүж хашаа саравчаа зөөж барих, байшин барьж төвхнөх гэсээр байгаад усан сангаа авч чадаагүй. 2015 оны 03 сард усан сангаа авах гээд нэг кран хөлслөн очсон боловч авч чадаагүй. Учир нь тэр өдөр маш хүчтэй салхитай байсан тул кран усан санг дааж өргөж чадаагүй. Өмнө хэдэн жилүүдэд авах гэхээр усан санг өргөж чадах хүнд даацын урт сумтай авто кран олдоогүй. 2015 оны зун үхрээ авч нуур ногоо даган отор хийж яваад намар 10 сарын дундуур ирэхэд усан сан алга болсон байсан. Энэ тухай багийн төлөөлөгч Мөнгөнцэцэгт хэлсэн. Мөнгөнцэцэг та өөрөө ойр хавийн айл, хүмүүсээс асууж сураглаж сураг гаргахыг бодоорой би бас асууж сураглаж байя гэсэн. Би өөрөө ойр хавийн айл хүмүүсээс асууж сураглаж байтал нэг хүн Замын-Үүд НААҮ ХХК-ний захирал Буман-Аюуш гэдэг хүн 07 сард том машин, авто крантай ирээд аваад явсан гэсэн. Манай усан санг Буман- Аюуш авч шевлер төмөр хөлийг тасдан намхан, жижигхэн болгон хэрэглэсэн байна......Цагдаагийн байгууллагад Замын-Үүд НААҮ ХХК-ний нягтлан бодогч Давааням мэдүүлэг өгөхдөө усан сан нь манай ойн зурваст байсан тэгээд бид авсан гэх утгатай үг хэлсэн байсан . Манай усан сан нийтийн эзэмшлийн гудамж талбайд байсан, байсан суурь ч одоо хэвээр байна. Өнөөгийн байдлаар 1 тн ган хийцийн зах зээлийн үнэ нь 1.500.000 төгрөг байгаа миний усан сан нь ОХУ–д үйлдвэрлэгдсэн гангаар хийсэн хийц байгаа тул 10тн x 1.500.000 төг = 15.000.000 төгрөг байна. Миний усан сан нь 7мм-1 см зузаантай ОХУ-д үйлдвэрлэгдсэн ган төмрөөр хийгдсэн дөрвөлжин биш цилиндр хэлбэрийн 60см x 60см-ийн шевлер төмрөн хөлтэй нарийн ур хийцтэй ган хийц байсан. Иймээс уг усан санг шевлер төмрөн хөлний хамт 15 \арван таван\ сая төгрөгөөр үнэлэн Замын-Үүд НААҮ” ХХК-ний захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Буман-Аюушаас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ
Нэхэмжлэгч Д.Гүндэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буман-Аюуштай тохиролцох бодолтой байна. Би 3 сая төгрөгийг авч нэхэмжлэлийн шаардлага багасгаж байна. 1 сая төгрөгийг нь бэлнээр авч, үлдэх 2 сая төгрөгөнд нь Замын-Үүд НААҮ ОНӨ ХХК-иас ус авч, элсээ зөөлгөх ажил хийлгэхээр тохиролцох хүсэлтэй байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг усны сав нь манай байгууллагын харьяа нийтийн эзэмшлийн ойн зурвасын хашаанд 1998 оноос хойш одоог хүртэл ойн зурвасын мод услах зориулалттайгаар суурилагдсан байдалтай байсан. Ойн зурвасын хашаанд олон жил байсан тул манай байгууллагын зүгээс, Засаг дарга бөгөөд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргатай зөвшөлцсөний үүднээс нийтийн эзэмшлийн Соёмбо цогцолборын усалгааны системд ашиглахаар болсон. Энэхүү усны савны нийт багтаамж нь 22 тонн бөгөөд ямар нэгэн том оврын авто кранаар өргөх шаардлагагүй. Манай байгууллага энэхүү усны савыг Маяти кран хөлслөн өргүүлж шилжүүлсэн бөгөөд сэргээн засварлаж, өнгө үзэмжийг сайжруулан нийтийн эзэмшлийн мод усалгаанд ашиглаж байна. Иргэн Д.Гүндэгмаагийн нэхэмжлэлдээ дурдсан энэхүү савыг 2005 онд тухайн үеийн захирал Д.Ганзоригтод хэлээд явсан гэх боловч энэ үеэс хойш 5 захирал солигдож 12 нягтлан дамжсан учир хөрөнгийн эзэн Д.Гүндэгмааг гэж мэдэх бололцоогүй байна. Д.