Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 207/ма2016/00101

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2016/00101

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 487 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.*******т холбогдох

Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 37.356.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Т.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа

Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.******* нь барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулах эрхтэй. Иргэн Г.*******ээс 37 356 000 төгрөг нэхэмжилж байна. Үндэслэл нь:

1. 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10% хүүтэй хугацаа хэтэрвэл 0.5%-р алданги тооцоохоор верна аксент маркийн авто машин барьцаалж, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сард 10 хувийн хүүтэй хугацаа хэтэрвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 2 хувиар алданга тооцохоор 6 завхайтай мөнгөн эмээл барьцаалж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сард 10% хүүтэй хугацаа хэтэрвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 2% алданги тооцохоор барьцаагүйгээр, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.600.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сард 10% хүүтэй хугацаа хэтэрвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 2% алданги тооцохоор барьцаагүйгээр, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай сард 10 хувийн хүүтэй хүгацаа хэтэрвэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 2%-иар алданги тооцохоор ВОNGО J2 автомашин барьцаалж тус тус зээлдүүлсэн. *******т зээлдүүлсэн мөнгөний дүн 12.100.000 төгрөг болсон..

2. Г.******* бид 2 харилцан тохиролцож 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээ барьцаны гэрээг өөрчлөн шинэчилж хийсэн зээлдүүлсэн 12 100 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 25-ны хооронд буцааж төлөхөөр 1 жилийн хугацаатай сард 10% хүүтэй төлөх хугацаа хэтрүүлбэл иргэний хуулийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5%иар алданги тооцохоор зээлийн гэрээнд тусгасан. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн барьцааны гэрээнд *******тоот хашаа байшин Верна аксент маркийн автомашин Бонго Жи2 маркийн автомашин 6 завхайтай мөнгөн эмээл зэргийг барьцаалахаар гэрээ байгуулсан. Барьцааны зүйлүүдийг Г.******* нь гэрээ байгуулсанаас хойшхи хугацаанд өөрөө борлуулж миний мөнгийг төлнө гэж худал хэлэн буцааж аваад мөнгийг төлөөгүй. Зээлийн гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар хийсэн энэхүү гэрээг баримтлан нэхэмжлэлийн үнийн дүнг тооцсон.

3.Г.*******ийн буцааж төлсөн мөнгийг тооцвол: 2014 оны 8 сарын 25-нд 150.000 төгрөг, 2015 оны 8 сарын 23 нд 120000, 2015 оны 9 сарын 28-нд 250.000 төгрөгөнд 10 толгой ямаа нийт 520.000 төгрөг бэлнээр, 2014 оны 8 сарын 26нд 400.000 төгрөг дансаар, 2015 оны 7 сарын 21 нд 200.000 төгрөг дансаар, 2015 оны 8 сарын 5-нд 200.000 төгрөг дансаар нийт 800.000 төгрөг надад дансаар шилжүүлж өгсөн. Ийнхүү нийт төлсөн нь 1.320.000 төгрөг болсон. Дансаар төлсөн мөнгө нь Хаан банкны дипозит дансны хуулгаар нотлогдоно.

4.Зээлийн гэрээний хүүг тооцвол:

А. Эхний төлөлт 2014 оны 8 дугаар сарын 25-нд 150.000 төгрөг төлсөн хүртэлх 9 сарын хугацаанд /сар бүр хүүг 10%-иар тооцоход сард 1.210.000 төгрөг/ хүүг тооцоход 10.890.000 төгрөг болжээ.

Б. 2014 оны 8 дугаар сарын 25-нд 150.000 төгрөг 2014 оны 8 сарын 26нд 400.000 төгрөг төлсөнийг үндсэн зээлийн үүргээс хасахад 11.550.000 төгрөг болж байна. 2015 оны 7сарын 21нээс 2015 оны 9 сарын 28 хүртэл 4 удаагийн төлөлтөөр нийт 770.000 төгрөг төлсөнийг үндсэн зээлийн үлдэгдэл 11.550.000 төгрөгөөс хасч тооцоход 10.780.000 төгрөг.

В. 2013 оны 8 сарын 25наас 2013оны 11 сарын 26 хүртэлх 3 сарын хугацаанд хүүг тооцоход /1сарын хүү 1.078.000төгрөг/ 3.234.000 төгрөг байна.

5. Ийнхүү тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 10.780.000 төгрөг, зээлийн төлөгдөөгүй хүү зээлийн эхний төлөлт 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 9 сарын хугацаанд 10.890.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх 3 сарын хугацаанд зээлийн хүү 3 234 000 төгрөг. Нийт 24.904.000 төгрөг.

6. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 12.452.000 төгрөг байна.

Иймд Г.*******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 10.780.000 төгрөг хүү 14 124.000 төгрөг, алданги 12.452.000 төгрөг нийт 37.356.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Т.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 7.100.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 30.250.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Т.*******гаас 12.100.000 төгрөг огт аваагүй. Миний нийт авсан мөнгө 9.700.000 төгрөг. Авсан мөнгөнөөсөө 3.600.000 төгрөгийг *******д өөрт нь өгсөн. 760.000 төгрөгийг *******д өгнө гэж хэлсний дагуу Цагдаагийн ажилтан *******өгсөн. Надтай тооцоо нийлээд дахин гэрээ хийсэн гэх баримтан дээр 2015 оны 10 дугаар сард ажил дээр ирж надаар гарын үсэг зуруулсан баримт юм. Тухайн үед надад хэлж гарын үсэг зуруулахдаа 12.100.000 төгрөг надад өгчих энэ авах мөнгөө баталгаажуулж байгаа баримт гэсэн. Би тэгээд гарын үсэг зурсан. 2013 оны 11 сарын 25-ны өдөр тооцоо нийлж зурсан баримт биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 30.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 487 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*******ээс 17.225.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20.131.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344.730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ээс 244.075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан хөрөнгө битүүмжилсэн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1540 дүгээр шүүгчийн захирамжийг энэ хэрэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч Г.*******т 12,100,000 төгрөгийг зээлдүүлсэн гэдэг бөгөөд хариуцагч Г.******* 12,100,000 төгрөг аваагүй бөгөөд 9.700.000 төгрөг авсан гэдэг, Эвлэрүүлэн зуучлах дээр 10.0 сая төгрөгийг өгч авалцсан гэж ярилцдаг.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн барьцаалан зээлдүүлэх хуудаснууд дотор 2013-11-25-аас 2013-12-25-нд 2.0 сая төгрөгийг нэг сарын хугацаатай Мишкагийн Нарансүхэд олгосон гэх баримтаар хариуцагч ******* мөнгө огт аваагүй гэдэг.Гэтэл шүүх хариуцагчийн нөхөр учир мөнгийг аваад гарын үсгээ зурсан байна гэсэн дүгнэлтийг хийсэн явдал нь бодит байдалд нийцсэнгүй.Дээрх мөнгийг *******ийн нөхөр ч аваагүй.Энэ талаар юу ч мэдэхгүй.

Иймд: Дээрх шийдвэртэй хэргийг тал бүрээс нь нарийн хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас М.Нарансүхэд 2.0 сая төгрөг олгов гэсэн гэрээгээр тооцсон үндсэн төлбөр 2.0 сая төгрөг, зээлийн хүү 200.000 төгрөг, алданги 1.0 сая төгрөг нийт 3.200.000 сая төгрөгийг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлсэн байгаа боловч хууль хэрэглээний хувьд хэрэглэх ёстой хуулийг бүрэн хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад бүрэн нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.*******ээс барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй 37.356.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.******* нь ******* ХХК-аас барьцаалан зээлдүүлэх журмаар 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 500.000 төгрөгийг барьцаагүйгээр 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 6 завхайтай мөнгөн эмээл барьцаалж, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.600.000 төгрөгийг барьцаагүйгээр 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй Верна аксент маркийн машин барьцаалж 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр М.Нарансүхийн нэр дээр 2 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай ВОNGО J2 машин барьцаалж тус тус зээл авсан нь хавтаст хэргийн 14-18 талд авагдсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээний хуудас гэсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж Г.*******ээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн, гүйцэтгэсэн үүрэг зэргийг үндэслэн хуульд заасан үүрэг гүйцэтгээгүйн хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн нь зөв байна. Харин хууль хэрэглээний хувьд хэрэглэх ёстой хуулийг бүрэн хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн засах боломжтой тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүхийн үндсэн зээл, зээлийн хүү, алданги тооцож хариуцагч Г.*******ээс нийт 17.225.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 1 сарын хүү тооцож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн давж заалдах гомдолтой танилцсан тайлбартаа үндэслэлгүй хүү хасаж тооцсоныг зөвтгөх талаар хүсэлт гаргасан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм.

Хариуцагч Г.******* нь ******* ХХК-ийн захирал Т.*******гаас нийт 12.100.000 төгрөг зээлээгүй 9.700.000 төгрөг зээлсэн гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нарансүх гэсэн нэрээр 2 сая төгрөг зээлдэж аваагүй гэж маргаж байгаа боловч уг 2 сая төгрөгийг аваагүй болохоо нотолж чадаагүй байх ба барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн гэрээний хуудсан дээр *******гэсэн нэрээр зээл хийгдсэн боловч Г.******* гарын үсэг зурж авсан болох нь нэхэмжлэгч Т.*******гийн зээлийн мөнгийг зээлийн гэрээний хуудсан дээр гарын үсэг зуруулаад бэлнээр өгдөг гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 487 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтын Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 гэсний дараа 286.2, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-т заасныг баримтлан гэж өөрчлөлт оруулан шийдвэрлэж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