Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 255

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Д.Энхтөгсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Төржаргалд холбогдох гэм хорын хохирол 3.951.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, 10-р гудамжны  24 тоотод оршин суух Боржигон овогт Даансрангийн Энхтөгс /РД:ЗД77021810/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 07 дугаар сарын 29-нд Энхтөгс миний эзэмшлийн 72-52 ДГО дугаартай Карина маркийн машины эвдэрлийг прокурор шалгаад 3.951.000 төгрөгний хохирол гаргасан. Төржаргал гэгч энэ хүн 2015 оны 08 сарын 03-наас хойш нэг жилийн дотор барагдуулна гэж хохирлын үнэлгээ болох 3.951.000 төгрөгний баримт дээр гарын үсгээ зурсан боловч одоог хүртэл мөнгө авч чадахгүй байгаа тул хохирлыг минь гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Энхтөгс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь хариуцагч Б.Төржаргалын хариу тайлбартай танилцлаа. Б.Төржаргал нь миний нэхэмжилсэн 3.951.0000 төгрөгнөөс 1.975.500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 сарын 06-ны өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр төлж 24 сарын дотор дуусгана гэсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.975.500 төгрөгнөөс татгалзаж байна. Мөн бид хороондоо ярилцаж тохиролцож 1.975.500 төгрөг дээр эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталгаажуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Борхойн 11-р гудамжны 1-2 тотод оршин суух, Замын-Үүд Шилжүүлэн ачих ангид кранист ажилтай, Боржигон овогт Баярсайханы Төржаргал /РД: ШГ71120312/ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Д.Энхтөгсийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Энхтөгсийн нэхэмжлэлийн шаардлага 3.951.000 төгрөгийг бүхэлд нь төлөх үндэслэлгүй юм. Уг ДГО 72-52 дугаарын машиныг миний хүү Т.Түвшинжаргалд Д.Энхтөгсийн хүү авчирч бариулсан нь үнэн. Хэрэг гарсан өдөр Д.Энхтөгс мөнгө, төгрөг хамаагүй хүүхэд зүгээр байна. Засвар гаргах нь үнэн засварын үнийг хувааж гаргая гэж бид хоёр тохирч гарын үсэг зурсан. Тиймээс Д.Энхтөгсийн нэхэмжилсэн 3.951.000 төгрөгийн 50 хувь болох 1.975.500 төгрөгийг 24 сард багтааж төлөх болно. 2016 оны 10 сарын 06-наас эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр төлж барагдуулна. Боломжтой болохоор сар бүр 100.000 төгрөг гэхгүйгээр наана нь төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.Энхтөгс нь хариуцагч Б.Төржаргалаас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3.951.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Б.Төржаргалын насанд хүрээгүй хүү Т.Түвшинжаргал нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг АШАА-гийн гудамжинд нэхэмжлэгч Д.Энхтөгсийн эзэмшлийн 72-52 ДГО улсын дугаартай Тоёота карина маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас нэхэмжлэгч Д.Энхтөгсийн эд хөрөнгөнд 3.951.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газрын 5/176 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээ,  нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож, хариуцагч Б.Төржаргал нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.975.500 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн сар бүр 100.000  төгрөгөөр төлж барагдуулах, нэхэмжлэгч Д.Энхтөгс нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.975.500 төгрөгөөс татгалзсан тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Энхтөгсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Төржаргалд холбогдох гэм хорын хохирол 3.951.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.975.500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Төржаргал 1.975.500 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Д.Энхтөгс 1.975.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78.166 төгрөгийн 50 хувь болох 39.083 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 39.083 төгрөгийг, хариуцагч Б.Төржаргалаас 1.975.500 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох  23.279 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Энхтөгсөд олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ    Э.БОЛОРМАА