Гүндэгмаа нь манай байгууллагаас зөөврийн ус худалдаж авдаг, манайхаар үйлчлүүлэгчдийн нэг юм. Олон удаа манайхаас ус худалдан авахаар ирэхдээ энэ талаар нэг ч удаа ярьж байгаагүй. Манай байгууллагад бүртгэлтэй, ойн зурвасын худгийг хашаанд олон жил байсан хөрөнгийг гаднын нэг иргэний өмч гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрхи хөрөнгийн өмнөх байдлыг өөрчлөхгүй одоог хүртэл мод усалгаанд ашиглагдаж бүрэн бүтэн хэвээр байна гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гүндэгмаатай доорхи нөхцөлөөр 3 сая төгрөгийн төлбөр тооцоог хийж Соёмбо цогцолборт ашиглагдаж буй шар өнгөтэй босоо хэлбэртэй төмөр емкостыг Замын-Үүд НААҮ ОНӨ ХХК-нд хүлээлгэж өгөхөөр тохиролцов. Төмөр емкостны үнэ 3 сая төгрөгөөс 1 сая төгрөгийг бэлнээр Гүндэгмаагийн дансанд шилжүүлнэ. Үлдэх 2 сая төгрөгөнд ус, элс түрэх үйлчилгээг доорхи үнэ тарифаар хийж гүйцэтгэнэ. Үүнд 6,5 тн ус, хүргэх 1 рейс 60.000 төгрөг, элс түрэх дугуйт ачигчийн хөлс 1 цаг нь 100.000 төгрөг. Элс ачиж зөөх HOWO автомашины рейс 1 удаа 50.000 төгрөг. Дээрхи тарифаар үйлчилгээ авч 2 сая төгрөгийн тооцоог дуусгахаар тохиролцов гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гүндэгмаа нь хариуцагч Б.Буман-Аюушаас усны емкостны үнэ 15.000.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд ханджээ. Шүүх хуралдаан дээр зохигчид тохиролцож нэхэмжлэгч Д.Гүндэгмаа нь нэхэмжлэлийн шаардлагаа 3.000.000 төгрөгөөр багасгаж 1 сая төгрөгийг бэлнээр авч, үлдэх 2 сая төгрөгийг ус авах болон элс зөөлгөх ажил гүйцэтгэхээр харилцан тохиолцсон нь зохигчдийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна. Талууд төмөр емкостны үнэ 3 сая төгрөгөөс 1 сая төгрөгийг бэлнээр Гүндэгмаагийн дансанд шилжүүлэх, үлдэх 2 сая төгрөгөнд 6,5 тн ус, хүргэх 1 рейс 60.000 төгрөг, элс түрэх дугуйт ачигчийн хөлс 1 цаг нь 100.000 төгрөг. Элс ачиж зөөх HOWO автомашины рейс 1 удаа 50.000 төгрөг. Дээрхи тарифаар үйлчилгээ авч 2 сая төгрөгийн тооцоог төлж барагдуулахаар шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрсэн байна. Нэхэмжлэгч Д.Гүндэгмаа нь нэхэмжлэлийн шаардлага 12.000.000 төгрөгөөсөө татгалзсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдийн эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Гүндэгмаагийн нэхэмжлэлтэй Замын-Үүд НААҮ ОНӨ ХХК-ний захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Буман-Аюушд холбогдох емкостны үнэ 15.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч Д.Гүндэгмаа нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.000.000 төгрөгийг хариуцагч Замын-Үүд НААҮ ОНӨ ХХК-нд захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Буман-Аюуш нь 1 сая төгрөгийг бэлнээр, 2 сая төгрөгийг ус зөөж, элс түрэх ажил үйлчилгээгээр хийж гүйцэтгэхээр харилцан тохироцож зохигчид эвлэрсэн тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь 12.000.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг 50 хувь болох 116.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 116.475 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, хариуцагч Б.Буман-Аюушаас 3 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгийн 50 хувь 31.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Гүндэгмаад олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА